Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 489

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,

Улсын яллагч: М.Сансарсайхан,

Шүүгдэгч: Г.О, гэрч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон овогтой Г.О, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 1, ............................. тоотод оршин суух, урьд  2 удаагийн ял шийтгэлтэй / РД:..................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баян хошууны автобусны хуучин эцсийн буудал орчимд иргэн Ж.С-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 465.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хохирогч Ж.С-ын мэдүүлэг /хх18-19, 56-57/, гэрч М.Ж-ын мэдүүлэг /хх20-22/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх23-25/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх26-28/, гэрч Н.Бийн мэдүүлэг /хх88-89/, цалин олгосон хуудас /хх90/, Г.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51-53/, ял шалгах хуудас /хх72/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх31-42, 128-132/, оргодол эрэн сурвалжилсан болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Г.О-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ж.С-ын “2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажлаа хийж байгаад ... бид нар цалингаа аваад ажлынхаа газрын Б, Б нарын хамт 21 дүгээр хорооллын орчим караокед ороод ... гараад иртэл караокены урд хэдэн хүмүүс байсан. Тэр хүмүүс надаас “чи хаана ажилладаг юм бэ” гэхээр нь би “Нарантуул дээр ажилладаг” гэж ярьсан чинь “чи ямар том пизда вэ” гээд над руу хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Б намайг явъя гээд чирээд зам хөндлөн гараад явж байтал араас нөгөө залуучууд ирээд намайг явуулахгүй хоргоогоод байсан. Тэгтэл Б цагдаа дуудах гээд яваад өгсөн ба нөгөө залуучууд надтай зууралдаад намайг явуулахгүй байсан. Тэр үед бүлтгэр нүдтэй бор залуу нь миний халааснаас гар утас болон түрийвчтэй мөнгө авсан гэж бодож байна. Тухайн үед надад бэлнээр 400.000 төгрөг бас хамт ажиллаж байсан хүнээсээ худалдаж авсан байсан “Самсунг галакси эс1” маркийн гар утас байсан. Би тухайн утсыг 50.000 төгрөгөөр авч байсан. Би тэр утас авсан хүнээ одоо хаана, ямар утастай байгааг мэдэхгүй, түр хамт ажиллаж байсан хүн юм..., ...тэр хүмүүс намайг цохиж зодоогүй, миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Намайг мөнгөтэй байсан гэдгийг манай найз Б бас манай эхнэр Жаргал мэднэ. Би цалингаа авчхаад эхнэр рүү 480.000 төгрөг авлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх18-19, 56-57/,  

2. Гэрч М.Ж-ын “...2018 оны 6 дугаар сарын 06-ны орой ... 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Ж.С- гэртээ такси бариад ирээд би дээрэмдүүлчихлээ гээд хоёулаа хамт цагдаа дээр очъё гээд Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл өгсөн, ... өдөр нь манай нөхөр над руу утсаар яриад “...би цалин 480.000 төгрөг авчихлаа бас найзаасаа гар утас худалдаж авсан...” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх20-22/,  

3. Гэрч Д.Б-ийн “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр цалингаа аваад ажлын найз болох С болон ажлын хамт олны хамтаар 21 хорооллын ойролцоо нэг “Караоке”-д ороод манай ажилчид архи авч ууцгаасан, би нэг шил пиво уугаад тэндээсээ С бид хоёр хамт гарсан. Бид 2 явж байгаад Сонгинхайрхан дүүргийн хуучин эцсийн ойролцоо очоод 2 давхар саарал өнгийн “Караоке” руу ороход хүн байхгүй байсан. Тэгээд буцаад гараад ирэхэд 4 залуу шатан дээр сууж байсан. Тэгтэл “Нарантуулд ажилладаг” гэх ярианаас болж тэр залуучуудтай маргалдаад би С-ыг чирээд зам гарсан чинь тэр хүмүүс араас ирээд Сыг бариад авахаар нь би зугтаагаад дэлгүүр рүү орчоод гараад иртэл С утас болон түрийвч байхгүй болчихсон байна гэж хэлээд зогсож байсан. С надад хэлэхдээ 480.000 төгрөгийн цалин авлаа гэж хэлж байсан. Тэр өдөр бид нар цалингаа авсан байсан. С манай ажлын газрын залуугаас 50.000 төгрөгөөр гар утас худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх23-25, 55/,  

4. Гэрч Б.О-ын “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны тойрог орчим архи уугаад явж байхад М, Т, О нар нэг залуутай маргалдаад байхаар нь би очоод “яагаад эмэгтэй хүн оролдоод байгаа юм манай найзыг зүгээр байлга” гэхэд тэр залуу өөдөөс дайраад бид хоёр барьцалдаж авахад би доор нь унасан. Тэгтэл бид хоёрыг П гэх хочтой О, Т, М нар салгаад би босоод ирэхэд тэд нар яваад өгсөн. Тэгээд би тэндээс салаад “зээл”-ийн тийшээ Д гэх ахынхаа гэр рүү явсан. Тэгээд би тэнд унтаж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гарсан тэгээд тойргийн орчим явахад О хүмүүст архи авч өгөөд явсан гэх сураг сонсогдсон. Хүний халааснаас эд зүйлс авсан талаар сайн мэдэхгүй байна би тэр хүнтэй зууралдаад нэг мэдэхэд газар уначихсан байсан. Миний бодлоор энэ талаар О, М сайн мэдэж байгаа байх. Тэр өдрөөс хойш О Баянхошуу орчмоор харагдахаа байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-28/,  

5. Гэрч Н.Б-ийн “...би С гэдэг хүнийг танина, хуучин манай барилга дээр 2018 оны 5 сараас 07 сарын хооронд ажиллаж байсан юм. Би С-ээр мужааны ажил хийлгэдэг байсан. 2018 оны 6 сарын 06-ны өдөр цалинг нь тавьсан санагдаж байна. Манай байгууллага сар бүрийн 5-нд цалингаа тавьдаг заримдаа нэг хоёр хоног хойшлох явдал байдаг...” гэсэн мэдүүлэг /хх88-89/,  

6. “Алтан намар Трейд” ХХК-ын үйлчилгээтэй орон сууцны барилгын 2019 оны 5 дугаар сард цалин олгосон хуудас: Ж.С- 377,500 төгрөг /хх90/

   7. “Арвижих-Эстимейт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайланд “гар утас-Самсунг галакси эс1, түрийвч, виза карт нийт 65.000 төгрөг”-өөр үнэлжээ.

8. Г.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...2018 оны 6 дугаар сарын 06-ны орой цагийг нь би тодорхой сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошууны хуучин эцэст байрлах “Гарьд” нэртэй караокены урд сууж байтал тус караокеноос “би Нарантуулын “атман” байна, муу сайн архичдаа архи уумаар байна уу” гээд орилоод гарч ирсэн. Тэгэхээр нь би “чи муу яахаараа хүмүүсийг архичнаар нь дууддаг юм бэ” гэж хэлсэн тэгээд хоорондоо хэрэлдээд зогсож байсан чинь хамт явж байсан найз нь түүнийг чирээд замын нөгөө тал руу гарсан. Тэгсэн С нь буцаж машин зам руу ороод машинд дайруулчих гээд байхаар нь би буцаагаад зам гаргаж өгсөн. Зам гаргаж өгөх гээд явж байхад тэр хүний түрийвч нь өмдний халааснаас цухуйгаад байхаар нь би халааснаас нь түрийвчийг нь авсан. Тэгээд би гараас нь мултраад зам гараад яваад өгсөн. Тэгээд би хуучин эцсээс такси бариад хөдлөх гэтэл С-тэй таараад тэндээсээ 21 дүгээр хороолол орж цайны газар хоолонд орсон. Тэгээд би буцаад Баянхошуунд ирсэн чинь нөгөө залуу 2 цагдаатай явж байхаар нь айгаад таксинаасаа буулгүй Дарь-Эх рүү яваад Б гэж танил эмэгтэйгийн гэрт очоод тэнд 3-4 хоног байсан…, ...намайг С-ын халааснаас түрийвч авахыг М, Д, О нар мэдээгүй. М, Д, О нар тухайн үед намайг түрийвч авахад зууралдаж барьсан зүйл байхгүй. Би түрийвчийг нь авчихаад яваад өгсөн ... би С гэдэг хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Зам хөндлөн гаргах гэж байхад над руу согтуурхаад зууралдаад байсан ба би машин доогуур орчихно гэж бодоод зууралдаж байгаад халаасанд нь байсан түрийвчийг нь аваад явчихсан. Би түрийвчийг нэг бүрчлэн үзээгүй ба ил байсан 92000 төгрөгийг авсан, өөр мөнгө байсан эсэхийг би лавшруулж сайн хараагүй. Түрийвчийг нь хогийн саванд хаясан...” гэжээ.  /хх51-53/,  

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэрч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ж.С-ыг танина. өнгөрсөн жил манай байгууллага дээр мужаанаар ажиллаж байсан хүн, ...би бригад хариуцсан инженер нь байсан, ..2018 оны 6 дугаар сарын 06-нд 500.000 төгрөгийн цалин өгсөн байх гэж бодож байна, 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 дугаар сар хүртэл хугацаанд хамт ажилласан, ..цалингаа карттай хүмүүсийн данс руу мөнгийг хийдэг, бэлнээр авах сонирхолтой хүмүүсийн цалинг бэлнээр өгдөг, ..Ж.С-д бэлнээр өгснөө санаж байна...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Г.О:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэн үзэхэд хохирогч Ж.С- нь 2018 оны 5 дугаар сараас “Алтан намар Трейд” ХХК-ийн барилгын ажил дээр барилгын бригадад ажиллаж байсан, 6 дугаар сарын 06-ны өдөр 480.000 төгрөгийн цалин авсан болох нь:

түүний “...Би цалингаа авчхаад эхнэр рүү 480.000 төгрөг авлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-ийн мэдүүлэг “... 2018 оны 06 сарын 06-ны өдөр цалинг нь тавьсан санагдаж байна. Манай байгууллага сар бүрийн 5-нд цалингаа тавьдаг заримдаа нэг хоёр хоног хойшлох явдал байдаг, 500.000 төгрөгийн цалин өгсөн байх...”,  гэрч Д.Б “... С надад хэлэхдээ 480.000 төгрөгийн цалин авлаа гэж хэлж байсан. Тэр өдөр бид нар цалингаа авсан байсан. С манай ажлын газрын залуугаас 50.000 төгрөгөөр гар утас худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Ж-ын “...2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нь манай нөхөр над руу утсаар яриад “...би цалин 480.000 төгрөг авчихлаа бас найзаасаа гар утас худалдаж авсан...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Улмаар хохирогч Ж.С нь хамт ажиллаж байсан Д.Б- нарын хамт караоке орсон, караокеноос гарч явахдаа Г.О, Б.О нарын хүмүүстэй маргалдсан, тухайн үед Г.О нь Ж.С-ыг мөнгөтэй явж байгааг мэдсэн, мөн согтуу байсныг далимдуулан зам гаргаж өгөж байхдаа халааснаас нь эд зүйлийг нь хулгайлсан нь:

хохирогч Ж.С-ын “Тэр хүмүүс надаас “чи хаана ажилладаг юм бэ” гэхээр нь би “Нарантуул дээр ажилладаг” гэж ярьсан чинь “чи ямар том пизда вэ” гээд над руу хэрүүл хийгээд байсан. Тэгсэн Б намайг явъя гээд явж байтал араас нөгөө залуучууд ирээд намайг явуулахгүй хоргоогоод байсан. Тэр үед бүлтгэр нүдтэй бор залуу нь миний халааснаас гар утас болон түрийвчтэй мөнгө авсан гэж бодож байна. Тухайн үед надад бэлнээр 400.000 төгрөг бас хамт ажиллаж байсан хүнээсээ худалдаж авсан байсан “Самсунг галакси эс1” маркийн гар утас байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн “... С бид хоёр хамт гарсан. Тэгээд буцаад гараад ирэхэд 4 залуу шатан дээр сууж байсан. Тэгтэл “Нарантуулд ажилладаг” гэх ярианаас болж тэр залуучуудтай маргалдаад би С-ыг чирээд зам гарсан чинь тэр хүмүүс араас ирээд С-ыг бариад авахаар нь би зугтаагаад дэлгүүр рүү орчоод гараад иртэл С утас болон түрийвч байхгүй болчихсон байна гэж хэлээд зогсож байсан...”  гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... хамт явж байсан найз нь түүнийг чирээд замын нөгөө тал руу гарсан. Тэгсэн С нь буцаж машин зам руу ороод машинд дайруулчих гээд байхаар нь би буцаагаад зам гаргаж өгсөн. Зам гаргаж өгөх гээд явж байхад тэр хүний түрийвч нь өмдний халааснаас цухуйгаад байхаар нь би халааснаас нь түрийвчийг нь авсан. Тэгээд би буцаад Баянхошуунд ирсэн чинь нөгөө залуу 2 цагдаатай явж байхаар нь айгаад таксинаасаа буулгүй Дарь-Эх рүү яваад Б гэж танил эмэгтэйгийн гэрт очоод тэнд 3-4 хоног байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн, хохирогч нь эд зүйлээ алдсаны дараа цагдаа дуудан хамт явж байсан, мөн эхнэртээ очиж эд зүйлээ алдсан талаар хэлсэн, шүүгдэгч Г.О нь буцаж ирэхэд хохирогчийг цагдаатай хамт явж байхыг харсан зэргээс үзэхэд хохирогч, гэрч, шүүгдэгч нар нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны орой болсон үйл явдлын талаар хоорондоо зөрүүгүй байдлаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан нь нотлогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн хувьд бусдын эд зүйлийг хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирогчийн түрийвчид 92.000 төгрөг байсан, өөр мөнгө байсан эсэхийг мэдэхгүй, түрийвчийг хаясан, гар утасыг мэдэхгүй гэж тайлбар гаргасан болно.

Хохирогч Ж.С нь тухайн өдөр 480.000 төгрөгийн цалин авсан, 50.000 төгрөгөөр “Самсунг галакси эс1” маркын гар утас худалдаж авсан нь хохирогчийн өөрийнх нь болон гэрч Н.Б, Д.Б, М.Ж  нарын мэдүүлгээр тогтоогдсон, мөн эд зүйлээ алдахдаа бэлэн 400.000 төгрөгтэй түрийвч болон гар утсаа алдсан тухайгаа мөрдөн байцаалтын шатанд хууль сануулан авсан мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн байх бөгөөд “Арвижих-Эстимейт” ХХК-н хөрөнгийн үнэлгээгээр гар утас, түрийвч, виза картыг 65.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Иймд хэрэгт авагдаж, хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс бодитойгоор хянан үзэхэд шүүгдэгч Г.О-г 2018 оны 6 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баян хошууны автобусны хуучин эцсийн буудал орчимд иргэн Ж.С-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь зам гаргаж өгч байгаа нэрийдлээр гэм буруугийн шууд санаатайгаар, шунахайн сэдэлтэйгээр түүний халаасанд байсан эд зүйлсийг /гар утас, түрийвч/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 465.000 төгрөгийн буюу /бага хэмжээнээс дээш/ хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Тиймээс шүүгдэгч Г.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.О нь хохирогчид хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох 465.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.С-д олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, оргон зайлж байсан зэрэг нөхцөлийг харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.О-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар бага байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Г.О нь шүүхээс оргон зайлсан үндэслэлээр 11 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдах хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ийн цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-с 465.000 /дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Ж.С-д /РД:...................../ олгосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.О-д оногдуулсан хорих ялыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР