| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2203000250146 |
| Дугаар | 2026/ХШТ/64 |
| Огноо | 2026-06-19 |
| Зүйл хэсэг | 27.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2026/ХШТ/64
И.А, Б.Л нарт
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан, Р.Атарцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар магадлалтай И.А, Б.Л нарт холбогдох эрүүгийн 2203000250146 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан, Р.Атарцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний туслах машинист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг, ***-** тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жил тэнсэж хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, Ш овогт овогт Б-ийн Л /РД:ЕС********/,
2.Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум * дугаар баг, * дүгээр хэсэг, ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт И-ийн А /РД:МЮ********/;
Шүүгдэгч Б.Л, И.А нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг 36 минутад Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр ТЭМ2-1221 дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэх үедээ Зам,тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар баталсан “Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл”-ийн 2.1.4. “хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон ...саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах”, “Төмөр замын техник ашиглалтын журам”-ын 14.3.7.В “зам дээр байгаа хүмүүс, суман байдал, хөдлөх бүрэлдэхүүний байрлалыг анхааралтай ажиглах, сонор сэрэмжтэй байх”, 14.3.7.Г. "сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал хангах”, 14.3.7.Ё. “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно" гэснийг тус тус зөрчиж замын 11/13 тэлээ сумын шулуун 79 метр хэсэгт 11 дүгээр суман шилжүүлэгч дээрх саадыг паркийн гэрэлтүүлэгчтэй хэсэгт илчит тэрэгний гэрэлтүүлэг дор хараагүй, саадыг дайрахгүй байх боломжит 23 метрээс багагүй зайд яаралтай тоормос хийж зогсоогүйн улмаас зорчих хэсэг дээр хэвтэж байсан П.М-ыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 244 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Л, И.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А, Б.Л нарт 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 12 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Төмөр замын тээврийн хууль, захиргааны хэм хэмжээний акт болох Төмөр замын нийтлэг багц дүрэм зэрэг хууль тогтоомжийг анх удаа эрүүгийн хэрэгт хэрэглэж байгаа тул дээрх хууль, захиргааны хэм хэмжээний актыг бүхэлд нь илт буруу ойлгож хэрэглэсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйл “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах”, 27.3 дугаар зүйл “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих” гэсэн гэмт хэргийн шинжийг ойлгохгүйгээр хэрэг шийдсэн нь буруу болжээ. Мөрдөгч болон прокурорын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байхад гэмт хэргийн шинжээ буруу ойлгож, буруу зүйлчилсэн.Төмөр замын, агаарын, усан замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “галт тэрэгний машинч” гэж тодорхой заасан, туслах машинч гэж байдаггүй. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчих гэсэн нөхцлийг шаарддаг. Тиймээс өртөө хоорондын замд тухайн галт тэрэгний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахиулах үүргийг машинч хүлээдэг. Хуульд “ноцтой зөрчсөнөөс” гэж тодорхойлсон байдаг. Монгол Улсад 1949 онд төмөр замын тээвэр үүсэн байгуулагдсанаас хойш гарсан ослууд, Оросын Холбооны Улсад төмөр зам үүссэнээс хойш 200 жилийн дотор гарсан ослыг судлан үзэхэд 2 юм уу 3 дүрэм, журмыг давхар зөрчсөн, согтуурсан, мансуурсан машинч буюу өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулан осол гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцдог байна.
Энэ хэргийн хувьд сэлгээний хөдөлгөөний дэвсгэр газар, өртөөн дээр ашиглалтын журам зөрчиж байгаа юм. Түүнээс биш сэлгээний хөдөлгөөнд аюул учирсан ямар ч хүчин зүйл энэ хэрэгт байхгүй. Хэргийн тухайд 5.1 бүхэл гүн согтолтой хүн төмөр зам дээр дайрагдаж нас барсан үйл баримт бөгөөд “төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас...” гэсэн гол нөхцөл буюу төмөр замын тээврийн ашиглалтын журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй ажилтны буруутай үйлдэл байна гэж үзэх тул хэзээ ч машинист байж болохгүй. Яагаад гэвэл төмөр замын тээвэрт “аюултай бүс” хэзээ ч хяналтгүй байх тухай ойлголт гэж байхгүй. Тийм ч учраас “аюултай бүс” гэж нэрлэдэг билээ. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн нэг болох “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 3.1.12.-т "төмөр замын аюултай бүс гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг” гэж заасан бөгөөд энэ бүсэд согтуу хүн зам дээр хэвтэж байх боломжгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлд яагаад дан ганц “машинч” гэж заасан бэ гэхээр галт тэрэгний хөдөлгөөн буюу өртөө хоорондын замд машинч аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг бол өртөөнд хийж байгаа сэлгээ нь өртөөний жижүүрийн хяналтад түүний тушаалаар хийгддэг хөдөлгөөн тул энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл биш харин 27.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй билээ.
Мөн мөрдөгч жинхэнэ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нуун бусдад ял завшуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокурор болон шүүхийн мэдлэг чадваргүй байдлыг ашиглан бусдыг хилс хэрэг үйлдсэн болгох гэсэн гэмт хэрэг гарсан байгааг прокурор, анхан шатны шүүгч, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт субъектийг нь “машинч” гэсэн тул энэ нь өртөө хоорондын замд гарсан галт тэрэгний хөдөлгөөний үед гарсан гэмт хэргийн зүйлчлэл бөгөөд хэзээ ч төмөр замын өртөөн дээр болж буй сэлгээний хөдөлгөөнд оролцож буй бригадад хамаарахгүй. Энгийнээр тайлбарлавал, аюултай бүсэд сэлгээ хийж байсан ТЭМ2-1221 сэлгээний зүтгүүр нь ухрах хөдөлгөөн хийж байгаа тул Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлд зааснаар “машинист” буруутай гэж үзэж болохгүй бөгөөд дагзан дээрээ 3 дахь нүдтэй биш л бол явах замаа харж явах боломж хүнд байхгүйг прокурор болон шүүгч нар анхаарсангүй. Би хүний дагзан дээр нүд байдаггүйг лавтай мэдэх тул “Төмөр замын техник ашиглалтын журам"-ын 14.3.7 “сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригад дараах үүргийг гүйцэтгэнэ:” гэсэн заалтад “замаа ширтэж яв” гэсэн үүрэг оруулаагүй болно.
Энэ хэргийн нэг давуу тал нь эд мөрийн баримтаар 3 камерын бичлэг авагдсан байдаг. Гадна болон дотор гэсэн камерын бичлэгээр туслах машинч болон машинч ямар нэгэн дүрэм, журам зөрчөөгүй, бүх үйлдэл нь тодорхой харагдаж байдаг. Камерын бичлэгээс харахад машинч эсрэг чиглэлд харж сууж явсан, туслах машинч явах чиглэл рүү хараад сууж байсан. Тэгэхээр амь хохирогчийг хараагүй гэж машинчийг буруутгадаг. Төмөр замын техник ашиглалтын журмын 14 дүгээр зүйлд зааснаар сэлгээ хийх үеийн зүтгүүрийн бригад хамтын үйл ажиллагаа явуулахдаа эсрэг чиглэлд харж явсан машинчийг гэм буруутайд тооцож, туслах машинч суман шилжүүлэгт гарах үед суман шилжүүлгийн хэвийн байдлыг харж, шалгах үүргийг гүйцэтгэж байх үеийн тодорхой бичлэг байхад энэ хүмүүсийг гэм буруутай гэж үзэж байгаа нь буруу юм. Энэ нь Төмөр замын техник ашиглалтын журмын 13-т зааснаар сэлгээний бригадын үүрэг бөгөөд үүнийг баримтлан буруутгаж байгаа үндэслэлээ төмөр замын аюул учирч болзошгүй бүсийг хаах гэсэн ойлголтыг гаргаж ирсэн. Сэлгээний хөдөлгөөн хийж байгаа хүмүүс замын хөдөлгөөнийг хаах боломж логикийн хувьд байхгүй.
Олон улсын төмөр замын тээврийн дүрэм, журамд ч сэлгээний бригадад “замаа ширтэж яв” гэсэн үүрэг болгосон заалт байдаггүй бөгөөд зөвхөн өртөө хоорондын замд яваа галт тэрэгний машинчид төмөр замыг харж явах үүрэг байдаг тул Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “машинч” гэж тусгайлан заасан байгааг прокурор болон шүүгчид анхаарсангүй. Хэзээ ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэлгээний бригадад ял оноож болохгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байхад дүрэм, журмыг дур мэдэн тайлбарлаж төсөөтэй хэрэглэж хүнийг хэлмэгдүүлсэн болно. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн нэг болох Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд анхаарамж олгоход тавигдах шаардлагыг тодорхойлсон бөгөөд 14.1-д “Галт тэрэг аялалд явах үед зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын онцгой анхааралтай явах нөхцлийг хангах, зам дээр хүмүүс ажил гүйцэтгэж байгааг урьдчилан анхааруулах зорилгоор галт тэрэгний машинчид бичгийн анхаарамжийг олгоно” гэж заасан бөгөөд энд “хүн” гэсэн үг хэрэглээгүй бөгөөд анхаарамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн журмын 13.105-д “Өртөөний хүлээн авах, явуулах паркад хийх сэлгээг зөвхөн өртөөний жижүүрээс найруулагчид сэлгээний ажлын төлөвлөгөө өгөх үедээ заасан тэр зам дээр /сум дээр/ гүйцэтгэж болно” гэж заасан тул өртөөний жижүүрийн хяналтад сэлгээний бригадын хийдэг ажлыг сэлгээний хөдөлгөөн гэдэг болно.
Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай тогтоолд “гэтэл төмөр замын аюултай бүсийн дэглэмийн хэрэгжилтэд ямар байгууллага ажилтан, хэрхэн хяналт тавьдаг, ...өөрийгөө хянах чадваргүй хүн нэвтэрч улмаар 17 минутаас дээш хугацаанд хэвтсээр байхад аюулгүй бүсийн журмыг сахиулах этгээдүүд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдлыг амь хохирогчийн хохирсон үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж улсын яллагчийн, зүгээс дүгнэж байгааг зөвтгөн тайлбарлах боломж шүүхэд байхгүй, ...гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй, ...гэм буруутайд тооцохдоо анхаарал, сонор сэрэмжээ хэрхэн яаж алдагдуулсан, камерын бичлэгт авагдсан дүрс бичлэгт тусгагдсанаас өөрөөр хэрхэн яаж техникийг яаралтай зогсоох арга хэмжээг авах ёстой байсан, мөн энэхүү осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцлийг нарийвчлан шалгаж бодитой тогтоох зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай” гэж дүгнэсэн.
Мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай магадлалд “71 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 20 дугаартай тогтоолд заасан “төмөр замын аюултай бүсийн дэглэм”-ийн хэрэгжилтэд ямар байгууллага, ажилтан, хэрхэн хяналт тавьдаг, ...биеэ хянах чадваргүй хүн нэвтэрч улмаар 17 минутаас дээш хугацаанд хэвтсээр байхад аюултай бүсийн журмыг сахиулах этгээдүүд ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй” гэж буцаасан.
Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/461 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх магадлалууд болон тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар буцаасан. Гэтэл мөрдөх байгууллага болон прокурор захирамж ба магадлал, УДШ-ийн тогтоолыг үл тоож түүний хэрэгжилтийг хангуулахгүй хэргийг ирүүлж байхад шүүгч нь дээрх шийтгэх тогтоолыг гаргасан ба давж заалдах шатны шүүх үүнийг анхаарсангүй.
Мөн шийтгэх тогтоолын 34 дүгээр талд “Техник ашиглалтын журам”-ын 14.3.7 ё-д “зогсох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын 35 дугаар талд “ ...үйл баримтаас дүгнэвэл машинч, туслах машинч нар нь саадыг харсан даруйд сэлгээний зүтгүүрийг зогсоох арга хэмжээ авсан, зогсоох ёстой боломжит хугацаанд буюу боломжит богино зайд зогсоосон байна” гэж дүгнэсэн атлаа гэм буруутай гэж байгаа нь ойлгомжгүй болжээ.
Хэрэгт авагдсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тоормосны замыг хэтрүүлээгүй болох нь тогтоогдсон. Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3-т заасан сэлгээний бригадад ямар нэгэн зөрчил байхгүй. Хэрэгт авагдсан 3 камерын бичлэгийг үзээд Зам тээврийн яамны дэргэдэх Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх комисс дүгнэлт гаргадаг. Хүний амь нас хохирсон хэрэгт дээрх комисс яагаад дүгнэлт гаргахгүй байна вэ гэхээр ямар нэгэн дүрэм журам зөрчөөгүй гэдгийг тогтоосон байна. Гэтэл үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, хийсвэрлэх ойлголтыг техникийн шинжлэх ухаанд тооны нарийн хэмжүүрээр хэмжигддэг үйл баримтыг өөрсдөө дураараа тайлбарлаж, хуулийн зүйлчлэл болон захиргааны хэм хэмжээний актыг буруу хэрэглэсэн.
Улсын дээд шүүхээс энэ хэргийг буцаахдаа “сэлгээний бригад зам дээр саад байгааг харсан даруйдаа өөр ямар зогсоох арга хэмжээг дутуу авсан болохыг тогтоох” гэж тогтоолдоо дурдсан. Гэтэл 1.2 секундийн хооронд яаралтай тоормослох 3 үйлдлийг нэг зэрэг хийсэн байдаг. Энэ нь мэргэжлийн хувьд онц үнэлгээ юм. Үүнээс цааш 3.8 секундэд агаарын хий хуримтлагдаад тоормосны дугуй дээр дарагдах накладын даралтын хугацаа үүсэж, 2.8 секундэд тоормос зууралдахад тухайн сэлгээний илчит тэрэг өөрийн зогсох зайнд бүрэн зогссон гэсэн үйл баримт авагдсан. Энэ тохиолдолд Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7.ё хэсэгт зааснаар тоормосны зам хэтрүүлээгүй тул шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж байна.
Тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг баримтжуулсан үл няцаагдах нотлох баримт болох камерын бичлэгт шүүгдэгч нар яг дүрэм журмын дагуу ажилласан бөгөөд хамгийн богино хугацаанд боломжтой бүх аргаар сэлгээний зүтгүүрийг зогсоох арга хэмжээг авсан нь “онц” дүнтэй үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд төмөр замын сэлгээ хийх дэвсгэр газарт хүн хэвтэж байх нь битгий хэл хөдөлгөөнтэй шууд холбоотойгоос бусад төмөр замын ажилтан орох нь ч хориотой бүс билээ.
Шүүгч “ноцтой зөрчих” гэдгийг тайлбарласан байна. Үүнийг дэлхийн болон Монгол улсын төмөр замын түүхэнд гарсан осол, сүйрэл бүгдийг судалж байгаа бид Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журмаар тодорхойлсон ойлголт бөгөөд үүнийг шүүгч тайлбарлахгүй. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэр үүссэн үеэс цусаар бичсэн түүх, түүнд тулгуурласан шинжлэх ухааныг үгүйсгэх шүүгч байж болохгүй.
“Гэнэт” гэдэг үгийн Монгол хэлний утга нь тухайн хүн тархинд анхны мэдээлэл авах үеэс цаашаа хийх дараагийн үйлдэл ба зөв бурууг бид үл няцаагдах нотлох баримтаас харсан тул шүүгдэгч нар гэм буруугүй. Зогсоох арга хэмжээ авсан.
Энэ хэрэгт туршилт хийсэн баримт авагдсан. Энэ баримтаар “амь хохирогчийг харах боломжтой байсан” гэж дүгнэсэн байна. Шинжээч нарын дунд хүний хараа зүйг тодорхойлдог эмч мэргэжилтэй хүн нэг ч байхгүй. Дураараа эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс техникийн шинжээч дүгнэлт хийж болох уу. Нотлох, шалгах баримтууд илэрхий тодорхой, камерын бичлэг авагдсан байхад хийсвэр байдлаар өөр өөрийн дураар тайлбарлаж, үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсан.
Иймд дээрх шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” мөн зүйлийн 1.4 заасан "эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой" гэсэн үндэслэлээр хянан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “И.А, Б.Л нарт холбогдох хэрэг 2021 оны 12 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р баг төмөр замын Сүхбаатар депогийн хөдлөх бүсэд гарсан сэлгээний вагоны машинч хориотой зурваст согтууруулах ундаа уусан үедээ хэвтэж байсан хүнийг дайрч осол гаргасан хэрэг юм. Энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 удаа, аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхээр 3 удаа, шүүгчийн захирамжаар прокурорт 2 удаа буцаасан, захирамжийн биелэлтийг нэг мөр болгох зорилгоор 1 удаа шүүх хуралдаан хойшлогдож, Улсын дээд шүүхээр 1 удаа хэлэлцэгдэж байсан. Анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 94 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэж байсан.
2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 160 тоот яллах дүгнэлтээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллаж байсан. Энэ зүйлчлэл гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа талаар удаа дараалан гомдол гаргасны эцэст зүйлчлэлийг 2023 оны 11 дүгээр 15-ны өдрийн 379а яллах дүгнэлтээр өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн /4 дүгээр хавтас, 203 дахь тал/. Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс энэхүү зүйл ангийг хүлээн зөвшөөрдөггүй, мэтгэлцээн явуулж ирсэн.
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 20 дугаартай тогтоолоор “...анхаарал сонор сэрэмжээ хэрхэн, яаж алдагдуулсан, камерт тусгагдсанаас өөрөөр хэрхэн, яаж техникийг яаралтай зогсоох арга хэмжээ авах ёстой байсан, осол гаргасан үндсэн шалтгаан нөхцлийг нарийвчлан шалгаж тогтоох зэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай” гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал тус бүр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Осол болсон шалтгааныг тодорхойлсон дахин шинжээчийн 25/016/01 тоот (7 дугаар хавтас 121 дэх тал) “амь хохирогч нь Зөрчлийн тухай хуулийн 14.10 зүйлийн 5.2 “төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх”, Аюултай бүсийн дэглэмийн 2.3 “Аюултай бүс нь иргэн аж ахуй нэгж байгууллагын хувьд энэ дэглэм зааснаас өөр ажиллагаа явуулах, нэвтрэх, объект, байрлуулахыг хориглосон бүс болно”, 3.1.1 “төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх”, 3.2.10 “согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх”, 3.5 “энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж зам дээр хэвтээ байрлалтай байснаас дайруулсан байна” гэсэн дүгнэлт болон хэргийн материалд амь хохирогч төмөр замын хориотой бүсэд зорчиж улмаар дэр төмөр дунд унаж ямар нэгэн хөдөлгөөнгүй 15 минут хэвтсэн үйлдэл тогтоогдсон. Үүнийг осол гарахад нөлөөлсөн гол шалтгаан гэж үздэг. Энэ хориотой бүсэд хяналт тавих ,гадны хүмүүс, мал амьтан оруулахгүй байх, ачаа алдагдахаас сэргийлэх, зэрэг хяналт тавих, нэн даруй Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг Г.Б, Б.Б нар гүйцэтгэж байсан буюу хяналтыг тавих үүргийг хэрэгжүүлэн ажиллах нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 хэсэгт согтууруулах ундаа уусан, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчтэй бусад нөхцөл байдлын улмаас үйлдлийг удирдан жолоодож чадахгүй үедээ галт тэрэгний машинч аюулгүй байдлаа хангах үүргийг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар аюулгүй ажиллагааны ямар журмыг зөрчсөн талаар тогтоогддоггүй. Харин “саадыг харж маш хурдан хугацаанд яаралтай тоормос хийсэн байна” гэх дүгнэлтийг удаа дараалан гаргасан төдийгүй холбогдох албаны хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн байгаагаар машинч нарын үйлдэл тухайн осолд нөлөөлөөгүй байдал тогтоогддог. Машинч тусгай галт тэрэг жолоодох үнэмлэхтэй жолооч байдаг. Туслах машинч тусгайлсан жолоодох эрхийн үнэмлэхгүй туслах машинч үнэмлэхтэй галт тэрэг жолоодох эрхгүй зөвхөн машинчид туслах үүрэг хүлээдэг онцлогтой.
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор машинч И.А, туслах машинч Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон 1 жил 8 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан. 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Эрүү.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 12 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.
Өмгөөлөгчийн зүгээс энэ олон жил шүүгдэгч нарын эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо шүүгдэгч нарыг үйлдлийг цагаатгах байр суурьтай өмгөөллийн дүгнэлтийг гаргаж ирсэн, одоо ч энэ дүгнэлтээ хамгаалан явж байна. 1 дүгээр хавтас хэргийн 200 дугаар талд Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан. Үүнд “Бичлэгээр 21 цаг 33 минут 29 секундэд зүтгүүр хөдөлгөөн эхлүүлсэн. Зүтгүүр зам дээр явж байхад 2 дугаар зам дээр амь хохирогч дээгүүрээ цайвар өнгийн хувцастай, рейс төмөр дэрлэсэн байдалтай хэвтэж байна, хариу үйлдэл үзүүлэхгүй байна” гэсэн тэмдэглэл үйлдсэн. Хэргийн 195 дугаар талд Х.И мэдүүлэхдээ “...машинчийн харах чадварыг тодорхойлж чадахгүй, миний мэдлэгээс хальсан асуудал” гэх мэдүүлгийг өгсөн. Энэ нь машинч нарыг саадыг харсангүй, харж чадсангүй гэж буруутгах боломжгүй байдлыг илтгэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр талд н.Н мэдүүлэхдээ “...тоормос бүрэн зогссон...” гэх, 139 дүгээр талд авагдсан Д.М-ийн “.... тэгж яв, тэдэн км явж зогсох тийм бичиг баримт байхгүй” гэх мэдүүлэг, мөн задлан шинжилгээний акт, Төмөр замын аюултай бүсийн дэглэм, журам зэргээс дүгнэхэд үүргээ биелүүлж явсан машинч нарыг буруутай үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримт хэргийн материалд тусгагдаж чадаагүй болно. 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар талд н.Х мэдүүлэхдээ “...яаралтай тоормос хийх үеийн хурд 17км/ц байна. Машинч 28.704 м зам туулж зогсох ёстой байсан бол 10.272 м зам туулж зогссон нь шуурхай арга хэмжээ авсан байна...” гэх мэдүүлэг зэрэгт шүүх үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй.
Миний үйлчлүүлэгч нар сонор сэрэмж алдсан зүйл байгаагүй. Машинчийн ажил нь нэг бол урагшаа харна, нэг бол хойшоо хардаг өвөрмөц ажил байдаг юм байна. Тухайн өдрийн хяналтын камерын бичлэгт секунд тутамд урагшаа, хойшоо харж байгаа нь тодорхой авагдсан байдаг. Тухайн үед шүүгдэгч нар яаралтай зогсох арга хэмжээг авсан, түүнээс нааш зогсоох ямар ч боломж байгаагүй.
Тухайн хэрэг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан бол 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр туршилт хийсэн. Цаг агаарын нөхцөл байдлын хувьд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед бүрэнхий болсон байна, харин 2025 оны 10 дугаар сард хийсэн үзлэгээр 19 цагийн үед бүрэнхий болж байсан. Мэдээж гэмт хэрэг үйлдэгдэх үеийн зүтгүүрээр туршилт хийгээгүй, өөр зүтгүүр дээр туршилт хийсэн. Тухайн зүтгүүрт 2022 онд 7 удаа, 2023 онд 6 удаа, нийт 27 удаагийн засвар үйлчилгээ хийсэн байна. Мэдээж туршилтад орж байгаа машинч “би туршилтад орж байгаа учраас объектыг мөргөхгүй зогсоно” гэсэн сэтгэл зүйтэй болсон байна. Тийм учраас 10 секундийн наана зогссон үйл баримт байдаг. Гэтэл 10 секундийн наана зогсох боломжтой байсан гэсэн дүгнэлтээр шийтгэх тогтоол гаргаж, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас харахад миний үйлчлүүлэгч нар гэм буруугүй болох нь нотлогдож байна. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтын дагуу дүгнэлт хийж чадаагүй. И.А, Б.Л нарыг цагаатгах байр суурьтай байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Очирваань хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Нэгдүгээрт, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анх хэргийн газарт үзлэг хийж, гэрлийн тусгалыг баталгаажуулсан. Осол болох үед гэрлийн тусгал аль хүрээнд тусаж байсан талаар шалгахад 48.4 метр зайг бүхэлд нь харж байна гэж үзсэн.
Хоёрдугаарт, дотор камерын бичлэгт тухайн өдрийн бүх үйл баримт тодорхой харагддаг. Шинжээчид сонор сэрэмжтэй явах үүргийг зөрчсөн гэж дүгнэсэн. Үүнийг шүүгдэгч нарын хөдөлгөөний чиглэлд явж байсан замаа хараагүй үйлдэлтэй нь холбон үзсэн. Сэлгээний галт тэрэгний нийт зогсох хугацаа 6 секунд юм бол 8 секунд явж байсан чигийг хараагүй, туслах машинч баруун талын цонхоор хараад, хөдөлгөөний эсрэг чигийг харж байсан машинчийн үйлдэл байсан. Тэгээд аюул таарах үед зогсоох арга хэмжээ авсан. Бидний хувьд зогсоох арга хэмжээ авсан гэдэгтэй маргаагүй, гагцхүү хожимдож арга хэмжээ авсан гэдэг асуудлыг хөндсөн. Энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Урьд нь энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд техник ашиглаж байсан хүмүүстэй холбоотой гэмт хэрэг гэж дүгнэдэг. Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйл юм уу, 27.3 дугаар зүйл юм уу гэдэгт хяналтын шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү.
Гуравдугаарт, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын дээд шүүхийн 2023 оны тогтоолыг дурддаг. Уг тогтоол гарах үед 3 хавтаст хэрэг байсан бол одоо 8 хавтаст хэрэг болсон. Сүүлд нэмэгдсэн 5 хавтаст хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд 3 удаа буцаж хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй хүмүүсийг чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, 10 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, туршилтын ажиллагаа явагдаж, хэргийн газарт нөхөн үзлэг хийгдэж, 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан зэрэг нэмэлт ажиллагаа хийгдсэн. Улсын дээд шүүхийн тогтоолд “хүчингүй болсон сайдын тушаалыг үндэслэж шинжээч нар дүгнэлт гаргаж, тухайн дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь буруу байна” гэж дурдсан. Үүний дараа шинжээч Т.Б дүгнэлт гаргаж, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж, бүх үйл баримтыг тодорхой дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болж, бүрэлдэхүүний 3 шинжээч оролцож, 60 хоногийн хугацаагаар хэргийг буцааж, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хангах чиг үүрэгтэй хүмүүс буюу Б.Б, Т.Б нарт чиглэсэн ажиллагааг хийсэн. Прокурор дээрх хүмүүсийг яллагдагчаар татаагүй, ашиглалтыг хариуцсан И.А, Б.Л нарын гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байсан.
Дөрөвдүгээрт, туршилтын үеэр дарангуйлах гэрэл байсан, бид зам харах боломжгүй байсан гэж шүүгдэгч нар тайлбарладаг. Дараа нь тахир замаар явж байхад гэнэт гарч ирсэн гэдэг. Тухайн үед тахир замаар явж байгаад амь хохирогчийн хэвтэж байгаа байрлалаас 51 метрийн зайд зам тэгширдэг. Гэрлийн тусгал нь стандартын дагуу 200-250 метр зайг гэрэлтүүлэх ёстой гэж тайлбарласан бөгөөд үзлэгээр 48.4 метр зайг гэрэлтүүлнэ гэж тогтоосон байдаг. Нийт зогсох хугацаа 6 секунд, тоормос нь бүрэн ачаалал аваад зогсоход 28 метрийн зай байдаг юм бол шүүгдэгч нар наана нь 2-3 удаа зүтгүүрийг зогсоох боломжтой байхад замаа хараагүй байдлаас үүдэлтэй гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээж авсан гэж ойлгосон. Иймд энэ хэргийн зүйлчлэлийн асуудлыг шүүх анхаарч үзнэ үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Энэ хэрэг шийдэгдэхгүй 6 жил болж байна. Хүний амь нас хохирсон талаар яригдаад, үр хүүхэдгүй болсон аав, ээжийн талаар огт яригдахгүй байна. Би төмөр замын депод ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн газарт ойролцоогоор 50 метр газар байгаа юм. Гэрлийн тусгал 250 метр зайд тусдаг. Анх 2024 оноос эхэлж аюултай бүс болгосон, түүнээс өмнө аюултай бүс гэсэн ойлголт байгаагүй. Шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл надад байхгүй, үр хүүхдээ алдсан аав, ээжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж ярихын оронд эсрэгээр нь ярьж байна. Хуулийн талаас нь зөв шийдэж, бидний туйлдсан сэтгэлийг дэвтээж өгнө үү. Монгол Улсын хэмжээнд сэлгээний илчит тэргэнд дайруулж нас барсан ганц хүн бол миний хүү болж байна. Шүүгдэгч нар үзэгдэх орчин харагдахгүй, битүү цан байсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед И.А манай гэрт ирээд “илчит тэргийг овгонох үед нь мэдээд гараад хартал дүү минь байсан” гэж хэлж байсан. Сэлгээний илчит тэрэгний дугуйнд элсний форсунк гэж байдаг. Түүний 3 дахь хошуу нь миний хүүгийн баруун гүрээ рүү нь орсон байсан. Гэтэл шүүгдэгч тал дайраагүй гэж хэлж байсан. Монгол улсад шударга хууль байгаасай гэж хүсэж байна” гэв.
Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлд заасан хэргийн сэргээн дүрслэгдсэн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлагын талаар хоёр шатны шүүх зөрүүгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг тодорхой. Хүний амь нас хохирсон хор уршиг нь шалтгаант холбооны онолоор хэнийх нь буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд холбогдож байна вэ гэдгийг анхаарах шаардлагатай. Амь хохирогч аюултай бүс рүү нэвтэрч орсон, төмөр зам дээр хэвтэж байсан боловч энэ нөхцөл байдал нь журамд заасан аюултай бүс рүү нэвтрэхийг хориглох, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байсан. Зөвхөн энэ үйлдлийн улмаас хор уршиг, хохирол, гарцаагүй осол болох нөхцөл байдал нотлогдохгүй байна.
Аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай Б.Б, Т.Б нарт албан тушаалын тодорхойлолтын хүрээнд аюултай нөхцөл байдлыг илрүүлэх, зөрчлийг арилгах чиг үүрэгтэй боловч шинжээчийн дүгнэлт, хоёр шатны шүүхийн шийдвэрт ажлын байрны тодорхойлолт, гэрээнд заасан бусад чиг үүрэг давхар оногдсон байдгийг дүгнэсэн. Бусад чиг үүргүүдийг тухайн цаг хугацаанд хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдсон. Мөн хяналтын камерыг тасралтгүй хянах, зөрчлийг илрүүлэх үүрэг байгаагүй. Хэдийгээр хяналтын камерын 2 дэлгэц байдаг боловч түүний нягтаршил, харагдах байдлын хувьд дэлгэцийн буланд жижигхэн хэсэг л харагдаж байсан. Б.Б, Т.Б нар нь албан тушаалын тодорхойлолт, гэрээнд заасан бусад чиг үүргүүдээ хэрэгжүүлсэн боловч зөрчлийг илрүүлэх бодит бололцоо тухайн үед байгаагүй. Б.Б, Т.Б нарын хүлээсэн үүрэгтэй холбогдож байгаа боловч үүргээ зөрчсөн нөхцөл байдал байгаагүй учраас гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй.
Төмөр зам тэгшрээд 51 метр зайд амь хохирогч хэвтэж байсан. Үүнийг хоёр шатны шүүх 7-9 секундэд холбогдох арга хэмжээг аваагүй гэж дүгнэсэн. Дотор байх камерын бичлэгт цонхоор толгойгоо гаргах зэрэг үйлдэл хийж байгаад тодорхой хугацаа өнгөрсний дараа саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан байдаг. Зогсоох арга хэмжээ авсны дараа 23 метр яваад галт тэрэг зогсоход осол гарсан. Шүүгдэгч нарын хувьд хожимдож аюул саадыг харсан байдаг. Энэ буруутай үйлдэл нь тухайн осолтой шууд шалтгаант холбоотой. Тэд хүлээсэн үүргээ зөрчөөгүй, эсхүл тодорхой хугацаанд үүргээ биелүүлсэн бол осол гарахааргүй байсан гэсэн дүгнэлтийг хийж байна. Тэгэхээр шүүгдэгч нарын үйлдэл нь хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой гэж үзэж байгаа тул хоёр шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан, Р.Атарцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн И.А, Б.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч И.А, Б.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон ял шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэхийг хуулийн хэм хэмжээний бүтэц, түүний элементүүд /гипотез, диспозиц/, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, түүнд тулгуурлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Дээр дурдсан хяналтын шатны шүүхийн чиг үүргийн хүрээнд шүүхээр тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн шалгаж үйлдэл, эс үйлдэхүйг хуульд төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохыг хориглосон эрүүгийн эрх зүйн суурь зарчмыг үндэс болгон хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг тодорхойлсон, тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шаардагдах Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг хамруулан авч үздэг. Тийм учраас эдгээрийг хуульчлан тогтоосон загварчлал болох Эрүүгийн хууль гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх суурь үндэс болдог байна. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт тулгуурлан объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, зарчмаар хориглодог.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын гол шинж нь хүний зан үйлийн гадаад байдал, Эрүүгийн хуулийг зөрчсөн нийгэмд аюултай үйлдэл, хор уршгийг бий болгож болох байсан, эсхүл аюултай байдалд гарцаагүй хүргэсэн зан үйлээр тайлбарлагдах ба бусад элементтэй харьцуулахад Эрүүгийн хуульд энэ шинжийг голчлон хуульчилдаг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний цөм, гэмт хэргийг ялган зааглах шалгуур хэмээн үзэж болно.
2015 оны Эрүүгийн хууль хуулийн байгууллагын үйл ажиллагаа, ажлын ачаалалд нөлөөлдөг төдийгүй ижил төрлийн харилцааг хамгаалсан хэм хэмжээний давхардлыг арилгах, ойролцоо төрлийн боловч онцлог шинжтэй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хоёрдмол утгагүйгээр нарийвчлан тусгах үзэл баримтлалын хүрээнд батлагдахдаа “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлөг жолоодсон; галт тэрэгний машинч, нисгэгч, усан онгоцны ахмад, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан…”-ыг гэмт хэрэгт тооцохоор 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгажээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг хуульчлан тогтоохдоо 27.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “галт тэрэгний машинч, … аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн” гэсэн тусгай шинжээр, “хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчих” гэсэн диспозицоор объектив талын шинжийг тодорхойлсон байна.
Хоёр шатны шүүх шүүгдэгч И.А, Б.Л нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Сүхбаатар депод хөдлөх бүсийн 24 дүгээр километрийн 6 дугаар зуутын 2 дугаар зам дээр ТЭМ2-1221 дугаартай галт тэргэнд машинч, туслах машинчийн үүрэг гүйцэтгэн сэлгээ хийх үед хүнд зэргийн согтолтын улмаас (цусан дахь спиртийн агууламж 5.1 промилл) галт тэрэгний зорчих хэсэгт унаж, хөдөлгөөнгүй хэвтэж байсан П.М галт тэргэнд дайруулж амь нас нь хохирсон үйл баримтыг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан зөрүүгүй тогтоожээ.
Хүн аливаа үйлдэл эс үйлдэхүйг ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу гүйцэтгэдгээс гадна бүхий л юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог тул эдгээр ойлголтууд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруу, түүний хэлбэр, гэмт хэргийн шалтгаант холбоог зөв тодорхойлох нь Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тодруулбал, гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоо, гэм буруугийн бодит хамаарлыг зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой.
Гэм буруугийн бодит хамаарал бол тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон учирсан хор уршиг хоорондын шалтгаант холбоог гэм буруугийн хэлбэртэй (санаатай, болгоомжгүй) уялдуулан тогтоох хууль зүйн ойлголт юм. Энэ нь үйлдэл болон үр дагавар хоёрын хоорондын шууд шалтгаант холбоо болон үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлах, эсвэл урьдчилан мэдэх нөхцөл байдал бүрэн бүрдсэн байхыг шаардана.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл И.А, Б.Л нар нь албаны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэж байжээ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан “...Дотор камерын бичлэгээр шүүгдэгч нь галт тэрэгний явж байгаа чигийг 8 секунд орчим хараагүй...” гэдэг нь шүүгдэгч И.А тухайн мөчид галт тэрэгний жолоодлогын хэрэгсэл болон хяналтын самбарыг хянаж байсан болохоос бус өөр бусад байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэх байдал тогтоогдохгүй байна.
Гагцхүү галт тэрэгний хөдөлгөөнд учрах саадыг боломжит хугацаанаас хожимдож харсан, улмаар даруй зогсоох арга хэмжээ авсан боловч төмөр зам дээр хэвтэж байсан П.М галт тэргэнд дайруулж амь нас нь хохирсон хор уршигтай гэм буруугийн бодит хамаарал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Аливаа байгууллагын ажилтны хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг, эдлэх бүрэн эрхийг хууль тогтоомж хийгээд эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, түүнчлэн ажлын байрны тодорхойлолтоор тогтоодог.
Энэ хүрээнд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил гүйцэтгэдэг дэвсгэр газар буюу төмөр замын аюултай бүс, төмөр замын өртөө, зөрлөгт галт тэрэг хүлээн авах, явуулах, өнгөрүүлэх, сэлгээний ажил хийх нь Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын техник ашиглалтын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Төмөр замын дохиолол холбооны журам, ажлын байрны тодорхойлолт болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зэргээр тодорхойлсон эрх, хүлээлгэсэн үүргийн хүрээнд өртөөний жижүүр, галт тэрэгний диспетчер, паркийн жижүүр сумчин, паркийн харуул, сэлгээний бригадын тус тусын тодорхой үүрэгтэй үйлдлийн үндсэн дээр явагдаж, эдгээрийн нийлбэрээр тухайн үйл ажиллагааны аюулгүй байдал хангагддаг онцлогтой.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч И.А, Б.Л нар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын хавсралт “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 13.43.-д “…сэлгээний ажлыг зөвхөн аль нэг ажилтан удирдана” гэж, Техник ашиглалтын журмын 14.3.1.-д заасны дагуу сэлгээний ажлыг өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч паркийн буюу постын жижүүрийн шийдвэрээр гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар өртөөний жижүүрийн станцаар өгсөн зааврын дагуу сэлгээний ажлын даалгаврыг гүйцэтгэсэн болох нь Илчит тэрэгний АЯББТ-ийг сонссон акт (1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар тал) болон тэдний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Мөн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2021/030 дугаартай Хурд хэмжүүрийн туузыг орчуулсан актад (1 дүгээр хавтаст хэргийн 144 дэх тал) ТЭМ2-1221 галт тэргэнд 19:30 цагаас 19:54 цагийн хооронд машинчийн кран буюу гол хоолойн даралт, тэнцүүлэх савны нягт, алдагдал зэргийг тогтоосон зааврын дагуу туршиж үзэх үйл ажиллагаа явагдсаныг, 2022 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 22/74/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд галт тэрэг техникийн хувьд бүрэн бүтэн, их гэрэл, дуут дохио ажиллагаатай байсныг тус тус тусгажээ.
Түүнчлэн шүүгдэгч нар нь эрүүл мэндийн хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжтой, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болохыг нотлох Сэлгээний ажлын өмнөх ба дараах үеийн үзлэгийн дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар тал), Согтуурал шалгах багажаар шалгасан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар тал) хэрэгт авагдсан байна.
Эдгээр баримтуудаас үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр И.А, Б.Л нарын сэлгээний үүрэг гүйцэтгэсэн ТЭМ2-1221 дугаартай галт тэрэг осол болохоос өмнө техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам болон Техник ашиглалтын журамд заасны дагуу сэлгээний ажлыг гүйцэтгэж явсан тул цаашид юу тохиолдох, ямар үйл явдал өрнөхийг урьдчилан мэдэх боломжгүй буюу төмөр замын аюултай бүсэд саад гэнэт тохиолдохыг мэдэх боломжгүй байсан нь хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэм буруутай хүний сэтгэхүйн хандлагын илрэл буюу хүний амь нас хохироож болзошгүй болохыг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байсан ч түүнд хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж үйлдэл хийх, эсхүл хийвэл зохих үйлдлийг хийхгүй байх, нөгөө талаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйн уршгаар хүний амь нас хохирно гэж мэдээгүй боловч хэргийн нөхцлөөс улбаалан мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан ч хайхрамжгүй хандсан байдлыг анхаарвал зохино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчих” гэдэгт энэ зүйлд нэрлэсэн субъект болон аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журмаар хүлээлгэсэн үүргийг огт биелүүлээгүй, хориглосон заалтыг зөрчсөн, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учрахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журмаар хүлээлгэсэн албаны чиг үүрэг, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй тохиолдол бүрийг “Ноцтой зөрчил”-д хамааруулан авч үзэхгүй юм.
Дээр дурдсанчлан хамтын байдлаар аюулгүй ажиллагааг хангах галт тэрэгний хөдөлгөөний тухайд төмөр замын аюултай бүсэд замын өртөө, зөрлөгт хийгдэх сэлгээний ажил нь Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын техник ашиглалтын журам, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, Төмөр замын дохиолол холбооны журам, ажлын байрны тодорхойлолт болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актад заасан бүх хэм хэмжээг сахин биелүүлсэн, аюултай бүсийн дэглэм хангагдсан боловч аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн этгээдийн дүрэм, журмаар хүлээлгэсэн үүргийг огт биелүүлээгүй, хориглосон заалтыг зөрчсөн, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуульд заасан хор уршиг, үр дагавар бий болсон бол хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Энэ хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлын тухайд аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн субъектүүд хууль, дүрэм, журам, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар тодорхойлсон үүргээ дор бүрнээ биелүүлж аюулгүй байдлыг хангаагүй буюу зарим субъектийн үүргийн дутагдлаас энэхүү осол гарсан нь зөвхөн шүүгдэгч нарын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөн үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Иймд хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, И.А, Б.Л нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлыг хангахаар тогтов.
Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай тогтоолд “...төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах үүрэг бүхий субъект нь хэн болох, илчит тэрэгний машинист И.А, туслах машинист Б.Л нарыг гэм буруутайд тооцохдоо анхаарал, сонор сэрэмжээ хэрхэн яаж алдагдуулсан, камерын бичлэгт авагдсан дүрс бичлэгт тусгагдсанаас өөрөөр хэрхэн яаж техникийг яаралтай зогсоох арга хэмжээг авах ёстой байсан, мөн энэхүү осол гарах болсон үндсэн шалтгаан нөхцлийг нарийвчлан шалгаж бодитой тогтоох...” зэрэг үндэслэлийг дурдаж хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж байжээ.
Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасантай холбогдуулан амь хохирогч П.М галт тэргэнд дайруулж нас барсан шалтгаан нөхцлийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баясгалан, Р.Атарцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ