Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2013

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06134 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 468 953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20190797 тоот гэрээ байгуулан 94043533 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 750 000 төгрөгийн үнэтэй, I PHONE 5s 16GB rap утсыг урьдчилгаа 455 000 төгрөг төлж, 24 сарын хугацаатайгаар зээлээр авсан боловч үлдэгдэл 468 953 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд ХХХХээс I PHONE 5s 16GB гap утасны зээлийн төлбөрийн үлдэгдэл 468 953 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ миний бие нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “ХХХ” ХХК-ийн Замын Үүд дэх салбарын ажилтантай урьдчилгаа 455 000 төгрөг төлөн I PHONE 5s утсыг хөнгөлөлттэй үнээр, лизингээр худалдан авах гэрээ болон I PHONE багц ашиглах гэрээ хийсэн билээ. Тухайн үед гэрээ хийхдээ уг салбарын ажилтны ажлын шалтгаанаар гэрээний нэг хувийг өгөх боломжгүй байгаагаа тайлбарлаж, би нөхөж гэрээг аваагүй тул гэрээнд төлбөрийн талаар яг юу гэж заасныг мэдэхгүй байгаа.

Миний бие cap бүр утасны лизингийн үнэ болох 33 000 төгрөг, ярианы багц ашигласны төлбөр 22 000 төгрөг, нийт 55 000 төгрөгийг мөн I PHONE багцын хэрэглээнээс илүү гаргаж хэрэглэсэн ярианы хэрэглээний төлбөрийг нэмж төлбөрөө тухай бүрт нь төлж байсан. 2014-2015 оны хооронд би хувийн хүндэтгэн үзэх шалтгаанаар гадаад улсад зорчиж, амьдарч байгаад ирсэн. Гадаадад амьдрах хугацаанд өөрийн боломжоор сарын лизингээ төлж барагдуулж ирсэн. Энэ хугацаанд яриа болон бусад хэрглээний төлбөр болох 22 000 төгрөгийн багцын хэрэглээг огт ашигладаггүй байсан хэдий ч төлбөрөө төлж байсан.

“ХХХ” ХХК-иас 748 953 төгрөгийн төлбөр төлөх тухай нэхэмжлэл ирсний дагуу тухайн байгууллагын санхүүгийн ажилтантай холбогдож лавлахад гэрээгээр хугацаандаа төлбөрөө хийгээгүй тул гар утсыг хөнгөлөлттэй үнээр биш үндсэн үнээр тооцож, мөн дээр нь хэрэглээгүй саруудын I PHONE багцын ярианы хэрэглээний төлбөр нийлээд ийм дүнтэй болж байгаа талаар тайлбарлаж өгсөн. Тухайн ажилтанд өөрийн хүндэтгэн үзэн шалтгаантай байснаа тайлбарлаж, утасны үндсэн лизингийн төлбөрөө гэрээнд тусгасны дагуу нөхөж төлөх, мөн өөрийн хэрэглээгүй багцын төлбөрийг одоо барьж байгаа дугаартай шилжүүлэн хэрэглээ хийсэн тохиолдолд нөхөж төлөх хүсэлтэй байгаа талаараа хэлсэн боловч тодорхой шийд өгөөгүй.

2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “ХХХ” ХХК-тай анх байгуулсан гэрээний дагуу 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар cap хүртэл утасны лизингийн үнэ болох 280 000 төгрөгийг төлж барагдуулан тус байгууллагыг хохиролгүй болгосон. Энэ мөнгөн дүнг санхүүгийн албаны хүнтэй холбогдож асуусан болно. Миний бие өөрийн огт хэрэглээгүй хэрэглээний төлбөрийг нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн миний бие өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэ нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх санхүүгийн боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч ХХХХээс 468 953 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ХХХХээс 14 719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэн гомдол гаргаж байна. Миний бие 2016 оны 9 дүгээр сараас өөрийн дугаарыг барих боломжгүй болсон тул нэхэмжлэгч талд дугаараа барих боломжгүй болсон тухайгаа мэдэгдэн одоо барьж байгаа шинэ дугаартаа энэхүү лизингийн төлбөрөө шилжүүлэн барих хүсэлтэй байгаагаа хэлэхэд нэхэмжлэгч тал гэрээний 1.11-т заасан нөхцөлөө зөрчиж тийм боломжгүй гэсэн. Ийм боломж байхгүй бол би үлдсэн 5 сарын төлбөрийн зөвхөн гар утасны лизингийн мөнгөө төлнө, 22 000 төгрөгийн багцыг ашиглахгүй тул төлөх боломжгүй гэдгээ хэлэхэд мөн ийм боломжгүй гэсэн тул цаг хугацаанд нь төлбөрөө барагдуулаагүй болно.

Нэхэмжлэгч тал нь гэрээний 1.8, 1.11, 2.4.1, 2.5.1-дэх заалтуудаа зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний 2.4.1-т зааснаар нэхэмжлэгч талын сүлжээг огт ашиглаагүй 8 сарын хугацаанд надаас энэхүү багцын төлбөрөө авсан, /нийт 176 000/ мөн 2.5.1-д заасан эрхээ би эдэлж чадаагүй. Энэхүү гэрээ хийсэн миний дугаар нь дараа төлбөрт дугаар бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний 1.1-д зааснаар төлбөрөө нэхэмжлээгүй, хэрэглээ хийгээгүй байхад надаас төлбөрөө авсан.

Хариуцагч миний бие нь гэрээнд заасны дагуу үлдсэн 5 сарын утасны лизингийн төлбөрийг бөөнөөр төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч талд ямар ч хохирол учруулаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь намайг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн гар утасны үнийг хөнгөлөлттэй үнэ биш үндсэн үнэ болох 1 757 000 төгрөгөөр тооцож, миний төлсөн нийт төлбөрийг хасаж тооцоод нэхэмжилж байгаа дүн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан бодит хохирол биш билээ. Нэхэмжлэгч талын гэрээ нь хэт 1 талын эрх ашгийг бодсон гэрээ бөгөөд нэг заалтаараа нөгөө заалтаа үгүйсгэсэн байна.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талын төлөөлөгчөөс шүүгч асуухдаа “...Энэ хүний хэлээд байгаа I Phone багц ашиглах гэрээ, гар утасны лизингийн гэрээ 2 нь салшгүй гэрээ юм уу, салгаж үзэж болох юм уу...” гэхэд “...болно, энэ хүн тэр ашиглаагүй багцын төлсөн дүнгээ манайхаас нэхэмжилж болно” гэж хэлж байсан. Үүнээс би ойлгохдоо үлдсэн сарын төлбөрийн утасны лизингийн үнийг би гэрээнд заасан хугацаандаа багтаан салгаж төлөх боломжтой байсан юм байна гэж ойлгосон. Ийм боломжтой юм бол тухайн үед яагаад намайг төлүүлээгүй нь 8 сарын хугацаанд би ашиглаагүй атлаа ярианы төлбөрөө төлж байсан учраас цаашдаа ч мөн ингэж төлүүлэх гэсэн өөрсдийн эрх ашгийг харсан үйлдэл байсан гэж үзэж байна.

Мөн гэрээний 2.6-д зааснаар үндсэн үнийг нэхэмжлэх ёстой бол би энэ заалтыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч талын утасны үнийг үндсэн үнээр нэхэмжлэх болсон шалтгаанаа хариуцагч намайг гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулагүй учраас гэж нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд өөрсдийн гэрээнд заасан заалтуудыг зөрчин намайг хугацаандаа төлбөрөө төлөх боломжоор хангаж өгөөгүй учраас би хугацаа хэтрүүлж төлбөрөө төлж барагдуулсан.

Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 1 247 000 төгрөгийг би төлж барагдуулсан байхад, хариуцагч миний бие нь хугацаандаа багтаагаад утасны лизингээ төлөх ямар боломж байгаа талаар лавлаж асуухад боломжгүй хэмээн цаг хугацаа алдуулчихаад одоо ийм мөнгөн дүн нэхэмжилж байгаа нь хэт өөрийн эрх ашгийг бодсон үйлдэл гэж үзэн энэхүү асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх ба талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан гар утасны үнийн үлдэгдэл төлбөрт 468 953 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20190797 дугаар үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээгээр хариуцагч ХХХХ нь 22 000 төгрөгийн үйлчилгээний багцыг сонгож, сар бүр төлбөрийг хийх, мөн уг гэрээний салшгүй хэсэг болох iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээгээр урьдчилгаа төлбөрт 455 000 төгрөг төлж 1 757 000 төгрөгийн үнэ бүхий iPhone 5S 16GB гар утсыг хөнгөлөлттэй нөхцөл буюу 1 247 000 төгрөгөөр тооцон зээлээр худалдан авч эзэмшихдээ утасны үнийг 2 жилийн хугацаанд сар бүр 33 000 төгрөгөөр төлж  барагдуулах үүрэг хүлээсэн талаар маргаагүй, талуудад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч ХХХХ нь эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар гадаад улсад байсан 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сарын хугацаанд багцын үйлчилгээг бодитоор ашиглаагүй ч 22 000 төгрөгийг утасны төлбөр 33 000 төгрөгийн хамт төлж байсан гэх тайлбар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зохих төлбөрийг төлсөн тухай харилцагчийн гүйлгээний хуулгаар нотлогдсон байна. /хх-20/

Мөн санхүүгийн ажилтнаас нь лавлаж утасны үнийн үлдэгдэл төлбөрийг  барагдуулсан гэж тайлбарлан, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 280 000 төгрөг төлсөн баримтыг гаргажээ. /хх-21/

Харин 2015 оны 7 дугаар сард Монгол Улсад ирмэгц “ХХХ” ХХК-ийн салбарт өөрөө очиж, багцын үйлчилгээг өөр дугаарт шилжүүлэн ашиглах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй, боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн, гэрээний дагуу багцын үйлчилгээг ашиглах боломжгүй байдлыг нэхэмжлэгч бий болгосон атлаа төлбөрийг үндсэн үнээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Багцын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой тул нэхэмжлэл үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзлыг  нэхэмжлэгч үгүйсгэж, баримтаар няцаагаагүй ба утасны төлбөрийг үндсэн үнээр тооцож үлдэгдлийг нэхэмжилж байгаа, багцын төлбөртэй холбоотой асуудлыг хэрэглэгч тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болно гэж шүүх хуралдааны шатанд тайлбарлажээ. /хх-29/

Хэрэгт авагдсан Үүрэн холбооны iPhone үйлчилгээний нөхцөл /хх-8/-ийн 1.11, 6.5.1-д багцын төрлөө өөрчлөхгүйгээр дугаар солих үйлчилгээг хэрэглэгч авч болохоор  тохиролцсон байна. 

Зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч буюу худалдагч тал  ХХХХ-ийн дугаар сольж, багцын үйлчилгээг үргэлжлүүлэн авах тухай хүсэлтийг гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгөөгүйгээс худалдан авагч тал багцын үйлчилгээг хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Дээрхээс үзвэл багцын төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж гэрээнээс татгалзан, гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж хариуцагчийг буруутгах, худалдан авагчаас хохирол, зардал шаардах Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан үндэслэл нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн хувьд тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч гар утасны төлбөрийг үндсэн буюу 1 757 000 төгрөгөөр шаардах үндэслэлгүй болно.

Хариуцагч ХХХХ 280 000 төгрөгийг гар утасны үнэ болон сарын суурь хураамжид төлснөөр гэрээний үүргийн гүйцэтгэл нь 1 360 500 төгрөг болсон тул түүнийг зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүргээ биелүүлж, гар утасны үнэ 1 247 000 төгрөгийг төлсөн гэж үзнэ. /хх-20/

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч, зохигчдын маргаж буй үндэслэл, үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх ба хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 719 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ