Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 39

 

2017,7,5 39

З.Энхжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

  226/2017/0026/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга,

Ялтны өмгөөлөгч: Г.Бадамгэрэл,

Ялтан: З.Энхжаргал нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянгын даргалж  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан З.Энхжаргалын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201523000267 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Батноров суманд 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар бргиад Их бүрд гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон овогт Зэрийнаагийн Энхжаргал /РД:СА91110611/

З.Энхжаргал нь 2015 оны 8 дугаар сарын 26-наас 29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Хүрэн хоолой” гэх газарт оршин суух Б.Баярсайханы гэрийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж дорвинк маркийн буу 1 ширхэг, бэлнээр 250.000 төгрөгий, хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас З.Энхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Зэрийнаагийн Энхжаргалыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхжаргалын эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь  хэсэгт зааснаар ялтан З.Энхжаргалын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дорвинк маркийн бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Баярсайханд олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Ялтан З.Энхжаргал нь давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан ойлгож, чин санаанаасаа гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Шинэ мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар надад холбогдох хэргийг хянаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 З.Энхжаргал нь 2015 оны 8 дугаар сарын 26-наас 29-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Хүрэн хоолой” гэх газарт оршин суух Б.Баярсайханы гэрийн хаалганы цоожийг дорцовоор эвдэн нэвтрэн орж “Дорвинк” маркийн буу 1 ширхэг, бэлнээр 250.000 төгрөг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дахин гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цүүцийг мулталчихсан байсан. Тэгээд маргааш нь  буугаа үзтэл байхгүй, ширдэг дор 250.000 төгрөг байсан алга болсон байсан. Энхжаргалын төрсөн ах нь надад учирсан хохирол болох 600.000 төгрөгийг төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ... гэх /хх- 21 /,

Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би Баярсайханд 2013 онд  “Дорвинк” маркийн буугаа зарсан ... гэх /хх- 26 х/,

Гэрч Д.Баатарсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Энхжаргалтай таартал нэг  буу үүрчихсэн явж байсан. Би сумын төвөөр явах ажилтай, бичиг баримтгүй болохоор чи аваад явчих гэхээр нь би бууг нь авч явсан. Замдаа тэр бууг орхих танил айл олдохгүй болохоор нь  тарваганы нүхэнд орхисон гэх  /хх- 66 х/, 

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-4 х/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8, 62, 64 х/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-63 х/

Эд зүйлийн үнэлгээ /хх- 30 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлээр нь ялын төрлөөс баривчлах ял нь хасагдсан байх тул З.Энхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2, 37.8 дугаар зүйлийн 1-д  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хасч, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. З.Энхжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүх хурлын танхимаас нэн даруй сулласугай.

 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар З.Энхжаргал нь шийтгэх тогтоол гарснаас хойш 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                       ШҮҮГЧИД                            О.БААТАРСҮХ

                                                                                          Б.СҮХГОМБО