Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 825

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Улаанбаатар Бюкэ ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт ...................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  Т.Ц /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, .......................тоотод “хүүхэд рүү сандал шидлээ” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Б-гийн толгойн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /хх11-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3821 дугаартай дүгнэлт /хх36/, аюулын зэргийн үнэлгээ /хх33-34/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх51-59/, гэрч Д.Д-гийн мэдүүлэг /хх70-71/, шүүгдэгч Т.Ц-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх25/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх26/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх27-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Т.Ц-гийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б-гийн “...би нөхөртөө хоол хүнсний зүйлс авахгүй яасан юм бэ? гэж хэлээд маргалдсан бөгөөд ... манай хүүхэд угаадас руу гараа хийх гээд сандал тавиад авираад байхаар нь би сандлыг нь аваад дээшээ шидсэн чинь манай том охин цочиод уйлчихсан тэгээд манай нөхөр босож ирээд давраад байгаарай хүсэхгүй бол манай гэрээс зайлж болно шүү гэж хэлсэн тэгээд миний толгойны зүүн чамархай хэсэгрүү гурваас дөрвөн удаа алгадсан тэгээд би эсэргүүцээд түрхсэн чинь намайг чирч шалан дээр унагаад миний дээр гарч суугаад гараараа миний толгой руу, зүүн чих рүү гараараа ахиад гурваас дөрвөн удаа цохьсон...Т.Ц бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр одоо 3-н хүүхэдтэй...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,  /хх11-13/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3821 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Б-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ. /хх36/,

3. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээгээр “гэр бүлийн харилцаа маргаантай байдаг, өдөр бүр муудалцдаг, хэвийн бус” гэж тодорхойлжээ.  /хх51-59/,

4. Шүүгдэгч Т.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эхнэрээсээ уучлалт гуйсан, эвлэрсэн...” гэх мэдүүлэг

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.Ц:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Б.Б, шүүгдэгч Т.Ц нар нь 2014 оноос хойш хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дундаасаа 3 хүүхэдтэй болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ц 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, .......................тоотод “хүүхэд рүү сандал шидлээ” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр /хамтран амьдрагч/ Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдалын үнэлгээ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...Б.Б-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний орчим цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3821 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Ц-г ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалин орлоготой, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР