Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 472

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Я-д холбогдох эрүүгийн ............................ дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Лов” бааранд зөөгч ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт, ...................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б.Я, /РД:............../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Я нь 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд Рок” нэртэй зочид буудал дотор иргэн Г.Н-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун мөрний мултарал, зүүн бугалга, шуу, хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: хохирогч Г.Н-ын мэдүүлэг /хх12-14/, гэрч Б.Л-ын мэдүүлэг /хх18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2297 дугаартай дүгнэлт /хх26/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх23-24/, Б.Я-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх34-37/, гэрч Д.Д-ийн мэдүүлэг /хх20-21/, Б.Я-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх42/, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх46/, Цагдаагийн асап сангийн дэлгэрэнгүй лавлагаа /хх47-53/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарласан, хассан зөрчилгүй байх тул хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг. Шүүгдэгч Б.Я-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Хохирогч Г.Н-ын “...2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Я гэж хуучин манайд зөөгчийн ажил хийж байсан залуу халамцуу архи уусан бололтой орж ирээд угаалгын өрөөнд чинь унтмаар байна гэж хэлсэн. Би тэр залууд хандан Захирал чамайг ирвэл битгий энд хонуулж бай гэж хэлсэн. Я надаас гуйгаад хоночихмоор байна гээд гуйгаад байсан. Би Я-д хандаж, чамайг ажиллаж байх үед зочид буудлаас гутал алга болсон чамтай холбоотой байх шүү гэж хэлэхэд надруу уурлаад чамд ямар хамаатай юм. Жаачийчаад шалаа угаагаад явж байхгүй гээд хэл амаар доромжлоод сул өрөө рүү орох гээд байхаар нь би хувцаснаас нь зуураад хөдөлгөөнийг нь хориход надтай зууралдаад миний хоолойг хоёр гараараа шахаад чам шиг авгайг яадаг юм бэ гэж хэлээд намайг тавихгүй байхад ресепшн Л ирээд Я-г надаас салгаж холдуулсан. Я заавал хонож байж явна гээд хэрүүл хийгээд явахгүй байсан. Би Яг гаргаж явуулах гээд ноцолдож байхад миний хоёр гарны бугуйнаас хоёр гараараа бариад намайг өөрөөсөө холдуулаад түлхэх үед би баруун гараараа хана хүчтэй мөргөөд унасан. Би босож ирэхэд миний баруун гар мөрөөрөө янгинаж өвдөөд гараа дээш нь сойж болохгүй байсан. Би Я-д хандаж чи миний гарыг эвгүй болгочихлоо гэж хэлэхэд хохино муу авгай минь чи амнаасаа болсон гэж хэлсэн. Би шарандаа босож ирээд зүүн гараараа Яыг буудал руу оруулахгүй гээд ноцолдож байхад баруун гарын араараа миний нүүр рүү шүргэж цохиход миний хөдөлж байсан доод үүдэн шүд унасан. Би тэр үед хөл алдаад шат руу унаж, босож ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж, үзүүлэхэд мөр мултарсан байсан... би Я гэж хүнээс нийтдээ 500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх12-14/,

2. Гэрч Б.Л-н  “...шөнийн 4 цагийн үед Н эгч бид хоёр хамт байж байхад манайд хуучин караокенд зөөгчийн ажил хийдэг байсан Я гэж залуу гаднаас ирээд сул өрөө байгаа юм уу? Би өглөө болтол унтмаар байна гэж надад хандаж хэлсэн. Би хариуд нь хоёр өрөө байгаа хүнээ авахаа бодно ш дээ гэж хэлэхэд, гуйж байна гээд намайг шалаад байсан. Би Н эгчид хандаж Я-г битгий оруулаарай гэж хэлээд цаашаагаа өөр өрөө рүү орсон. Удаагүй Н эгч намайг дуудаад Я намайг аллаа хурдлаарай гэж намайг дуудсан. Би гараад яваад очиход Н эгчийн амнаас нь цус гарсан байдалтай Я куртикнээс зуурсан намайг зодчихоод зугтах гээд байна гэж хэлсэн. Би юу болоод яагаад байгаа юм бэ гэж Я-аас асуухад энэ авгай намайг явуулахгүй байна. гэж хэлсэн. Би Н эгчид таны амнаас яагаад цус гарсан юм бэ гэж хэлэхэд Я сая намайг цохичихлоо гээд гартаа барьсан шүдээ надад үзүүлсэн. Би Н эгчийг тайвшруулах санаатай та юу болсон талаар надаа яриад өг гэж хэлэхэд тэр хоёр бие биенээ зуураад тавихгүй байсан. Я Н эгчийн гарыг тавиулах гээд хоёр гарын шууруу нь ээлжилж цохиод угзарсан. Я явах гээд Н эгчийг чирээд шатан дээр очсон. Би голоор нь ороод салгах гэхэд Н эгч хөл алдаад унахдаа хөлөөрөө намайг дэгээдээд бид хоёр гараараа зууран шатруу унасан. Н эгч босож ирээд Яыг энгэрээс хоёр гараараа зуурах үед Я хоёр гарын угзраад чи наад балиар гараа аваач гэж хэлээд өөрөөсөө холдуулаад түлхэхэд Н эгч баруун мөрөөрөө ханруу мөргөөд ёоёо гэж дуугараад гар даагдахаа болчихлоо гэж хэлсэн. Би цагдаагийн 102 руу утас руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх18-19/ 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2297 дугаартай “Г.Н-ын биед баруун мөрний мултарал, зүүн бугалга, шуу, хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна. Г.Н-ын биед учирсан биед учирсан нэг шүдний булгарал гэмтлийг үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Бусад гэмтэл зэрэг нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх26/

4. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Г.Н-ын биед учирсан нэг шүдний булгарал гэмтлүүдээс бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шүдний булгарал гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Баруун мөрний мултарал нэг шүдний булгарал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх23-24/,

5. Б.Я-гийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ... Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байрлах “Ред Рок” гэх буудалд хонох санаатай очсон. Би урьд нь 2018 онд “Ред Рок” гэх буудлын доод давхарт нь байрлах караокед нь зөөгчийн ажил хийдэг байсан. “Ред Рок” буудалд ороход хамт ажиллаж байсан үйлчлэгч Н эгчтэй уулзаад дүү нь өнөөдөр хонох газаргүй болчихоод явж байна гэхэд, Н эгч угаалгын өрөөнд унтчих гэж хэлсэн. Тэр үед решепшин Л эгч гарч ирээд намайг хонуулахгүй гээд хөөхөд Н эгч чи ерөөсөө гар чамайг хонуулахгүй гэхээр нь би үүр цайтал байгаад гараад явъя гэж хэлсэн. Тэгтэл Н эгч гар гээд миний өмсөж явсан куртикнээс татаад нүүр, ам самардах гээд дайраад байсан. Тэгэхээр нь би та чинь түрүүн хоно гээд байсан биздээ гэхэд, үгүй чамайг хонуулахгүй өглөө захирал ирээд харвал уурлана гээд, миний куртикнээс татаад байсан. Би Н эгчийн хоёр гарын бугуйгаас нь барьж байгаад өөрөөсөө холдуулаад түлхэх үед нуруугаараа хана мөргөөд, бөгсөөрөө газар суусан. Н эгч босож ирээд баруун гараа унжуулаад миний мөр эвгүй болчихлоо гэж орилоод зүүн гараа миний нүүр рүү 1-2 удаа цохиод дайраад байсан. Би гараад явах гэтэл миний араас куртикний малгайнаас татаад миний куртикний малгайг салгачихсан. Тэгээд Н эгч гараас барьчихсан нөгөө ресепшин эгч бас баруун гараас цуг барьчихсан байсан. Би тэр хоёроос гараа татаад авчихсан чинь тэр хоёр шатруу давхарлаад уначихсан. Н эгч Л хоёр босож ирээд намайг буцаагаад дээшээ оруулах гээд татаад дээшээ гарсан. Дээр гарч ирээд Н эгч миний шүд унасан гэж хэлээд шүдээ гаргаж ирээд надад үзүүлээд дайраад байсан...” гэх мэдүүлэг м/хх34-37/,

6. Шүүгдэгч Б.Я шүүхийн хэлэлцүүлэгт “... мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Я:

2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн үед шүүгдэгч Б.Я нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рэд Рок” нэртэй зочид буудалд буудлын решепшн, үйлчлэгч Нс хоноод явахаар гуйсан, улмаар зөвшөөрөхгүй болохоор нь хэрүүл маргаан үүсгэн, хохирогчид хүч хэрэглэн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хохирогч Г.Н-ын /тухайн буудлын үйлчлэгч/ “...Я гэж хуучин манайд зөөгчийн ажил хийж байсан залуу халамцуу архи уусан бололтой орж ирээд угаалгын өрөөнд чинь унтмаар байна гэж хэлсэн... Я заавал хонож байж явна гээд хэрүүл хийгээд явахгүй байсан. Би Яг гаргаж явуулах гээд ноцолдож байхад миний хоёр гарны бугуйнаас хоёр гараараа бариад намайг өөрөөсөө холдуулаад түлхэх үед би баруун гараараа хана хүчтэй мөргөөд унасан...” гэх мэдүлэг, гэрч Б.Л-ын /тухайн буудлын решепшн/ “...Я гэж залуу гаднаас ирээд сул өрөө байгаа юм уу? Би өглөө болтол унтмаар байна гэж надад хандаж хэлсэн. Би хариуд нь хоёр өрөө байгаа хүнээ авахаа бодно ш дээ гэж хэлэхэд, гуйж байна гээд намайг шалаад байсан. Би Н эгчид хандаж Яыг битгий оруулаарай гэж хэлээд цаашаагаа өөр өрөө рүү орсон. Удаагүй Н эгч намайг дуудаад Я намайг аллаа хурдлаарай гэж намайг дуудсан. Би гараад яваад очиход Н эгчийн амнаас нь цус гарсан байдалтай Яы куртикнээс зуурсан намайг зодчихоод зугтах гээд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “... баруун мөрний мултарал, зүүн бугалга, шуу, хүзүүнд цус хуралт, нэг шүдний булгарал гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №2297 дугаар дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн “Г.Н-ын биед учирсан нэг шүдний булгарал гэмтлүүдээс бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна. Баруун мөрний мултарал нэг шүдний булгарал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлгээр хохирогчийн биед хэрэг учрал болсон цаг хугацаанд гэмтэл учирсан нь тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.Я нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогчийн хувьд хохиролд 500.000 төгрөг нэхэмжилж байгаа гэж мэдүүлсэн байх боловч эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зэрэг зардлын талаар баримт гаргаж шүүхэд болон мөрдөн байцаалт, прокурорын шатанд ирүүлээгүй тул зөвхөн мэдүүлэгт үндэслэн хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй байдал, хувийн байдлын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа /“Лов” бааранд зөөгч/ нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын тухайд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байх тул хөнгөрүүлэн авч үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх байдаг бөгөөд хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг гарган өгөөгүй боловч шүүгдэгч нь санаачлагаараа хохирогчид хохирол төлөөгүй байх тул учруулсан хор уршгийг арилгаагүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Я-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн санал хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Я-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Г.Н-ын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР