Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 789

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

гэрч У.Т,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт .....................  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ц.О /РД:........................./.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр .................1 давхарт байрлах “Д” нэртэй цайны газар ажиллаж байхдаа тухайн цайны газрын текний ард байсан цүнхнээс бэлнээр 30.000 төгрөг, мөн тухайн өдрийн орлого болох 340.700 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 370.700 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ................. тоотод иргэн Л.О-гоос “...карт өгөөдөх...” гэж хамтран амьдрагч У.Т-гийн эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, улмаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын Хаан банкны АМТ-ээс хохирогч У.Ш-ын иргэн У.Т-д итгэмжлэн хариуцуулсан 2.000.000 төгрөгийг уншуулан авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.Б-гийн мэдүүлэг /хх12/, гэрч У.Т-гийн мэдүүлэг /хх25/, Ц.О-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх79/, хохирогч У.Ш-ын мэдүүлэг /хх9, 125/, гэрч У.Т-гийн мэдүүлэг /хх113/, гэрч Л.О-гийн мэдүүлэг /хх120/, иргэн У.Т-гийн эзэмшлийн Хаан банкны дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх134/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх40/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх46-47/, Цагдан хорих 461 хаалттай ангийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн тодорхойлолт /хх87/, хохирол төлсөн баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Б-гийн “...би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 7а байрны 1 давхарт байрлах “Д” нэртэй цайны газар ажиллуулдаг юм. Тэгээд би ажилтан авах зорилгоор зар дээр бармен зөөгч ажилд авна гэсэн зар тавьсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэг эмэгтэй ирээд өөрийгөө А гэж танилцуулаад, би зарын дагуу явж байна танайд ажилд орох гэсэн юм гэхээр нь би бичиг баримтыг нь асуусан чинь гэртээ мартчихсан байна, маргааш өглөө аваад ирье гэхээр нь би за тэгвэл өнөөдөр ажилтайгаа танилцаад маргааш өглөө ирээрэй гэсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2019 оны 04 сарын 17-ны өдөр ажил дээрээ ирэхэд нөгөө эмэгтэй ирчихсэн ажлаа хийж байсан. Тухайн үед дахиад бичиг баримтыг нь байгаа эсэхийг асуухад гэртээ мартчихсан байна, маргааш яг авчирч өгнө гэсэн. Тэгээд тухайн өдрөө ажиллаж байгаад 15 цагийн үед нөгөө эмэгтэй эгчээ би заалаа цэвэрлэчихье гэхээр нь би за тэг гэж хэлээд цаашаа хоол бэлтгэх өрөөндөө орсон юм. Би хэсэг байж байгаад заал руу гарсан чинь нөгөө эмэгтэй заал цэвэрлэсэн шинжгүй гараад явчихсан байхаар нь араас нь гараад харсан чинь байхгүй байхаар нь хяналтын камер шүүж үзэхэд нөгөө эмэгтэй текний ард байсан цүнхнээс бэлнээр 30.000 төгрөг, тухайн өдрийн орлого болох 340.700 төгрөгийг аваад гарч байгаа дүрс бичлэг байсан. Манай хяналтын камер нэг өдөр бичээд дараагийн өдрөө дараад бичсэн байна лээ. Тухайн өдрийн бичлэг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 12/

2. Хохирогч У.Ш-ын “...Би өөрөө Дөлгөөннуурт байдаг “Ланд крузер” төв засварын газарт ажилладаг болохоор Дархан-Уул аймаг руу явах завгүй болчихоод ах Тыг “Портер машиныг очиж үзээд аваад ир” гэж хэлээд 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Т ахын .................. дугаарын данс руу нь 2.150.000 төгрөг шилжүүлсэн. Т ах маргааш нь буюу 25-ны өдөр Дархан-Уул аймаг руу яваад нөгөө зарын дагуух Портер машиныг үзээд онцгүй юм байна, муу машин байна гэхээр нь би машин авахаа больсон...Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би найз охин О-гийн хамт том ах Т-гийн хашаанд буюу ................. тоотод Т ахын хамт гражийн хундам цутгах ажил хийж байсан. Энэ үед өглөө 11 цагийн үед Т ахын эхнэр О манай найз О-гоос Т ахын Хаан банкны ......................... дугааарын данс бүхий картыг аваад явсан байсан. Т ах төд удалгүй миний данснаас 2.000.000 төгрөг гараад явчихлаа, О мөнгө аваад явчих шиг боллоо гэж хэлсэн. Бид нар О-гийн гар утас руу нь залгаад утсаа авахгүй байсан...Бид нар ах дүү хүмүүс учраас би 2.000.000 төгрөгөө одоо нэхэмжлэхгүй. Үр хүүхэд болон ах Т-г бодооод мөнгө нэхэмжлэхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх103-106/

3. Гэрч У.Т-гийн “...би хувиараа микро автобусаар шугаманд явдаг юм. 2015 оны 6 дугаар сард анх О-той танилцаж тэр үеэс одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр О өглөө 08 цагийн үед ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын орчимд нэг цайны газарт ажилд орсон гэж ярьж байсан. Би тэнд нь очиж үзээгүй. Би О-г хулгайлах гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээгүй байж байгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс О-г асууж ярихаар нь мэдсэн. О 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ ажилдаа явлаа гэж гараад дахин гэртээ ирээгүй. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа над руу залгаад ярихаар нь чамайг Цагдаа нар хайж байна чи хаана байгаа юм гэж асуусан чинь Эрдэнэтэд байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа О дахиж залгаад би тэр цайны газраас тийм их мөнгө аваагүй шүү гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх25/, “...О миний ......................... дугаартай данснаас мөнгө авч захиран зарцуулах эрхтэй. Миний дансны дугаар болон картны кодыг мэднэ. Би От заримдаа картаа өгчихдөг. Миний дансанд Шын 2.000.000 төгрөг байгааг О мэдэж байсан. Ш Портер машин авна гээд миний дансанд 2.000.000 төгрөг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлэх үед О миний дэргэд байсан. О Шын мөнгө гэдгийг мэдсээр байж Ш болон надад  хэлэхгүйгээр миний картнаас авчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх113/

4. Гэрч Л.О-гийн “...би граж барьж байсан хүмүүсийн хоол ундыг хийж байсан. Т намайг дэлгүүрээс хүнсний зүйл аваарай гээд надад картаа өгсөн юм. Тэгээд би дэлгүүр ороод ирэхэд О эгч хүрч ирээд “Т-гийн картыг өгөөдөх” гэхээр нь би картнаасаа юм авах гэж байгаан байлгүй гэж бодоод Т ахын картыг санаанд ч оролгүй өгчихсөн. О эгч яваад өгсөн чинь төд удалгүй бөөнөөрөө машин тэргээ асаагаад ийш тийшээ сандраад давхицгаасан. Би гайхаад ээжээс юу болсон бэ гэж асуухад ээж О Т-гийн данснаас 2.000.000 төгрөгийг нь аваад алга болчихож байгаан биш үү гараад хай гэж надад хэлсэн. Би тэгээд гараад хорооллын хямдрал зарласан дэлгүүрүүдээр явж байж магадгүй гэж бодоод хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг/хх120/.

5. Ц.О-гийн яллагдагчаар өгсөн “2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажилд авна гэсэн зарын дагуу Д нэртэй цайны газарт очиж уулзсан. Тэгээд М гэдэг эмэгтэйтэй уулзаад ажилд орохоор болсон. Тэгээд маргааш нь 09 цагийн үед ажиллах гэж очоод кассан дээр тооцоо авч ажиллаж эхэлсэн. Тэгээд 16 цагийн үед М эгчид заалаа цэвэрлээдхэе гэсэн чинь за тэгээрэй гээд хоол бэлтгэдэг хэсэг рүү орсон. Тэр үед кассан дээр сууж байсан тул надад орлогын мөнгө хийж байсан хар өнгийн жижиг фаскан цүнхэнд байсан тухайн өдрийн орлого 340700 төгрөгийг бэлнээр фаскны хамт тэгээд текний ард байсан М эгчийн цүнхийг уудлаад тэндээс 30.000 төгрөг хэлэхгүйгээр аваад зугтаагаад шууд Эрдэнэт рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх79/. Мөн “...Би Т-гийн картнаас 2 сая төгрөг аваад Эрдэнэт рүү яваад буудалд 7 хоносон. Тэгээд Улаанбаатар хотод ирээд 2 хоноод 3 дахь хоног дээрээ Шт баригдсан. Би 2 сая төгрөгийг нь буудалд үрээд өөртөө ойр зуурын хувцас хунар, Ай фоне 5с маркийн гар утас аваад үрчихсэн. Мөнгийг нь аваад зугтчихсан болохоор гэрийнхнийхээ нүүрийг харж чадахгүй тэр чигээрээ зугтаачихсан юм... ” гэсэн /хх 125/ мэдүүлэг.

6. У.Т-гийн эзэмшлийн Хаан банкны дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх134/.

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.О.

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг. Хохирогч Д.Бд хохирол учруулсан үйлдлийн тухайд.

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр .................1 давхарт байрлах “Д” нэртэй цайны газрын эзэн Д.Бтай тохиролцон бармен зөөгчийн  ажилд орохоор болсон байна.

Улмаар маргааш өдөр нь шүүгдэгч Ц.О нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өдрийн 15.00 цагийн үед цайны газрын текний ард байсан цүнхнээс бэлнээр 30.000 төгрөг, мөн тухайн өдрийн орлого болох 340.700 төгрөгийг авч явсан болох нь хохирогч Д.Б “...нөгөө эмэгтэй эгчээ би заалаа цэвэрлэчихье гэхээр ... би хэсэг байж байгаад заал руу гарсан чинь нөгөө эмэгтэй ... гараад явчихсан байхаар нь ... хяналтын камер шүүж үзэхэд нөгөө эмэгтэй текний ард байсан цүнхнээс бэлнээр 30.000 төгрөг, тухайн өдрийн орлого болох 340.700 төгрөгийг аваад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч У.Т-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр О өглөө 08 цагийн үед ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан ... дахин гэртээ ирээгүй ... нэлээн хэд хоногийн дараа над руу залгаад ... би тэр цайны газраас тийм их мөнгө аваагүй шүү гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг, Ц.О-гийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд маргааш нь 09 цагийн үед ажиллах гэж очоод кассан дээр тооцоо авч ажиллаж эхэлсэн. ...хар өнгийн жижиг фаскан цүнхэнд байсан тухайн өдрийн орлого 340700 төгрөгийг бэлнээр фаскны хамт тэгээд текний ард байсан М эгчийн цүнхийг уудлаад тэндээс 30.000 төгрөг хэлэхгүйгээр аваад зугтаагаад шууд Эрдэнэт рүү явсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 370.700 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б мэдүүлэг,  “Д” цайны газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орлогын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Ц.О-гийн хохирогч Д.Б-гийн “Д” нэртэй цайны газраас тухайн өдрийн орлого болон цүнхнээс мөнгө авч явсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчлэн ирүүлсэнг дараах үндэслэлээр хэргийн зүйлчлэл тохироогүй, өөрчлөн зүйлчих нь зөв гэж үзлээ.

Тодруулбал, Хохирогчийн цайны газартаа бармен зөөгч авна гэсэн зарын дагуу шүүгдэгч Ц.О нь ажиллахаар болсон. Энэ нь шүүгдэгч Ц.О болон хохирогч Д.Б нарын хооронд ажил олгогч, ажилтаны харилцааны харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Улмаар цайны газраар үйлчлүүлсэн иргэдтэй тооцоо хийх, мөнгө хураан авах ажил үүргийг хохирогч Д.Б шүүгдэгчид итгэмжлэн олгосон, шүүгдэгч Ц.О тооцоо хийн ажиллаж байсан буюу түүний эзэмшилд тухайн өдрийн орлоготой цүнх байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.О-гийн үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг зөвтгөн мөн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.  

Харин хохирогч Д.Б-гийн цүнхнээс 30.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах боловч хуульд заасан бага хэмжээний хохирлын хэмжээнд хүрэхгүй нь тогтоогдсон. Тиймээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нэгтэн тооцох боломжтой гэж дүгнэлээ.

Хоёр. Хохирогч У.Шт хохирол учруулсан тухайд.

Шүүгдэгч Ц.О нь хохирогч У.Ш-ын төрсөн ах У.Т-дай гэр бүлийн хамтын амьдрал бүхий харилцаатай, дундаасаа хүүхэдтэй болох нь тогтоогдсон.

Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч У.Ш нь ах У.Т-даар Дархан-Уул аймгаас автомашин худалдан авч ирүүлэхээр 2019 оны 5 дугаар сарын 24-ний 2.150.000 төгрөг шилжүүлсэн болон У.Т уг автомашиныг очиж үзээд муу машин байна гэж худалдан авалгүй ирсэнг шүүгдэгч Ц.О нь мэдэж байжээ.

үний дараа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ................. тоотод шүүгдэгч нь Ц.О нь нөхөр У.Т-гийн банкны картыг хохирогч У.Ш-ын найз эмэгтэй болох Л.О-д байхад нь авч яван 2.000.000 төгрөгийг банкны АТМ-аас уншуулан авч, тухайн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан болох нь хохирогч У.Ш, гэрч У.Т, Л.Оюундэлгэр, хаан банкны дансны хуулга, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд хохирогч У.Ш-ын мөнгө нөхөр У.Т-гийн дансанд байгаа, мөн У.Т-гийн банкны дансны нууц дугаарыг мэддэг нөхцөл байдлыг ашиглан гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр данснаас нь 2.000.000 төгрөгийг авч, өөрийн хэрэгцээнд зарцуулж завших гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирогч Д.Б, У.Ш нарт хохирлын нөхөн төлсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Иймд шүүгдэгч Ц.О-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах. Оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жил, 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 2 хүүхэдтэй, шүүгдэгч нь одоогоор жирэмсэн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.О нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэдтэй одоо 4 сартай жирэмсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тогтоон шийдвэрлэх нь зүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсантай холбоотойгоор шүүгдэч Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зоричн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүхээс үүрэг хүлээлгэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргана” гэж заасныг тус тус мэдэгдэх нь зүйтэй. 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 36 хоног цагдан хоригдсон, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрийг “үргэлжилсэн үйлдлээр” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зоричн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчих, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь нийтдээ 36 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР