Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2020/0143/З |
Дугаар | 221/МА2020/0573 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0573
2020 оны 10 сарын 08 өдөр Дугаар 221/МА2020/0573 Улаанбаатар хот
Н.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн “Э...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай Н.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжаар зориулалтыг өөрчилж “Э...” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Улаанбаатар хотын төвийн бохирын ф1200 мм-ийн шугам дээр газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Улаанбаатар хотын төвийн бохирын шугам дээр газрын зориулалтыг өөрчлөн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь нийтийн эрх ашгийг хөндөж, хууль зөрчсөн гэж үзэх бөгөөд нийтийн эрх ашгаас гадуур иргэний эрх ашиг гэж байхгүй тул нэхэмжлэгч Н.Н-ийн эрх ашиг мөн хөндөгдсөн гэж үзнэ.
Түүнчлэн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль нь тухайн шугамыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хууль тогтоогчоос батлан гаргасан байтал дан ганц нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс “Э...” ХХК-ийн газрын урд хэсгээр хөндлөн, төвийн бохир усны ф1200 мм-ийн шугамын трасс, түүний хамгаалалтын бүс дайрч байгаа ч уг шугам нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн, өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн инженерийн төв шугам, шугамын хамгаалалтын бүс дээр газар эзэмшүүлсэн талаар иргэн нэхэмжлэл гаргахгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Нийтийн эзэмшлийн газар гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс ойлгохдоо тухайн нийтийн эзэмшлийн ашиглах эрхтэй хувь иргэн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэн ч гэсэн хамаарч байгаа учраас өөрийн эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрхтэй.
Мөн анхан шатны шүүх “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02-03/2799, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 3/1190 тоот албан бичгээр “Э...” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль бусад холбогдох журмыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлтэд анхан шатны шүүх ямар нэг байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нийтийн эрх ашгийг хөндсөн, хууль тогтоомж зөрчсөн байсан ч нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр асуудалд хандаж шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай Л.Ц-ын эзэмшил нийт 3,240 м.кв газраас 1,592 м.кв газрыг нэхэмжлэгч Н.Н-д “автограж, үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлснээр түүнд газар эзэмших эрх үүсчээ.
Харин нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжийн “Э...” ХХК-д холбогдох хэсгийг “орц гарцыг хааж, төвийн бохирын шугам дээр хууль зөрчин газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлгүй. Уг захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, анхан шатны шүүхийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжаар “Э...” ХХК-ийн өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 649 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 4,200 м.кв газрын хэмжээг 1,800 м.кв болгон багасгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд чиглэсэн сөрөг үйлчлэлгүй. Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө гарсан шийдвэр байна.
Гуравдагч этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээг түүний өмнө эзэмшиж байсан газарт багтаан багасган эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар “... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах” асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан.
Нийслэлийн Засаг даргаас дээрх бүрэн эрхээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн эсэх, уг бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй тохиолдолд хүн, хуулийн этгээдийн гомдлоор захиргааны актын уг үндэслэлийг захиргааны хэргийн шүүх хянах боломжтой.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь түүний “орц гарцыг хаасан” гэж буюу бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр өөрөөс нь өмнө үүссэн гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар хандсан байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “орц гарц хаасан” гэх нөхцөл хэрхэн үүссэн талаар “газар эзэмшигч нар эзэмшил газрын хэмжээг хэтрүүлэн зөвшөөрөлгүй байшин, хашаа барьсан, бусад газар эзэмшигчийн газрыг орц гарц, гудамж болгон ашигласан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд “Э...” ХХК-ийн маргаан бүхий актаар эзэмшиж буй 1,800 м.кв газарт иргэн Л.Ц-ын барилга баригдсан, мөн түүний болон “П ...” ХХК-ийн /иргэн А/ чингэлэгүүдийг зөвшөөрөлгүй байрлуулж, зарим хэсгийг нь хашаа барьж битүүлсэн зэрэг нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй орц, гарц хаасан гэх нөхцөл нь түүний өмнө уг газрыг бүхэлд нь эзэмшиж байсан болон бусад этгээдийн газрын ашиглалтын зөрчлөөс үүссэн, кадастрын зурагт тусгагдсанаар бус гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг орц, гарц болгон ашигласнаас үүдсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх дээрх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх энэ талаар хангалттай үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улаанбаатар хотын төвийн бохирын шугам дээр газрын зориулалтыг өөрчлөн ... газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “төвийн бохирын шугам дээр хууль зөрчин газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр хянах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаарх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байх этгээдийг тусгайлан зааж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн маргаж буй энэ тохиолдол нь дээрх хуулиар зохицуулагдсан нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхэд хамаарахгүй.
Нөгөө талаар, хэрэгт авагдсан нотлох баримт болон оролцогчдын тайлбараас үзвэл гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын бохирын шугамтай давхацсан гэх хэсгийг чөлөөлснөөр нэхэмжлэгчийн орц, гарцын асуудал шийдвэрлэгдэхээргүй байна. Бохирын шугам дээр газар олгогдсоны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэж маргаж байгаагаа тодорхойлоогүй. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлын “нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрхтэй хувь иргэн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэн ч гэсэн хамаарч байгаа учраас өөрийн эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрхтэй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр” шийдвэрлэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 72,000 төгрөг бус 70,200 төгрөг төлснийг улсын орлогод үлдээсэн байх тул үүнийг шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болгоогүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ