Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

гэрч О.Н, Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Т.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панарома” зочид буудалд иргэн Т.Лгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө буудлын өрөөний 404 тоотод хүмүүс зодолдоод байна, намайг хэлэхээр ална гээд байна, та очоод салгаад өгөөч гэж тухайн үед буудал ажиллаж байсан Н гэх эмэгтэй над дээр хүрч ирээд хэлсэн. Тэгээд би Нтай хамт буудлын 404 тоот өрөөнд очиход согтуу 3 залуу, 2 эмэгтэй байсан. Намайг ороход өрөөний эд зүйлийг эвдчихсэн, нэгийгээ орны хажууд нэг нь дараад уначихсан байдалтай байсан, би тухайн өрөөнд очоод энэ буудлыг хариуцаж ажилладаг хүн байна, та нар ингэж болохгүй одоо гарцгаа /тухайн үед буудалд тохижилт үйлчилгээний засварын ажил хийгдэж байсан учраас зочин хүлээж авдаггүй ажиллаагүй байсан/ гээд нөгөө орны хажууд нэгийгээ дараад байж байсан залуу дээр очоод наад хүн чинь амьсгаа авахад хэцүү байгаа юм биш үү гээд татаад болиулахад 2-лаа босч ирээд над руу дайраад чи яагаад бид нарын асуудалд оролцоод байгаа пизда вэ чамд хамаагүй зайл гээд миний хоолой руу гараараа шахаад хаалга руу түлхээд гаргасан. Дахиж би тэр өрөөнд ороогүй, миний дараа манай хамгаалалтын ажилтан А тэр өрөөнд ороод шаардлага тавиад болиулсан. Тэгээд дахиад нөгөө өрөөнд хүмүүс орлилдоод эхлэхээр нь Нгийн утсаар 102 луу залгаад манай буудалд хүмүүс зодолдоод байна гэж  дуудлага өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Н мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-ний өдөрт шилжих шөнө 404 тоот өрөөнд орсон хүмүүс хоорондоо муудаж маргалдаад дээрээс нурчих гээд байгаа юм шиг түжигнээд их дуу чимээ гараад байхаар нь очоод чагнахад муухай үгнүүд хэлээд хэрэлдээд байхаар нь болиулах санаатай ортол нэг нүцгэн залууг цагаан футболктой залуу орны хажуу талд унагачихсан дээр нь гараад дарчихсан “би чамайг ална” гээд байж байсан, тэгэхээр нь би “хүүеэ та нар болиочээ” гэхэд намайг тоож байгаа шинжгүй байхаар нь би салгана гэж худлаа юм байна гэж бодоод доошоо буугаад баарны эзэн О ахыг дуудаад “та дээр зодолдоод байгаа хүмүүсийг салгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт 404 тоот өрөөнд ороод та нар боль гээд О ах нөгөө 2 залууг салгаад 2 гартаа нэг нэгээр нь бариад 00-ын хаалганы хажууд нилээн хэсэг зохицуулах гэж зогссон. Тэгээд тэр хүмүүсийг болихгүй байхаар нь бид 2 за за орхъё наад хүмүүс чинь болихгүй юм байна гээд бид 2 доошоо буусан. Тэгээд бид 2-той зөрөөд Аагий ах ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.А мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Панарома зочид буудлын 404 тоот өрөөнд ганцаараа зодоон болсны дараа очсон. өрөөнд ороход их замбараагүй байдалтай байсан. Тэгээд би удалгүй гарсан. Оыг өрөөнөөс гараад явсны хэсэг хугацааны дараа очсон тэнд болсон зодооны талаар ямар нэгэн зүйл хараагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Оы өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийж байхад зочид буудлын 4-н давхрын 404 тоот өрөөнд орсон хүмүүс хоорондоо маргалдаж, зодолдоод нилээн дуу, чимээ гараад байсан бөгөөд тухайн буудлын зохион байгуулагч Н над дээр ирээд ахаа дээр өрөөнд байгаа хүмүүс зодолдоод, шаардлага тавихаар өөдөөс хэрэлдээд, ална, тална гээд байна, та хамт очоод өгөөч гэхээр нь би 3 давхраас дээш гарч 4-н давхрын 404 тоот ортол, тухайн өрөөнд байсан гурван залуугийн нэг нүцгэн залуу доороо орчихсон, дээр нь байгаа залуу нь цамцтай нүцгэн залуугаа дарчихсан байсан. Харин өөр нэг залуу бас дээгүүрээ нүцгэн, чи муу босоод ир гээд хэрэлдээд зогсоод байсан. Тэгээд би эхэндээ тэр залуучуудад та нар энэ олон нийтийн газар ингэж болохгүй, та нар нэг өрөөнд тоо хэтрүүлсэн байна, одоо энэ өрөөнд байх ёстой хүмүүс нь үлдээд, илүү хүмүүс нь гарчих гээд нөгөө бие, биенээ дараад байсан залуучуудын нэг залууг татаад, чи наад залуугаа босго гэтэл, нөгөө дээгүүрээ ганцаараа цамцтай байсан залуу нь чи хэн юм гээд намайг заамдаад авах үед нөгөө хоёр нүцгэн залуу нь бас надруу дайрсан. Тэр үед буудлын зохион байгуулагч Н хүүе та нар болио, наад хүн чинь манай захирал байгаа юм гээд салгасан, тэр үед буудлын камер хянагч А доороос гарч ирэн намайг нөгөө гурван залуугаас салгаад 404 тоот өрөөнөөс гаргасан. Тэгээд би буудлын зохион байгуулагч Нд яаралтай цагдаа дуудаж шалгуул, тэгэхгүй бол наад хүмүүс чинь бие, биенээ алж мэднэ гэж хэлээд доош буун өөрийнхөө хариуцсан бааранд орсон. Тэгээд байж байтал нөгөө 404 тоот өрөөнд байсан хүмүүс дээр дуудлагаар цагдаа нар ирээд дотогш орон шалгаад байсан бөгөөд гарахдаа гэр бүлийн маргаан байна гээд гараад явсан. Харин сүүлд намайг баараа хаагаад, тооцоогоо тулгаад сууж байтал нөгөө 404 тоот өрөөнд намайг анх ороход дээгүүрээ нүцгэн хоёр найзынхаа хажууд босоод ир гээд нэгэндээ уурлаад байсан залуу өөрийгөө Баагий гэж танилцуулаад, за жоохон хүндрүүлсэн бол уучлаарай дотор жоохон муу байна гэхээр нь би нэг стекан 50 грамм орчим архи хийгээд өгсөн чинь Баагий гээд нэг татчихаад гараад явсан. Тэгээд өөр юм болоогүй. Намайг анх ороход тэр гурван залууд ил харагдах шарх, гэмтэл харагдаагүй. Л гэх залуутай уулзаж 500.000 төгрөг өгсөн.

Тэр мөнгийг өгсөн гол шалтгаан нь би тэр залуутай уулзаад чи худлаа үнэн нь мэдэгдэхгүй сонин юм яриад, гомдол гаргаад байх юм, тухайн үед би чамайг цохиод байсан юм байхгүй гэж л өгсөн. Тэрнээс биш би чамайг цохиогүй, харин энэ эмчилгээний мөнгийг би чамд байгууллагаа бодоод өгч байгаа юм гэсэн чинь Л надад чи 700.000 төгрөг өгчих тэгээд салъя гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 43-44, 51/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Лгийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөөрөг уралдаг Н, Л, Б нартай 3,4 дүгээр хороололд байдаг манай урланд уулзаад нэг шил архи, нэг шил Виски уусан. Тэгээд урланд байж байтал манай танил Б нэг хүнтэй утсаар яриад бид нар бөөнөөрөө Бын ярьсан хүмүүс дээр очихоор болсон. Тэгээд урлангаас гараад дэлгүүр орж хоёр шил архи, хэдэн пивотой аваад Панарома нэртэй зочид буудлын өрөөнийх нь номерыг мэдэхгүй байна, 4 давхарт байдаг нэг өрөөнд ортол Заяа гээд нэг хүүхэн өөр гурван хүүхний хамт байсан. Тэгээд тэр хүүхнүүдийн байсан өрөөнд авч очсон 2 шил архинаас нэг шил архийг нь наймуулаа хувааж уучихаад Панарома гээд зочид буудлын 3 давхарт байдаг караокед орж цаг гаран дуулж байгаад буцаад нөгөө хүүхнүүдийн авсан өрөөнд орсон. Тэгээд буудлын өрөөнд ороод удаагүй байтал миний нойр хүрээд байхаар нь би жаахан унтаадахъя гэж бодоод хэвтэж байтал Н, Б нар маргалдаад чанга, чанга яриад байсан бөгөөд би унтаж амарч чадахгүй болохоор босоод тэр хоёрыг салгаад тайвшруулаад байж байтал бид нарын орсон буудлын өрөөнд танихгүй залуу ороод ирчихсэн арай гэж салгаж байсан хүмүүсийг муудалцуулах гэж байгаа юм шиг, за залуучууд гадаа гараад эр хүмүүс шиг сайхан зодолдчих гээд, өдөөд байхаар нь би тэр залууд, чи одоо хэн юм бэ гараач, хүн маргааныг зогсоох гэж ядаж байхад согтуу хүмүүсийг өдлөө, гэж хэлээд Б, Н нарын маргааныг салгах гээд Ныг татаад хойш болготол нөгөө танихгүй залуу миний зүүн нүд орчим нэг удаа баруун гараараа цохисон. Тэр үед миний нүд бүрэлзээд, нүдээ дараад доошоо сууж байгаад нөгөө буудлын өрөөнөөс гараад доош буугаад явж байтал тэр буудлын 2 давхарт байдаг баарны үүдэнд нөгөө намайг цохидог залуу зогсож байхаар нь би нөгөө залууд чи яаж байгаа юм бэ, хүн согтуу хүмүүсийн учрыг нь олоод маргааныг салгах гэж байхад дундуур орж ирээд согтуу хүмүүсийн цусыг хөөргөөд, тэгээд зүгээр байж чадахгүй хүн цохьлоо гэж хэлээд нөгөө буудлаас гараад явсан. Тэр үед би гэртээ такси барьж хариад маргааш нь нүдээ хартал хөхөрч хавдаагүй, зүгээр цус хуралт үүссэн байхаар нь за яахав эр хүмүүс ганц, нэг цохилцоо биз гэж бодоод тоохгүй байсан боловч миний зүүн нүд нөгөө танихгүй залууд цохиулснаас хойш юм харахад хэцүү, баруун нүдээ анихаар юу ч харахгүй байсан болохоор 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Болор мэлмий гээд нүдний эмнэлэгт үзүүлтэд миний зүүн нүдний цаана далд цус хуралт байна, бага зэргийн харвалт байж магадгүй бөгөөд хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэнэ, энэ эмчилгээг хийлгэхэд нэг удаагийн эмчилгээ нь 350.000 төгрөг болно гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Гомдолтой байна. Гэмтэл учруулсан залуу дансаар 400.000 төгрөг өгсөн, одоо 300.000 төгрөгийг дансаар шилжүүлээд энэ асуудлыг дуусгана гэсэн байгаа. Надад одоо гомдол санал байхгүй. Тэр О гэх залуу миний эмчилгээний зардалд мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 12-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Нын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урлан дээрээ ажлаа хийгээд байж байтал манай урлан дээр хөөрөг хийдэг Л гээд ах Японоос ирэхдээ нэг шил Виски авчирсан гээд аваад ирсэн юм. Тэгээд би Л ах болон өөр Л ах, Б ах нарын хамтаар нөгөө Вискиг өөр нэг 750 граммын архитай урлан дээр уучихаад байтал Б ах нэг хүнтэй гар утсаараа яриад буудалд 4 хүүхэн байна гэхээр нь бид нар дагаад явсан. Тэгэхдээ замаараа дэлгүүр орж 2 шил 750 граммын архи, 10 гаран 0,33 граммын лаазтай пиво аваад төмөр замд байдаг Панарома гээд буудал орсон. Тэгээд Б ахын танил гээд 4-н хүүхний авсан номерыг нь хараагүй 4-н давхарт байдаг нэг өрөөнд ортол, одоо нэрийг нь санахгүй байна 20-30 орчим насны 4-н хүүхэн байсан бөгөөд бид нар ороод дэлгүүрээс авсан 2 шил архины нэг шилийг нь хувааж уугаад, нөгөө архиа үлдээгээд, Панарома гээд буудлын нэг давхарт байдаг нэг караокед орж дуулангаа пиво ууж байгаад, буцаад өрөөндөө ортол, бид нарын өрөөнд үлдсэн Л ах явчихсан байсан. Тэгээд буудлын өрөөнд буцаад ортол Л ах жоохон унтлаа гээд орон дээр хэвтсэн хойно би Б ахыг жоохон тоглоомоор шордсон боловч нөгөөдөх нь сүүлдээ муудах юм болоод Б ах бид хоёр хоорондоо муудалцаад чанга, чанга дуугаар яриад бие, биенээ түлхээд байж байтал Л босч ирээд бид хоёрыг салгаад, намайг газар унагаад дээр гарчихсан дараад байж байтал, гаднаас танихгүй хэдэн хүмүүс ороод ирсэн. Тэр үед нь би Л ахад за больё ахаа одоо босъё гээд бостол гаднаас орж ирсэн хэдэн хүмүүсийн жоохон махлагдуу биетэй, хууз сахалтай, хар бараан өнгийн хувцастай залуу хөөе пиздануудаа гараад алалцаачээ, гараад алалц гээд байхаар нь Л ах нөгөө залууг чи гараад зайлаач пизда минь гэх үед би Б ахын хоёр гарыг барьчихсан зогсож байх үед Л ах миний хойноос татаад Б ахаас салгах гэтэл нөгөө буудлын өрөөнд орж ирээд томроод байсан хууз сахалтай, хар өнгийн хувцастай залуу Л ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьчихсон…” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө намайг ажил дээрээ байхад манай хуурай дүү Нын гар утсаар найз Л хороололд байдаг урлан дээр хүрээд ирээч гээд залгахаар нь би ажлаасаа гараад Нын урлан дээр очсон. Тэгээд намайг урлан дээр очиход Н, Л, Л нар нэг том Виски, нэг шил 750 граммын архи задлан уугаад сууж байсан. Тэгээд би тэр гуравтай хамт нөгөө Виски, архинаас уугаад байж байтал, миний танил Б гээд эмэгтэй надруу залгаад, намайг хаана байгаа юм найз нь уугаад сууж байна гэхээр нь би бас ууж байгаа талаараа хэлтэл, Б намайг хүрээд ирээч гэхээр нь би нөгөө гуравтаа таньдаг хүн маань дуудаад байна хамт очих уу гээд, Бгийн байгаа Панарома гээд буудалд очихоор болсон. Барс захын хойно байдаг Панарома гээд буудалд очиход Б өөрийн танил гээд гурван эмэгтэйн хамт дөрвүүлээ байсан бөгөөд би эхлээд Бгийн найзуудтайгаа орсон, одоо номерыг нь санахгүй байна 2 ортой өрөөнд орж уулзаад, дараа нь хамт ирсэн Л, Л, Н нарыг дуудсан. Тэгээд тэр өрөөнд бид нар ороод дэлгүүрээс авсан архи, пиво уугаад байж байтал Бгийн хамт байсан нэг эмэгтэй машин барьж яваа, архи уухгүй би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би Л, Н болон Бгийн хамт байсан хоёр эмэгтэйн хамтаар буудлын нэг давхарт байсан караокед орсон. Тэр үед Л, Б нар буудлын өрөөнд унтаад үлдсэн бөгөөд бид нарыг буудлын өрөөнд буцаад ортол Л явчихсан байсан, харин Б унтаад байж байсан. Тэгээд бид нар буудлынхаа өрөөнд үлдсэн юмаа уугаад сууж байтал Н бид хоёр хоорондоо жоохон маргалдаад чанга, чанга дуугаар ярьтал Л бид хоёрыг салгах гээд та хоёр одоо боль гээд байж байхад буудлын гаднаас танихгүй 2-3 залуу орж ирээд, юу болоод байгаа юм гэхэд манай Н жоохон агсам хүн болохоор нөгөө хүмүүсийг хараад орилоод, дээгүүр өмссөн хувцсаа тайлаад шидэх үед Л Ныг чи одоо боль гээд хэлэхэд, сүүлд орж ирсэн залуучуудын нэг болох миний үеийн гэмээр настай, нэг айхтар тарган биш залуу та нар алалцаач гэсэнүү, гараад зодолд гэсэн үү нэг сонин юм хэлэх үед Л нөгөө залууг чи юу яриад байгаа юм, бид нар найзууд учраас юу гэж хоорондоо зодолдож байдаг юм гээд хэлэх шиг болоод өө чи яаж байна, хүн цохиод байхдаа яадаг юм бэ гээд нүдээ дараад доошоо суусан…” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ч.Эрдэнэболорын өгсөн:

“...Үзүүлэгч Т.Лгийн биед зүүн нүдний торолгийн урагдал, цус харвалт, харааны бууралт зэрэг гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь цохилтоос шууд үүснэ, мэргэжлээс үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 796 тоот: 

1. Т.Лгийн биед зүүн нүдний торлогийн урагдал, цус харвалт, харааны бууралт 0,4 бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 30/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 52/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Панарома” зочид буудалд иргэн Т.Лгийн нүүрэн тус газар цохиж биед нь зүүн нүдний торлогийн урагдал, цус харвалт, харааны бууралт 0,4 гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Лгийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... Б, Н нарын маргааныг салгах гээд Ныг татаад хойш болготол нөгөө танихгүй залуу миний зүүн нүд орчим нэг удаа баруун гараараа цохисон. Тэр үед миний нүд бүрэлзээд, нүдээ дараад доошоо сууж байгаад нөгөө буудлын өрөөнөөс гараад доош буугаад явж байтал тэр буудлын 2 давхарт байдаг баарны үүдэнд нөгөө намайг цохидог залуу зогсож байхаар нь би нөгөө залууд чи яаж байгаа юм бэ, хүн согтуу хүмүүсийн учрыг нь олоод маргааныг салгах гэж байхад дундуур орж ирээд согтуу хүмүүсийн цусыг хөөргөөд, тэгээд зүгээр байж чадахгүй хүн цохьлоо гэж хэлээд нөгөө буудлаас гараад явсан. ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Болор мэлмий гээд нүдний эмнэлэгт үзүүлтэл миний зүүн нүдний цаана далд цус хуралт байна, бага зэргийн харвалт байж магадгүй бөгөөд хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэнэ, энэ эмчилгээг хийлгэхэд нэг удаагийн эмчилгээ нь 350.000 төгрөг болно гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Нын “...Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... би Б ахыг жоохон тоглоомоор шордсон боловч нөгөөдөх нь сүүлдээ муудах юм болоод Б ах бид хоёр хоорондоо муудалцаад чанга, чанга дуугаар яриад бие, биенээ түлхээд байж байтал Л босч ирээд бид хоёрыг салгаад, намайг газар унагаад дээр гарчихсан дараад байж байтал, гаднаас танихгүй хэдэн хүмүүс ороод ирсэн. Тэр үед нь би Л ахад за больё ахаа одоо босъё гээд бостол гаднаас орж ирсэн хэдэн хүмүүсийн жоохон махлагдуу биетэй, хууз сахалтай, хар бараан өнгийн хувцастай залуу хөөе пиздануудаа гараад алалцаачээ, гараад алалц гээд байхаар нь Л ах нөгөө залууг чи гараад зайлаач пизда минь гэх үед би Б ахын хоёр гарыг барьчихсан зогсож байх үед Л ах миний хойноос татаад Б ахаас салгах гэтэл нөгөө буудлын өрөөнд орж ирээд томроод байсан хууз сахалтай, хар өнгийн хувцастай залуу Л ахын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьчихсон…” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Бын “...2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ... бид нар буудлынхаа өрөөнд үлдсэн юмаа уугаад сууж байтал Н бид хоёр хоорондоо жоохон маргалдаад чанга, чанга дуугаар ярьтал Л бид хоёрыг салгах гээд та хоёр одоо боль гээд байж байхад буудлын гаднаас танихгүй 2-3 залуу орж ирээд, юу болоод байгаа юм гэхэд манай Н жоохон агсам хүн болохоор нөгөө хүмүүсийг хараад орилоод, дээгүүр өмссөн хувцсаа тайлаад шидэх үед Л Ныг чи одоо боль гээд хэлэхэд, сүүлд орж ирсэн залуучуудын нэг болох миний үеийн гэмээр настай, нэг айхтар тарган биш залуу та нар алалцаач гэсэнүү, гараад зодолд гэсэн үү нэг сонин юм хэлэх үед Л нөгөө залууг чи юу яриад байгаа юм, бид нар найзууд учраас юу гэж хоорондоо зодолдож байдаг юм гээд хэлэх шиг болоод өө чи яаж байна, хүн цохиод байхдаа яадаг юм бэ гээд нүдээ дараад доошоо суусан…” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Ч.Эрдэнэболорын “...Үзүүлэгч Т.Лгийн биед зүүн нүдний торлогийн урагдал, цус харвалт, харааны бууралт зэрэг гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Үзүүлэгчийн биед учирсан гэмтэл нь цохилтоос шууд үүснэ, мэргэжлээс үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 796 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хэрэгт шаардлагатай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэж заасан заалтыг баримтлан Оы холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэх санал гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хувьд гэрч Ч.Н, Н.Б болон хохирогч Т.Лгийн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар цохисон талаар мэдүүлдэг харин гэрч О.Н, Т.А нар нь  шүүгдэгчийг хохирогчийг цохиогүй гэдгийг нотлох бус харин болсон явдлыг бүрэн хараагүй талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийн гэм буруу болон Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Т.Лгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 36 дугаар талд хохирлын нийт 168.000 төгрөгийн баримт авагдсан байх ба 15 дугаар талд хохирогч Т.Л “...дансаар 400.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн өөрөөр хэлбэл архидан согтуурсан үедээ зүй бус авирласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оы торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ