Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 794

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа /томилолтоор/,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн .......................  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, тайз дэлгэцийн найруулагч мэргэжилтэй, хувиараа найруулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, ..................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Н.Б /РД:........................./

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 15 дугаар гудамжинд иргэн Э.Ш нь өөрийн эзэмшлийн “Самсунг жи 6” маркийн гар утсаа гээж явахад нь бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Н.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх55-56/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх37-40/, Н.Б-гээс “самсунг жи-6” маркийн гар утас хураан авсан тухай тэмдэглэл, уг гар утсыг хохирогч Э.Ш-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх15-16/, хохирогч Э.Ш-ийн мэдүүлэг /хх22, 25/, гэрч Т.Б-гийн мэдүүлэг /хх33-34/, гэрч Б.Ү-гийн мэдүүлэг /хх29/, Н.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх49-50, 53-54/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Н.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх55-56/,

 

2. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “самсунг жи-6” гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлжээ. /хх37-40/,

 

3. Н.Б-гээс “самсунг жи-6” маркийн гар утас хураан авсан тухай тэмдэглэл, уг гар утсыг хохирогч Э.Шт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх15-16/,

 

4. Хохирогч Э.Ш-ийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр найз Алтантамга манай гэрт 20 цагийн орчим ирсэн юм. Тэгээд найзтайгаа хамт жаахан архи ууж сууж байгаад 2019 оны 3 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 15 гудамж 26 тоот гэрээсээ хүн тосох гэж гарсан юм. Гэрээсээ гарахдаа би өөрийнхөө гар утсыг өмднийхөө халаасанд хийгээд гарсан юм. Харин тосох хүн маань ирээгүй болохоор буцаад гэртээ ороод унтаж амарсан. Өглөө нь өөрийнхөө гар утсаа хайгаад олоогүй. Тухайн орой хүн тосох гэж гарахдаа замдаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 15 дугаар гудамжиндаа өөрийнхөө гар утсыг хаясан юм шиг байна... Надад учирсан хохирлыг Н.Б бүрэн төлж барагдуулсан. Уг “самсунг жи 6” маркийн гар утсаа цагдаагийн газар дээрээс бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх22, 25/,

 

5. Гэрч Т.Б-гийн “...Миний санаж байгаагаар 2019 оны 5 дугаар сарын дундуур санагдаж байна. Би өдрийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр Н.Б Орхон аймагт байхдаа над руу залгаж мөнгөний хэрэг болоод байна. Ширээний шургуулганд хар өнгийн Самсунг маркийн гар утас байгаа чи ломбарданд тавьчих гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг нь аваад ломбарданд тавих гээд хэдээр авах уу гэж асуухад ломбард дээд тал нь 180.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь нөхөр Н.Б руу залгаж дээд тал нь 180.000 төгрөгөөр авна гэж байна гээд хэлтэл, манай нөхөр тэгвэл зарчих гэж хэлэхээр нь би найзынхаа дүү болох Үлэмж гэх эмэгтэйд 270.000 төгрөгөөр зараад мөнгийг нь нөхөртөө өгсөн юм...Тухайн үед Н.Б надад хэлэхдээ хүнээс авсан юм гэж ярьж байсан...өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх33-34/,

 

6. Гэрч Б.Ү-гийн “...би Тэди худалдааны төвд суудаг дүүгээсээ “Самсунг жи-6” маркийн гар утас хэдээр зардаг юм гэж асуутал гадуур 250.000-с 300.000 төгрөгөөр зардаг гэхээр нь би Бд наад гар утсыг чинь 250.000 төгрөгөөр гадуур зардаг юм байна 250.000 төгрөгөөр зарчих гэсэн чинь надад мөнгө хэрэгтэй байгаа учраас ядаж 280.000 төгрөгөөр авчих гэхээр нь би 270.000 төгрөгөөр авъя гээд шууд бэлэн 270.000 төгрөгөөр авсан...би Б гэх хүнтэй тэр өдөр анх удаа уулзсан ба ерөөсөө танихгүй. Тухайн үед надад гар утсаа зарахдаа нөхөртэйгээ яриад би нөгөө гар утсыг чинь зарчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх29/,

 

7. Н.Б-ын яллагдагчийн “...би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 07 цагийн үед...гэрээс гарч явж байгаад Одонтын 15 дугаар гудамжинд газар хар өнгийн “Самсунг жи-6” маркийн утас байхаар нь аваад үзтэл, асаалттай, нууц дугаар нэхэж байхаар нь хармаандаа хийгээд ажил дээрээ очсон юм. Тэгээд би ажил дээрээ байж байгаад нөгөө гудамжнаас олсон гар утсаа хармаанаас гаргаж үзтэл унтарчихсан байхаар нь цэнэглэж байгаар рэстарт хийгээд нууц дугаарыг нь гаргаж аваад өөрийнхөө сим картыг хийж нэг өдөр тухай “Самсунг жи-6” маркийн гар утсыг хэрэглэгчхээд буцааж сим картаа аваад тухайн гар утсыг гэртээ үлдээчхээд Орхон аймаг руу ажлаар явсан юм... Манай эхнэр Т.Б над руу залгаж чиний нөгөө заруулсан гар утсыг авсан хүн над руу яриад байна. Цагдаагаас залгасан гэж байна гэхээр нь би, чи гар утас зарсан хүнийхээ дугаарыг өгчих гээд нөгөө гудамжнаас олсон Самсунг жи 6 маркийн гар утсыг худалдаж авсан Б.Ү гэх эмэгтэйтээ уулзаж байгаад 270.000 төгрөгийг нь буцааж өгөөд олсон гар утсаа аваад цагдаагийн газар хүлээлгэж өгсөн юм...Намайг гудамжнаас гар утас олсон талаар манай эхнэр Т.Б, гар утас худалдаж авсан Б.Ү нар мэдээгүй. Би гудамжнаас гар утас олсон талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх49-50, 53-54/,

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Н.Б.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гарч явахдаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 15 дугаар гудамжнаас “Самсунг жи 6” маркийн гар утас олсон байна.

 

Улмаар уг гар утсыг бусдын гээгдэл үнэ бүхий эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх иргэний үүргээ биелүүлэлгүй, хувьдаа завшиж, худалдан борлуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Н.Б-гээс “самсунг жи-6” маркийн гар утас хураан авсан тухай тэмдэглэл, уг гар утсыг хохирогч Э.Ш-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Б-ын үйлдлийн улмаас хохирогчид 700.000 төгрөгний хохирол учирсан буюу “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр хохирлын дүнг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн, бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж завшиж /худалдан борлуулснаар/ үйлдэл төгссөн байна.

 

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Н.Б-гээс “самсунг жи-6” маркийн гар утас хураан авсан тухай тэмдэглэл, уг гар утсыг хохирогч Э.Шт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Б-г энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт, санал гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” нь тухайн эд зүйлийг өөрийн болгох гэсэн санаа бодол урьдаас төрсөн гэж үзэх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Н.Б нь хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР