| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0474/Э |
| Дугаар | 493 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 493
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улС-н яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн ......................дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улС-н иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кропскон” ХХК барилгын компанид мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .............................. тоотод оршин суух хаягтай, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй, Г.Г /РД:........................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ Н-тэй маргалдлаа” гэсэн шалтгааны улмаас иргэн Д.С-ыг чулуугаар зүүн хөмсөг орчим нь цохиж, зодож эрүүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх3/, хохирогч Д.С-ын мэдүүлэг /хх7-8/, гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №7620 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх18/, хохирогч Д.С-ын хүсэлт /хх98/, яллагдагч Г.Г-ийн мэдүүлэг /хх29-30/, яллагдагч гэрч Г.Г-ын мэдүүлэг /хх14/, яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хх22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх45/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх53-59, 61-65-р хуудас/, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх66-70/, яллагдагч Г.Г-ийн иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх73/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх74/, “Хаан банк”-ны дансны хуулга /хх76-88/, “Кропскон” ХХК-д мужаан ажилтай талаарх тодорхойлолт /хх102/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4/9221 дугаар “торгох ял биелэгдсэн талаарх” албан тоот зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Нэг. Шүүгдэгч Г.Г-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1.Хохирогч Д.С-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл “..ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байж байтал шууд тоосго аван миний зүүн нүд рүү цохиод...” /хх3/,
2.Хохирогч Д.С-ын “...би 2018 оны 6 дугаар сарын 12-ны шөнө 22 цагийн орчим нэгдүгээр эмнэлгийн хажууд байдаг сургалтын төвөөс гараад автобусанд сууж өөрийн гэр болох Баянхошууны хуучин эцэс дээр буугаад харих гэж явтал гудамжны үзүүрт зүс таних Ж үл таних хоёр залуутай зогсож байсан. Ж-тэй мэнд ус мэдчихээд явах гэтэл нэг залуу нь ямар ч шалтгаангүй үг хэлээгүй миний зүүн хөмсөг рүү Э гэж дуудаад байсан залуу нь нэг удаа цохисон. Би доошоо хөмсгөө дараад цус гараад доошоо өвдгөө нугалаад суусан чинь ална гээд дахиж тоосго бариад дайрсан чинь Ж дундуур нь орж болиулж тэгээд тэр гурав яваад өгсөн. Хөмсөгнөөс цус гараад тоглоомын газраас манай Д гарч ирээд бид хоёр цагдаад өргөдөл өгч тэр оройны гэмтлийн эмнэлэгт орж зүүн хөмсөг дээрээ оёдол тавиулсан...Э гэж дуудаад байсан залуу тоосгоор нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг...өөр ямар нэгэн хүн учруулаагүй...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...надад Э сүүлд таарч 200.000 төгрөг өгсөн. Тэгээд гомдолгүй гэж байгаа юм...” мэдүүлэг /хх7-8/
3. Гэрч Б.Н-ийн “...2018 оны 6 дугаар сарын 12-ны орой найз Э буюу Г-тэй хамт Баянхошууны хуучин эцэс дээр архи уучихаад шөнийн 00 цаг өнгөрч байхад бид хоёр гудамжинд зам дагаад гэр лүүгээ харих гээд явж байгаад зүс таних С-тэй таарсан. С бид хоёр нэг юмны талаар ярьсан юу ярьсан байсан талаараа сайн санахгүй байна, би тухайн үед бага зэргийн согтуу байсан. Тэгсэн чинь хажууд хамт байсан Г- буюу Э С-ыг газраас чулуу аваад ямар ч шалтгаангүй зүүн хөмсөг дух орчим руу нь чулуугаар нэг удаа цохисон . Би С, Гхоёрын дундуур ороод битгий зодолд гэж хэлээд салгасан. Тухайн үед С-ын дух орчмоос цус гарч байсан. Г намайг С-тэй маргалдаж байна гэж бодоод өмөөрч С-ыг чулуугаар цохисон гэж дараа нь надад хэлсэн. ...Намайг Ж буюу Н гэдэг, Э гэж Г-г хочилдог юм. ...С-ын биед Г чулуугаар цохиж гэмтэл учруулсан...” мэдүүлэг /хх15/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №7620 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Д.С-ын биед зүүн хөмсөгт шарх, зулгаралт, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломЖ-тэй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”, /хх18/,
5.Хохирогч Д.С-ын “...Г-д ямар нэгэн гомдол санал байхгүй бид 2 эвлэрсэн хохирлоо бүрэн авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” хүсэлт /хх98/,
6. Яллагдагч Г.Г-ийн “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр...газраас чулуу аваад зүүн хөмсөг орчим руу нь чулуугаар нэг удаа цохиод нүүрнээс нь цус гарахаар нь би зугтаагаад явчихсан. С-ыг би чулуугаар цохисон нь миний буруу...С-тэй дахин таарч уучлалт гуйгаад эмчилгээний зардал гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ...би бага зэргийн архи уучихсан байсан. Шалтгаан гэх зүйл байхгүй. Н-тэй маргалдахаар нь дундуур нь орж хэдэн үг хэлсэн чинь таалагдахгүй болохоор нь би чулуугаар цохисон юм. Миний буруу би их гэмшиж байна...” мэдүүлэг /хх29-30/,
7. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд; гэрч Г.Г-ын мэдүүлэг /хх14/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх53-59, 61-65/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх 66-70/, иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа /хх73/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх74/, “Хаан банк”-ны дансны хуулга /хх76-88/, “Кропскон” ХХК-д мужаан ажилтай талаарх тодорхойлолт /хх102/,
8. Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа ...” гэсэн болно.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Г:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ Н-тэй маргалдлаа” гэсэн шалтгааны улмаас иргэн Д.С-ыг чулуугаар зүүн хөмсөг орчим нь цохисон болох нь хохирогчийн “...миний зүүн хөмсөг рүү Эрдүк гэж дуудаад байсан залуу нь нэг удаа цохисон...”, гэрч Б.Н-ийн “...С-н биед Г- чулуугаар цохиж гэмтэл учруулсан...”, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...газраас чулуу аваад зүүн хөмсөг орчим руу нь чулуугаар нэг удаа цохиод нүүрнээс нь цус гарахаар нь би зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү зодооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №7620 дугаартай шинжээчийн “...Д.С-ын биед зүүн хөмсөгт шарх, зулгаралт, хөмсөг, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломЖ-тэй...”- дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улС-н яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-т хохиролд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.Г-ийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдал мөн прокурорын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаартай ял оногдуулах саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 485 нэгжтэй тэнцэх буюу 485.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 485 (дөрвөн зуун наян таван) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 (дөрвөн зуун наян таван мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР