| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0439/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 11.7.1.2., 17.2.3.2., 17.8.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 505
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Ганзориг,
иргэдийн төлөөлөгч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Ц.Амар /ШТЭД-2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................................... тоотод түр оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Д.Б /РД:................./.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.М-тэй “цагдаад барьж өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний гар, толгой, нүүрэн тус газрууд цохиж зодон бие махбодид нь “уруулд няцарсан шарх, дух, баруун хацар, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдА-гаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартай зүйл болгон хэрэглэж 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр .....................тоотод хамтран амьдрагч Ц.М-ийг цохиж зодон хутга тулган “утсаа өг” гэж түүний эзэмшлийн “Самсунг ж-4”, “Iphone-5” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжны 147 тоотод оршин суух иргэн Э.Э-ын эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг гараараа цохиж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын эхээр, 2018 оны 7 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт, 2018 оны 10 дугаар сарын эхээр ......................... тоотод тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.М-ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан нотлох баримтууд /давхцаагүй байдлаар/.
(1) улсын яллагчаас: Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх112-124/, яллагдагч Д.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх91-92/, хохирогч Э.Э-с гаргаж өгсөн гэрэл зургууд /хх93-96/, гэрч Г.Б-ээс гаргаж өгсөн гэрэл зургууд /хх101-102/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх65-72/, хохирогч Ц.М-ийн мэдүүлэг /хх23-27/, хохирогч Э.Э-ын мэдүүлэг /хх31-33/, насанд хүрээгүй гэрч Э.М-ийн мэдүүлэг /хх39-40/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /хх41-42/, гэрч Ц.Э-ийн мэдүүлэг /хх46/, гэрч Д.А-ын мэдүүлэг /хх48/, гэрч Ж.А-гийн мэдүүлэг /хх49-50/, гэрч Э.Л-ийн мэдүүлэг /хх54/, гэрч Б.С-ийн мэдүүлэг /хх57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1004 дугаартай дүгнэлт /хх61/, яллагдагч Д.Б-ын мэдүүлэг /хх80-83/,
(2) шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирлын баримт /хх99/, 2019 оны 05 дугаар сарын 01 хохиролд 130.600 төгрөг төлсөн баримт, ял шалгах хуудас /хх135/, хорооны тодорхойлолт /хх125/, гэрч Г.Б, Д.Э-ийн мэдүүлэг /хх51-52/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА-, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Аюулын зэргийн үнэлгээ “ДУНД” гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “хуулийн дагуу арга хэмжээ авахуулах нь зүйтэй” гэх хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх112-124/,
2. Хохирогч Э.Э-с гаргаж өгсөн гэрэл зургууд /хх93-96/,
3. Гэрч Г.Б-ээс гаргаж өгсөн гэрэл зургууд /хх101-102/,
4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Samsung Galaxy j4”, “Iphone5” маркийн утаснууд нийт үнэлгээ 450.000 төгрөг, вакум цонх 2 ширхэг нийт үнэлгээ 450.000 төгрөг /хх65-72/,
5. Хохирогч Ц.М-ийн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр анх утсаар Д.Б-тай танилцсан. Намайг Архангай аймгийн сумын төвд дүү А-ын гэрт байхад ойролцоогоор 7 орчим хоногийн дараа хойноос ирсэн юм. Хайрхан сумын төв дээр хөдөө яваагүй байхад 2018 оны 7 дугаар сарын эхээр архи уучхаар нь “чи битгий танихгүй газар ирчхээд архи уугаад бай” гэж хэлтэл “чамд миний ууж идэх хамаагүй” гэж хэлээд Д.Б нь А-ын гэрт орой миний толгой руу гараараа цохиж мөн намайг өшиглөж зодож байсан. Тэр үедээ намайг зодсоны дараа би орыг нь засаад өгтөл “хажуугаар ороод унт” гэж Д.Б надад хэлэхэд “намайг зодсон хүнтэй би унтахгүй” гэж хэлсэн. Тэгтэл миний гарнаас гэрийн гадаа хөтөлж гараад шөнийн 23 цагаас үүрийн 05 цаг хүртэл гэрт оруулахгүй хашиж зогсоод Д.Б “чи миний үгнээс гарч болохгүй, миний үгэнд хариулах ёстой, чи намайг хэн гэж бодоод байгаа юм” гэж хэлж байгаад миний элэг рүү гараараа цохиж мөн толгой дээрээс гараараа бага багаар цохиж зодсоор байгаад үүрийн 05 цаг хүртэл гэрт оруулаагүй. Өглөө гэгээ ороод айлууд сэрэхэд гэртээ орсон ба миний толгой өвчин болчихсон мөн цээж хөхөрчихсөн байсан. Би тухайн үед Д.Б намайг зодсоныг хүмүүст хэлээгүй өнгөрөөсөн...Үүнээс хэд хоногийн дараа хөдөө буюу сумын төвөөс хойшоо 3 км хөдөө гэрт төрсөн эгч Эийн гэрт Д.Б болон би, 2 зээгээ дагуулаад очсон юм. Сумын төвд дүү А-ын хашаанд хүлэмжинд ногоо тарьчихсан байсан болохоор 2 хоноод ногоогоо услуулах гээд Д.Б-г явуулдаг байсан. Сумын төв орж ирэхдээ их бага хэмжээгээр байнга архи уучихаад ирдэг байсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын сүүлээр Д.Б нь ногоо усалж ирэхдээ их согтуу ирэхээр нь би “чи яагаад архи уугаад ирсэн юм бэ, үнээгээ саах цаг болчихлоо” гэж хэлэхэд Д.Б надад хандаж чи хэзээ надгүйгээр саадаг болчихсон юм гэж хэлсэн. Тухайн үед үнээ бэлчээртээ байсан ба, зэл рүү үхэрнүүдээ туух гээд алхаж байхад миний хойноос 2 удаа өшиглөж унагасан. Би зэлэн дээр очоод үнээгээ саах гээд байж байхад “чи яагаад маяглаад байгаа юм би чамд тугалыг чинь татаад өгье” гэж хэлээд миний хүзүүнээс багалзуурдаад “хүн алахад амархан хүзүүг нь ганц мушгичихдагч юм” гэж хэлээд миний элэг рүү гараараа цохиод гуя руу өшиглөөд байсан. Тухайн үед намайг багалзуурдаад байж байхад миний зээ охин М дүүгээ хөтлөөд гэрээс гараад ирсэн. Тэр үед миний зээ охин М айгаад хүрч ирээгүй холоос хараад зогсож байсан. Үнээгээ сааж дуусаад гэртээ орчихсон байхад “чи өглөө сэрэхгүй шүү” гэх мэтээр миний толгой болон нүд рүү гараараа цохиод байсан. Шөнөжин миний толгой өвдөж хоноод өглөө өөрийгөө харахад хоолой хөхөрчихсөн, нүд бага зэрэг хөхөрчихсөн байсан. Үүнээс хойш 5-6 хоногийн дараа сумын төв рүү дүү А-ын гэрт очоод өөрийнхөө утсаар хөхөрсөн газруудынхаа зургийг нь аваад өөрийн төрсөн охин Б луу мессенжерээр явуулаад энэ зургийг хадгалчхаарай хүнд битгий үзүүлээрэй гэж хэлсэн...Тэр үед миний охин Б, Б ах таныг зодсон юм уу гэж асуухад би юм хэлээгүй өнгөрөөсөн...Манай охин Б, хүргэн Э нар Солонгос руу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр явснаас хойш 10 дугаар сарын эхээр орой манай гэрт согтуу орж ирэхэд манай төрсөн охин Б орж ирээд “Д.Б-д хандаж манай гэрт архи ууж чимээ шуугиан гаргадаг хүн байхгүй” гэж хэлээд гэрээс гаргаад явуулсан. Тэгээд шөнө 02 цагийн орчим Д.Б согтуу манайд дахиж орж ирээд чиний хүүхэд яахаараа намайг хөөж гаргадаг юм гэж хэлээд миний толгой руу гараараа бага багаараа цохиж зодсоор байгаад өглөөний 07 цаг болгосон. Өглөө би өөрийгөө харахад миний толгой л их өвдөж байсан. Манай зээ охин М хичээлдээ явахаар болж би үсийг нь янзалж байхад миний хойноос нурууруу гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би гэрийнхээ хаалгыг нээж байгаад Б гэж орилтол Б намайг чирээд хойд талын жижиг өрөө рүү оруулаад багалзуурдаад миний толгой руу гараараа цохиж байхад манай охин Б орж ирээд Д.Бт хандаж “чи яагаад миний ээжийг зоддог юм бэ гэж хэлээд татаад авч салгаад цагдаад дуудлага өгөөд манай хорооны цагдаа ирээд аваад явсан...2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим манай охин Б, хүргэн Э нар Солонгос улсаас ирчихсэн байхад гадуур явж байгаад орой гэрт ирэхэд согтуу манай гэрт байхаар нь цагдаа руу дуудлага өгөөд явуулсан. Тэр үед Д.Б намайг цохиж зодсон асуудал гараагүй ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг гэртээ 2 зээгийн хамт юм оёод байж байхад 17 цагийн орчим манай гэрийн хаалга дуугарах шиг болсон. Тэгээд би юуч бодолгүй юм аа оёод сууж байтал “чи яасан их цагдаатай юм” гэж хэлээд хойноос нэг гараараа тэвэрчхээд нөгөө гараараа миний элэг рүү цохиод байхаар нь би “өвдөж байншдээ болиоч ээ” гэж хэлтэл “чи яасан их цагдаатай юм одоо чамайг ална” гэж хэлээд миний толгой болон элэг рүү гараараа цохиод намайг зодоод байсан. Би тэр үед газар уначихсан байсан ба Д.Б гал тогооноос хоёр ширхэг хутга хоёр гартаа барьчихсан орж ирээд над руу хутга тулгаад “наад 2 гар утсаа өг” гэж хэлээд миний хоёр гар утсыг аваад куртикнийхээ энгэрийн халаасанд хийчихсэн. Тэгээд намайг хутга барьчихаад “ойртоод ир” гэж хэлсэн ба би ойртоод очтол толгойгоороо миний нүүр рүү хоёр удаа мөргөтөл миний хамарнаас цус гоожоод байсан. Би тэгээд зугтаагаад хойд талынхаа жижиг өрөөндөө ороод зээ охин М-д хандаж “эмээг нь зодоод байна тусламж дуудаарай арын хашааны айл руу ороод хүн дуудаарай” гэж орилсон тэгтэл манай зээ охин гэрээс гараад гүйсэн. Тэгээд М-ийг “ална” гээд Б гараад явчхаар нь би гэрийнхээ хаалгыг түгжсэн. Гарч явчхаад гэрийн хаалга татаж байгаад боличихоор нь явчихлаа гэж бодтол манай арын өрөөний цонх хагарах шиг болохоор нь энэ цонхоор орох гэж байх шиг байна гэж бодоод хаалгаа онгойлготол манай зээ охин М уйлчихсан зогсож байхаар нь би охиноо дагуулаад хашаанаас гарч гүйгээд айлуудын хаалгыг балбаад гүйсэн... 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл 4 сар орчим хамт амьдарсан...” гэх мэдүүлэг /хх23-27/,
6. Хохирогч Э.Э-ын “...Өнгөрсөн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай хадам ээж Ц.М-ийн хамтран амьдрагч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг гэртээ байхгүй, гадуур ажилтай явж байхад манайд ирээд агсам согтуу тавьж манай ээжийг зодож биед нь гэмтэл учруулсан байсан юм. Тэр үед намайг гэртээ ирэхэд миний эзэмшлийн хувийн байшингийн 2 ширхэг вакум цонхыг рамтай нь цуг хагалаад эвдчихсэн байсан...Д.Б нь манай байшингийн хоёр цонхыг хагалж манай цонхны рамыг ашиглах боломжгүй цонхны раманд шил тогтох боломжгүй байхаар нь дуудлагаар засварчин дуудахад шинээр солихоос нааш засвар авах боломжгүй гэж хэлсэн...Д.Б-ын төрсөн дүү болох Д.Э- ээжийн эмчилгээний зардал болон 2 ширхэг гар утас, цонхнууд хагалсан хохирлын мөнгө гэж 965.000 төгрөгийг надад дансаар шилжүүлсэн. Надруу шилжүүлсэн нийт мөнгөний 450.000 төгрөг нь 2 цонхны мөнгө гэж аваад үлдсэн мөнгийг нь хадам ээж Ц.М-т өгсөн...” гэх мэдүүлэг /хх31-33/,
7. Насанд хүрээгүй гэрч Э.М-ийн “...Хайрхан сумын төв дээр ногоо услах гээд Б ах яваад орой гэрт ирэхдээ согтуу ирээд үнээний зэлэн дээр эмээгийн хоолойноос нь боогоод тавихгүй байгаад байсан ба би яг юу ярьж байгааг нь сайн сонсож чадаагүй...Орой болоод унтах гээд орондоо орчихсон байхад Д.Б ах согтуу манай эмээ Ц.М-ийг “чи маргааш өглөө энэ орноос босохгүй” гэж чанга дуугаар хэлж байсан. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр...Б ах согтуу байсан ба эмээгийн юм оёж байгаа өрөө рүү ороод эмээг зодоод байх шиг байсан эмээ “ёоёо чи болилдоо” гээд дуугараад байсан. Тэгтэл эмээ хүүхдийн өрөөнд орж ирээд надад хандаж “хүн дуудаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Б ах тэр өрөөнд хойноос нь орж ирэхдээ гал тогооны шүүгээнээс 2 ширхэг хутга, хоёр гартаа бариад эмээгийн хүзүү орчимд нь хутга тулгаад эмээгийн хоёр гар утсыг нь шүүрээд авчихсан...Манай эмээг зун хөдөө байхад зодож байсан. Тэрнээс хойш 3-4 удаа эмээг зодож байсан. Би өдрүүдийг нь сайн мэдэхгүй байна аа, нэг өдөр ямар ч байсан хотын гэртээ байхад Б ах надад хандаж намайг өглөө хичээлдээ явах гээд хичээлийнхээ хувцсыг өмсөж байтал “чамайг явсан хойгуур эмээг чинь ална” гэж хэлж байсан...Анх манайд Б ах ирэхдээ сайн хүн шиг санагдаад байсан чинь эмээг зодоод байхаар нь муу хүн шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх39-40/,
8. Гэрч Г.Б-ын “...манай ээж эгч Бийн 2 хүүхдийг аваад Архангай аймгийн Хайрхан сум руу хөдөө явахаар болсон юм. Тэнд очсоных нь дараа би ээжтэй утсаар ярихад Д.Б ирсэн талаар надад хэлж байсан ба сэтгэл санаа нийлбэл цаашдаа хамтдаа амьдарна гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын сүүлээр манай ээж хөдөө байхдаа миний фэйсбүүкийн мессенжерээр 2 ширхэг зураг явуулсан ба манай ээжийн зодуулсан зураг байхаар нь асуутал тэгж байгаад дараа хэлье гэж надад хэлсэн...Би хүргэн ах Э-ын хашаан дотор тусдаа гэрт амьдардаг байсан ба 2018 оны 10 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад ээж залгахаар нь гэрт нь ортол Д.Б согтуу ороод ирчихсэн байхаар нь би “манайд архи уудаг хүн байхгүй” гэж хэлээд явуулж байсан юм. Маргааш өглөө нь би ажилдаа явах гээд байж байтал манай ээж “Б” гэж чанга дуугаар орилох шиг болохоор нь би ортол манай ээжийг Д.Б нэг гараараа цамцнаас нь заамдаад нөгөө гараараа нүүр лүү цохиж байхаар нь би дундуур орж салгаад гэрээсээ гаргаж байсан...Манай ээж Ц.М надад хэлэхдээ “энэ намайг байнга доромжилж чи надаас салж чадахгүй, надаас салсан хүн сайнаа үзэхгүй гэх мэтээр дарамталдаг байсан” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх41-42/,
9. Гэрч Г.Б-ийн “...манай нөхөр бид хоёрыг гэртээ байхгүй үед ихэвчлэн ирдэг байсан ба бид хоёр 2018 оны 9 дүгээр сарын 10-нд Солонгос улс руу явсан, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ байхад Б нь гаднаас орж ирэхээр нь би уурлаад яахаараа манай ээжийг зоддог юм дахиж манайхаар ирэх хэрэггүй гэж хэлээд гаргаад явуулж байсан. Би 12 дугаар сарын 20-ны өдөр буцаж солонгос явсан...” гэх мэдүүлэг,
10. Гэрч Ц.Э-ийн “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр нөхөр бид хоёрыг хот руу ажлаар явчхаад ирэхэд М-ийн хүзүү нь улайчихсан, нүүр нь хөхөрчихсөн байхаар нь би юу болсон талаар асуухад надаас нуугаад хэлэхгүй өнгөрөөж байсан. Би энэ хоёрыг учраа олох юм болов уу гэж боддог байсан боловч Б нь архи уучхаараа л манай дүүг зоддог бололтой сураг сонсогдож байсан...” гэх мэдүүлэг /хх46/,
11. Гэрч Д.А-ын “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орой 18 цагийн орчим намайг гэртээ байхад манай хажуу айлын охин болох Э.М сандарчихсан орж ирээд “эмээг Б /Д.Б/ зодоод байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө утсаар Э луу залгаад “нөгөөдөх чинь ирчихсэн ээжийг чинь зодоод байна аа” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэр үед М буцаж гэр лүүгээ ороод удалгүй Ц.М эгч М-ийг хөтлөөд манайд ороод ирсэн. Орж ирэхдээ М эгчийн хамарнаас нь цус гарчихсан, гар нь хөхөрчихсөн зодуулсан байдА- хөл нүцгэн орж ирсэн. Тэгээд надад хандаж “манай бага зээ болох Э гэрт байгаа оруулаад ирээч” гэж хэлэхээр нь гэрт нь ортол цагаан өмдтэй хүн Д.Б цонхыг нь хагалаад гэрээс нь гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх48/,
12. Гэрч Ж.А-гийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19 цаг өнгөрсөн санагдаж байна Д.Б нэлээн халамцуу орж ирсэн, ..хоёулаа ганц шил юм ууя гээд надад халааснаасаа 5.000 төгрөг өгөөд би дэлгүүр орж тэрэндээ тааруулж ... 0.75 литрийн архи авч орж ирсэн...бид хоёр архиа уугаад сууж байтал өмсөж явсан куртикнийхээ халааснаас 2 ширхэг гар утас гаргаж ирээд “энэ миний эмэгтэйн гар утас байгаа юм аа” гэж хэлээд буцаагаад халаасандаа хийсэн. Архиа хувааж ууж дуусгачхаад бид хоёр унтаад өгсөн ба намайг өглөө унтаж байхад Д.Б яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх49-50/,
13. Гэрч Э.Л-ийн “...Тухайн үед намайг үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10 буюу цагдаагийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5-147 тоотод давхцаад 3-4 удаа “хамтран амьдрагч агсам тавиад байна”, “Б гэгч хүн нь урд айлын цонхыг хагалаад байна” гэж дуудлага ирсэн. Би дуудлагын дагуу тус хаягт очиход Б гэх хүн байхгүй зодуулсан Ц.М гэх эмэгтэй уруул нь хавдчихсан хүргэн нь гээд нэг залуу байсан ба хүргэн Э гэх залуу нь би сая гэртээ орж ирлээ манай хадам ээжийг зодсон гэж надад хэлсэн. Намайг гэрт нь ороход арын жижиг өрөөний цонх хагарсан, баруун талын угаалгын өрөөнийх нь цонх нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх54/,
14. Гэрч Б.С-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн тус хаягнаас “хамтран амьдрагч агсам тавиад, зодоод байна” гэж дуудлага ирүүлсний дагуу очиж шалгахад М нь зодуулсан байдА- нүүрнээс нь цус гарчихсан байсан...Өмнө уг хаягнаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2 дуудлага мэдээлэл ирж байсан...” гэх мэдүүлэг /хх57/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1004 дугаартай дүгнэлтэд “... Ц.М-н биед уруулд няцарсан шарх, дух, баруун хацар, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэж тодорхойлжээ /хх61/,
16. Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...Бид нар Хайрхан суманд Ц.М-ийн эгч Э-ийн гэрт нь 8 дугаар сарын сүүл хүртэл хамтдаа амьдарсан. Би архи уучихсан үедээ ганц хоёр удаа багалзуурдаж цохих асуудал байсан...Ц.М нь том зээ охиноо сургуульд нь хүргэж өгдөг, би бага зээ болох 3 настай Эийг цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан юм...бид хоёрын хооронд бага зэргийн маргалдах асуудал бага зэрэг гарч байсан тэр үедээ би М-д гар хүрэх зэрэг зүйлүүд байдаг байсан...охин болох Б нь ирчихээд намайг архи уудаг, агсам согтуу тавьдаг, манайд тийм хүн байхгүй, таниас ээжийгээ салгаж авна гэж хэлсэн... би тэр үед М-тэй зүгээр уулзая гэсэн бодолтой байсан юм. Орой нь М ирээд намайг цагдаад өгөөд эрүүлжүүлэх байранд хонож байсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхошууны тойргийн дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи худалдаж аваад гудамжинд зогсож байгаад тэр архиа ганцаараа ууж дуусгасан. Тэгээд шууд М-ийн гэрт яваад орсон... А-гийнд очсон ба утсаа орон дээр нь гаргаад тавьсан ба найз хүүхнээсээ авчихлаа аваачиж өгөх ёстой гэж хэлж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх80-83/,
17. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б: “...Би 2018 оны 12 дугаар сард Ц.М-тэй зар сониноос танилцаж байсан. Эхлээд бид хоёр хоорондоо утсаар ярьж мессэж бичдэг байсан. Дараа нь Ц.М- бид хоёр Архангай аймгийн Хайрхан суманд хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд би хааяа архи уудаг байсан. Ц.М-ийн утсанд янз бүрийн хүмүүсээс мэссэж ирээд байдаг байсан юм. Тэрнээс болж хэрүүл маргаан болдог байсан, хардсанаас болж сүүлдээ би архи ууж хэрүүл хийдэг болсон. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Ц.М-тэй уулзаж болж бүтэх талаас нь ярилцъя гэж тухайн үед бодсон. Агсам согтуу тавьж дээрэм тонуул хийе гэж ерөөсөө бодоогүй. Тухайн үед Ц.М-ийн гар утас руу нь залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан юм. Би эгч, дүү нарынхаа гар утсаар хүртэл залгахад авахгүй байсан. Бодвол тухайн үед манай эгч, дүү нарын утасны дугаарыг мэддэг байсан болохоор авахгүй байсан юм байлгүй. Маргааш нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би архи уучихсан согтуу Ц.М-ийн гэрт очсон юм ... яагаад чи намайг залгахаар утсаа авахгүй бэ, яагаад надруу залгахгүй байгаа бэ гэж хэлээд 1-2 удаа М-ийг цохисон, тэгээд гар утсыг авсан...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Б.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцон дүгнэлтээ гаргасан бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... шүүгдэгч Д.Б-ын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байгаа. Гэм буруугийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн сэдэлт зорилгыг мөн адил тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр шунахайн сэдэлтээр хялбар арга замаар бусдын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулах зорилготойгоор тухайн гар утсыг аваад байна уу, эсхүл 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн өдөр нь болоод залгаж утсаа авахгүй үйлдэлд нь гомдож, хардсаны улмаас тухайн гар утсыг авсан уу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт өгөөрэй гэж хүсч байна. Шүүгдэгч болон хохирогч нар нь хамтран амьдрагч хүмүүс байгаа, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.3 дахь заалтад “эдийн засгийн хүчирхийлэл”-ийг заасан байдаг. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн 2 гар утас нь хохирогч Ц.М-ийн гар утас гэдгийг хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Энэ нь дээрэмдэх гэмт хэрэг гэдгээс илүүтэйгээр хуваарьт эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд нь халдаад байгаа юм. Тэгэхээр хэргийн зүйлчлэлийн хувьд нэгтгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь хууль хэрэглээний хувьд илүү оновчтой зохицуулалт байна...” гэв.
Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох тухайд:
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ................................ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.М-ийг “цагдаад барьж өглөө” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогч Ц.М-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг гэртээ 2 зээгийн хамт юм оёод байж байхад 17 цагийн орчим ... чи яасан их цагдаатай юм” гэж хэлээд хойноос нэг гараараа тэвэрчхээд нөгөө гараараа миний элэг рүү цохиод байхаар нь би “өвдөж байна шүү дээ болиоч ээ” гэж хэлтэл “чи яасан их цагдаатай юм одоо чамайг ална” гэж хэлээд миний толгой болон элэг рүү гараараа цохиж, зодоод ...Би тэр үед газар уначихсан байсан ба Д.Б гал тогооноос хоёр ширхэг хутга хоёр гартаа барьчихсан орж ирээд ... “ойртоод ир” гэж хэлсэн ба би ойртоод очтол толгойгоороо миний нүүр лүү хоёр удаа мөргөтөл миний хамарнаас цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.М-ийн “...Б ах согтуу байсан ба эмээгийн юм оёж байгаа өрөө рүү ороод эмээг зодоод байх шиг байсан эмээ “ёоёо чи болилдоо” гээд дуугараад байсан. Тэгтэл эмээ хүүхдийн өрөөнд орж ирээд надад хандаж “хүн дуудаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхошууны тойргийн дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи худалдаж аваад гудамжинд зогсож байгаад тэр архиа ганцаараа ууж дуусгасан. Тэгээд шууд М-ийн гэрт яваад орсон...” гэх мэдүүлэг мөн гэрч Д.А, Э.Л, Б.С нарын мэдүүлгээр тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ын дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ийн биед “уруулд няцарсан шарх, дух, баруун хацар, шуу, сарвуу, нуруунд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1004 дугаартай дүгнэлтээр тодорхойлогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор, мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б болон хохирогч Ц.М- нар нь 2018 оны 6 дугаар сараас 10 сар хүртлэх хугацаанд хамтран амьдарч байсан болох нь хохирогч Ц.М-ийн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр анх утсаар Д.Б-тэй танилцсан ...2018 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл 4 сар орчим хамт амьдарсан... 2019 оны 12 дугаар сарын 20-ны орчим ...орой гэрт ирэхэд согтуу манай гэрт байхаар нь цагдаа руу дуудлага өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ын “...ээжтэй утсаар ярихад Д.Б ирсэн талаар надад хэлж байсан ба сэтгэл санаа нийлбэл цаашдаа хамтдаа амьдарна гэж хэлж байсан ...2018 оны 10 дугаар сарын эхээр намайг гэртээ байхад ээж залгахаар нь гэрт нь ортол Д.Б согтуу ороод ирчихсэн байхаар нь би “манайд архи уудаг хүн байхгүй” гэж хэлээд явуулж байсан юм...” гэх мэдүүлэг, мөн хохирогч Э.Э-н, насанд хүрээгүй гэрч Э.М- болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байна.
Дээр дурдсанчлан шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан, мөн Д.Б нь архи уугаад хохирогч Ц.М-ийг зодож цохисон асуудлаас болж хохирогч, түүний хүүхдүүд болох Г.Б, Г.Б нар нь 2018 оны 10 дугаар сард, 12 дугаар сард гэрээсээ хөөж явуулж байсан, цагдаа дуудаж байсан зэргээс үзэхэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаа үргэлжилж байсан гэж дүгнэхээр байна.
Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүгдэгч Д.Б нь цагдаа дуудаж өгсөнд гомдон уурлаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн очиж агсам тавьж, хохирогчийг зодсон нь гэм буруугийн шууд санаатайгаар үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх шүүгдэгч Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдарч хохирогч Ц.М-д агсам тавьж зодсон Э.Э-ын өмчлөлийн ...........................тоотод өвлийн байшингийн вакум цонхыг гараа цохиж хагалсан нь хохирогч Э.Э-ын “... Тэр үед намайг гэртээ ирэхэд миний эзэмшлийн хувийн байшингийн 2 ширхэг вакум цонхыг рамтай нь цуг хагалаад эвдчихсэн байсан...Д.Б нь манай байшингийн хоёр цонхыг хагалж манай цонхны рамыг ашиглах боломжгүй цонхны раманд шил тогтох боломжгүй байхаар нь дуудлагаар засварчин дуудахад шинээр солихоос нааш засвар авах боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон хохирогч Ц.М, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, цонхны хагарсан байдлыг харуулсан зураг /хх95-96/-аар тус тус тогтоогдож байна. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 2 ширхэг вакум цонхны үнэлгээг 450.000 төгрөгөөр тогтоосон байна.
Шүүгдэгчийн энэхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьж, танхайн сэдэлттэйгээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хууль бусаар бусдын эд зүйлийг эвдсэний улмаас Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухайд:
Шүүгдэгч Д.Б болон хохирогч Ц.М нар нь гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Ийнхүү хамтран амьдрах хугацаанд буюу Архангай аймгийн Хайрхан суманд байх үедээ 2018 оны 7 дугаар сарын эхээр болон сүүлээр 2 удаа, мөн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжны 147 тоотод байх гэртээ байх үедээ 2018 оны 10 дугаар сарын эхээр зодсон болох нь:
хохирогч Ц.М-ийн “...шөнийн 23 цагаас үүрийн 05 цаг хүртэл гэрт оруулахгүй хашиж зогсоод ... гэж хэлж ...миний элэг рүү гараараа цохиж мөн толгой дээрээс гараараа бага багаар цохиж зодсоор байгаад үүрийн 05 цаг хүртэл гэрт оруулаагүй... Д.Б согтуу манайд дахиж орж ирээд чиний хүүхэд яахаараа намайг хөөж гаргадаг юм гэж хэлээд миний толгой руу гараараа бага багаараа цохиж зодсоор байгаад өглөөний 07 цаг болгосон...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Э.М-ийн “...Манай эмээг зун хөдөө байхад зодож байсан. Тэрнээс хойш 3-4 удаа эмээг зодож байсан ...хотын гэртээ байхад Б ах надад хандаж ...“чамайг явсан хойгуур эмээг чинь ална” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.С-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөн тус хаягнаас “хамтран амьдрагч агсам тавиад, зодоод байна” гэж дуудлага ирүүлсний дагуу очиж шалгахад М- нь зодуулсан байдаг нүүрнээс нь цус гарчихсан байсан...Өмнө уг хаягнаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2 дуудлага мэдээлэл ирж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Б, гэрч Ц.Э нарын мэдүүлэг, гэрч Г.Б-ээс гаргаж өгсөн /хохирогчийг 7 дугаар сарын сүүлээр зодсон гэх/ 2 ширхэг фото зураг /хх102/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн толгой, гэдэс, нуруу хэсэгт гараараа цохих, хоолойг боож унагаах, хөлөөрөө өшиглөх зэрэг байдлаар зодож, энэхүү үйлдлээ шөнийн 23 цагаас өлгөөний 05 цаг хүртэл, шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл үргэлжлүүлж байсан нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хохирогчид хандан “хүн алахад амархан байдаг”, “чи өглөө сэрэхгүй шүү”, насанд хүрээгүй гэрч Э.М-д хандан “чамайг явсан хойгуур эмээг чинь ална” гэх зэрэг байдлаар сэтгэл зүйн дарамтанд байнга оруулж байсан байна.
Иймд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үзүүлдэг буюу энэхүү үйлдэл нь тогтвортой давтагдах шинжтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо гаргадаг, үйлдэл нь харгис хэрцгий, догшин авирласан, тарчлаасан шинжтэй /хоолой боох, орой шөнөөс эхлэн амраахгүй зодох, цохих байдлаар өглөө болгох зэрэг/ байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан байнга зодох, 1.2-т заасан байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан шинжийг хангаж байна. Тиймээс шүүгдэгчийн энэ үйлдлийн талаарх улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон шийдвэрлэв.
4. Шүүгдэгч Д.Б-ын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Ц.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хохирол учруулах үедээ хохирогчийн 2 ширхэг гар утсыг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэнээр хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон тухайд:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ын хохирогч Ц.М-ийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн, үйлдлээ хэрэгжүүлэхдээ хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь зөвхөн эд хөрөнгийг авах зорилгоор /эдийн засгийн ашиг сонирхол, шунахайн сэдлээр, өмчлөх эрхэд/ өмчлөгч, эзэмшигчийн эсрэг амь нас, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдлээр илэрдэг. Гэтэл шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь эд хөрөнгийг нь хүч хэрэглэн довтолж авах гадаад илэрхийллийг /гэмт хэргийн объектив талын шинж/ буй болгосон байх боловч гэмт хэрэг үйлдэгчийн дотоод санаа зорилго, сэдэлтийн хувьд дараах үндэслэлээр шунахайн сэдэлттэй, эд зүйлийг нь өөрийн эзэмшилд бүр мөсөн авах санаа зорилготой байсан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Д.Б, Ц.М нар нь 2018 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хамтран амьдарсан, үүний дараа шүүгдэгч нь хохирогчийн гэрт удаа дараа очдог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож цохидог гэх асуудлаас Ц.М-ийн хүүхдүүд нь гэрээсээ хөөдөг, 2019 оны 12 сард цагдаа дуудаж баривчлуулсан нөхцөл байдал тогтоогдсон буюу цагдаа дуудсантай холбоотойгоор гомдол тээж, агсам согтуу тавихаар архи уучхаад очсон гэж үзэх үндэстэй байна.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн утас руу нь залгахаар утсаа авдаггүй байсан, эр, эмийн харилцааны асуудал, хардаж муудалцдаг байсан, хэрэг учрал болохын урд өдөр шүүгдэгчийн төрсөн өдөр нь байсан, үүнээс болж гомдож, уурласан байсан учраас утсыг нь авсан гэх өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Тодруулбал: хохирогч Ц.М-ийн “2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...“чи яасан их цагдаатай юм одоо чамайг ална” гэж хэлээд миний толгой болон элэг рүү гараараа цохиод ...гал тогооноос хоёр ширхэг хутга хоёр гартаа барьчихсан орж ирээд над руу хутга тулгаад “наад 2 гар утсаа өг” гэж хэлээд миний хоёр гар утсыг аваад куртикнийхээ энгэрийн халаасанд хийчихсэн. Тэгээд ... толгойгоороо миний нүүр лүү хоёр удаа мөргөтөл миний хамарнаас цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.М-ийн “...Тэгэхэд Б ах тэр өрөөнд хойноос нь орж ирэхдээ гал тогооны шүүгээнээс 2 ширхэг хутга, хоёр гартаа бариад эмээгийн хүзүү орчимд нь хутга тулгаад эмээгийн хоёр гар утсыг нь шүүрээд авчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.А-гийн “...Д.Б нэлээн халамцуу орж ирсэн, ..хоёулаа ганц шил юм ууя гээд надад халааснаасаа 5.000 төгрөг өгөөд би дэлгүүр орж архи авч орж ирсэн...бид хоёр архиа уугаад сууж байтал өмсөж явсан куртикнийхээ халааснаас 2 ширхэг гар утас гаргаж ирээд “энэ миний эмэгтэйн гар утас байгаа юм аа” гэж хэлээд буцаагаад халаасандаа хийсэн...намайг өглөө унтаж байхад яваад өгсөн байсан...”, шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн өдөр байсан, маргааш буюу 03-ны өдөр Баянхошууны тойргийн дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи худалдаж аваад гудамжинд зогсож байгаад тэр архиа ганцаараа ууж дуусгасан. Тэгээд шууд М-ийн гэрт яваад орсон ...А-гийнд очсон ба утсаа орон дээр нь гаргаад тавьсан ба найз хүүхнээсээ авчихлаа аваачиж өгөх ёстой гэж хэлж байснаа санаж байна...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд;
шүүгдэгч нь гар утаснуудыг худалдан борлуулаагүй, миний эмэгтэйн утас байгаа юм, утсыг нь аваачиж өгөх ёстой гэж хэлж байсан зэрэг нь хохирогчийн эд зүйлийг шунахайн сэдэлтээр авах санаа зорилго байгаагүй, харин төрсөн өдөр нь болсон, гар утасруу нь залгаад байхад утсаа авахгүй байсанд нь гомдох, уурлах, хардах байдлаар, мөн цагдаад дууддаг гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “чамайг ална” гэх байдлаар хүч хэрэглэн заналхийлж, хохирогчийг 2 ширхэг гар утсаа өгөхийг шаардан авсан гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн тухайн үед гомдолтой байсан, уурласан, утсаа авахгүй болохоор хардсаны улмаас утсыг нь авсан гэх тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй, эр эмийн хувийн харилцаанаас болсон байх тул дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн болохыг тодотгож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хуваарьт хөрөнгийн эрхэд халдсан гэх дүгнэлтийн тухайд: Хуваарьт хөрөнгө, дундын эд хөрөнгө гэх ойлголт Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгийн эрхийн зохицуулалтын хүрээнд хамаарах асуудал юм. Тодруулбал, Иргэний хуулийн 125 дугаар үйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заажээ. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл хуульд заасан хуваарьт хөрөнгө, дундын эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн буюу гэрлэгчидтэй холбоотойгоор гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийн асуудал хэлэлцэгдэх тохиолдолд нөгөө талд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлыг давхар авч үздэг харилцан хамаарА- хөрөнгийн эрхийн талаарх хуулийн зохицуулалт болно. Харин хамтран амьдрагч хүмүүсийн хувьд гэр бүлийн дундын хөрөнгө, хуваарьт хөрөнгийн асуудал нь хамаарахгүй тухайн иргэний өөрийн нь өмчлөх эрхийн асуудал хөндөгдөх юм. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын зохицуулалтыг Иргэний хуулийн гэр бүлийн хөрөнгийн эрхийн зохицуулалттай хамааруулан ойлгох нь зүйтэй юм. Тиймээс шүүгдэгч Д.Быг хамтран амьдрагч Ц.М-ийн хуваарьт хөрөнгийн эрхэд халдсан гэж үзэх боломжгүй энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг төлбөрийн тухайд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ын өмчлөлийн байшингийн 2 ширхэг вакус цонхны хохиролд 450.000 төгрөг /үнэлгээ хх71/, хохирогч Ц.М-ийн 2 ширхэг гар утас 450.000 /үнэлгээ хх66/, хх99 талд авагдсан эмнэлэгт үзүүлсэн, эм авсны хохиролд 195.600 төгрөг нийтдээ 1.095.600 төгрөг нэхэмжилснээс,
Шүүгдэгч нь хохирлыг дараах байдлаар барагдуулсан байна. Үүнд: хохирогч Э.Э-ЫН “...Д.Б-ын төрсөн дүү болох Д.Э ээжийн эмчилгээний зардал болон 2 ширхэг гар утас, цонхнууд хагалсан хохирлын мөнгө гэж 965.000 төгрөгийг надад дансаар шилжүүлсэн. Надруу шилжүүлсэн нийт мөнгөний 450.000 төгрөг нь 2 цонхны мөнгө гэж аваад үлдсэн мөнгийг нь хадам ээж Ц.М-т өгсөн...” гэх мэдүүлэг /хх31-33/. Мөн шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-нд хохирогч Ц.М-ийн хаан банк дахь ............... тоот дандсанд 130.600 төгрөг, нийтдээ хохирогч нарт 1.095.600 төлсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэсэн.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаар хорих ял тус тус оногдуулах, нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, гаргаж шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн үндэслэлээр хүндрүүлэх нөхцөлд байдА- гэж саналыг гаргасан гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын хуралдаанд: “шүүгдэгч нь хохиролыг бүрэн төлж барагдуулсан, ялтай байдал гэх ойлголт байхгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлий 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулан авч үзэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдА- гэж тус тус дүгнэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, түүний хувийн байдлын хувьд урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч хүний эсрэг эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан, үйлдэлдээ харгис, догшин авирлаж, тарчлаасан шинжтэй хандаж байсан нөхцөл байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Б-ын хамтран амьдрагч, хохирогч Ц.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, хохирогч Э.Э-ын өмчлөлийн өвлийн байшингийн вакум цонхыг санаатай эвдэж, гэмтээсэн үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, хамтран амьдрагч Ц.М-ийг байнга зодож, харис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгчийн хохирогч Ц.М-ийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэн, заналхийлж шаардан авсан үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах.
Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагаар эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудын талаар:
Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш цагдан хоригдсон буюу нийтдээ “98” хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Проркурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Б-г:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол урчуулсан,
мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,
мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /90 хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял /90 хоног/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын урьд цагдан хоригдсон 98 /ерөн найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч Ц.М-, Э.Э-ын нарт шүүгдэгч Д.Б-с хохиролд нийт 965.600 төгрөг төлсөн, шүүхийн энэ тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Б.ДАШДОНДОВ
Г.ГАНБААТАР