| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07106/И |
| Дугаар | 5427 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 5427
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, усны гудамж-4 тоотод байрлах, “Капитрон банк” ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 26 дугаар гудамж, 1099 тоотод оршин суух, Харчин овогт Дагийсүрэнгийн Мөнхтулга /РД:ВР74031202 /
Зээлийн гэрээний үүрэгт 3.695.659,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дагийсүрэнгийн Мөнхтулга нь 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус банктай 3008-2014/59 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулж, 6.888.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийг хувийн хэрэглээний зориулалтаар олгосон бөгөөд зээлийн гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар баталсан цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь зээл хүүгийн төлбөрт сар бүрийн 28-ны өдөр 287.000 төгрөг төлж байх ёстой байтал зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сараас эхлэн энэхүү үүргээ бүрэн биелүүлэхгүй, хуваарийг удаа дараа зөрчсөөр өнөөг хүрээд байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Иймд Иргэний хуулийн 451, 453 дүгээр зүйлүүдийг баримтлан зээлдэгч Д.Мөнхтулгаас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.489.956,41 төгрөг, зээлийн хүү 171.419,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.283,81 төгрөг нийт 3.695.659,23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Мөнхтулга нь нэхэмжлэлийн шаардлага 3.695.659,23 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгч талаас хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнхтулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхтулга миний бие “Капитрон банк” ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 6.888.000 төгрөгийн цалингийн зээлийг авсан нь үнэн. Тус зээлийн үлдэгдэл буюу “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжилж буй 3.695.659,23 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Д.Мөнхтулгад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.695.659.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнхтулга нь “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.695.659,23 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Мөнхтулгын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Д.Мөнхтулгаас 37040,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Мөнхтулга нь “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3.695.659,23 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.Мөнхтулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 74081 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 37040,50 төгрөг, хариуцагч Д.Мөнхтулгаас 37040,50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА