Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 467

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ШТЭД-1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ................  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           Г.М, Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  эх, ах, эгч нарын хамт амьдардаг, ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэгдсэн, /РД:..................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр гудамжинд хувиараа таксинд явж байсан П.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, “Самсунг Жи-7”, “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/, хохирогч П.Н-ын мэдүүлэг /хх19-25/, гэрч О.Д-ын мэдүүлэг /хх27/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт №5662 /хх34/, “Тэнцвар эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх37-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх43/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх101-102/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх106-107/ болон хохирол төлбөр төлсөн,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Г.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл “...2018 оны 4 дүгээр сарын 30-наас 2018 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 47-46 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байтал үл таних залуу такси барьж суугаад миний хоолойг араас боож “самсунг жи-7”, “самсунг эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн...” хүлээн авсан тэмдэглэл /хх11-р тал/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх12-14/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15-16/,

3. Хохирогч П.Н-ын “…Би 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-ний шилжих шөнө өөрийн эзэмшлийн 47-46 УБП улсын дугаартай саарал өнгийн “Хонда инсайт” маркын автомашинтай таксинд явж байтал ойролцоогоор шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хилчин хорооллын ойролцоо байрлах Элсэн цаг караокений баруун талын төв засмал замаас 22-28 насны эрэгтэй хүн гар өргөж Сүхбаатар дүүрэг орно гээд суусан. Тэгээд шинэ давхрын автобусны буудал өнгөрөөд явж байтал машины голын хайрцаг дээр байсан миний самсунг эс-6 маркийн гар утсыг сэмээрхэн авчихаар нь би эргэж харан утсаа авъя гэхэд араас миний цамцны захаас хойшоо татаж миний хоолойг бооход миний ухаан балартаж түр эсэргүүцэл үзүүлээгүй юм. Тэр үед тэр залуу машинаас буун гарч зугатаах гэхэд нь би түүнээс зуурахад тэрээр миний зүүн гарын сарвуу хэсэгт 2-3 удаа, толгойн хэсэг рүү чулуугаар нэг удаа цохиж дахин цамцны захнаас боож унагаан газарт унасан миний самсунг Ж-7 маркийн гар утсыг аваад толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохиж зугатаасан ...миний гар утсыг дээрэмдсэн залуу миний биед гэмтэл учруулсан, одоо надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй, 7 гэж дугаарласан хар малгай миний малгай байгаа юм. Тухайн үед цагдаа нар Самсунг жи-7 маркын гар утсыг олж өгсөн. Одоо Самсунг эс-6 маркын гар утсаа авмаар байна...” Намайг дээрэмдсэн гэх залуу нь 170-175 см орчим өндөртэй, бага зэрэг махлаг, булчинлаг биетэй хөдөөний гэмээр бор царайтай, 25-26 орчим настай, хар өнгийн саравчтай малгайтай байсан ба малгайгаа буруу харуулаад өмсчихсөн байсан. Дээгүүрээ хар цэнхэр богино күртиктэй, дотуураа цагаан шоотой срочкон цамцтай, цайвар өнгийн жинсэн өмдтэй, хөрслөг бор царайтай, онигор нүдтэй, халимаг үстэй байсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан ба бага зэргийн согтолттой байсан. Би тэр залууг  харвал танина...” гэх мэдүүлэг /хх19-25/,

4. Гэрч О.Д-ын “...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны орой 22 цаг 10 минутын өөрийн багын найз О, Э нарын хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хилчин хорооллын зүүн урд талд байрлах “Тосон” нэртэй зочид буудалд архи уугаад сууж байтал араас мөн бидний танил Д гэж дууддаг /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ найз маань орж ирээд бид хэд архиа ууж, юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад Э гэр рүүгээ явсан, дараа нь 00 цаг 40 минутын үед Д найз охинтойгоо уулзлаа гээд гарч явсан ба О бид 2 буудалдаа үлдэж  унтаж амарсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 10 цаг 30 минутын үед буудалдаа унтаж байтал Д орж ирээд халааснаасаа шар саарал өнгийн самсунг Жи-7 маркын гар утас гаргаж ирээд би ийм утастай боллоо, найзаасаа туучихлаа, үүнийг зарж мөнгө болгочихоё гэхээр нь бид 3 гарч 21 дүгээр хорооллын баруун талын автобусны буудлын хажуу талын түц ороод Д-гийн авчирсан самсунг Жи-7 маркын гар утсыг уг түцэнд суудаг Б гэх залууд 180,000 төгрөгөөр зарах гээд сууж байтал цагдаа нар ороод ирсэн... уг утас нь шар саарал өнгөтэй, нүдээр харахад эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай утас байх шиг байсан... Д нь “манай найзын утас байгаа юм, би туучихлаа, маньдаа зараад өгчих” л гэж хэлсэн, өөр утасны талаар юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх27/,

5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 695 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг жи-7 маркийн утас 500,000 төгрөг”, “Самсунг эс-6 маркийн утас 250.000 төгрөг” нийт 750.000 төгрөг /хх37-39/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №5662 дугаартай “...П.Н-ын биед зүүн дээд зовхи, өвдөгт, сарвуу, хүзүүнд зулгаралт, хуйханд шарх, зүүн шуу, хүзүү, баруун, зүүн мөр, цээж, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх34/,

 

7. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлээр “...хохирогч П.Н- намайг зодож миний эд зүйлийг авсан залуу онигор нүдээр нь сайн таньж байна. Тухайн үед намайг дээрэмдсэн залуугийн царай миний нүдэнд тодоос тод санагдаж байна гээд дахин 3 дугаараар дугаарласан эрэгтэй хүнийг зааж байв...” /хх106-107/,

8. Г.М-ын яллагдагчаар “...би таксиний жолоочоос чи миний эд зүйлийг авсан юм уу? гэж асуусан чинь тэр жолооч би чиний эд зүйлийг аваагүй гэж хэлээд маргалдсан юм. Тэгээд би тэр жолооч залуугийн  самсунг жи-7, самсунг эс-6 гар утсыг нь аваад чи миний эд зүйлийг өгөөд, энэ утаснуудаа аваарай гэж хэлээд явсан. Тухайн үед би такси бариад мөнгөгүй байсан. Тэгээд нэг утсыг нь танихгүй жолоочид өгөөд явсан. Нэг утсыг нь Д авч яваад цагдаа нарт баригдсан байсан...” гэх мэдүүлэг /хх101-103/,

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.М

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хуралдаанд оролцсон болохыг дурдаад улсын яллагчаас шүүгдэгч Г.М-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулахаар давхар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

2018 оны 05 дугаар сарын 01-ний шөнийн 03 цагийн үед хохирогч П.Н- нь өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай “Хонда инсайт” маркын автомашинтай таксинд явж байх үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хилчин хорооллын ойролцоо төв замаас шүүгдэгч Г.М гар өргөж Сүхбаатар дүүрэг орно гээд суусан, явж байхдаа хохирогчийн машины голын хайрцаг дээр байсан гар утсыг нь авсан, хохирогч утсаа авъя гэхэд хүч хэрэглэн довтолж, хоолойг боон, улмаар зодон “самсунг жи-7”, “самсунг эс-6” маркийн гар утаснуудыг дээрэмдэн авсан болох нь хохирогчийн “...Тэгээд шинэ давхрын автобусны буудал өнгөрөөд явж байтал машины голын хайрцаган дээр байсан миний самсунг эс-6 маркийн гар утсыг сэмээрхэн авчихаар нь би эргэж харан утсаа авъя гэхэд араас миний цамцны захаас хойшоо татаж миний хоолойг бооход миний ухаан балартаж түр эсэргүүцэл үзүүлээгүй юм. Тэр үед тэр залуу машинаас буун гарч зугатаах гэхэд нь би түүнээс зуурахад тэрээр миний зүүн гарын сарвуу хэсэгт 2-3 удаа, толгойн хэсэг рүү чулуугаар нэг удаа цохиж дахин цамцны захнаас боож унагаан газарт унасан миний самсунг жи-7 маркийн гар утсыг аваад толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохиж зугатаасан...Би тэр залууг  харвал танина...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр хохирогч П.Н- нь шүүгдэгч Г.М-ыг шууд таньсан байдал, мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.  

Түүнчлэн гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө болох “самсунг жи-7” маркын гар утсыг шүүгдэгч Г.М нь О.Д-аар заруулах гэж байгаад О.Д- цагдаад саатуулагдсан болох нь түүний гэрчээр өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 10 цаг 30 минутын үед буудалдаа унтаж байтал Д орж ирээд халааснаасаа шар саарал өнгийн самсунг Жи-7 маркын гар утас гаргаж ирээд “би ийм утастай боллоо, найзаасаа туучихлаа, үүнийг зарж мөнгө болгочихоё” гэхээр нь бид 3 гарч 21 дүгээр хорооллын баруун талын автобусны буудлын хажуу талын түц ороод ...утсыг уг түцэнд суудаг Б гэх залууд 180,000 төгрөгөөр зарах гээд сууж байтал цагдаа нар ороод ирсэн... уг утас нь шар саарал өнгөтэй, нүдээр харахад эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай утас байх шиг байсан... Д нь “манай найзын утас байгаа юм, би туучихлаа, маньдаа зараад өгчих” л гэж хэлсэн...” мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт үйлдэж авсан эд хөрөнгийг маргааш өдөр нь худалдан борлуулах гэж байсан цаг хугацааны хамаарал тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ...авахаар довтолсон”-оор буюу хохирогч П.Н- руу хүч хэрэглэн довтолсноор гэмт хэрэг төгссөн, улмаар “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 750.000 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Г.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтэйгээр ашиг олох зорилгоор гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.

Шүүгдэгч Г.М нь хохирогчид хүч хэрэглэн довтолж /хоолойг боосон, зүүн гарын сарвуу хэсэгт 2-3 удаа, толгойн хэсэг рүү чулуугаар нэг удаа цохиж, дахин цамцны захнаас боож унагаан газарт унасан, толгой, нүүр рүү хэд хэдэн удаа цохиж/ эд хөрөнгийг авахдаа түүний биед “...зүүн дээд зовхи, өвдөгт, сарвуу, хүзүүнд зулгаралт, хуйханд шарх, зүүн шуу, хүзүү, баруун, зүүн мөр, цээж, нуруунд цус хуралт бүхий...” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №5662 дугаартай дүгнэлт, дээр дурдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээс тус тус шүүгдэгчийн хохирогчид хүч хэрэглэн довтолсоны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан нь тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлсөн тухайд: 

Энэ гэмт хэргийн улмаас П.Н-т “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 695 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг жи-7 маркийн утас 500,000 төгрөг”, “Самсунг эс-6 Edge bgj[nay emgv 250.000 төгрөг” буюу нийт 750.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд  “Самсунг жи-7 маркийн гар утсыг хураан авч, хохирогч П.Н-т хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Г.М-с 2019 оны 04 дүгээр сарын 19-нд 110.000 төгрөг төлжээ. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараагаа өмгөөлөгч А.Буяндэлгэрийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажлын 5 хоногийн хугацаагаар завсрага авах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн болно.

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хариуцлагын хурал үргэлжлэн явагдахад шүүгдэгчээс хохирогчид 140.000 төгрөг төлсөн, нийтдээ 250.000 төгрөгийг хохирогч П.Н-ын Худалдаа хөгжлийн банкны ......... дугаар дансаар төлсөн байх тул шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Харин хохирогч П.Н-ын хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, үүнтэй холбоотой хохирол нэхэмжлээгүй ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нийтдээ 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс “...Гэм буруугийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн, өмнөх ял шийтгэлийг эдлээд дууссан тул эрх зүйн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ...01 жил 01 сарын хугацаагаар...” буюу хуульд заасан доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.  

Учир нь шүүгдэгч Г.М-ын хувийн байдлын хувьд урьд нь 2 удаа буюу 2012 он “...бусдын эд хөрөнгө хулгайлсан, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдсэн...”, 2015 онд “...бусын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан...” гэх зүйл ангид тус тус ял шийтгэгдэж байсан, засрал хүмүүжил олсон гэж тайлбарлах боловч дахин санаатай гэмт хэрэг үйлдэж, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нь засрал хүмүүжил олоогүй байх тул нийгэмшээгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” буюу 1 жилээс 4 жилийн хугацааны дотор сонголттой байдлаар хэрэглэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан болон амар хялбар аргаар ашиг олох зорилгоор, бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд халдаж байгаа нь хуульд зааснаар ялын доод хэмжээг доош нь татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд хамаарахгүй юм. 

Харин шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзэж, мөн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.    

Иймд шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдууллаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг баримтлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.М-д нийт 2 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Хохирогчийн хувьд эрүүл мэндэд учирсан хохиролтой баримт гаргаж шүүхэд ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан эрүүл мэндэд учирсан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдан, шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоног хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Г.М-с хохиролд 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг хохирогч П.Н-д төлсөн, энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Н нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлаар иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР