Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 207/Ма2016/00172

 

 

**********ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч **********ад холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1134 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : ********** нэхэмжлэлтэй,

Хариуцагч : **********ад холбогдох,

 

“2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” үндсэн нэхэмжлэлтэй 16.887.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 06 ны өдөр шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч **********, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн **********аас 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн-хүүтэйгээр зээлдэж авахаар харилцан тохиролцоод зээлийн гэрээ хийлгүйгээр манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох **********тоот 887 м2 талбай бүхий хашааны газар, 3 тал банзан хашааг 2 000 000 төгрөгөөр үнэлэн газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Мөн өдрөө 63 м2 талбай бүхий 3 өрөөтэй хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр үнэлэн мөн гэрээ хийгээд харилцан тохиролцсоноор бол надад 7 000 000 төгрөг өгөх ёстой байтал тэр өдрөө надад 4 000 000 төгрөг өгөөд үлдэх 3 000 000 төгрөгөө 2014 оны 12 дугаар сарын 10-аар өгсөн. Би авсан мөнгөнөөсөө 2015 оны 1 дүгээр сард 750 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 2 000 000 төгрөг, 5 дугаар сард 1 000 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг буцааж төлөөд 3 250 000 төгрөгнийн тооцоо үлдсэн. Би ямар нэгэн гэрээ хийлгүйгээр 3 000 000 төгрөг нэмж авсан. Гэтэл ********** гэр оронд маань ирж суучихаад хэл амаар доромжилж, гэр орноос маань хөөх боллоо. Бид 2 анх тохирохдоо мөнгө зээлдүүлэх зээлийн гэрээ хийсэн болохоос орон байраа зараагүй юм. Иймд ********** бид хоёрын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

********** миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ********** бид 2 харилцан тохиролцоод хувийн сууц, газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хувийн сууц, газар худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцоход татгалзах зүйлгүй. Хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж гэрээгээ буруу хийснээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ********** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

********** нь анх 2014 оны 11 дүгээр сарын 14-нд надаас 7 500 000 төгрөг зээлж, барьцаанд нь газар, байшингаа тавьсан бөгөөд миний бие нь баталгаатай болгох үүднээс газар болон хувийн сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд надад гэрээгээр тохирсон хүүнд нь 750 000 төгрөг нэг удаа төлсөн ба удаахгүй мөнгөө бүрэн өгнө нэгэнт газар, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн тул санаа зоволтгүй гэж нилээд удсан. Миний бие нь мөнгөө нэхэж, үгүй бол газар, хувийн орон сууцыг чинь гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлж авна гэж хэлэхэд ********** нь одоо удахгүй газар, байшингаа зарах гэж байгаа зараад мөнгийг чинь өгнө гэсээр 2015 оны 5 дугаар сар хүргэсэн. ********** нь 2015 оны 05 дугаар сарын 13-нд над дээр ирээд манай байр болох Согоот багийн **********тоотод орших 2 өрөө байр маань “**********” ББСБ-д анх 20 саяын барьцаанд тавьсан, одоо арван хэдэн саяын барьцаанд байгаа байраа алдах гээд байна надад дахиад 10 000 000 төгрөг нэмж зээлээч, нэгэнтээ барьцаанд газар, байшин маань байгаа гэсэн. Тэгээд 10 000 000 төгрөг байхгүй, арай хүрэхгүй 9 240 000 төгрөг л байна гэхэд надад мөнгөө зээлчих би удаахгүй өмнөх зээлтэйгээ хамт 7 хоногийн дотор гаргаж өгнө, байрныхаа энэ зээлийг хаагаад, дахиад байраа урт хугацаагаар барьцаанд тавиад бүх мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь миний бие зөвшөөрөн гэрээ байгуулан, **********т 9 240 000 төгрөг, урд зээлдүүлсэн 7 500 000 төгрөг дээрээ нэмж, бүгд 16 740 000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингэхдээ урьд авсан 7 500 000 төгрөг, сүүлд авсан 9 240 000 төгрөгөө нэмж нэгтгээд шинээр 16 740 000 төгрөгний зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй, 0.1 хувийн алдангитай гэрээ байгуулсан.

Миний бие хэрэв энэ гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ биелүүлэхгүй бол газар, байшинг чинь өөрийн нэр дээр шилжүүлж үнийн дүнгээс нь мөнгөө авна гэхэд ********** болон түүний нөхөр ********** нар зөвшөөрсөн. Ингээд хугацаандаа мөнгөө төлөөгүй учир би 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр **********ийн газар, байшинг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан. Удаа дараа мөнгөө төлж барагдуулахыг шаардсан ч бүрэн төлж барагдуулаагүй. Энэ хугацаанд надад ********** 2 000 000 төгрөгийг банкаар 1 000 000 төгрөгийг бэлнээр нийт 3 сая төгрөг үндсэн зээлээс төлж, 750 000 төгрөгийг хүүнд тооцон төлсөн боловч хүүнд тооцсон 750 000 төгрөгийг миний бие хүүнд тооцолгүйгээр үндсэн зээлээс хасаж тооцож байна. Иймд миний бие одоо **********: Үндсэн зээл 12 990 000 төгрөг, хүү 1 948 500 төгрөг, алданги 1 948 500 төгрөг /2015 оны 05 дугаар сарын 20-ноос 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 150 хоногоор тооцож/, **********ээс   16 887 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

**********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч **********ын сөрөг нэхэмжлэлээс 7 250 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 9 637 000 төгрөг төлөхөөс татгалзаж байна. Хариуцагч ********** 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надад 7 500 000 төгрөг өгсөн гэжээ. Энэ бол худлаа юм. Анх хашаа, байшин, газар худалдах худалдан авах гэрээ хийсэн өдрөө надад 4 000 000 төгрөг өгөөд үлдэх 3 000 000 төгрөгөө өгөхгүй утсаа ч авахгүй олдохгүй болохоор нь би гэрээ баталж өгсөн нотариатын хүн дээр очиж учир байдлаа хэлж байж гэрийн хаягийг нь аваад гэрт нь очиход гэртээ байхгүй гэж хэлсэн. Гэтэл орой нь надруу залгаад би хотод явж байна, хүнээс мөнгө авах гээд чадахгүй байна, очоод уулзана гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд чимээгүй байж байгаад 10 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг өгсөн. Би дээрх мөнгийг авсанаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 05-ны үед өмнөх зээл дээрээ нэмж 2 500 000 төгрөг авсан. Үүнээс хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 500 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг аваад буцааж 3 750 000 төгрөг төлсөн. Би анхнаасаа нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэж авсан учир хүүд нь 1 000 000 төгрөг төлөхөөс өөрийн төлсөн 3 750 000 төгрөгийг хасаад үлдэх 7 250 000 төгрөгийг төлөх болно. Иймд Хариуцагч **********ын сөрөг нэхэмжпэлээс 9 637 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1134 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар нэхэмжлэгч ********** хариуцагч ********** нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан **********ээс 15 448 150 төгрөг гаргуулан **********ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 438 850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар **********ийн 126 950 төгрөг, **********ын 242 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, **********аас 126 950 төгрөг гаргуулан **********т олгож, **********ээс 235 190 төгрөг гаргуулан **********ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ********** 2015-07-05-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш 3 сарын дараа хариуцагч ********** сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчтэй 2014-11-14-ний өдөр байгуулсан 7.500.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015-05-13-ны өдөр байгуулсан 16.740.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн 16.887.000 төгрөгийн шаардлага гаргасан. Хэдийгээр энэ хоёр гэрээг сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон ч гэрээгээ сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй бөгөөд сарын дараа хэрэгт авагдсан 2 гэрээг шүүхэд өгсөн.

Нэхэмжлэгч ********** хариуцагч **********аас 10.0 сая төгрөг авсан ч ямар нэгэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй дан ганц хашаа, газар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэдэг учир 2 зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч **********ийнх мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг гаргаснаар шүүх хүсэлтийг хүлээн авч шүүгчийн 2015-11-09-ны өдрийн захирамжаар шинжээч томилсон.

Дээрх захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг баримтын шинжилгээний лабораторийн эрхлэгч ажилтай.мэргэжпээрээ 10 жил ажиллаж байгаа цагдаагийн хошууч цолтой Х.Баярмаагийн 2015-12-30-ны өдрийн 6194 дугаартай дүгнэлтээр дээрх 2 зээлийн гэрээн дээр зурсан гарын үсэг нэхэмжлэгч **********ийнх биш гэж ирсэн.

Энэ дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд 2016-08-23-ны өдрийн 4866 дугаартай дүгнэлтээр зээлийн гэрээнүүдэд зурсан гарын үсэг нэхэмжлэгч **********ийн гарын үсэг мөн гэж гарч ирсэнийг шүүх үнэлэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн явдал нь зүйд нийцсэнгүй.

3ээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсанаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт хуулинд байхгүй. Харин мөнгө бодитоор шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох учиртай зохицуулалт хуулинд байгаа. Шүүх хуулийн энэ зохицуулалтад дүгнэлт хийсэнгүй.

Шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гэсэн шинжээч нарын дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон явдал нь ч ойлгомжгүй байна.

Хариуцагчид            сөрөг нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээнүүд байсан юм бол тухайн үедээ л шүүхэд өгөх учиртай байсан болов уу.Тэгээд ч нэхэмжлэгч **********т 16.740.000 төгрөг өгсөн болохоо хариуцагч нотлож чадаагүй тийм баримт хэрэгт байхгүй байхад хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Иймд хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэрт 15.448.150 төгрөг гэснийг 7.250.000 төгрөг гэж өөрчлөлт оруулж 8.198.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ********** нь хариуцагч **********ад холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай, ********** нь **********т холбогдуулан 16.887.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар нэхэмжлэгч ********** хариуцагч ********** нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан **********ээс 15 448 150 төгрөг гаргуулан **********ад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.438.850 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдах  гомдол гаргахдаа: хэдийгээр энэ хоёр гэрээг сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон ч гэрээгээ сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй бөгөөд сарын дараа хэрэгт авагдсан 2 гэрээг шүүхэд өгсөн гэжээ.

Хариуцагч ********** нь нэхэмжлэгч **********т холбогдуулан   16.887.000 төгрөг гаргуулахаар 2015 оны 10 дугаар сарын 23 ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба зээлийн 2 гэрээг хэзээ шүүхэд өгсөн болох тогтоогдохгүй байна. /х/х-ийн 98, 99 дүгээр хуудас /,

2015 оны 12 дугаар 30-ны өдрийн 6194 дугаартай дүгнэлтээр дээрх 2 зээлийн гэрээн дээрх гарын үсэг нэхэмжлэгч **********ийнх биш гэжээ.

Энэ дүгнэлтийг хариуцагч зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилсон ба  2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4866 дугаартай дүгнэлтээр зээлийн гэрээнүүдэд зурсан гарын үсэг нэхэмжлэгч **********ийн гарын үсэг мөн болохыг тогтоожээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан ”... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэлээ гэж буруутгах боломжгүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн  давж заалдсан  гомдлыг  хүлээн авах боломжгүй юм.

      Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.121 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.121 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР