Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 478

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч С.Галцацрах /ШТЭД-2177/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн ........................... дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ......................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:............./,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Бүрд” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн Ц.С-ыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ц.С-ын мэдүүлэг /хх30-32, 116-117/, гэрч  С.С-ын мэдүүлэг /хх33-34/, гэрч  Д.Ж-ын /хх53-54/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11966 тоот шинжээчийн дүгнэлт /хх57/, шинжээч эмч А.Сарангэрэлийн мэдүүлэг /хх58-59/, хохирогч Ц.С-ын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд /хх62-70/, Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн мэдүүлэг /хх101-103/, Б.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх109-113/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа,  ял шалгах хуудас зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Б.Г-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.С-ын: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хулгагу” нэртэй бойны газар бойчин ажилтай бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа тараад явж байтал Бүрд хүнсний дэлгүүрийн гадаа хамт ажилладаг байсан найз Г, Ж, Э нартай тааралдаад хамт архи уухаар болоод би дэлгүүр орж 0.75 литрийн Болор нэртэй архи аваад хамт дэлгүүрээс холгүй гудамжинд сууж байгаад Г, Ж нартай хамт архи уусан ...Г босч ирээд нүүр лүү өшиглөчихсөн ба би арагш саваад уначихсан тэгсэн чинь Г миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн чинь тэнд байсан хүмүүс Г-г чи хүн аллаа ш дээ гээд орилоод байсан. Би тухайн үед юм дуугарч чадаагүй байсан ба Ж намайг түшээд ажил руу оруулж өгчихөөд явсан ...ээж ирээд түргэн дуудсан ба түргэн ирээд миний уруулны сэтэрхий дээр хоёр оёдол тавьж өгөөд явсан, тэгээд гэртээ хариад унтаж байтал хэвлий хэсгээр өвдөөд байхаар нь дахин түргэн дуудаад ... гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд эмч нь үзээд өглөө үүрээр хагалгаанд орно биеийн байдал муу байна гэж хэлж байсан...”, “...Энэ бүх гэмтлийг Гхөлөөрөө олон удаа өшиглөж учруулсан. Гнамайг эхлээд гараараа нүүр, уруул хэсэгт цохиж унагаагаад дараа нь унасан байхад дээрээс хөлөөрөө хэвлий хэсэгт дэвэлж зодсон...Б.Г намайг эмнэлэгт байхад болон эмнэлэгээс гарсаны дараа цувуулаад эмчилгээний мөнгө 2.500.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх30-32, 116-117/,

2. Гэрч  С.С-ын: “...2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед манай ажлын газраас 95130016 дугаараас нэг эмэгтэй над руу яриад “танай хүү Сэнгэбазарыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт бүрт гэдэг газар үл таних хоёр хүн зодчихлоо” гэж хэлсэн. Миний хүү Хулагу бойны газар бой хийдэг юм. Тэгээд би залгаад цагдаа дуудлага өгчхөөд Сэнгэбазарын ажил дээр очиход Сэнгэбазар нь Пүрэвхүү гэх айлд бусдад зодуулсан ухаангүй байдалтай байсан. Цагдаа ирчихсэн Сэнгэбазартай хамт явсан нэг согтуу залууг аваад явчихсан. Тэр согтуу залуу нь хамт ажилладаг Ггэх залуу Сэнгэбазарын нүүрэнд өшиглөж зодсон, дээрээс нь дэвссэн гэж ярьж байсан. Сэнгэбазар ч өөрөө намайг Гзодсон гэж хэлж байсан. Түргэн дуудаад дуудлагын эмч нар ирж үзээд Сэнгэбазарын уруул дээр нь 4-5 оёдол тавиад явсан. Тэгээд Сэнгэбазарыг гэртээ авчирчхад бөөлжөөд байхаар нь дахин түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт дээр шөнө 01 цагийн үед ирээд хэвлийд цус алдсан байна, дотуур нэг гэмтэлтэй байж магадгүй гээд яаралтай хагалгаанд орсон... Г, Жнар бага багаар цувуулаад нийт 2.5 сая орчим төгрөг эмчилгээнд өгсөн” гэсэн мэдүүлэг, /хх33-35/,

3. Гэрч  Д.Ж-ын: “..Гнамайг харж байхад 1 удаа нүүр лүү нь өшиглөхийг харсан. Дээр цагдаагийн хэлтэс дээр байцаагчтай уулздаг өдөр би Сэнгэбазарын дээрээс 2-3 удаа дэвссэн гэж хэлээд байсан, тэрийг нь бол би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх53-54/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11966 тоот дүгнэлтэд  “...Ц.С--н биед хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, нойр булчирхайг дэлүүний хамт авсан, мэс заслын дараах байдал /2017-09-19/ уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх57/,

5. Шинжээч эмч А.Сарангэрэлийн: “..дээрх гэмтлүүдийн уруулд үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд харин нойр булчирхайн задрал, нойр булчирхайг дэлүүний хамт авсан нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандснаар эрүүл мэндийн тусламж үзүүлж чадсан...” гэсэн мэдүүлэг, /хх58-59/,

6. Хохирогч Ц.С-ын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг эмнэлгийн холбогдолтой баримтууд /хх62-70/,

7. Яллагдагч Б.Гы: “...Бид гурав архи ууж байгаад би Сэнгэбазарыг согтоод байна чи яв гэж хэлсэн чинь явахгүй гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцсан юм. Тэгсэн Сэнгэбазар миний нүүр рүү нулимхаар нь миний уур хүрээд би босоод эхлээд нүүр лүү өшиглөж, уруулаас нь цус гаргаад дараа нь газар сууж байхад нь унагаагаад дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа хэвлий, цээж хэсэгт нь дэвссэж зодчихоод Ж, Сэнгэбазарыг үлдээчхээд гэр лүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх109-113/ гэв.

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г “... мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Г.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Б.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгч С.Галцацрах нь гэм буруугийн тал дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” хүнсний дэлгүүрийн ойролцоо Ц.С-, Б.Г, Д.Жаргалбаатар нар нь хамтдаа архи согтууруулах ундааны зүйл уусан, улмаар хоорондоо маргалдаж, Б.Г нь Ц.С-ыг нүүрэн тус газар нь өшиглөж, мөн гэдэс цээжинд нь өшиглөж дэвссэн болох нь хохирогч Ц.С-ын “...Гбосч ирээд нүүр лүү өшиглөчихсөн ба би арагш саваад уначихсан тэгсэн чинь Гминий гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч  Д.Ж-ын: “..Гнамайг харж байхад 1 удаа нүүр лүү нь өшиглөхийг харсан. Дээр цагдаагийн хэлтэс дээр байцаагчтай уулздаг өдөр би Сэнгэбазарын дээрээс 2-3 удаа дэвссэн гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Сособарам “...Сэнгэбазарын ажил дээр очиход Сэнгэбазар нь Пүрэвхүү гэх айлд бусдад зодуулсан ухаангүй байдалтай байсан. Цагдаа ирчихсэн Сэнгэбазартай хамт явсан нэг согтуу залууг аваад явчихсан. Тэр согтуу залуу нь хамт ажилладаг Ггэх залуу Сэнгэбазарын нүүрэнд өшиглөж зодсон, дээрээс нь дэвссэн гэж ярьж байсан. Сэнгэбазар ч өөрөө намайг Гзодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гы хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гы хохирогчийг зодсон энэхүү хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд “...хэвлийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, нойр булчирхайг дэлүүний хамт авсан, мэс заслын дараах байдал /2017-09-19/ уруулд шарх гэмтэл...” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан талаар шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11966 тоот дүгнэлтэд тодорхойлжээ.  

Тиймээс шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.С-ыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлбөрийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ц.С-т 2.500.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн “...эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 116/, хохирогчийн ээж С.Сособарамын “...бага багаар цувуулаад нийт 2.5 сая орчим төгрөг эмчилгээнд өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх33-35/ тус тус тогтоож байна. Иймд шүүгдэгч Б.Г нь шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11966 дугаартай шигжээчийн дүгнэлтээр “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэснээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хохирогч үүнтэй холбоотой зардлыг Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу цаашид Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зөв гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах: “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, ялтай байдал гэж байхгүй болсон тул анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм. 

Учир нь шүүгдэгч Б.Гы хувийн байдлын хувьд урьд нь 2 удаа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэсэнд хамаарахгүй байна. Тодруулбал, “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хуулиар тогтоосон тооны хязгаарлалт хамаарах буюу тухайн эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг эхний удаа үйлдсэн байх тоон илэрхийлэл юм. Иймд шүүгдэгч Б.Гыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.      

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь “...ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” буюу 1 жилээс 4 жилийн хугацааны дотор сонголттой байдлаар хэрэглэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан болон хүний эрүүл мэндэд амь биед аюултай хүнд хохирол учруулж, эд эрхтнээс “нойр булчирхайг дэлүүний хамт авсан” хагалгаа хийлгэсэн байх тул хуульд зааснаар ялын доод хэмжээг доош нь татаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд хамаарахгүй юм. 

Харин шүүгдэгч Б.Гы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 хоног /2019.02.18-2019.02.20/, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрин хүү овогт Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гы баривлагдсан, цагдан хоригдсон нийт 10 /арав/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Гаас хохирогч Ц.С-т хохиролд 2.500.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршгийн асуудлаар иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

                          

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР