| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0475/Э |
| Дугаар | 492 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 492
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Гэрэлт гудамж” ХХК-д дулааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц.А /РД:............................/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ............................................ тоотод байх гэртээ ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү 08 настай А.А-гийн толгойн тус газар нь будаа агшаагчны саваар цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх3/, насанд хүрээгүй хохирогч А.А-гийн мэдүүлэг /хх6-8/, хууль ёсны төлөөлөгч О.М-ын мэдүүлэг /хх9-11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2972 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх15/, аюулын зэргийн үнэлгээ /хх21-22/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх23-29/, гэрч Б.Б, Д.М нарын мэдүүлэг /хх13-14, 67/, иргэний үнэмлэхний лавлагаа /32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх33/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх37/, гэрэлт гудамж ХХК-д дулааны инженерээр ажилладаг гэх тодорхойлолт /хх38/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх39-45/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх46/, Хаан банкны дансны лавлагаа /хх47-53/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ц.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл “...Иргэн О.М- 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ........................ тоотод манай нөхөр хүүхдийнхээ толгой руу түмпингээр цохисон...” талаарх хүлээн авсан тэмдэглэл /хх3/,
2. Насанд хүрээгүй хохирогч А.А-гийн “... 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би аав А-н хамтаар гэртээ үлдсэн. Намайг хичээлдээ явахаас өмнө аав нэг шил хараа архи уугаад байсан. Тэгээд орой 17 цагт хичээлээсээ ирэхэд манай аав согтуу зурагт үзээд сууж байсан. Манай аав нэг мэдсэн чинь том өрөөндөө ороод орон дээрээ унтаж байсан. Тэгснээ гэнэт босож ирээд миний толгой руу түмпэнгээр цохиод авсан. Би яагаад цохисныг бол мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх6-8/,
3. Хууль ёсны төлөөлөгч О.М-ын “... Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр А унтаж байсан. Тэгээд би жижиг өрөөндөө хувцсаа солиод охинтойгоо юм яриад сууж байтал манай нөхөр А чанга чанга дугараад байхаар нь би жижиг өрөөнөөс том өрөө рүү орж ирсэн чинь А А-гийн толгой руу жижиг түмпэнгээр нэг удаа цохисон. Тэгээд би А-г өмөөрөөд А-тай маргалдаж байгаад А рүү харсан чинь толгойноос нь цус гарч байсан тэгээд би түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх9-11/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2972 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “А.А-гийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /хх15/
5. Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ “...Тус хорооны оршин суугч Ц.А-н хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй. Анх удаа хүүхдээ цохиж гэмтэл учруулсан. Гэр бүлийн хоорондын харилцаа хэвийн. Бие биенээ дэмжсэн харьцаатай. Энэ удаа сануулах арга хэмжээ аваад өнгөрөх саналтай байна...” гэх тэмдэглэл /хх27/,
6. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын “...Ц.А нь хүү А.А-гийн бие махбодид гэмтэл учруулсан тул хуулийн дагуу шийдвэрлэхийг хамтарсан багийн хурлаар 100 хувийн санал нэгтэйгээр дэмжиж, холбогдох материалыг хүргүүлэв...” гэх тэмдэглэл /хх28-29/,
7. Шүүгдэгч Ц.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би том өрөөнд орон дээр унтаж байгаад босож ирээд хүүхдээ түмпингээр толгой руу нь цохисон. ...Дараа нь би хүүхдээ цохисон түмпингээ гаргаад хогийн саванд хийчихсэн байсан чинь хогийн машин ирээд ачаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх61-62/,
8. Шүүгдэгч Ц.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа ...” гэсэн болно.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.А:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр оройн 21 цагийн үед ...................................... тоотод байрлах гэртээ ямар ч шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү 08 настай А.А-гийн толгойн тус газар нь будаа агшаагчны саваар цохисон болох нь насанд хүрээгүй хохирогчийн “...гэнэт босож ирээд миний толгой руу түмпэнгээр цохиод авсан...”, Хууль ёсны төлөөлөгч О.М-ын “...А-гийн толгой руу жижиг түмпэнгээр нэг удаа цохисон...”, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би том өрөөнд орон дээр унтаж байгаад босож ирээд хүүхдээ түмпэнгээр толгой руу нь цохисон...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2972 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.
Шүүгдэгч Ц.А нь хохирогч А.А-гийн төрсөн эцэг болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хх46/, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч А.А-гийн хувьд 8 настай учир бага насны хүүхэд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн хүү 8 настай А.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч О.М нар гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.А хүүгийн толгой одоо зүгээр гэж тайлбарлаж байх тул шүүгдэгч Ц.А-г хохирогчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ болон насанд хүрээгүй хохирогч А.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М нарын мэдүүлэгээр шүүгдэгч нь өмнө нь хүүхдээ зодож, цохиж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Ц.А-н гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР