Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 606

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн П.Г-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/200, 2017 оны 1 дүгээр сарын Б/08 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарын эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг нэг талаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороонд оршин суух П.Г /цаашид “Нэхэмжлэгч” тал гэх/, нөгөө талаас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1 хаягт байрлах Татварын Ерөнхий газрын дарга /цаашид “Хариуцагч” тал гэх ба нийтэд нь “Талууд” гэнэ/ нар Иргэний хуулийн 195-196 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь заалтыг тус тус үндэслэн харилцан тохиролцож байгуулав. Нэг. Гэрээний зүйл

1.1. Иргэн П.Г-ийн нэхэмжлэлтэй, Татварын Ерөнхий газрын даргад холбогдох хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа бөгөөд уг хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талууд дараах нөхцөлөөр эвлэрэв.

1.2. Татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/200, 2017 оны Б/08 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан болно.

1.3. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 3531690 /Гурван сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамж гарснаас хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгчид төлнө.

1.4. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11 дүгээр сарын 22- ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22 хүртэлх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж эдгээр даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилтийг хийнэ” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан байна.  

Иймд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн П.Г-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/200, 2017 оны 1 дүгээр сарын Б/08 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 3531690 /Гурван сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуун ер/ төгрөг болон эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Татварын ерөнхий газар хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ