| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06868/И |
| Дугаар | 5443 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 5443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 3 дугаар хороолол 10 б байр 38 тоотод оршин суух, 1972 онд төрсөн 44 настай, Шангас овогт Хүүхэндээгийн Баяраа /РД:УА72020522/
Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 50 дугаар байр 58 тоотод оршин суух, 1967 онд төрсөн 49 настай, Боржигон овогт Минжигмаагийн Сарантуяа /РД:ХЛ67042406/
Гэрээний үүрэг, хохирол 13.016.287 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Баяраа, хариуцагч М.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр М.Сарантуяатай харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулж Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10б байрны 38 тоот хаягт байрлах 48.9 мкв талбайтай тавилгатай 2 өрөө орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, сар бүрийн хөлс 650.000 төгрөг /үүнд байрны мөнгө, ус, дулаан, цахилгаан, СӨХ, интернет гэх мэт ашиглалтын зардал ороогүй/-өөр хөлслөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт орон сууцны түрээсийн хөлсийг урьд сарын 30-ны өдрийн дотор төлнө гэж талууд харилцан тохиролцсон боловч хариуцагч М.Сарантуяа нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1 жил 9 сар буюу 21 сарын түрээсийн төлбөр 13.650.000 төгрөгөөс 3.600.000 төгрөгийг төлсөн. Энэ хугацаан дахь ашиглалтын зардал 1.727.547 төгрөгийг төлөөгүй тул би өөрөө нөхөн төлж байгууллагуудыг хохиролгүй болгосон. Мөн тус гэрээний байранд зайлшгүй хийх шаардлагатай урсгал засварыг би өөрийн зардлаар хийлгэсэн бөгөөд үүнд ариун цэврийн өрөөний сипон, шүршүүрийн ком, суултуурийн хоолой зэргийг шинээр солиулж нийт 74.500 төгрөгийн зардал гаргасан. Үүнийг харъяа орон сууцны ашиглалт хариуцсан компанид дуудлагаар 40.200 төгрөгөөр тус тус засуулсан. Ер нь уг байранд цаашид хүн амьдрах аятай нөхцлийг хангах үүднээс урсгал засварыг зайлшгүй хийх шаардлага байгаа ч энэ талаар нэмж нэхэмжлээгүй. Түрээслэгч Х.Баяраа би Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд М.Сарантуяа нь олон сарын түрээс, ашиглалтын зардал гээд их хэмжээний өр үүсгэсэн тул ирэхээс өөр аргагүй байдалд орж Солонгос улсад ажилладаг газраасаа нэг сарын чөлөө авч ирсан. Чөлөөний хугацаа дууссан боловч М.Сарантуяа мөнгөө төлөхгүй байсан тул дахин нэг сараар чөлөөний хугацаагаа сунгуулсан. М.Сарантуяагийн буруугаас болж төрөлх нутагтаа ирсэн ч амарч чадахгүй шүүхийн байгууллагын хаалга сахиж явна. Энэ хүн өнөөдрийг хүртэл байрыг чөлөөлж өгөөгүй. М.Сарантуяагаас түрээс 10.050.000 төгрөг, ус дулаан, цахилгааны зардалд 1.727.547 төгрөг, байрны ариун цэврийн өрөөний сипон, шүршүүрийн ком, суултуурын хоолойны үнэ 74.500 төгрөг, ажлын хөлс 40.200 төгрөг, онгоцны тийз 1.124.040 төгрөг нэхэмжилсэн. М.Сарантуяа нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 2016 оны 08 дугаар сарын 05-ныг хүртэл орон сууцанд амьдарсан тул түүнээс 18 сарын түрээс 11.700.000 төгрөг нэхэмжилнэ. Өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрт 3600.000 төгрөг төлсөнг хасаж 8.100.000 төгрөг дээр дээрх зардлуулыг нэмж 11.066.287 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М.Сарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х.Баяраатай орон сууц түрээслэх гэрээ 2 жилийн хугацаатай байгуулж сард 650.000 төгрөг төлөхөөр тохирсон. Сарын төлбөр 650.000 төгрөг тэр үедээ үнэтэй байсан. Өөр орон сууцнууд байсан боловч хүүхдүүдийн сургуультай ойрхон болохоор түрээслэсэн. Түрээслэсэн хугацаанд 3.600.000 төгрөг төлсөн. Бусад ашиглалтын зардлыг 2015 оны 09 дүгээр сар хүртэл төлөөд явж байсан. Нийгэмд үүссэн эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээ авч чадахгүй байгаагаа Х.Баяраад удаа дараа хэлж байсан. Х.Баяраа гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 08 дугаар сарын 05-наас намайг эзгүйд хүүхдүүдийг гаргаж түүнээс хойш бид өнөөдрийг хүртэл гадуур байрлаж явна. Тухайн байрны түрээслэж буй хугацааг анхнаасаа сайн асууж лавлан тогтвортой байх үүднээс гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад байрнаас гаргасан тул түрээсийн мөнгийг төлөхгүй. Нэхэмжилсэн мөнгөнөөс байрны ашиглалтын зардал 1.727.547 төгрөгийг төлнө. Бусдыг нь төлөхгүй. Байранд анх ороход сипон шүршүүр нь эвдэрхий байсан. Бид орон сууцнаас нь юм хумаа өнөөдрийг хүртэл аваагүй. Бидний эд хөрөнгө, хувцас хунар бүрэн бүтэн гэдэгт эргэлзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Баяраа нь хариуцагч М.Сарантуяад холбогдох гэрээний үүрэг, хохиролд 11.066.287 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч М.Сарантуяа нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Х.Баяраатай Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 б байр 38 тоот 48.9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 23.5 сарын хугацаатай, сарын 650.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцон, төлбөрийг урьд сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирч Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь өөрийн нэрийн өмнөөс орон сууцыг түрээслэхийг зөвшөөрч, түрээсийн гэрээ байгуулах эрхийг дүү Х.Хуланд олгосон байна.
Орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч нь гэрээний хувьд маргаангүй гэсэн болно.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Зохигч орон сууц хөлслөх гэрээгээр хугацаа, үнэ, төлбөр төлөх хугацааг тодорхойлж гэрээг бичгээр байгуулж нэхэмжлэгч нь орон сууцыг хөлслөгчид шилжүүлэн өгсөн байна.
Гэрээний 2 дугаар зүйлд хөлслүүлэгч хөлслөгчөөс орон сууц хөлсөлсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардах эрхтэй. Хөлслүүлэгч Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлахаар бол 1 сараас багагүй хугацааны өмнө хөлслөгчид мэдэгдэнэ, гэрээний 3 дугаар зүйлд хөлслөгч орон сууцыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар нь ашиглаж, түүний бүрэн бүтэн байдлыг хангана. Хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл гэмтлийн зардлыг өөрийн хөрөнгөөр засварлана. Хөлслөгч гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлслөсний төлбөрийг хөлслүүлэгчид төлнө. Гэрээний 4 дүгээр зүйлд орон сууцны цахилгаан, дулаан цэвэр, бохир ус, кабель утасны төлбөрийг хөлслөгчид төлөхөөр тохирч гэрээг байгуулжээ.
Хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос 2016 оны 08 дугаар сарын 05-ныг хүртэл орон сууцыг хөлслөн амьдрахдаа гэрээгээр тохиролцсон сар бүрийн төлбөрийг урьд сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагч гэрээний хугацаанд орон сууцыг хөлслөхдөө гэрээний 4.1-д заасан ашиглалтын зардал 1.727.547 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч энэ төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч нь орон сууцны ариун цэврийн өрөөний сипон, шүршүүрийн ком, суултуурын хоолой зэргийг солиулсан гэж тайлбарлан баримтыг ирүүлсэн тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Харин Солонгос улсаас ирсэн тийзийн нэг талын зардал 1.124.040 төгрөг нэхэмжилсэн нь гэрээнээс учирсан хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч М.Сарантуяагаас орон сууцны хөлс 8.100.000 төгрөг, ус дулаан, цахилгааны зардал 1.727.547 төгрөг, байрны ариун цэврийн өрөөний сипон, шүршүүрийн ком, суултуурын хоолойны үнэ 74.500 төгрөг, ажлын хөлс 40.200 төгрөг нийт 9.942.247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Баяраад олгож, үлдэх 1.124.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд хариуцагчийн утас руу залгаж төлбөр төлөхийг шаардаж байсан гэж тайлбарлан утасны билл, бичсэн мессежийг баримтаар ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, шинжилгээ өгсөн баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул тус тус дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч М.Сарантуяагаас 9.942.247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баяраад олгож, үлдэх 1.124.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.050 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Сарантуяагаас 174.026 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баяраад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА