Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 632

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын 7-р баг, ******* арц 3-р гудамж, 00 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч тоотод оршин суух ******* ******* овогт гийн //-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний улмаас учирсан хохирол 2,450,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнэ 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч З., хариуцагч Л., түүний өмгөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие 2015 оны 12-р сарын 13-ны өдөр Л.тай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулан Ниссан навара маркийн улсын дугаартай автомашиныг 18,000,000 төгрөгөөр худалдаж авахаар, машины үнийг нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд машиныг аваад хөдөө гэрлүүгээ явсан. ******* аймгийн төв ирээд маргааш өглөө нь 7 цагийн босоод асаах гэтэл асахгүй бас түлшний даачиг нь ажиллахгүй болохоор нь Л. болон түүний нөхөрт утсаар залгаж асуухад зуны түлштэй болохоор тэгж байгаа байх гэхээр тийм байх гэж бодоод гал түлж асаагаад сум руугаа явсан. Ирээд маргааш өглөө нь асаах гэтэл бас л асаагүй, эхэндээ зуны түлшиндээ тэгж байгаа байх гэж бодоод сумынхаа бохирын байгууламжид гуйж хонуулдаг байсан. Сүүлдээ утсаар яриад асахгүй байна болохгүй бол сайн халаагч аваад өгөөч гэхэд халаагч авч өгөх юм яриад байснаа өгөхгүй болохоор нь халаагчаа солиад үзэхэд яг адилхан зарцаад байсан. Ингээд машиныг буцааж өгье гэж Л., нартай энэ талаар утсаар ярихад өмнөөс уурлаж гэрээ байгуулсан учир машиныг буцааж авахгүй гэж загнасан. Ингээд машиныг буцааж өгөхөөр шийдэж 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу явж байтал Лүнгийн пост өнгөрөөд тосолоо тургиад явахгүй болсон. Улаанбаатарт ирээд Моnnis засварын газар оношлуулахад кришкний жийрэг нь хагарсан байсан. Ингээд би засварын газар кришкний жийрэг солиулсан боловч тосоо хаясан хэвээр байсан болохоор кришкийг бас сольсон ба дахин оношлогоо хийлгэхэд өндөр даралтын насос хэмжээндээ хүртэл заахгүйн улмаас асалт удаашрилтай байна гэсэн. Засварын газрын засварчин уг машиныг урьд өмнө нь өөр хүмүүс утсаар залгаж оношлуулж байсан би ирээд засуул гэсэн боловч ирээгүй гэж хэлж байсан. ... машиныг буцааж өгөхөөр гэрт нь очиход хэрвээ буцааж өгөх гэж байгаа бол 2 сая төгрөг өгч байж буцааж өг гээд авахгүй байхаар нь түлхүүрийг нь өөрсдийнх нь дэргэд гэрт нь үлдээгээд 2 сая төгрөг хүнээс авахаар явж байтал араас утасдаж хурдан ирэхгүй бол ална, 22-ын товчоогоор гаргахгүй гээд утсаар дарамтлаад байсан ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн ахмад Буяндэлгэр байна, луйварчин минь хурдан ирж энэ асуудлаа шийд, хэрэв ирэхгүй бол хаана байгаа газраас чинь баривчлаад шоронд чинь хийгээд өгнө шүү гэж яриулаад байсан тул айгаад шууд унаанд сууж ******* явсан. ... миний хувьд гэрээний хугацаа дуусахаас өмнө машиныг буцааж өгсөн. Машиныг өөрийн мөнгөөр засаж, янзлахад нийт 2,450,000 төгрөг болсон. Иймд Л.тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, машиныг засаж, янзалхад гаргасан зардал 2,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Мөн тэрээр сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа “ ... намайг хуурч илт доголдолтой машин шилжүүлсэн, хэрэв би ийм доголдолтой машин байсныг мэдсэн бол худалдаж авах гэрээ байгуулахгүй байсан. Надад худалдахаас өмнө *******н Баяраа гэж хүнд худалдаад мөн арав хонохгүй буцаагдаж байсныг би сүүлд хүнээс олж мэдсэн. Өөрийн гаргасан нэхэмжлэл хэвээрээ байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.  

Хариуцагч Л. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Т.******* нь над руу удаа дараа ярьж надад унаа тэрэг хэрэгтэй байна Ниссан навара маркийн машиныг чинь авмаар байна. Мөнгийг нь хашаа байшингаа зараад хавар өгнө гэсэн. Ингээд 2015 оны 12-р сарын 12-нд Т.******* автомашиныг унаж хөдөлгөөнд оролцон шалгаж үзээд 2015 оны 12-р сарын 13-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулан 18,000,000 төгрөгийг 2016 оны 5-р сарын 20-ны өдөр бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож автомашиныг бүрэн бүтэн хүлээж авсан. Би ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй машин худалдаагүй. Т.******* нь өөрөө хөдөө орон нутагт унаж хэрэглэж байсан үедээ гэмтэл учруулж засвар хийлгэсэн хөлсөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа учир машиныг буцааж авахгүй, энэ засвар үйлчилгээ хийсэн талаар зардлыг би хариуцах үндэслэлгүй.” гэжээ.

Мөн хариуцагч Л. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “ ... бид 23 сая төгрөгийн үнэтэй хашаа байшингаар машинаа тулахгүй, өөрөө түүнийгээ зараад машины үнэ 18 сая төгрөгийг өг гэж харилцан тохиролцож 2015 оны 12-р сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж машиныг бүрэн бүтэн байдлаар *******од хүлээлгэн өгсөн. Ингээд Т.******* нь автомашиныг унаж шалгаж авсан. Ингээд Т.******* нь 2015 оны 12-р сарын 13-ны өдрөөс хойш хөдөө орон нутагт уг автомашиныг хэрэглэж байсан. 2016 оны 01-р сарын 25-ны өдөр Т.******* нь хотод танай гэрийн гадаа ирчихлээ гэхээр нь нөхөр бид хоёр гараад очиход нэг залуутай цуг ирчихсэн байсан. Тэгээд гэрт цуг ороод намайг цай, хоол хийх зуур наймаагаа буцаах талаар ярьж байгаад буйдан дээр машины түлхүүрээ үлдээгээд явсан байсан. Машин тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч хөдөлгөөн хийгээгүй манай байшингийн гадаа байгаа. ... миний зүгээс ямар нэгэн доголдолтой автомашин нэхэмжлэгчид шилжүүлээгүй, гэмтэл үүссэн бол худалдаж авснаас хойш үүссэн болно. Иймд автомашин худалдах-худалдан авах гэрээ хүчинтэй байгаа тул алданги тооцохгүйгээр автомашины үнэ 18,000,000 төгрөгийг Т.*******оос гаргуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Л.д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний улмаас учирсан хохирол 2,450,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Л. нь худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнэ 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн талаар үйл баримтыг тодруулбал, нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Л. нар нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Л. нь улсын дугаартай Ниссан Навара маркийн автомашиныг нэхэмжлэгч Т.*******од шилжүүлж, нэхэмжлэгч нь худалдан авсан автомашины үнэ 18 сая төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь ийнхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй боловч нэхэмжлэгч Т.******* нь хариуцагчийг биет байдлын доголдолтой буюу эвдрэл, гэмтэлтэй автомашин шилжүүлсэн, энэ доголдлын талаар худалдан авагчид хэлэхгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээг цуцалж, автомашиныг засаж, янзлуулахад гарсан зардлаа нэхэмжилнэ гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ямар нэгэн доголдолгүй автомашин шилжүүлсэн, худалдан авагч машиныг авахдаа өөрөө унаж үзэж, шалгаж авсан, хэрэв эвдрэл үүсэн бол худалдан авсанаас хойш үүссэн эвдрэл байх ёстой гэж татгалзалдаа дурдсан ба автомашины үнийг нэхэмжилсэн байна. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ.

 

Худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл болохын хувьд гэрээний зүйл болох хөрөнгө нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байх ёстой. Гэрээний зүйл нь чанарын хувьд шаардлага хангасан тохиолдолд биет байдлын доголдолгүй гэж тооцогдох ба энэ нь гэрээний зүйлийг тодорхойлох хамгийн гол шинжийн нэг юм. Тодруулбал худалдагч гэрээнд заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлснээр худалдан авагч талаас үнийг шаардах эрх үүснэ. 

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан ба талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд автомашины чанарын талаар заагаагүй тул мөн хуулийн 251.2-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой бол эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

 

Худалдан авсан Ниссан Навара маркийн автомашины чанарын доголдол буюу дотор эд ангийн эвдрэл, гэмтэлтай байдал илэрч, унах боломжгүй болсон учир машиныг Улаанбаатар хотод авчирч засаж янзлуулсан талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа дурдсан ба энэ талаар гэрч Баясаагийн “ ... ******* уг Ниссан Навара маркийн автомашиныг манай засварын газарт авчирч засуулж янзлуулж байсан, машины гришкиний жийрэг сэтэрсэн байсан, энэ машины мотортой холбоотой эвдрэл юм, ... өмнө нь энэ машиныг засуулах талаар Энтайван гэж хүн надтай утсаар ярьж байсан боловч ирээгүй ба дараа нь *******од зарсан байсан ... “, гэрч Б.ын “ ... энэ машиныг авсанаас хойш бараг унаагүй, граажид л байлгаж байгаад буцааж өгсөн, ... хүмүүс та хоёр чинь 18 сая төгрөгөөр машин авсан гэсэн яагаад унахгүй байгаа юм бэ гэж асуудаг байсан ... би *******од 18 сая төгрөгөөр авсан машин чинь ийм их эвдрэлтэй асахгүй байгаа нь ямар учиртай юм бэ, буцааж өгвөл яасан юм гэж хэлэхэд эхэндээ зуны түлштэй болохоор асахгүй байгаа, гайгүй байхаа гэж хэлж байсан, ... сүүлдээ буцааж өгөхөөс аргагүй болсон ... “ гэсэн мэдүүлэг, Моннис авто засварын газраар оношилгоо хийлгэсэн баримт зэргээр тухайн автомашин доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Автомашины дотоод эд ангийн доголдол нь далд доголдолд хамаарах тул нэхэмжлэгчийг хүлээж авах үед уг доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх ба нөгөө талаар хариуцагч доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн буюу өөрийн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.   

 

Ийнхүү хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах нөхцөл болох ба гэрээг цуцлах саналаа илэрхийлж, 2016 оны 02 дугаар сард машиныг буцааснаар нэхэмжлэгчийг хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байгаагаа нөгөө талдаа боломжит хугацаанд мэдэгдсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.”, мөн хуулийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.******* нь хуульд заасан хугацааны дотор худалдан авсан автомашины доголдолтой холбоотойгоор гэрээг цуцлах, учирсан хохиролоо гаргуулах шаардлага гаргасан нь хуульд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй ба Б.******* нь автомашиныг хариуцагчид буцаан өгсөн нь түүний “ ... 2016 оны 02 дугаар сарын 23-нд , нарт машиныг авчирч өгөхөд машинаа буцааж авахгүй, 2,000,000 төгрөг өгч байж буцааж өг гэхээр нь түлхүүрийг өөрсдийнх нь дэргэд гэрт нь үлдээсэн ... “, хариуцагч Л.гийн “ ... Т.******* би хот руу орж ирлээ гэж утсаар яриад гэрт ирээд наймаагаа буцаах талаар ярьж байгаад утсаар яриал гадагшаа гарсан, машины түлхүүрийг буйдангийн завсар орхиод гарсан, энэ машин одоо ч манай байрны гадаа яг тэр хэвээрээ байж байгаа ... “ гэх тайлбараар тухайн автомашин хариуцагчид буцаан шилжсэн ба нэхэмжлэгч машины үнийг төлөөгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.******* машинд засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал 2,450,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэргийн 5-р хуудсанд 2,390,000 төгрөгийн баримт, нэхэмжлэх хуудас авагдсан боловч дээрх баримтаар авсан эд зүйл, үйлчилгээний хөлс нь улсын дугаартай Ниссан Навара маркийн автомашинд зориулагдсан эсэх, талууд гэрээндээ доголдлын талаар тусгаагүй байтал нэхэмжлэгч ямар тоо, хэмжээ чанарын эд ангийг сольж тавьсан нь тодорхойгүй байх ба ийнхүү эд ангийг сольж, засвар хийснээр тухайн автомашины биет байдлын чанар дээрдсэн, доголдол арилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирол 2,450,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээр дурдсан үндэслэлээр шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь худалдан авсан улсын дугаартай Ниссан Навара маркийн автомашиныг биет байдлаар хариуцагч Л.д буцаан өгөх үүрэгтэй. Иймд шүүх автомашины үнэ 18 сая төгрөг гаргуулах талаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 302,100 төгрөг, хариуцагч Л.гийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 247,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Л. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг гэрээний улмаас учирсан хохирол 2,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.гийн 18,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 302,100 төгрөг, хариуцагч Л.гийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 247,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамж 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ЛХАГВАСҮРЭН