| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0789/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 810
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Т.А / РД:................/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлаас Нисэх сонсголон чиглэлийн автобусанд зорчиж явсан иргэн Г.Э-гийн үүргэвчнээс “Тошиба ай-3” загварын зөөврийн комьпютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 390.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Г.Э-гийн мэдүүлэг /хх12/, гэрч Б.А-гийн мэдүүлэг /хх15/, гэрч Д.Г-гийн мэдүүлэг /хх72/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх22/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх23/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны дүгнэлт /хх26/, Т.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх69/, шүүгдэгч А.Т-гийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх36/, оршин суугаа газрын тодорхойлт /хх37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх39/ зэрэг хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Т.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Г.Э-гийн “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би хичээлээ тараад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлаас Нисэх сонсголон чиглэлийн автобусанд суугаад явж байгаад үүргэвчнээсээ “Тошиба ай-3” загварын хар өнгийн зөөврийн комьпютер алдсан. Би алдсан комьпютероо олоод авсан болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх12/,
2. Гэрч Б.А-гийн “...Би А-г нөөтбүүк авсаныг нь хараагүй, бууя гэхээр нь дагаад буусан, тэгээд явж байгаад такси бариад 1 дүгээр хороолол орох гээд сууж байхад энгийн хувцастай цагдаа ирээд манай найз А-гийн бариад авсан...” гэх мэдүүлэг /хх15/,
3. Гэрч Д.Г-гийн /эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч/ “...Т.А нь үл таних хүний хамт сэжиг бүхий энгэртэй нэг юм хийчихсэн автобуснаас буугаад такси бариад явах гэж байна. Би тэр үед нэг юм хулгайлчихсан байна гэж бодоод араас нь очиж саатуулан үзэхэд энгэрээс нь “Тошиба” загварын зөөврийн комьпютер гарч ирсэн. Тэгээд шалгаж үзэхэд 21 настай эмэгтэй Г.Э гэгч нь автобусанд явж байхдаа үүргэвчнээсээ хулгайд алдсан болохыг олж тогтоосон...” гэх мэдүүлэг /хх76/,
4. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх22/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх23/,
5. 2018 оны 3 дугаар сард “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр хохирогчийн Нөөтбүүкийг 390.000 төгрөгөөр үнэлжээ /хх26/,
6. А.Т-гийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 01-ны өдөр 19 цагийн үед автобусанд явж байхад урд хаалганы хажууд үүргэвч үүргэсэн үүрсэн эмэгтэй хүн цаашаа хараад зогсож байсан. Автобусанд нилээн хүн ихтэй явж байсан. Тэгээд тэр эмэгтэйн ард очиж зогсоод цүнхний цахилгааныг татаж онгойлгоод дотроос нь хар өнгийн “Тошиба” гэсэн нэртэй зөөврийн комьпютер байхаар нь аваад энгэртээ хийгээд явсан. Тэгээд автобуснаас буугаад таксины зогсоолын орчим энгийн хувцастай цагдаа нарт баригдсан. Цагдаад баригдаад хураалгачихсан. Эзэнд нь буцаагаад өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх72-73/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.А:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд Т.А нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлаас Нисэх сонсголон чиглэлийн автобусанд зорчиж явахдаа иргэн Г.Э-гийн үүргэвчнээс “Тошиба ай-3” загварын зөөврийн комьпютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Г.Э, гэрч Б.А, гэрч Д.Г /эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч/ нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч А.Т-гийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон, тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн зөөврийн компьютерт үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 390.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч А.Т-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогчийн үүргэвчнээс зөөврийн комьпютерийг авснаар гэмт үйлдэл нь төгссөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан, түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Г.Э нь “Тошиба ай-3” загварын зөөврийн комьпютерийг биет байдлаар хүлээн авсан, цаашид хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Т.Аийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эд зүйл хүлээлгэн өгсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь урьдаас төрсөн буюу автобусанд зорчин явахад хүн ихтэй байдлыг далимдуулан бусдын эд зүйлийг хулгайлж авсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Мөн шүүгдэгч Т.Аийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэсэн хэдий ч цагдаагийн албан хаагчийн шалгалтын үр дүнд хулгайлсан үйлдэл илэрсэн байх тул эд зүйлийг хүлээлгэн өгсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Т-гийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эд зүйл хүлээлгэн өгсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэгүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР