| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0757/Э |
| Дугаар | 820 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 820
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Б.Б,
иргэдийн төлөөлөгч Э.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, ...............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б.Б /РД:...................../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, .............. тоотод иргэн Т.Б-тэй маргалдан нуруун тус газар нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Т.Б-гийн мэдүүлэг /хх20-24/, гэрч О.П-гийн мэдүүлэг /хх26-27/, гэрч Л.А-гийн мэдүүлэг /хх28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4392 тоот шинжээчийн дүгнэлт /хх38/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх3-7/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх11-14/, хохирогч Т.Б-гийн өвчний түүхийн хуулбар /хх46-56/, Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /64-67/, шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх80/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т.Б-гийн: “...Э гэх ахын гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, .............. тоотод 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б-тэй хамт архи уусан. Архиа ууж дуусаад 20 цагийн үед би харилаа архи уухаа болилоо гэж хэлсэн. Б дахиад ганц шил архи ууя гэхээр нь одоо хэрэггүй хэмжээ болчихлоо гэж хэлээд би босоод хаалга руу чиглээд алхтал араас цохих шиг болсон. А хажуугаас хөөе чамайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс эмнэлэг дууд гээд 103 дуудсан. Далан тус газар хоёр удаа хутгалсан, нэг хутгалсан нь нэвтэрсэн, нөгөө хутгалсан нь хальт зүсэгдсэн. Эмчилгээний зардалд 440.000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх20-24/,
2. Гэрч О.П-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 20 цагийн үед гэртээ байж байтал баруун талын гэрт баахан чимээ гараад ирэхээр нь гүйж ороод хартал Х гэх хүн Б, Б-г хутгалчихлаа гэж хэлэхэд Б орон дээр намайг хутгалчихлаа гээд сууж байсан. Х цамцыг нь тайлж хартал нуруунаас нь цус гарчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх26-27/,
3. Гэрч Л.А-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би найз Б, Б, Б нарын хамт гурвалжингийн гүүрний дор хамт ажиллаж байгаад Э гэдэг хүний гэрт ирсэн. Тэгээд байж байтал Б, Б хоёр урьд нь маргалдаж байснаа ярьж хэрэлдээд нэг нэгнийгээ хэл амаар доромжилж байгаад Б чи над шиг байж чадахгүй гэж хэлэхэд Б шүүгээ рүү гүйж очоод Б-г цохих шиг болохоор нь харахад Бийн гарт хутга байхаар нь би салгаж аваад шүүгээ рүү хийсэн. Б-г харахад баруун дал орчим нэг удаа, баруун тохойд нэг удаа хутгалчихсан цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх29/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4392 тоот дүгнэлтэд “...Т.Б-г биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун тохойн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх38/,
5. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх3-7/,
6. Эд мөрийн баримтаар “хар иштэй, 18 см урттай хутгыг” хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх14, 15/,
7. Б.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Б бид хоёр бие биенийхээ үгийг даахгүй асуудлаас болж, маргалдсан байх. Тэгээд миний уур хүрээд шургуулганд байсан хар иштэй хутгыг аваад Б-г айлгах зорилготойгоор далан дээр болон баруун тохойн дээр нэг нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх66/ гэв.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Б.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, .............. тоотод шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б-тэй маргалдан, улмаар нуруу болон баруун тохойн тус газар нь хутгалсан болох нь хохирогч Т.Б-гийн мэдүүлэг, гэрч О.П, Л.А нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-гийн өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Т.Б-гийн өвчний түүхийн хуулбар, эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Т.Б-гийн эрүүл мэндэд “...цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун тохойн хатгагдсан шарх...” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4392 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг болох хар иштэй хутгаар хохирогч Т.Б-г хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах талаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Бт 440.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн “...эмчилгээний зардалд 440.000 төгрөг өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, хх84 талд байх мөнгө хүлээн авсан талаар бичиж өгсөн баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Б нь шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлүүдийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг хутгыг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг /хутга/ хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 3 /гурав/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй, 18 см урттай, 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Л.БААТАР