Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ХШТ/56

 

 

 

..., ...нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                     

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч ...ын өмгөөлөгч С.Эрдэнэбат, шүүгдэгч ...-ийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар магадлалтай, ..., ...нарт холбогдох 2405041411837 дугаартай хэргийг шүүгдэгч ...-өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ....

2.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ...

 

Шүүгдэгч ... нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам хааж зогслоо гэх шалтгаанаар хохирогч ...-той маргалдахдаа биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ... нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэх шалтгаанаар хохирогч ...-тай маргалдахдаа биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч ...-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ...ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч ...ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж,

шүүгдэгч ...-ын цагдан хоригдсон нийт 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн нийт 15.000 төгрөгийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ...- өмгөөлөгч О.Анхбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч ...- өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... практикт сэжигтэн этгээдэд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахад янз бүрийн шалтгаанаар хугацаа шаардагдаг болно.

...- тухайд 10 гаруй хоногийн дараа танилцуулсныг прокурор “би үйлдсэнээр дуусна” гэж, өмгөөлөгчөөс “сэжигтэн танилцсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоно” гэсэн ялгаатай ойлголт үүсээд байна. Тиймээс энэ талаар хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.

Хяналтын журмаар гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийн тухайд манай улсын Эрүүгийн процесс, мөрдөн шалгах ажиллагаа нь прокурорын жанжлал дор буюу прокурорын илт давамгай байдалд явагддаг. Гэтэл яллагдагч болон түүний өмгөөлөгчид өөрийгөө хамгаалах эрх прокурортой харьцуулахад бага байдаг. Прокурорт хэргийг бүрэн шалгах болон мөрдөх гэсэн дархан эрхүүд ихтэй байгаа. Тухайн харьцангуй нөхцөлд сэжигтэн нь яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцаад “би ойлголоо” гэх үеэс эхлээд хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог болгоё. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хууль тогтоогчоос “хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж бичээгүй. Харин “хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж бичсэн байдаг.

 Хууль тогтоогч “хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж бичиж байгаа нь үргэлжилсэн процесс, үе шаттай ажиллагааг бүхэлд нь хамааруулж бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд процесс ажиллагааны дарааллыг тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл, тогтоолоо үйлдээд сэжигтэндээ гардуулах, 12 цагийн дотор мэдүүлэг авах гэж заасан нь сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад, уншаад, нэг хувийг гардаж авсан үеэр дуусаж байна. Иймд сэжигтэн уншиж, танилцсан гэдэг байдлаар Улсын дээд шүүхээс тайлбар хийж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч ...-ын өмгөөлөгч С.Эрдэнэбатын шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... ...-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан үндэслэлүүдийг дэмжиж оролцож байна. ...д яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш 20 хоногийн дараа танилцуулж, мэдүүлэг авсан тул анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд маргаж оролцсон. Маргааны агуулга нь “хууль хэрэглээнд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн” гэдэг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд “даруй” гэсэн үгийг хэрэглэсэн байдаг. “Даруй” гэдэг үгийг Улсын дээд шүүхийн тайлбараар “боломжит хугацаа гэж ойлгоно” гэж заасан.

Тиймээс боломжит хугацаа гэдэг нь 20 хоногийн дараа юу, эсхүл 2 сарын дараа юу гэдэг нь ойлгомжгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбарлавал, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Гэтэл үүнээс 14 хоногийн өмнө яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тогтоолыг танилцуулсан үйл баримт хэрэг авагдсан. Үүнийг тайлбарлаж байгаа шалгаан нь яллагдагчид эрхээ хэрэгжүүлэх буюу танилцуулах ажиллагаа явагдаагүй байхад тэр хүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тогтоол хэрэгт авагдсан. Хуулийн заалтыг нэг мөр тайлбарлахгүй бол маргаантай үйл баримт үүснэ.

Мөн “мэдэгдэх” гэдэг үг хуульд байхгүй бөгөөд зөвхөн “танилцуулах” гэсэн үг бий. Гэтэл яллагдагчаар татсан тогтоолыг мэдэгдсэний дараа тус тогтоолыг хууль ёсны болсон гэж үзэх үү, эсхүл танилцсаны дараа яллагдагч эрхээ хэрэгжүүлэх статус нь үүссэн гэсэн агуулга бүхий тайлбарыг хоёр шатны шүүх хийсэн. Шүүхийн шатанд ...-д цагдан хорих арга хэмжээ авсан, цагдан хорих арга хэмжээ авахдаа ...-д мэдэгдээгүй, мөн өмгөөлөгчид нь мэдэгдээгүй. Ийм байдлаар цагдан хорих арга хэмжээ авснаас болж ...-ын эрх зүйн байдал хүндрэх нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой тус хуулийн заалтын талаар жишиг тогтоож өгнө үү” гэв.

 

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч ..., ... нар нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам хааж зогссон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдож, бие биедээ хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, Эрүүгийн хуулийн хэрэглээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Харин хяналтын шатны шүүхэд шүүгдэгч ...- өмгөөлөгчөөс “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр гаргасан гомдлын хүрээнд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж байна. 

Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах, эсхүл үргэлжлэн тоологдох эсэх нь эрүүгийн хуульд тухайн хугацааг ямар эрх зүйн үйл баримтаар холбон зохицуулснаас хамаарах бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолын албан ёсны тайлбарт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлахдаа “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацаагаар тоолно” гэж хоёрдмол салаа утгагүйгээр тайлбарласан. Уг хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд тухайн тогтоолыг танилцуулах зорилгоор мөрдөх байгууллагаас холбогдох процессын ажиллагааг авч хэрэгжүүлсний эцэст 2025 оны 10 дугаар сарын 17, 20-ны өдөр танилцуулсан байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл яллагдагчаар татах тогтоол гарсан явдал нь хөөн хэлэлцэх хугацаанд нөлөөлөх эрх зүйн факт болохоос харин уг тогтоолыг танилцуулах ажиллагаа хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй юм. Учир нь, тогтоолыг яллагдагчид танилцуулсан эсэх нь яллагдагч ямар гэмт хэрэгт, ямар үндэслэлээр яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгч авах, мэдүүлэг өгөх эсэхээ шийдвэрлэх, гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх боломжоор хангагдах эрхийн баталгаа, нөгөө талаас эрхээр нь хангаагүй нь процессын зөрчил мөн эсэх, дараагийн мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны байдалд нөлөөлөх эсэх хүрээнд үнэлэгдэх асуудал болно.

Хоёрдугаарт, өмгөөлөгчийн зүгээс “lex non promulgata non obligat” зарчмыг гомдлын үндэслэлээ болгосон бөгөөд энэхүү зарчмыг прокурорын яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахтай шууд адилтган хэрэглэх нь хууль хэрэглээний болон онолын хувьд үндэслэлгүй. Энэхүү зарчмын агуулга нь төрөөс иргэн, хуулийн этгээдэд үүрэг,  хариуцлага ногдуулахын өмнө тухайн хэм хэмжээг эрх бүхий журмаар баталж, нийтэд албан ёсоор мэдэх боломжтой болгосон байх ёстой гэсэн үндсэн агуулгын илэрхийлдэг.

Харин тодорхой нэг этгээдэд чиглэсэн, нэг удаагийн хэрэг маргааны хүрээнд гарсан захиргааны болон эрүүгийн процессын шийдвэрт уг зарчмыг шууд хэрэглэх боломжгүй бөгөөд прокурорын яллагдагчаар татах тогтоол нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй, тодорхой этгээдэд чиглэсэн эрүүгийн процессын шийдвэр тул түүнийг танилцуулаагүй нь тухайн этгээдийн эрүүгийн процессын эрхийг хангах ажиллагаа зөрчигдсөн эсэх асуудалд хамаарах болохоос хөөн хэлэлцэх хугацаа тоолоход хамаарахгүй юм.

Түүнчлэн, хууль болон нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээг нийтэд нийтлэн зарлахтай холбоотой зарчмыг яллагдагчаар татах тухай тогтоолыг мэдэгдэх, танилцуулах гэсэн хоёр өөр эрх зүйн шаардлагыг ялгалгүйгээр эрүүгийн хэрэгт адилтган авч үзэх боломжгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь нөлөөлсөн эсэх асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн ...-, ...- нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй учир тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтад тулгуурлан материаллаг хуулийн хэрэглээг хянахаас гадна процессын эрх зүйн хэм хэмжээг оновчтой зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийж тухайн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэл бүхий болсон эсэхийг дүгнэдэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх үндсэн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлж гарсан бусад хуулийн зүйл, заалтыг чанд баримтлан сахин мөрдөх явдал бөгөөд ажиллагааг хэрэгжүүлж буй этгээд энэхүү шаардлагыг зөрчсөн тохиолдол бүрд тухайн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу засч залруулах, зөвтгөх, эсхүл хүчингүйд тооцох байдлаар зөрчигдсөн эрхийг сэргээх явдал нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн үүрэгжүүлсэн эрх хэмжээ юм.

 

2.Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр шүүгдэгч ..., ... нар нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцад үүссэн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, бие биедээ харилцан хөнгөн, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 46 минутад зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авснаас хойш хийгдсэн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдсан баримт, сэлтээр мөрдөн шалгах ажиллагааг түдгэлзүүлж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох үндэслэл тогтоогдоогүй болохыг тодотгон дурдах нь зүйтэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Гэтэл мөрдөгч нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн “... 11 сарын хугацаанд ямар ч ажиллагаа явуулаагүй”, “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлтийг ч шийдвэрлээгүй атлаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэнэт холбогдогч нарын хувийн мэдээлэл, баримт бичиг гаргуулах тогтоол үйлдэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт гаргаж, хяналт тавьж буй прокурор 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

 

Мөрдөгч уг тогтоолыг сэжигтэн ...д 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, сэжигтэн ...-д 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус танилцуулснаа баталгаажуулж тэмдэглэл үйлдсэн нь хавтас хэргийн 107-108 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.

 

Мөн энэ хугацаанд мөрдөгч нь 2025 оны 10 дугаар сарын 06, 10, 13-ны өдөр сэжигтэн нартай гар утсаар холбогдож чадаагүй тухай тэмдэглэл үйлдэж, улмаар “оргодол эрэн сурвалжлах”, “хулгайлагдсан тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлах” тухай мэдээллийг санд байршуулж сэжигтэн нарыг ирүүлж чадаагүй шалтгааныг тодорхойлсон мэт боловч уг мөрдөн шалгах ажиллагааг тухайн хэрэгт чиглүүлж явуулсан эсэх нь эргэлзээ бүхий гэж үзнэ.

 

4.Шүүх, прокурор, мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн процесс ажиллагааг зохицуулсан хуулийг чанд сахин мөрдөх хуулиар хүлээсэн үүрэгтэй ба зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх нь хууль ёсны зарчим болно.

 

Иргэний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор хуульд заасан журмаас гадуур хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглох бөгөөд гагцхүү хуулийн дагуу хэрэгжүүлж буй ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулийн зарчим, агуулгад бүрнээ нийцэж байж хууль ёсны шаардлага хангагдах учиртай.

 

Мөрдөгч хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон, хаана байгаа нь тодорхой хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж прокурорт хүргүүлэх ба прокурор өөрийн эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг үйлдэж мөрдөгчид хүргүүлэх, мөрдөгч тогтоолыг хүлээн авсан даруй мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж хувийг гардуулан өгөх нь дээрх хуулиар тусгайлан зохицуулсан харилцаа юм.

 

“Даруй” гэх хуулиар тогтоосон хугацааг сэжиглэгдсэн хүнийг дуудан ирүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулагдах хамгийн боломжит бага хугацаа гэж ойлговол зохино.

 

Яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан этгээдийг сэжигтэн гэх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй тухайгаа хүлээн авсан сэжигтэн мөрдөгчид даруй мэдэгдэж баримтаа ирүүлсэн тохиолдолд тогтоол танилцуулах хугацааг прокурор 24 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж эрүүгийн хэрэг үүсгэж  яллагдагчаар татах тогтоол “танилцуулах”, “гардуулан өгөх” ажиллагааг хуульчлан тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэх бөгөөд ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэх эрхийн хүрээнд халдашгүй чөлөөтэй байх эрхээ хамгаалуулахаар гомдол, хүсэлт гарах, тайлбар өгөх, мэдээлэл авах зэрэг Үндсэн хууль болон хуульд заасан бүрэн эрхтэй холбоотой ойлголт болно.

 

Гэмт хэрэгт сэрдэгдсэн иргэнийг гэмт хэрэг холбогдуулан яллагдагчаар татах ажиллагаа нь дан ганц яллах талын бус өмгөөлүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах эрхээр хангагдах зэрэг олон талт үйл ажиллагааны нэгдэл юм.

 

Тухайлбал, тухайн хүн яллагдагчийн эрх эдэлж, үүргийг хүлээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн оролцогч болохын хувьд иргэний зарим эрх хязгаарлагдаж, албадлага хэрэглэх, таслан сэргийлэх арга хэмжээ авагдах нөхцөл бүрдэх учир хууль тогтоогчоос яллагдагчийг ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах эрхийг яллагдагчид хуульчлан олгож прокурор, мөрдөгчид тогтоолыг танилцуулах үүргийг хүлээлгэсэн ба яллагдагчаар татагдсан гэдэг нь тогтоолыг биечлэн танилцуулж, эх хувийг гардуулсан явдлыг ойлгоно.

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох хуулиар хүлээлгэсэн үүргээ хангалттай биелүүлээгүйгээс үүдэлтэй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашиггүй, тэдний эрх зүйн байдлыг эрс дордуулсан үр дагавар бүхий шийдвэр нь бүхэлдээ хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн, уг ажиллагааг хэрэгжүүлэгч этгээд хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх тул тухайн шийдвэр, түүнээс улбаалан гарсан бусад шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй учир хүчингүйд тооцох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр бүлэгт зааснаар прокурор Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэний дараа хийгдэх ажиллагаанд сэжигтнийг “мэдэгдэх хуудас”-аар дуудан ирүүлж, тогтоолыг танилцуулахыг мөрдөгчид даалгаж, мөрдөгч тогтоолыг хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж хувийг гардуулан өгч, сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулах үүргийг хуулиар хүлээлгэсэн болохыг дахин дурдах нь зүйтэй.

 

Гэтэл мөрдөгч хаана байгаа нь буюу тодорхой оршин суух хаягтай гэмт хэрэгт сэрдэгдсэн нэр бүхий этгээдүүдийг мэдэгдэх хуудсаар дуудаагүй атлаа утсаар залгахад холбогдох боломжгүй байсан гэх тэмдэглэл үйлдэж, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг ...-д 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, ...-д 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус танилцуулж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 13-16 хоногийн дараа гардуулсан явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ...-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, ...д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ...-, ... нарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ...-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.үгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарын гаргасан гомдлыг

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

 

             ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                         Б.ЦОГТ