| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0778/Э |
| Дугаар | 813 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 813
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Б.А түүний О.Баярбаясгалан /ШТЭД-2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, “РЕКОН” ХХК-нд сантехникч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
- 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Б.А /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ................... тоотод иргэн Б.Н-г “Д.С, Х.Х нартай маргалдлаа, хувцасны шүүгээний хаалга эвдэллээ, зүгээр айлд суугаад архи уусангүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар биед нь дагзны хуйханд шарх, дагз, дух, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус, баруун өвдөг, баруун тавхайд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- Мөн иргэн Х.Т-г “Б.Н-г зодож байхад салгалаа, боль гэж шаардлага тавилаа” гэх шалтгаанаар маргалдан, баруун гарын шуун хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, улмаар биед нь баруун гарын шууны богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хх12-14/, хохирогч Х.Т-гийн мэдүүлэг /хх7-9/, гэрч Д.С-ын мэдүүлэг /хх21-22/, гэрч Х.Х-гийн мэдүүлэг /хх23-24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6311 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6474 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх33/, Б.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх42-43/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.А-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх48/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх53-56/, баклаварын дипломын хуулбар /хх57-58/, шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот /хх103-104/, хохирогчийн хүсэлт /хх109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.А-гг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Х.Т-гийн “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед дэлгүүр дээрээ ажлаа хийж байхад тэр хавьд амьдардаг охин ирээд танай хүргэнийг хүн зодоод байна гэж хэлсэн... Дэлгүүрээ хаагаад Н-ын гэрт очиход Н-ын нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан. Хүргэнээ сэрээгээд дагуулж гарахад цаана хашаанд байсан хүргэнийг зодсон сүүлд нэрийг нь мэдсэн А бид хоёрыг харангуутаа оо муу новш чинь амьд байна ш дээ гүйцээгээд өгье гээд гүйгээд ирэхээр нь би хориглоод өөдөөс нь очиход миний баруун гарын шуу хэсэгт өшиглөж намайг унагаачхаад хүргэн Н-ын үснээс зулгааж дахин зодох үед хамт архи уусан 2 залуугийн нэг нь салгах үед Н-ыг гэрт нь оруулаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх7-9/,
2. Хохирогч Б.Н-ын “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр... А, С, Х, Д нартай гэртээ хамт архи уусан... Д түрүүлээд гараад явсан байхад би утсаараа ажил ярьж байхад С согтоод чи дуугай байлдаа чанга яриад байх юм гэхээр нь би чи юу яриад байгаа юм айлд сууж байж гэж хэлээд мангастаад орлуу түлхэж унгаасан гэтэл С тэр чигтээ хэвтэж байгаад унтсан. Тэр үед Х С-ыг түлхээд унгалаа гээд С-ыг өмөөрч надтай барьцалдаад авахад А хараад “чи ер нь яагаад байгаа пизда вэ” гээд надаас зуураад авахаар нь би гэрт зодоон хийгээд яахав гээд гадаа гарсан. Гадаа зууралдаж гараад А-тай би зодолдож эхлэх үед толгой хагарч цус гарах үед Х бид 2-ын дундуур салгах гэж оролдоод дийлээгүй. Тэр үед А-ын эхнэр бас ирсэн салгах гэж байсан. Гэтэл гаднаас манай хадам ээж Т орж ирээд намайг салгаад хашаанаас гарсан. А миний үснээс зулгааж, гараараа нүүрэнд цохиж, хөлөөрөө нүүрэнд өшиглөж зодсон. Ээж намайг салгах гэж байхад гарыг нь өшиглөж үснээс нь зулгаасан байсан би хараагүй...” гэх мэдүүлэг /хх12-14/,
3. Гэрч Д.С-ын “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр... Н-ын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овооны 15-2 тоот гэрт нь нэг шил архитай очиж хоол хийж байхад А, Х 2 материал дуусаад ирлээ гээд ирсэн... Бид нар 2 шил авч ирээд хувааж уугаад би түрүүлээд тасраад унтаад өгсөн. Нэг сэрэхэд А, Н 2 гэрийн гадаа зодолдож байхаар нь дундуур нь ороод салгах гэхэд дийлдэхгүй өөрөө цохиулчихлаар нь буцаад гэрт нь ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх21-22/,
4. Гэрч Х.Х-гийн “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Атай хамт Н-ын гэрт очсон... Н С хоёр хоол хийгээд сууж байсан. Бид нар архи авчраад хувааж ууж байхад би нилээн согтоод яг муудах үед яг юунаас болсныг мэдэхгүй байна А, Н 2 гэрт зодолдож эхэлсэн. Удалгүй гадаа гараад зодолдох үед нь би салгах гээд дийлээгүй. С бас араас нь салгах гэж оролдож байсан. Тэр үед Н-ын ээж ирээд овоо гайгүй болж байхад дахин тэр 2 зодолдсон. Тэр үед А Н-ын ээжийг түлхээд унагаачих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх23-24/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6311 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Х.Т-гийн биед баруун гарын шууны богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хх29/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6474 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Б.Н-ын биед дагзны хуйханд шарх, дагз, дух, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус, баруун өвдөг, баруун тавхайд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдээгүй байна...” гэх дүгнэлт /хх33/,
7. Б.А-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Х-ын хамт барилгын ажил хийж байгаад Нтай утсаа яриад материал дууссан талаар хэлээд Н-ын гэрт очсон... С, Н 2 хоол хийгээд нэг шил Соёрхол нэртэй архи ширээн дээрээ тавьсан байж байсан. Тэгээд хоолоо хийж идээд архиа хувааж уусан... Тэгээд нилээн согтоод Н-ын гэрийн шкафыг санамсаргүй налаад унахад, Н гэрт зүгээр суугаад архи ууж чадахгүй та нар гээд хэрүүл өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй маргалдаж байгаад зодолдсон. Нэг нэгнийхээ үснээс зулгаагаад харилцан зодолдож байхад Н-ын ээж нь хүрч ирээд намайг хэл амаар доромжилж, орилж хашигчаад намайг татаж чангаан зодож цохиод байхаар нь би гараараа үснээс нь зулгааж хөлөөрөө цааш нь жийсэн. Н-ын биед учруулсан гэмтлийг би гараараа болон хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан гэмтэл байна. Харин ээжид нь учруулсан гэмтлийг би хөлөөрөө жийж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх42-43/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.А:
Шүүгдэгчийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй ба түүний өмгөөлөгчийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдэлд онц харгис хэрцгий шинжгүй гэж мэтгэлцэн оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ................... тоотод байрлах хохирогч Б.Н-ын гэрт шүүгдэгч Б.А нарын 5 хүн хамтдаа архи-согтууруулах ундааны зүйл уужээ.
Ийнхүү архи ууж байхдаа хохирогч Б.Н-г Д.С, Х.Х нартай маргалдлаа, хувцасны шүүгээний хаалга эвдэллээ, зүгээр айлд суугаад архи уусангүй гэж хэллээ гэх шалтгаанаар шүүгдэгч Б.А нь түүнтэй маргалдсан, улмаар гэрээс гарч зодолдсон үйл баримт хохирогч Б.Н-ын мэдүүлэг, гэрч Д.С-ын мэдүүлэг, Б.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү зодооныг болиулах гэж хохирогч Б.Н-ын хадам болох хохирогч Х.Т ирэн, тэдний дундуур ороход шүүгдэгч Б.А нь түүнийг хүлхэн өшиглөн унагаасан болох нь хохирогч Х.Т-гийн мэдүүлэг, хохирогч Б.Н-ын мэдүүлэг, гэрч Х.Х нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хохирогч Б.Н-г зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд “...дагзны хуйханд шарх, дагз, дух, баруун дал, нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, баруун бугалганд цус, баруун өвдөг, баруун тавхайд зулгаралт, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6474 дугаартай дүгнэлтээр,
Мөн хохирогч Х.Т-ийн эрүүл мэндэд “...баруун гарын шууны богтос ясны далд хугарал...” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6311 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.А болон хохирогч Б.Н нар нь тухайн нөхцөл байдалд согтууруулах ундааны зүйл уусан үедээ маргалдан, харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийг зовоон тарчлааж, шаналгасан нөхцөл байдал байхгүй гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Х.Т нь мөрдөн байцаалтын явцад хохиролд 575.400 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс хохиролд 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн, мөн хохирогч Б.Н гомдол саналгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн байх тул шүүгдэгч Б.А-гг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.А-гийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр “Рекон” ХХК-д сантехникчээр ажилладаг, гэм буруугийн талаар маргадаггүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, мөн шүүгдэгч нь хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгуулын ялыг нэмж нэгтгэн нийт 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэж зүйлчилж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан торгуулын ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн төлөх торгуулын ялын хэмжээг 1.300.000 /нэг сая, гурван зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР