Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч М.Г, П.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г, П.З нарт холбогдох эрүүгийн _ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, М.Г.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, П.З.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Г нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим иргэн Д.Лийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.З нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим иргэн З.Гийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.З мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Згийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим А-ийнд байж байтал Л ирсэн. Дараа нь бас нэг найз Т ирсэн. Ингээд бид нар А-ийнд нэг шил архи хуваан ууж ярьж сууж байгаад 2019 оны 3 дугаар сарын 05-ны 01 цагийн орчим Өргөөгийн замын урд талд байрлах бааранд орсон. Тэндээ сууж байгаад 04 цагийн орчим баар хаалаа гэхэд нь тэндээс гарсан. Ингээд гарахад Л үүдэнд хоёр охин, нэг залуугийн хамтаар юм яриад зогсож байсан. Тэгээд тэр 4 Номингийн тийш алхахаар нь А- бид хоёр араас нь дагаад алдсан. Гэтэл Номингийн тэнд очтол Л нөгөө хоёр охиныг ийшээ явъя гэхэд нөгөө залуу нь тэр охиныг явуулахгүй хоргоогоод байхаар нь би нөгөө залууг нь чи явчихаач дээ гээд зүүн талын гараараа нүүр лүү нь алгадчихсан. Гэтэл машин дотроос өндөр нам хоёр залуу гүйж ирээд улаан куртиктай намхан залуу нь миний төмсөг рүү өшиглөхөөр нь би доош суутал хажууд байсан Лийг цохисон. Тэгтэл бас Л доош тонгойсон бөгөөд яасан гээд намайг яваад очиход хамраас нь цус гарч байсан. Энэ үед эргүүлийн хоёр цагдаа хүрч ирээд бид З-г гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Харин нөгөө улаан куртиктай намхан залууг аваад явсан. Тэгээд бид гурав гэмтлийн эмнэлэг ортол Лийн хамрыг оёсон. Би төмсөг өвдөөд байгаа тухайгаа хэлтэл тэнд үзэхгүй нэгдүгээр эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь тэнд үзүүлэхэд сойлт хийгээд уя гэсэн бөгөөд маргааш нь гайгүй болчихсон.

Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыгаа өмөөрсний улмаас иргэн Гий эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 50-52/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Ггийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Элмит гэдэг бааранд Гэ, Б бид 3 орж үйлчлүүлсэн. Тэгээд тэнд сууж байхдаа Гэ хоёр охинтой танилцсан бөгөөд баарнаас 2019 оны 3 дугаар сарын 05-ны шөнийн 03 цаг орчим тэр хоёр охинтой гарч иртэл араас тэр бааранд байсан 3 ах бас гарч ирсэн. Энэ үед би машин руу очиж машиндаа хоёр найзыгаа хүлээгээд суусан. Гэ, Б хоёр нөгөө ах нар болон хоёр охинтой ярилцаад үлдсэн юм. Гэтэл нэг харсан чинь нөгөө 3-н ахын нэг бүдүүн ах нь манай найз Гийг эхлээд нүүр лүү цохиод дараа нь элгэдэж харагдахаар нь би машинаас буугаад гүйж очоод Гийг бас цохих гээд дайрч байсан өндөр туранхай тэр ахын нүүр лүү цохисон. Тэгтэл эргүүлийн цагдаа нар бид нар дээр ирээд нөгөө ах нарыг гэмтлийн эмнэлэг рүү явуулаад бид нарыг тус цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн.

Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 35-37, 55-56/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр З болон А- гэдэг хоёр найзын хамт А- найзын гэрт уулзаад архи дарс ууж ярьж сууж байгаад 2019 оны 3 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн орчим Өргөө кино театрын урд талд байрлах Пламинго гэдэг бааранд орсон. Тэндээс шөнийн 04 цагийн орчим гарсан бөгөөд гараад зогсож байхад танихгүй хоёр охин зогсож байсан бөгөөд тэр хоёртой сайн уу гэх мэтээр яриа өдөөд юм яриад зогсож байтал бас нэг танихгүй залуу тэр хоёр охинтой зогсож байсан. Тэгээд нөгөө хоёр охинтой бөөнөөрөө зам гарч Номин их дэлгүүрийн үүдэнд зогссон. Тэгээд нөгөө хоёр охин болохоор бид хоёр ингээд явчихъя гэсэн чинь хамт байсан хоёр залуу тэр хоёр охиныг машинд суучих хамт явъя гэхээр нь тэр хоёр охинд “та хоёрыг би эндээс таксинд суулгаад явуулъя, такси бариад өгье, бид нар салаад явчихна“ гэтэл тэр хоёр охин “бид хоёр шууд харих хэрэгтэй байна, та нартай явмааргүй байна”  гэхэд найз З хоргоогоод байсан 3 залуугийн өндөр залууг нь “та нар одоо харьцгаа явцгаа” гээд мангастчихсан. Тэгэнгүүт цаана машин дотор сууж байсан хоёр залуу гүйж ирээд шууд нэг нь миний нүүр лүү цохитол хамраас цус гарч хэсэг манараад босоод иртэл цагдаа нар ирсэн байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очтол хамрын яс хугарсан байна гээд тариа хийж 3 хэсэг газар оёдол тавьсан.

Би Гтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 6-7, 64/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Гий өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчим хороололд байрлах Элмит гэдэг бааранд Г, Б гээд хоёрын найзын хамт орсон. Тэгээд тэндээ бид нар ярьж сууж байгаад 2019 оны 3 дугаар сарын 05-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад тэндээс гарсан. Тэр бааранд байхдаа 2 охинтой танилцсан бөгөөд би тэр хоёр охинтой гадаа үлдээд Г, Б хоёр машинд суух гээд түрүүлээд явсан байсан. Тэгээд уг баарнаас 3 ах гарч ирж байсан бөгөөд тэр гурван ахын нэг нь бид нарын танилцсан охины нэгтэй нь танилцсан байсан бөгөөд намайг ахын дүү яв гэхээр нь би тэр ахад таньтай ах дүү байснаа санахгүй байна гэхэд тэр ахтай хамт байсан хар ногоон куртиктай залуу баруун талаас нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг зөрүүлээд цохитол нөгөө 3 ах гурвуулаа нийлээд над руу дайртал машинд намайг хүлээж байсан Г, Б хоёр хүрч ирээд Г одоо хамраа хугалуулсан гээд байгаа залуугийн нүүр лүү цохисон.

Би П.Зтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-13, 66/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Л, З бид гурав манайд нэг шил архи ууж ярьж сууж байгаад 2019 оны 3 дугаар сарын 05-ны 01 цагийн орчим бааранд сууя гээд манайхаас гарч Өргөөгийн замын урд талд байрлах бааранд орсон. Тэндээ уг баар хаатал сууцгааж байгаад гарахад гадаа хоёр охин хоёр залуутай юм яриад нэг охин нь такси барих гээд зогсож байтал Л тэр охиноос “та нар хаашаа явах юм бэ” гэхэд нөгөө охин нь “би та нартай ч явахгүй, эд нартай ч явахгүй, такси бариад явах гэтэл явуулахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь Л “би тэгвэл таксинд суулгаад өгье” гэтэл нэг залуу “та нар юун хүмүүс вэ” гэхээр нь З зүгээр таксинд суулгаад явуулах гэж байна шүү дээ гээд тэр залуугийн мөр лүү түлхтэл цаана машинаас хоёр залуу гарч ирээд улаан куртиктай намхан залуу нь Зг шууд өшиглөөд ороод ирсэн. Ингээд З доош суутал Л яаж байгаа юм бэ гээд дөхөөд иртэл нөгөө улаан куртиктай залуу нь Лийн нүүр лүү цохиод авсан. Харин Л доош тонгойтол хамраас нь цус гараад ирсэн. Энэ үед эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг гэмтлийн эмнэлэг явахыг зөвлөөд нөгөө улаан куртиктай залууг аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бий өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 04-ний орой Өргөө кино театрын урд талд байрлах бааранд орсон. Тэгээд уг бааранд Гэ, Г хоёр нэг нэг шил пиво уусан, харин би машин барьж байсан учраас пиво архины зүйл уугаагүй. Тэгээд тэр бааранд 3 охинтой танилцаад баар хаалаа гэх үед тэр баарнаас гараад байж байтал нэг охин дээр нь нэг залуу ирээд юм яриад байж байтал нэг охин нь такси бариад явчихсан. Тэгээд үлдсэн хоёр охинтой нь зам гараад Г бид хоёр машиндаа суугаад Гэ нөгөө хоёр охин болон бас танихгүй 3 залуугийн хамтаар Номингийн урд талд юм яриад инээгээд үлдсэн. Тэгээд 2, 3 минутын дараа нөгөө залуугийн арай бүдүүн, юүдэнтэй цамц өмссөн залуу нь Гийг цохиод авахад Г бид хоёр машинаас буугаад Г надаас түрүүлээд тэд нар дээр гүйгээд очсон. Би машинаа түгжээд араас нь очтол Г хар савхин куртиктэй залууг нүүр лүү нь нэг цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь ортол юүдэнтэй цамцтай залуу намайг цохих гээд өрөлт аваад байхаар нь би арагш зайгаа аваад байж байтал эргүүлийн цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 3045 тоот: 

1. З.Гийн биед баруун нүдний алимны цус хуралт, цээжний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 2070 тоот: 

1.2. Д.Лийн биед хамрын ясны зөрүүтэй, цөмөрсөн ил хугарал, хамарт няцарсан шарх (хоёр ширхэг), тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт /хх-н 23/,

 

- Хохирогч нарын хүсэлт /хх-н 81, 82/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40, 71/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 72/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42, 43/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч М.Г нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим иргэн Д.Лийн биед халдаж биед хамрын ясны зөрүүтэй, цөмөрсөн ил хугарал, хамарт няцарсан шарх (хоёр ширхэг), тархи доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Згийн “...2019 оны 3 дугаар сарын 05-ны 01 цагийн орчим Өргөөгийн замын урд талд байрлах бааранд орсон. Тэндээ сууж байгаад 04 цагийн орчим баар хаалаа гэхэд нь тэндээс гарсан. Ингээд гарахад Л үүдэнд хоёр охин, нэг залуугийн хамтаар юм яриад зогсож байсан. Тэгээд тэр 4 Номингийн тийш алхахаар нь А- бид хоёр араас нь дагаад алдсан. Гэтэл Номингийн тэнд очтол Л нөгөө хоёр охиныг ийшээ явъя гэхэд нөгөө залуу нь тэр охиныг явуулахгүй хоргоогоод байхаар нь би нөгөө залууг нь чи явчихаач дээ гээд зүүн талын гараараа нүүр лүү нь алгадчихсан. Гэтэл машин дотроос өндөр нам хоёр залуу гүйж ирээд улаан куртиктай намхан залуу нь миний төмсөг рүү өшиглөхөөр нь би доош суутал хажууд байсан Лийг цохисон. Тэгтэл бас Л доош тонгойсон бөгөөд яасан гээд намайг яваад очиход хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,  

 

шүүгдэгч М.Ггийн “...би машинаас буугаад гүйж очоод Гийг бас цохих гээд дайрч байсан өндөр туранхай тэр ахын нүүр лүү цохисон. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Лийн “...тэр хоёр охин “бид хоёр шууд харих хэрэгтэй байна, та нартай явмааргүй байна” гэхэд найз З хоргоогоод байсан 3 залуугийн өндөр залууг нь “та нар одоо харьцгаа явцгаа” гээд мангастчихсан. Тэгэнгүүт цаана машин дотор сууж байсан хоёр залуу цаанаас гүйж ирээд шууд нэг нь миний нүүр лүү цохитол хамраас цус гарч хэсэг манараад босоод иртэл цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.А-ийн “...З доош суутал Л яаж байгаа юм бэ гээд дөхөөд иртэл нөгөө улаан куртиктай залуу нь Лийн нүүр лүү цохиод авсан. Харин Л доош тонгойтол хамраас нь цус гараад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бий “...Би машинаа түгжээд араас нь очтол Г хар савхин куртиктай залууг нүүр лүү нэг цохиод авсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 2070 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч П.З нь 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим иргэн З.Гийн биед халдаж баруун нүдний алимны цус хуралт, цээжний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч П.Згийн “...Номингийн тэнд очтол Л нөгөө хоёр охиныг ийшээ явъя гэхэд нөгөө залуу нь тэр охиныг явуулахгүй хоргоогоод байхаар нь би нөгөө залууг нь чи явчихаач дээ гээд зүүн талын гараараа нүүр лүү нь алгадчихсан. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзыгаа өмөөрсний улмаас иргэн Гий эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч М.Ггийн “...нэг харсан чинь нөгөө 3-н ахын нэг бүдүүн ах нь манай найз Гийг эхлээд нүүр лүү цохиод дараа нь элгэдэж харагдахаар нь би машинаас буугаад гүйж очоод Гийг бас цохих гээд дайрч байсан өндөр туранхай тэр ахын нүүр лүү цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч З.Гий “...хар ногоон куртиктай залуу баруун талаас нүүр лүү гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бий “...Номингийн урд талд юм яриад инээгээд үлдсэн. Тэгээд 2, 3 минутын дараа нөгөө залуугийн арай бүдүүн, юүдэнтэй цамц өмссөн залуу нь Гийг цохиод авахад Г бид хоёр машинаас буугаад Г надаас түрүүлээд тэд нар дээр гүйгээд очсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 3045 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Г, П.З нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Г, П.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч З.Гэ, Д.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Д.Л “...Би Гтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 6-7, 64/, хохирогч З.Гэ “...Би П.Зтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-13, 66/ тус тус өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Г, П.З нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос М.Г, П.З нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Г, П.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Г, П.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, П.З нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г, П.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ