Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 5407

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13-180 тоот хаягт байрлах, “Ганморьт бор” ХХК /РД:2731703/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,  Замчдын гудамж 3 хаягт орших, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

Ганморьт бор ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Премиум” асфальтны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхэд гарах зардал 58.228.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжин, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Ганморьт бор” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 670 тоот захирамжаар олгогдсон Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7660 м.кв газрыг 2010 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Засаг даргын захирамжийг үндэслэн бидэнд 2010 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0233168 тоот “Газар эзэмших эрхийн гэрчигээ”-г олгож, “Газар эзэмших гэрээ”-г байгуулсан. Ингээд 2010 онд бид өөрсдийн эзэмшил газрын ойр орчмын элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон 4151 м.кв газрыг өөрсдийн хүч, хөрөнгөөр сэргээн засварлаж, энэ ажилд 20 гаруй сая төгрөгийг зарцуулсан ба “Газрын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу өөрсдийн хүч, хөрөнгөөр сэргээн засварласан газрын хэмжээгээр өөрсдийн эзэмшил газрыг нэмэгдүүлэхээр Баянгол дүүргийн Засаг даргад 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг маань шийдвэрлэж, хариу өгч байгаагүй.

            Ингээд Баянгол дүүргийн Засаг даргаас бидний хүсэлтийн талаар тодорхой хариу өгөхгүй байсан учир манай компани 2016 оны 7 дугаар сард Нийслэлийн Засаг даргад эзэмшил газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргахад Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 5/4888 дугаар албан бичгээр бидний хүч, хөрөнгөөрөө сэргээн засварлаж, бүтэн 5 жил эзэмших эрх олгох талаар хүсэлт гаргасан газарт Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн барилга барихаар төлөвлөж, газрыг эзэмшүүлсэн тул танай компанийн хашааг албадан буулгахаар болсон тухай мэдэгдэж байна гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл манай компани өөрийн эзэмшил газар дээрээ Премиум асфальтны үйлдвэрийг 2012 онд маш их хэмжээний хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд үйлдвэрийн маань өнөөгийн зах зээлийн үнэ 611.466.200 төгрөгөөр үнэлэгдэх ба үйлдвэрийн маань нэг хэсэг манай хүсэлт гаргаж, эзэмшүүлэхийг хүсч байсан газар дээр баригдсан. Манай компанийн хувьд “Газрын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргасаар атал Баянгол дүүргийн Засаг дарга нь бидний хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй атлаа бидний олон жил хүч, хөрөнгөө зарцуулсан сэргээсэн газрыг жижиг дунд үйлдвэрийн барилга барих зориулалтаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон байна.

            Баянгол дүүргийн Засаг даргын дээрх буруутай үйлдлээс шалтгаалж, манай компани асфальтны үйлдвэрээ нүүлгэхээс өөр аргагүй байдалд хүрснээс үүдэн нүүлгэн шилжүүлэхэд 58.228.000 төгрөгийн зардал гарах тул “Төрийн албаны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь заалт, “Иргэний хууль”-ийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ганморьт бор” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Премиум” асфальтны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхэд гарах зардал 58.228.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. “Ганморьт бор” ХХК нь Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ганморьт бор” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газарт зөвхөн газрын мэдээлэлийн санд үндэслэж, Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн барилга барих зориулалтаар олгосон болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй тул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн төв”-д олгосон 1000 м.кв газрыг өөр байршилд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, газар нь үл хөдлөх хөрөнгөтэйгээ хамт байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 1000 м.кв газрыг нэхэмжлэгчид олгох үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга хүлээхээр эвлэрэлийн гэрээ байгууллаа. Нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК нь Баянгол дүүргийн Засаг дарга дээрх үүргээ биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага болох үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардал болох 58.228.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Иймд бидний эвлэрэлийг баталж өгнө үү гэв.

 

Зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нь нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газарт зөвхөн газрын мэдээллийн санд үндэслэж, Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн барилга барих зориулалтаар олгосон болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөх боломжгүй тул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн төв”-ийн зориулалтаар олгосон 1000 м.кв газрыг өөр байршилд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, газар нь үл хөдлөх хөрөнгөтэйгээ хамт байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 1000 м.кв газрыг нэхэмжлэгчид олгох үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга хүлээх, нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга дээрх үүргээ биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага болох үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардал 58.228.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь дээр дурдсан үүргээ бүрэн хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-д холбогдуулан “Премиум” асфальтны үйлдвэрийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар аливаа захирамж, нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байхаар талууд тохиролцов. Хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд эс биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуульд заасан арга хэмжээ авах эрхтэй гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод холбогдуулан Ганморьт бор ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Премиум” асфальтны үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхэд гарах зардал 58.228.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нь нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газарт зөвхөн газрын мэдээллийн санд үндэслэж, Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн барилга барих зориулалтаар олгосон болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөх боломжгүй тул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн төв”-ийн зориулалтаар олгосон 1000 м.кв газрыг өөр байршилд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, газар нь үл хөдлөх хөрөнгөтэйгээ хамт байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 1000 м.кв газрыг нэхэмжлэгчид олгох үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга хүлээх, нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга дээрх үүргээ биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага болох үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардал 58.228.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь дээр дурдсан үүргээ бүрэн хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-д холбогдуулан “Премиум” асфальтны үйлдвэрийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар аливаа захирамж, нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байхаар талууд тохиролцов. Хариуцагч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд эс биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хуульд заасан арга хэмжээ авах эрхтэй гэжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.090 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нь нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газарт зөвхөн газрын мэдээллийн санд үндэслэж, Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийн барилга барих зориулалтаар олгосон болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжилж буй мөнгөн дүнг төлөх боломжгүй тул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн төв”-ийн зориулалтаар олгосон 1000 м.кв газрыг өөр байршилд 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх, газар нь үл хөдлөх хөрөнгөтэйгээ хамт байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй 1000 м.кв газрыг нэхэмжлэгчид олгох үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга хүлээх, нэхэмжлэгч нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргыг дээрх үүргээ биелүүлсэн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага болох үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардал 58.228.000 төгрөгийг нэхэмжлэхгүй байх, хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх, хариуцагч нь дээр дурдсан үүргээ бүрэн хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-д холбогдуулан “Премиум” асфальтны үйлдвэрийг нүүлгэх, газар чөлөөлөх талаар аливаа захирамж, нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байхаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ганморьт бор” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА