Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 479

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг /ШТЭД-0169/,

хохирогч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т-д холбогдох эрүүгийн ..............................  дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, Япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, Ж.Т, /РД:....................../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөө Нөөлөгт гэх газарт иргэн Ц.Ц-ийн зүүн чих орчимд алгадаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Ц.Ц-ээс цагдАн байгууллагад ирүүлсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх2-3/, хохирогч Ц.Ц-ийн мэдүүлэг /хх8-10/, гэрч Г.Н-ийн мэдүүлэг /хх32-33/, гэрч Д.Д-н мэдүүлэг /хх24-26/, гэрч М.Ц-н мэдүүлэг /хх39-40/, шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх41-43/, гэрч Л.А-н мэдүүлэг /хх104-105/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх17/, гэрч Ц.С-н мэдүүлэг /хх36-37/, яллагдагч Ж.Т-ийн мэдүүлэг /хх81-85/, гэрч Б.С-н мэдүүлэг /хх106-108/, яллагдагч Ж.Т, гэрч Д.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх109-111/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх51/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх55/, эрүүгийн хурицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх49/, бакалаврын дипломын хуулбар /хх56-57/, төрсний гэрчилгээний хуулбар /хх58-59/, дансны хуулга /хх60-64/, ЦагдАн асап сангийн дэлгэрэнгүй лавлагаа /хх68-71/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ж.Т-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Иргэн Ц.Ц-ээс цагдАн байгууллагад ирүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төө гэгчид зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх2-3/,

2. Хохирогч Ц.Ц-ийн “... Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үхрийн аж ахуйд малчинаар ажиллахаар нөхөр Д-н хамт очсон. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ... С, А, Н нар үхрийн хашаан дотор тус тусын ажлаа хийгээд байж байхад нь би С дээр очоод эгч нь чамд зориулан нэг шил архи авсан юм гэж хэлээд би Н, А хоёрыг дуудаж бид тав хувааж уугаад дууссан. Тэр өдөр цалин буухгүй 3 хонож байсан тул Т-ээс цалин яагаад өгөхгүй байгаа талаар асуухад чамд цалин өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би яагаад надад цалин өгөхгүй юм гэж асуухад чиний цалинг Д-гийн дансанд хийнэ чамд өөрт чинь өгөхгүй гэж хэлсэнээ миний чих рүү нэг удаа гараараа цохих үед нь би газар унасан. Чи яаж байна гээд газар тулаад босож ирэхэд дахин чих рүү гараараа цохисон. Энэ удаад би газар унаад хүчтэй орилж гараараа чихээ даран Д- гээд дуудах үед чихээ дарж байсан гартай хамт давхар дахин чих рүү цохисон...Намайг гараараа зүүн чих рүү гурван удаа дараалан цохисон... 2019 оны 02 дугаар сарын 14-нд миний бие өвдөөд байхаар нь өглөө ажилдаа гараагүй 17 цагийн үед Партизаны цагдаа С-тэй .......... дугаарын утас руу залгаж болсон явдлын талаар ярихад цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гаргаж өгөхийг зөвлөөд байж байхад Н гаднаас орж ирээд ажиллахыг гуйсан...Би Т-ээс айгаад байна, дахин намайг зодвол яах юм бэ би ажиллахгүй гэж хэлээд гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх8-10/,

3. Гэрч Г.Н-гийн “....Намайг нөгөө байрны буланд байхад Ч хүрч ирээд Т намайг алгадчихлаа, миний цалинг Д-д өгнө гээд байхаар нь яахаараа тэгдэг юм бэ? яг одоо миний цалинг өг гээд байхаар нь би цалинг нь өөрийнх нь “Хаан” банкны данс руу хийж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх32-33/,

4. Гэрч Д.Д-н “...эхнэр Партизан руу хүүхэд хүргэж өгөхөөр яваад ирэхдээ 0,75 граммын экс нэртэй архи авч ирсэн байсан. Түүнийг С, А, Ц, Н бид нар хувааж уугаад ажилдаа орцгоосон. Биднийг ажилдаа гарч байхад Т малын тэжээл аваад ирсэн. Би авч ирсэн малын тэжээлийг нь буулгаж байхад эхнэр орилоод байхаар нь хартал малын хашааны үүдэнд хагас суусан байдалтай Т гараараа цохиж харагдсан. Би хийж байсан ажлаа орхиод гүйж очоод Т-ээс чи яаж байна гээд юу болсон талаар асуухад би чиний дансанд л авгайгийн чинь цалинг хамт хийх гэтэл Ч цалингаа өөрөө авна гэж уурлахаар нь би гурван удаа цохичихлоо шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх24-26/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3036 дугаартай дүгнэлтэд: “Ц.Ц-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх17/,

6. Сонгдо эмнэлгийн чих, хамар, хоолойн хүний их эмч гэрч М.Цэндсүрэн “...Зүүн талын чихний хэнгэрэг цоорсон байсан. Энэ гэмтлийг зориулалтын дурангаар харж, оншилж, зургийг нь хэвлэж өгсөн. Дээрх хүний зүүн чихний хэнгэрэг нь гэмтлийн гаралтай цоорсон шинэ гэмтэл байсан. Цэрэнчимэдийн биед учирсан зүүн чихний хэнгэрэг цооролт гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

7. Шинжээч эмч Ц.Бадралын: “...Цийн зүүн чихэнд үүссэн хэнгэрэг цооролт нь мохоо зүйлийн үйлчлэлээр /1 удАн/ үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх41-43/,

8. Гэрч Л.А-н: “...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант гэх газар Т-н үхрийн аж ахуйд сар гаран ажиллаж байна. Намайг ажилд ороход Ч эгч нөхрийн хамт ажилладаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед байх ферм дотор Ч эгч архи уусан нөхөртэйгээ орж ирээд нөхөр нь үхрийн баас түүж байхад нөхөртэйгөө маргалдаж байгаад нөхөр нь аваад гарсан. Ингээд 19 цагийн үед Т ах орж ирээд Ч эгч согтуу нөхөртэйгээ хэрэлдээд байхаар нь гараач гээд түлхсэн чинь явахгүй буцаад ороод ирэхээр нь Ч эгчийг нэг удаа алгадсан. Тэгээд Ч эгч болон тэд нар гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх104-105/,

9. Яллагдагч Ж.Т, гэрч Д.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: Д.Д-н хариулт “...тухайн үед Ц чихээ дарсан орилож байхаар нь би яваад очоод Ж.Т-ээс юу болсон талаар асуухад эхнэрийг чинь би 3 удаа цохичихлоо шүү гэж хэлсэн... Ц тухай үед чих өвдөж байна гэж хэлж байсан...”, Яллагдагч  Ж.Т-ийн хариулт: “...Ц-д хандан чи дуугуй гар гэж хэлсэн. Намайг гар гэж хэлэхэд Ц гарахгүй байхаар нь би гар гээд түлхсэн. Буцаад ороод ирэхээр нь би гараараа нэг удаа хацар хэсэгт нь алгадсан...” гэх тэмдэглэл /хх109-111/,

10. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т: “...мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн.

11. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Ц.Ц: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажилд орсон бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цалин авсан. Цалинг авснаас болж маргаан үүссэн. Тухайн өдөр хэрүүл маргаан гарах шаардлага байгаагүй. Тухайн үед Төмрөө жаахан ууртай байсан. Тэрнээс биш ажил тасалдсан гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан ерөөсөө болоогүй. Би чихээ янзлуулмаар байна гэж Н-д нилээн хэдэн удаа хэлсэн ...” гэж мэдүүлсэн.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж.Т:

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд........................... тоотод байрлах шүүгдэгч Ж.Т-ийн үхрийн аж ахуйд хохирогч Ц.Ц нь нөхөр Д.Д-н хамт 2019 оны 01 дүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн байх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ц.Ц нь цалингийн асуудлаас болж Ж.Т-тэй маргалдсан, улмаар шүүгдэгч Ж.Т нь Ц.Ц-ийн зүүн чих орчимд алгадаж, цохисон болох нь хохирогч Ц.Ц-ийн “...чиний цалинг Д-гийн дансанд хийнэ чамд өөрт чинь өгөхгүй гэж хэлсэнээ миний чих рүү нэг удаа гараараа цохих үед нь би газар унасан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Н-ийн “... Ч хүрч ирээд Т намайг алгадчихлаа, миний цалинг Д-д өгнө гээд байхаар нь яахаараа тэгдэг юм бэ? яг одоо миний цалинг өг гээд байхаар нь би цалинг нь өөрийнх нь “Хаан” банкны данс руу хийж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-н “...Би авч ирсэн малын тэжээлийг нь буулгаж байхад эхнэр орилоод байхаар нь хартал малын хашааны үүдэнд хагас суусан байдалтай Төө гараараа цохиж харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.А-н “... Ингээд 19 цагийн үед Төмрөө ах орж ирээд Ч эгч согтуу нөхөртэйгээ хэрэлдээд байхаар нь гараач гээд түлхсэн чинь явахгүй буцаад ороод ирэхээр нь Ч эгчийг нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Ж.Т-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “... зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №3036 дугаар дүгнэлт, шинжээч эмчийн “...Цийн зүүн чихэнд үүссэн хэнгэрэг цооролт нь мохоо зүйлийн үйлчлэлээр /1 удаагийн/ үүсгэгдсэн шинэ гэмтэл байсан...” мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацааны үйл баримт болон шинжээчийн дүгнэлтээр тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл нь тогтоогдсон байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Хохирогчийн зүгээс эмнэлэгт үзүүлсэн, эмний зардалд баримтаар 108.000 төгрөгний гаргаж өгсөн байх бөгөөд чихний хагалгаа хийлгэх 4.000.000 төгрөг /Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн нэхэмжлэх хх96/, цаашид эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн болно.

Үүнээс шүүгдэгч Ж.Т-ээс хохирогч Ц.Ц-д 108.000 төгрөгний хохирол төлсөн, цаашид эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.  

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх буюу хохирогчийн зүүн чихний хэнгэрэг цоорсонтой холбоотой хагалгаа хийлгэх зардал нь бодитоор гараагүй, энэ төрлийн эмчилгээний төлбөрийн харицуулалтгүйгээр 1 эмнэлгийн санхүүгийн “нэхэмжлэх” баримтад үндэслэн хохирлыг гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна. Түүнчлэн цаашид эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул энэхүү хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, мөн хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэмт хэрэг гарсан байх тулд хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэг авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс шүүгдэгч Ж.Т болон хохирогч Ц.Ц нарын хооронд нэг талаас ажлын цалин хөлс төлөх, нөгөө талаас ажил, үүрэг гүйцэтгэх хөлсөөр ажиллах харилцаа буй болсон байх бөгөөд тухайн хэрэг учрал болдог 2019 оны 3 дугаар сарын 13-нд хохирогчийг ажлын байрандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, улмаар цалин хөлсний талаар хэрүүл маргаан үүсгэсэн нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, эрүүгийн хариуцлага хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувьд ажил, хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ж.Т-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Т-ээс 108.000 /нэг зуун найман мянган/ төгрөгний хохирол хохирогч Ц.Ц-д төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Ц.Ц-ийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР