| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06959/И |
| Дугаар | 5515 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5515
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороонд байрлах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүл гудамж, 14 байр, 62 тоотод байрлах, “Оюутсүмбэр” ХХК /РД:5080177/
Татварын өр төлбөрт 16.898.886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 5080177 регистрийн дугаартай “Оюутсүмбэр” ХХК нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус татварын хэлтэст бүртгүүлсэн.
Тус компани нь цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 7.233.863 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 9.665.023 төгрөгийн татварын өр төлбөрийг 2013 оноос хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй өр үүсгэсэн байна.
Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар мэдэгдэх хуудас гардуулж, мөн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар Төрийн банк дахь компанийн харилцах дансны гүйлгээг хаасан. Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу өр төлбөрийг барагдуулахаар Өмчийн харилцааны газар болон үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлагаа авсан боловч бүртгэлтэй эд хөрөнгө гарч ирээгүй.
Иймд “Оюутсүмбэр” ХХК-иас татварын өр төлбөрт 16.898.886 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Оюутсүмбэр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 16.898.886 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Оюутсүмбэр” ХХК, гүйцэтгэх захирал О.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Оюутсүмбэр” ХХК нь одоогийн байдлаар 108.437.484,37 төгрөгийн НӨАТ-ын буцаан авалттай байгаа бөгөөд үүнээс дурьдагдсан татварын өр төлбөрийг суутган барагдуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлага 16.898.886 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Оюутсүмбэр” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 16.898.886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Оюутсүмбэр” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 16.898.886 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч “Оюутсүмбэр” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Оюутсүмбэр” ХХК-иас 121.222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Оюутсүмбэр” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 16.898.886 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Оюутсүмбэр” ХХК-иас 121.222 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА