Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 796

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Д.Нямбат,

гэрч Н.Э,

шүүгдэгч А.Э, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганбат /ШТЭД-0404/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн ..................  дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт .................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б.Б /РД:....................../,

2. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал суманд уурхайд экскаваторын оператор ажилтай, ам бүл 3, эх, 1 дүүгийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

А.Э, /РД:.................../

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б, А.Э нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, хүч хэрэглэн довтолж бэлнээр 11.000 төгрөг, “ЛЖ” маркийн гар утсыг дээрэмдэн 168.000 төгрөгийн хохирол нийт 179.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Б-гийн өргөдөл /хх3/, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /хх29-30/, хохирогч Б.Б-гийн дахин мэдүүлэг /хх31/, хохирогч Б.Б-гийн дахин мэдүүлэг /хх32/,Б.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх33-34/, гэрч Б.Б--гийн мэдүүлэг /хх38/, гэрч Н.Э-гийн мэдүүлэг /хх47/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх50/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх52/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт /хх56/, “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан /хх58/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх68-78/, шүүгдэгч Б.Б, А.Э нарын насыг тоолсон тэмдэглэл /хх96-97/, цагдаагийн байгууллагын хоногийн мэдээний хуулбар баримт /хх154/, зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б-гийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “...2 залуу нийлээд газар унагаад тархи, толгой, нүүр, нүд, нуруу тал талаас өшиглөж “ЛЖ” маркийн гар утас, 10.000 гаруй мянган төгрөгийг авч зугатаасан...” гэсэн өргөдөл /хх3/,

2. Хохирогч Б.Б-гийн “...2018 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны 6 дугаар орц руу орох гээд орцныхоо кодыг хийж байхад үл таних 2 залуу хүрч ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд тэгвэл 10.000 төгрөг өгчих гэхээр нь байхгүй гэхэд нэг залуу нь тэгвэл чиний халаасыг үзчих үү гэхээр нь яахаараа хүний халаасыг ухдаг юм гэхэд томроод байна уу банди минь гэж өөдөөс хэлээд баруун гараараа далайхаар нь би гарных нь шуунаас барьж аваад цааш түлхэхэд тэр залуу миний нүүрэн тус газар 1 удаа цохиход би газарт унахад тэр 2 залуу намайг өшиглөж байгаад нэг залуу нь миний халаасыг ухаад миний гар утас, 10.000 гаруй төгрөгийг аваад зугтаад явсан. “ЛЖ Нексус-5” маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх29-30/, мөн хохирогчийн “... намайг зодсон залуугийн арай намхан биетэй нь бомбер өмссөн. Нөгөө өндөр нь яактай байсан санагдаж байна...намхан биетэй нь миний зүүн шанаа руу цохиж унагаасан. Тэгээд цэцгийн мандал руу чирч оруулаад 2 талаас өшиглөсөн. Тухайн үед миний гар утсыг өндөр нь ухаж авсан. Тэгтэл аркнаас 2 залуу гарч ирээд тэр 2-ыг хөөгөөд байр дагаад гүйсэн...” гэсэн дахин мэдүүлэг /хх31/, мөн “...эхлээд намхан залуу нь цохисон. Өндөр нь цохиогүй, гэхдээ дараа нь газарт унасан байхад 2-лаа өшиглөсөн. Би тухайн үед Баярцэнгэлээр орцныхоо үүдэнд хүргүүлээд урагшаа буудлын ТҮЦ орж бохь авах гэж явсан...” гэсэн дахин мэдүүлэг /хх32/,

3. Гэрч Б.Б--гийн “...Б бид 2 багын найзууд. Тухайн өдөр бид 2 хөлбөмбөгийн тэмцээн үзээд асарт пиво уугаад дараа нь караоке орж хамт юм уусан. Би дуудлагын жолооч дуудаад Б-гийн гэрийнх нь гадаа буулгаад явсан...тэр өдөр Б хар өнгийн утастай байсан...” гэсэн мэдүүлэг /хх38/,

4. Гэрч Н.Э-гийн “...би тухайн өдөр дуудлагын жолоочоор явж байсан ба 32 дугаар байрны аркны хажууд хүн хүргэж өгөөд явж байсан. Тэгтэл аркаар гараад явахад 2 хүүхэд зөрсөн. Тэгтэл тэр 2 хүүхэд ундаа задалж байгаа чимээ гаргаад тэгсэнээ хөөш чи муу ундаа асгачихлаа, хүрээд ир гээд дуудсан. Тэгээд та 2 өөрсдөө ирэхгүй юу гэхэд намхан биетэй нь куртикээ тайлаад нөгөөдөхдөө өгөөд над дээр ирээд шууд намайг бариад авсан. Тэгээд намайг унагах гэж 1 минут гаран ноцолдсон байх, тэгээд тэр 2-той хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тэгээд миний хажуугаар нэг намхандуу нөхөр гуйвсан байдалтай гараад явсан. Тэгээд би жолооч нарыг буухад ирж авдаг хүн рүүгээ залгаад 2 бацаан намайг дээрэмдэх гэж үзлээ гэсэн. Жолооч 3-5 минутын дотор ирдэг. Тэгээд машинтай хүмүүс ирээд нэг жолооч /С гэх/ бууж ирээд хамтдаа аркаар гараад ирэхэд орцны үүдэнд нэг хүнийг намхан биетэй нь унагаагаад дарсан, өндөр нь халаасыг нь уудалж байсан. Тэгтэл өндөр нь бид 2-ыг харангуутаа зугтаарай гээд бид 2 араас нь хөөгөөд 2 дугаар байр тойрсон байх, нилээн хөөцөлдсөн. Тэгээд хөлбөмөгийн талбайн хажуу талын байрны зогсоол дээр байж магадгүй гээд очиход машин доороос гарч ирэхэд нь барьж аваад цагдаа дуудсан. Тэр үед намхан биетэй залуу нь над руу холоос орилоод, манай найзыг тавьчих гар утас, 10.000 төгрөгтэй нь өгье гэсэн. Намхан нь зугтаагаад явсан, цагдаа ирээд өндөрийг нь аваад явсан... Би тухайн хүмүүсийг харвал танина...” гэсэн мэдүүлэг /хх47/,

5. Гэрч Б.Б-гийн “...манай нөхөр гэртээ үүрээр зодуулсан байдалтай нэг тал нь хавдчихсан орж ирсэн...21 орчим насны 2 залууд зодуулсан гэж байсан. “ЛЖ” маркийн гар утастай гэрээсээ гарсан, орж ирэхдээ утасгүй байсан...Би өглөө гэрээсээ гараад зодолдсон гэх газар нь харахад битүү шороо бужигнуулаад хаясан байсан...” гэсэн мэдүүлэг /хх50/,

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шинжилгээний дүгнэлтэд “...Б.Б-гийн биед чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх56/,

7. Шинжээч эмч С.Одончимэгийн “...чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэсэн 2 гэмтэл бол тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх52/,

8. “Дамно” ХХК-наас дээрэмдүүлсэн эд зүйлийг 168.000 төгрөг гэж үнэлсэн тайлан /хх58/,

9. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр гэрч Н.Э би зургийг нь хараад шууд танина гээд Б.Б, А.Э нарын зургийг ижил царай төрхтэй, бусад 3 хүний зургаас тус тус таньж байгааг тусгажээ. /хх68-78/

10. Цагдаагийн байгууллагын хоногийн мэдээний “Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны гадаа гэртээ орох гэж байгаад үл таних 2 залууд дээрэмдүүлсэн” гэсэн хуулбар баримт /хх154/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Б, А.Э нар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд дүгнэлт хийн үзэхэд дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд,  

1. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн 04 цагийн үед хохирогч Б.Б согтууруулах ундааны зүйл уусан үедээ найз Б.Бээр /гэрч/ хүргүүлэн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах 32 дугаар байранд байрлах гэрийнхээ гадаа бууж үлдэн, буудлын ТҮЦ ороод буцаж орц руугаа явсан.

2. Энэ цаг хугацаанд гэрч Н.Э /тухайн үед дуудлагын жолоочоор ажиллаж байгаад/ 32 байранд хүн хүргэж өгөөд, тухайн байрны арктай хэсгээр гарч явахдаа шүүгдэгч А.Э, Б.Б нартай маргалдаад салж явсан.  

3. Шүүгдэгч Б.Б, А.Э нар нь 32 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд хохирогч Б.Б-г цохиж унагаан зодож, гар утас, мөнгийг нь авсан.

4. Үүний дараа гэрч Н.Э өөрийг нь авах гэж ирсэн жолоочийн хамт 32 байрны орцтой хэсэгрүү буцаж очиход хохирогч Б.Б-г шүүгдэгч А.Э /намхан нь гэх/ дээр нь дарсан байрлалтай шүүгдэгч Б.Б /өндөр нь гэх/ халаасыг нь ухаж байсан.

5. Н.Э хамт явсан хүнийхээ хамтаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч А.Э-гийнг нарыг хөөж, улмаар шүүгдэгч Б.Бийг /өндөр нь гэх/ барьж аван цагдаад хүлээлгэн өгчээ.  

Тодруулбал: Хохирогч Б.Б-гийн “...үл таних 2 залуу хүрч ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэхэд тэгвэл 10.000 төгрөг өгчих гэхээр нь байхгүй гэхэд нэг залуу нь тэгвэл чиний халаасыг үзчих үү гэхээр нь ...би гарных нь шуунаас барьж аваад цааш түлхэхэд тэр залуу миний нүүрэн тус газар 1 удаа цохиход би газарт унахад тэр 2 залуу намайг өшиглөж байгаад нэг залуу нь миний халаасыг ухаад миний гар утас, 10.000 гаруй төгрөгийг аваад зугтаад явсан. “ЛЖ Нексус-5: маркийн гар утас байсан...намхан биетэй нь миний зүүн шанаа руу цохиж унагаасан. Тэгээд цэцгийн мандал руу чирч оруулаад 2 талаас өшиглөсөн. Тухайн үед миний гар утсыг өндөр нь ухаж авсан. Тэгтэл аркнаас 2 залуу гарч ирээд тэр 2-ыг хөөгөөд байр дагаад гүйсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б-гийн “...манай нөхөр гэртээ үүрээр зодуулсан байдалтай нэг тал нь хавдчихсан орж ирсэн...21 орчим насны 2 залууд зодуулсан гэж байсан. “ЛЖ” маркийн гар утастай гэрээсээ гарсан, орж ирэхдээ утасгүй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Б--гийн “...Б бид 2 багын найзууд. Тухайн өдөр бид 2 хөлбөмбөгийн тэмцээн үзээд асарт пиво уугаад дараа нь караоке орж хамт юм уусан. Би дуудлагын жолооч дуудаад Б-гийн гэрийнх нь гадаа буулгаад явсан...тэр өдөр Б хар өнгийн утастай байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...үйл явдлыг би ямар ч эргэлзээгүйгээр харсан, миний хажуугаар нэг намхандуу нөхөр гуйвсан байдалтай гараад явахаар нь энэ хүнийг дээрэмдэх гэж магадгүй гээд нөгөө жолоочтойгоо буцаад очиход ...орцны үүдэнд нөгөө хүнийг намхан биетэй нь унагаагаад дарсан, өндөр нь халаасыг нь уудалж байсан. Тэгтэл өндөр нь бид 2-ыг харангуутаа зугтаарай гээд бид 2 араас нь хөөгөөд 2 байр тойрсон байх. Тэгээд хөлбөмбөгийн талбайн хажуу талын байрны зогсоол дээр байж магадгүй гээд очиход машин доороос гараад ирсэн. Тэгээд барьж аваад цагдаа дуудсан. Тэр үед намхан залуу нь над руу гар утас, 10.000 төгрөгтэй өгье манай найзыг тавьчих гэхээр нь тийм юм байхгүй гээд цагдаа ирэхэд өндрийг нь аваад явсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, А.Э нарыг хохирогч Б.Б-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.

Учир нь: Хохирогч Б.Б-гийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал, хохирогчийг гэрийнх гадаа хүргэж өгсөн гэрч Б.Б, хохирогчийг гэртээ орохдоо ямар байдалтай байсан талаарх хохирогчийн эхнэр Б.Б-гийн мэдүүлэг, тухайн нөхцөл байдлыг нүдээр харсан гэрч Н.Э-гийн мэдүүлэгт ямар нэгэн зөрөөгүй, цаг хугацаа, үйл явдлын дараалал, давхцалд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э тухайн үед Н.Э-д /гэрч/ хандан манай найзыг тавьчих гар утас, 10.000 төгрөг өгье гэж хэлсэн нь би өөрийнхөө гар утас, мөнгийг өгье гэж хэлж байсан гэж тайлбарлаж буй нь дээрх тогтоогдсон үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал: Гэрч Н.Э-гийн хувьд шүүгдэгч Б.Б, А.Э нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж хөөж, цагдаа дуудан барьж өгөх гэж байсан, мөн шүүгдэгч нараас эд зүйлээ өг гэж шахаж шаардсан нөхцөл байдал байхгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн бөгөөд хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Э-гийн хувьд хохирогчоос авсан эд зүйлээ өгөх зорилгоор ийнхүү хэлсэн гэж дүгнэлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нарын хувьд тухайн цаг хугацаанд үл ялих зүйлээр Н.Э-тэй маргаан үүсгэн барьцалдаж авсан, мөн хохирогчийн согтуу байдлыг далимдуулан түүнийг зодон гар утас, 11.000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж авсан нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ...авахаар довтолсон”-оор төгс үйлдэгдсэн, үйлдлээ бүлэглэн гүйцэтгэсэн байх тул энэ талаарх улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, А.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, А.Э нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч  Б.Б-гийн эрүүл мэндэд “...биед чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7811 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч С.Одончимэгийн “...чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэсэн 2 гэмтэл бол тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Б, А.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэхдээ хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан уг хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж давхар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Хохирогч Б.Б нь эрүүл мэндийн улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байна.

Тиймээс хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол болох гар утас, 11.000 төгрөгний нийт үнэлгээ болох 179.000 төгрөгнийг шүүгдэгч Б.Б, А.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Б-д олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б, А.Э нарын өмгөөлөгчийн хувьд шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагын хуралдаанд дүгнэлт хэлээгүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б, А.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б, А.Э нарт холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 1 сарын хугацаа өнгөрчээ.

Шүүгдэгч Б.Б, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Б, А.Э холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.

 Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б, А.Э нар нь хэд хэдэн гэмт хэргийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг учрал болсон өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Б.Б нь 17 нас 5 сар 3 хоногтой, шүүгдэгч А.Э нь 17 нас 6 сар 12 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх96-97/.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Хэдийгээр шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх цаг хугацаанд шүүгдэгч нар нь насанд хүрсэн байсан байх боловч гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нарийвчилсан журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Б.Б, А.Э нарын хувийн байдал, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг 2 дахин багасгаж шүүгдэгч нарын эдлэх ялыг тус тус 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б, А.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нарт тус тус 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Б, А.Э нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, тэдгээрийн эдлэх ялыг тус тус 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Б, А.Э нараас тус бүр 89.500 /наян есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР