Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 798

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                                                                                                    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “С” спининг клубын захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.М /РД:...................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Их хөдөлгөөн” авто сургуулийн хажууд байрлах “С” спининг клубт иргэн Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хх16/, гэрч Г.М-ын мэдүүлэг /хх25/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5490 дугаартай дүгнэлт /хх31/, шүүгдэгч Г.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх51-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх53/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч Г.М-ын гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Н-ын “…С гэх залуутай уулзаад мэнд мэдэлцээд чи манайхыг түрээслэдэг юм байна, манай эхнэр чамайг түрээсээ байнга удаагаад гээд байх юм, чи яагаад удаагаад байдаг юм бэ гэхэд, чи ер нь хэн юм би чамтай түрээсийн талаар яриагүй юм байна гэхээр нь би Т-гийн нөхөр байна, чамайг түрээсээ удаагаад байхаар хэцүү байна гэхэд С чи ер нь яах гээд байгаа юм гээд намайг заамдаж аваад куртикныхаа захаар хоолой боогоод хавирч газар унагаагаад цээжин дээр өвдөгөөрөө хоёр удаа хүчтэй өвдөглөсөн. Тэгээд намайг хоолой боогоод зүүн талын хавирга руу гараараа 3, 4 удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх15/,

2. Гэрч Г.М-ын “...С багш 40 орчим насны залуу хоёр биенийгээ заамдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх25/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5490 дугаартай “...Б.Н-ын биед цээжний зүүн 5, 7-р хавирганы хугарал, өвчүү цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлхөгүй...”  гэсэн дүгнэлт  /хх32/,

4. Г.М-ын яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Наранбаатар гэх залууг заамдаад хавирч газар унагаад нүүр лүү нь гараараа 2, 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх45-46/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.М:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбарт дүгнэлт хийн үзэхэд шүүгдэгч Г.М нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Их хөдөлгөөн” авто сургуулийн хажууд байрлах “С” спининг клубыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг.

 

Ийнхүү түрээслэхдээ хохирогч Б.Н-ын эхнэр Н.Т гэх хүнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан байх бөгөөд хохирогч Б.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл уусан үедээ түрээсийн гэрээ, төлбөртэй холбоотой асуудлаар очиж уулзахдаа шүүгдэгч Г.М-тэй маргалдсан болох нь тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Н-ыг зодож эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Н-ын мэдүүлэг, гэрч Г.М-ын мэдүүлэг, шүүгдэгч Г.М-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...цээжний зүүн 5, 7-р хавирганы хугарал,өвчүү цууралт гэмтэл тогтоогдлоо...” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5490 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.М-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.Н нь хавтаст хэрэгт ямар нэг эмчилгээ, хохирлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Г.М нь хохирогчийн эхнэрийн данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн, хохирогч нь гомдол саналгүй болох нь мөрдөн байцаалтад өгсөн хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Г.М-д хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгж буюу 850.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлт, санал гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.М нь хохирогчид учирсан хохирлын нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.М нь эрхэлсэн тодорхой ажилтай, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР