Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 109/2019/0011/З |
Дугаар | 221/МА2020/0576 |
Огноо | 2020-10-08 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0576
2020 оны 10 сарын 08 өдөр Дугаар 221/МА2020/0576 Улаанбаатар хот
Ц.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ш.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Н.С, Б.М, Н.Н, Д.Б, А.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Б, Ж.Н нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч болон хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын давж заалдах гомдлын дагуу Ц.Н-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга болон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1, 16.5.3, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5, 20.2.6, 20.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-аас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 5 дүгээр сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/10, 17/02/17/07/17, 17/02/17/04/19, 17/02/17/03/22, 17/02/17/03/27, 17/02/1703/28, 1702/17/03/29, 17/02/33 дугаар актуудыг, 17/07/17/03/12 дугаар актаас 983293 төгрөгийн, 17/02/17/04/13 дугаар актаас 351700 төгрөгийн, 17/02/17/03/31 дүгээр актаас 198541 төгрөгийн, 17/02/17/04/32 дугаар актаас 1210000 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/17/03/12 дугаар актаас 4197007 төгрөг, 17/02/17/04/13 дугаар актаас 1414300 төгрөг, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/30 дугаар актууд, 17/02/17/03/31 дүгээр актаас 2278310 төгрөг, 17/02/17/04/32 дугаар актаас 1404100 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 43 дугаар зүйлийн 43.5, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлээс Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Ц.Н-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрээс ... актуудыг хүчингүй болгосон хэсгүүдийг хүлээн зөвшөөрч, ... шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Тухайн Ц.Н-ыг ажлаас халахдаа үндэслэл болгосон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 17/02/10, 17/02/11, 17/02/17/04/13, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 17/02/17/03/28, 17/02/30, 17/02/17/03/31, 17/02/04/32 дугаартай актууд нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болоогүй маргаантай байгаа актыг үндэслэж нэхэмжлэгч Ц.Н миний биеийг ажлаас халсан. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тухайн актуудыг гаргаж миний биед сахилгын арга хэмжээ авахуулах тухай саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж байгаа талаараа огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хүчин төгөлдөр болоогүй хууль тогтоомжийг үндэслэсэн, буцах хаяггүй, нэр усгүй өргөдөл гомдлыг үндэслэж шалгалтыг хийж илт хууль бус захиргааны акт гаргасан. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 17/02/17/03/12, 17/02/17/04/21 тоот актуудыг Сангийн яам хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгоогүй.
Мөн Ц.Н миний биед сахилгын шийтгэл ногдуулахад үндэслэл болгосон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 22 нэр төрлийн актаас 9 актыг бүхэлд нь хүчингүй болгож, 4 актын төлбөрөөс 9,293,717 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Ц.Н-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Биеийн тамир, спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан байдаг. Мөн тухайн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчид нь дээрх нэр бүхий 22 актыг тогтоохдоо төлбөр төлөхөөр тогтоосон нэр бүхий хүмүүст төлбөрийн акт тогтоож байгаа талаараа мэдэгдээгүй атлаа тухайн төлбөрийн актуудыг төлбөр тогтоогдсон ажилчид, аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх үүргийг нягтлан, даргад үүрэг болгосон нь биелэгдэх боломжгүй юм. Төлбөр тогтоогдсон хүмүүст тухайн төлбөр тогтоогдсон талаар мэдэгдээгүй Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл сонсох ажиллагааг явуулах, 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа огт хийгдээгүй тул тухайн актуудын төлбөрийг төлөхийг шаардах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх нь үндэслэх хэсэгтээ “Ц.Н-ыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас халсан байх боловч, аймгийн Засаг даргын даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, үйлчлэлийг дуусгавар болгосон тул нэг зөрчилд дахин давтан арга хэмжээ авсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй” гэжээ. 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор шалгалтыг хийж түүнийгээ үндэслэн Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Ц.Н-т сахилыг шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар захирамжаар ажлаас халсан. Гэтэл 2017 онд 2010-2014, 2014-2019 он хүртэл Биеийн тамир, спортын газрын төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийсэн атлаа 2019 оны 03 дугаар сард дахин 2014-2018 оныг давхардуулан шалгаж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй гэсэн заалтыг зөрчиж шалгалт явуулж, үүнийгээ үндэслэж арга хэмжээ авсан. Өмнөх арга хэмжээ авч ажлаас халсан шийдвэрээ үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч миний бие нь ажилдаа эгүүлэн томилогдож байсан. Гэтэл Завхан аймгийн анхан шатны шүүх нь өмнөх шийдвэр нь хүчингүй болсон тул давхардуулан шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэл бүхэлдээ хангагдсан байхад дахиад өмнөх үндэслэлээрээ ажлаас халах хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн анхан шатны шүүх нь шүүхийнхээ дэгийг ноцтой зөрчиж санал хүсэлт гаргах шат дууссаны дараа хэлэлцүүлгийн үеэр хариуцагч талаас нэмэлтээр нотлох баримтуудыг авч хэрэгт хавсаргасан. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцэж дэгийнхээ дагуу шүүх хурлаа явуулахыг шаардсан боловч хариуцагч талд хэтэрхий үйлчилж хэргийн оролцогч нарын тэгш байдлыг алдагдуулсан. Учир нь нэхэмжлэгч бидний зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулсан атлаа хариуцагч талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг нэхэмжлэгч талд танилцуулалгүйгээр шүүх хурлаа үргэлжлүүлсэн гэх мэт зөрчлүүдийг гаргаж шударга шийдвэр гаргаж чадахгүй гэх хардалтыг бидэнд төрүүлсэн.
Иймд давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар давж заалдах гомдолдоо: “Хяналт шалгалтаар илэрсэн 98,574,788 төгрөгийн зөрчилт үйлдэлд 23 төрлийн улсын байцаагчийн акт тогтоосон байдаг Шүүхийн шийдвэрээр 10 захиргааны актыг хүчинтэй хэвээр үлдээсэн бол, 9 захиргааны актыг бүхэлд нь, 4 актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ. Эдгээрээс 8 улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон болон 1 төлбөрийн хэмжээг багасгасан шүүхийн шийдвэрт хариуцагч тал болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 5 аудитор, улсын байцаагчдаас дараах үндэслэлээр давж заалдан гомдол гаргаж байна. Үүнд:
Хүчингүй болгож шийдвэрлэсэн актуудын тухайд:
Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар нь хууль бусаар захиалагчийн үүргийг гүйцэтгэж, тендер зарлаж худалдан авалт хийсэн байсан. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газар нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд уг тендерийг зохион байгуулах ёстой байсан.
Техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй барааг аймгийн Биеийн тамир, спортын газар хүлээн авч мөнгийг шилжүүлсэн. Ингэхдээ тус чанаргүй бараа материалыг яг хэн хүлээн авсан нь тодорхойгүй. (Уг нь нярав, эд хариуцагч, өмч хамгаалах байгууллагын байнгын зөвлөл бараа материалыг хүлээн авах ёстой байсан)
Тус бараа материал чанарын шаардлага хангахгүй байсантай холбоотойгоор ихэнх жижүүр, манаач зэрэг ажилчдад тарааж, үлдэгдлийг складад 4 жил хадгалж, ашиглалтгүй, үхмэл хөрөнгийг үүсгэж төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан.
Хөрөнгийн тооллогоор чанар байдлыг үнэн зөвөөр тогтоогоогүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч байсан.
Энэ тендерийг Сангийн яамны Хууль эрх зүй, худалдан авах ажиллагааны газраас хуулийн дагуу явагдаагүй болохыг, мөн түүнчлэн 2020 оы 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай” 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тендерийн тодорхойлолтод заагдсан хувцас хэрэглэл бэлтгэн нийлүүлэгдээгүй болохыг тус тус тогтоосон. (нотлох баримтууд хавтаст хэрэгт бий)
Уг тендерийг зохион байгуулсан ажлын хэсэг гэх хүмүүсээс тодруулга тайлбар авахад:
Комиссын нарийн бичиг Б.М: “Тендерийн материалыг дараа нь нөхөж хийсэн, биеийн тамир спортын хувцас, хэрэглэлийг би хүлээж аваагүй амралтаа аваад үргэлжлүүлээд жирэмсний амралттай байсан” гэсэн тайлбар өгсөн.
Үнэлгээний хорооны гишүүн Э.Л: “Нягтлан бодогч Ж.Б чи тендерийн хороонд орсон шүү гэж хэлж байсан би юуны тендер гэдгийг мэдээгүй дараа нь нэг хуудас дээр гарын үсэг зуруулж байсан. Авсан хувцас, хэрэглэлийн үнэ чанар байдлыг мэдэхгүй, хурал хийж тендер зарлаж байсныг мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн.
Яагаад ганц хуудас дээр гарын үсэг зурсан бэ гэж асуухад “дарамт ихтэй байдаг зурахгүй бол дараа нь цалин мөнгө болон бусад асуудал дээр хавчдаг” гэж хариулж байсан.
Д.Б /цанын спортын дасгалжуулагч/: “Барааны чанар, үнэ, гарал үүслийн талаар мэдэхгүй, тоо ширхгийг нь мэднэ” гэсэн тайлбар өгсөн.
2016 онд нярваар ажиллаж байсан Ж.Ө “Би энэ хувцсыг хүлээн аваагүй, намайг жижүүртэй байхад даргын өрөөнд нягтлан бодогч Ж.Б бөөн юм авчраад, тоолж хүлээж аваагүй, манай байгууллагын ажилтан албан хаагчид бүгд харсан, склад руу зөөж байсан, тоо ширхэг, чанар байдлыг мэдэхгүй Б.М хүлээн авсан байх” гэсэн тайлбар өгсөн.
Тендерт ялсан “И...” ХХК-аас 99------ утсаар тодруулахад “хариуцсан захирал нь гадаадад байдаг сүүлийн үед спортын хувцас хэрэглэл нийлүүлээгүй” гэсэн тайлбар өгсөн.
Төсвийн хөрөнгөөр худалдан авсан 32.4 сая төгрөгийн спортын хувцас, хэрэглэл нь тендерийн тодорхойлолтод заасанчлан Франц, Герман улсын агаар нэвтрүүлдэг олон улсын тэмцээн уралдаанд өмсөх зөвшөөрөлтэй хувцас хэрэглэл байх ёстой боловч Ц.Н, Ж.Б нар хямд, чанаргүй, барааны гарал үүсэл тодорхойгүй спортын хувцас, хэрэглэлийг худалдан авсан бөгөөд нягтлан бодогч Ж.Б өөрийн гараар данс бүртгэлд тусгасан байсан.
Дээр дурдсан зүйлээс үзэхэд тендерийн хууль зөрчиж зохион байгуулсан, тендер нь ялагч тодроогүй байхад худалдан авах ажиллагааг хийсэн, худалдан авсан зүйл нь чанарын шаардлага бүрэн хангаагүй, ашиглалтгүй хөрөнгө тул төсвийн хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу зарцуулаагүй байна гэж акт тогтоож улсын төсөв буюу ард олны хөрөнгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү актыг “зөвхөн нэг ажилтан зарын үсэг зураагүй гэдгээр тендерийн бичиг баримтыг хуурамч гэж үзсэн нь учир дутагдалтай, хэчнээн төгрөгийн, хэдэн хувцас хэрэглэл ашиглагдаагүй байгааг тооцож дүгнэлгүйгээр нийт үнийн дүнд акт тавьсан нь буруу” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн тендертэй холбоотой үйл баримтыг бүхэлд нь үнэлж дүгнээгүйтэй холбоотой юм. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж улсын ахлах байцаагчийн 2019 оны 17/02/10 дугаартай актыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.
Энэ актыг төсвийг орлогод барагдуулахаар удаа дараа албан шаардлага, Засаг даргын албан бичиг хүргүүлсэн боловч төлж барагдуулалгүй, харин ч ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Ж.Б дур мэдэн 10,3 саая төгрөгийн эд зүйлсийг байгууллагадаа худалдан авсан гэж тайлбарласан. Тухайн үед аймгийн Засаг дарга Д.Б Соёл спорт, аялал жуулчлалын газрын дарга Ц.Н-т, нягтлан бодогч Ж.Б-ыг төсөвт их хэмжээний хохирол учруулсан учир ажлаас чөлөөлж, төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн дотор бүрэн барагдуулах үүргийг өгч албан бичиг хүргүүлсэн байна.
Дээрх авсан гэх хөрөнгөд:
2015 онд Монголын цанын холбооноос орон нутагт цанын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, цанын төрөлд баг бүрдүүлэн оролцуулах үүднээс цанын ком хэрэгсэл олгосныг бүхэлд нь тусгасан байсан.
Мөн 2013 онд яамнаас нэгтгэн гаргасан “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” ном (600,000₮), жад (175,000₮), зээрэнцэг (500,000₮), бөөрөнцөг (2,040,000₮), тойрогтой бор ширээ (130,000₮), гагнуурын аппарат (300,000₮) зэрэг нийт 22 эд зүйлсийг дур мэдэн худалдан авсан гэж байгууллагад өр төлбөр барагдуулсан мэтээр харагдуулсан үйлдэл гаргасан.
Ийм учраас 10,3 сая төгрөгийг мөнгөн хэлбэрээр улсын төсөвт төлөгдөх ёстой өр төлбөр барагдаагүй байна гэж үзэж акт тогтоосон нь үндэслэлтэй шийдвэр байсан.
Гэтэл анхан шатны шүүх нэг зөрчилд давхар хариуцлага ногдуулсан гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. 17/02/11 дугаар акт нь төлбөр давхардуулан төлүүлэх, ямар нэг хариуцлагыг дахин хүлээлгэх агуулга, үр дагавар байхгүй. Харин өр төлбөр барагдахгүй, тэр нь шалгалтаар илэрсэн тул төлөх ёстой хөрөнгө төлөгдөөгүй болохыг дахин тогтоож, төлбөр төлөхийг 2 дахь удаагаа шаардсан агуулгатай юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 17/02/11 дугаар актыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.
Байгууллагын удирдлагаас бага тушаалын албан хаагчдын хоолны мөнгө буюу цалингийн нэмэгдлийг үндэслэлгүйгээр хасаж, тэднийг хохироож байжээ гэж улсын байцаагч үзэж шийдвэрээ гаргасан. Энэ акт нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах, ажилчдын хохирсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилготой шийдвэр юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр 17/02/11 тоот актыг Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1 дэх заалтыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү акт нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийн 47.1, Байгууллагын дотоод журмын 10.7-д нийцсэн агуулгатай байтал яагаад шүүхээс зөрчилтэй гэж үзсэн нь тодорхойгүй тул тус анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр дахин хянуулах хүсэлтэй байна.
Аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б нь “Ө ...” ХХК-ийн захирал Д.Б-өөс авсан материалуудаа задаргаж бичнэ гэж гарын үсэгтэй хоосон зарлагын баримтууд авч, материалуудын нэр төрлийг өөрчлөн бичиж, данс бүртгэлд тусгасан байсан.
Анхан шатны шүүхээс “тус актыг барилгын материалын үнийн зөрүү хэд байгаа, засвар хийгдсэн гэдэг нь тогтоогдож байх тул засварт хэдэн төгрөг зарцуулсан, 9,950,000 төгрөгөөс зөрүү гарч байгаа” эсэхийг шалгаж тогтоогоогүйгээр шууд үнийн дүнд акт тогтоосон нь үндэслэлгүй гэж хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Аймгийн Биеийн тамир, спортын газар нь “Н ...” ХХК-тай засварын ажлын гэрээ байгуулсан бол тухайн компани засварын ажил хийж, шилжүүлэн авсан 9,950,000 төгрөгөөр компани өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа санхүүжүүлэх ёстой. Гэтэл энэ мөнгийг нягтлан бодогч Ж.Б авч хувьдаа завшсан тул тус мөнгийг төлүүлэхээр акт тогтоогдсон болно. Бид энэхүү засварын ажлыг дахин санхүүжүүлсэн 4,891,900 төгрөгт акт тогтоож төсвийг хохиролгүй болгох болно.
Мөн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай” 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2018 оны 05 сард “Н ...” ХХК-тай өрөөнүүдийн засварын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж 9,950,000 төгрөгийг шилжүүлэн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нягтлан бодогч Ж.Б өөрийн биеэр бэлэн мөнгөөр тоолж гаргуулан авч байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулаагүй байна. Харин өрөөний засварын тооцоонд төсвөөс дахин “Ө ...” ХХК-д 4,891,900 төгрөгийг барилгын материал, ажил үйлчилгээний хөлсийг төлж байгаа нь нягтлан бодогч Ж.Б давуу эрх эдэлж, эрх үүргээ хэтрүүлэн төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан байна” гэж дүгнэжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэгт өөрчлөлт оруулж, улсын байцаагчийн актыг хүчинтэй хэвээр үлдээж, төсвийг хохиролгүй болгож өгнө үү.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Биеийн тамир, спортын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь спортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн наадмыг ивээн тэтгэж болно” гэж зохицуулсан байх бөгөөд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.8-д “аймагт ажиллаж байгаа тамирчин ... тэмцээн уралдаанд оролцох бол төсвийн боломжоос хамааран санхүүгийн дэмжлэгийг олгоно” гэж заажээ.
Иймд дээрх зардлыг байгууллагын даргын шийдвэрээр тэмцээн уралдааны зардлаас гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзээд тус актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:
Төсвийн хөрөнгө мөнгө зарцуулах үндэслэл болсон албан бичиг нь аймгийн Засаг дарга гэсэн тэргүүн хэсэгтэй хэрнээ аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын архив бичиг хэрэгт бүртгэгдээгүй, огт хүлээн аваагүй, аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй буюу тодорхойгүй байсан. Цаашилбал эх албан бичиг биш, хүчин төгөлдөр баримтаар санхүүгийн гүйлгээ хийсэн нь ноцтой зөрчил юм.
Нөгөө талаас байгууллагын дотоод журмаар аймагт ажиллаж байгаа тамирчинд дэмжлэг олгохоор заасан байтал тэмцээн уралдаан арга хэмжээний хөтөлбөр, удирдамж чиглэл байхгүй, тухайн үед тамирчин гэх анхан шатны ямар ч баримтгүй өөрийн байгууллагын нягтлан бодогчид зардал олгосон. Мөн Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж, төрийн байгууллагын батлагдсан төсвөөс спортын арга хэмжээг ивээн тэтгэсэн байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, улсын байцаагчийн актыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “наадмын талбайн засвар хийхдээ манаачийнхаас тог авч гагнуур хийсэн” тул цахилгааны төлбөрийг төлсөн гэж маргаж байхад улсын байцаагч нар энэ талаар бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэж актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ төрлийн зөрчил өмнөх шалгалтаар илэрч байсан бөгөөд энэ удаа дахин давтагдсан байна. Байгууллагын ажил үйлчилгээнд гагнуур хийсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримт бичиг байхгүй, харин айл өрхийн гэрэл ,хог, зурагтын үйлчилгээний хөлсийг төлсөн нь баримтаар нотлогдсон. Гагнуурын ажил хийсэн талаар ямар ч нотолгоо байхгүй учир шийдвэрийн энэхүү хэсэгт өөрчлөлт оруулж, захиргааны актыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ж.Б-ыг Улс төр, менежментийн академид суралцах хугацааны сургалтын төлбөрийн зардалд 812,000 төгрөгийг хичээл, үйлдвэрлэл, практикийн зардлаас гаргасан нь хууль, журмыг зөрчөөгүй, төрийн албан хаагч нь ямар чиглэлээр суралцахыг хориглоогүй бөгөөд заавал мэргэжлийн чиглэлээр суралцах ёстой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзээд тус актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчлийн дотоод агуулгыг сайтар шинжлээгүйтэй холбоотой бөгөөд Ж.Б-ын гаргасан зөрчил нь шүүхийн дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчсөн агуулгатай болно.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын 7-д “хурал, сургалт, зөвлөгөөний давтамжийг багасгах, зайлшгүй хийх тохиолдолд төлөөлөгчдийн орон тоог цөөн, оновчтой, богино хугацаанд хийхээр эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах” гэж зааснаар төр засгаас төсөв хэмнэх, урсгал зардлыг бууруулах үүрэг чиглэл өгсөөр байтал нягтлан бодогч Ж.Б нэг жилд 2 удаа сургалтын төлбөр төлүүлсэн нь үгүй зардал гэж үзэж, нөхөн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, актыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар “Хяналт шалгалтын удирдамж”-аар аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор хийсэн мөртлөө 2010 оны зөрчилд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж, актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот удирдамжийн 5.13-т “өргөдөл хүсэлтийг он харгалзахгүй судалж шийдвэрлэх тухай” заасан. Энэхүү актыг Биеийн тамир, спортын газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэх явцад буюу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Б-оос хүсэлт ирүүлсэн тул хяналт шалгалтад хамруулж, санхүүгийн сахилга бат ноцтой зөрчсөн үйлдэл болохыг тогтоож, нөхөн төлбөрийн акт гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэгт өөрчлөлт оруулж, улсын байцаагчийн актыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү.
Нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн актын тухайд:
17/02/17/04/32 дугаартай актын үнийн дүнгээс 1,210,000 төгрөгийн төлбөрийг багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.
Ц.Н, Ж.Б нарын санхүү, төсвийн зөрчил нь төсвийн хууль тогтоомжийн суурь зарчим, тусгай зохицуулалт, төрийн албаны сахилга хариуцлагыг зөрчсөн болохыг шүүх анхааралдаа авахыг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар “аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчил илэрсэн, зөрчлийг арилгах талаар удирдах албан тушаалтнаас санаачлага гаргаагүй, үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллаагүй болох нь аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн ... актуудаар тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Н-ыг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халжээ.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01, 07-ны өдрийн маргаан бүхий актуудын тухайд:
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “албаны аудитын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад аудит, хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх” зорилгоор 05 дугаартай Аудит, хяналт шалгалтын удирдамжийг баталж, уг удирдамжийн дагуу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийж 2019 оны 05 дугаар сарын 01, 07-ны өдөр тогтоосон нийт 23 актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргажээ.
2014 оны санхүүгийн хяналт шалгалтаар Биеийн тамир, спортын газрын дарга, нягтлан бодогч нарын буруутай үйл ажиллагаанаас болж тогтоогдсон актын төлбөр 10,330,108 төгрөгийг ... төсөвт төвлөрүүлэлгүй бараа материал авсан гэж хуурамч баримт бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр акт тогтоосон байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасны дагуу уг актад тогтоосон төлбөрийг өмнө нь тогтоосон шийдвэр байгаа тохиолдолд түүний биелэлтийг хангуулахаар ажиллах нь зүйтэй байжээ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлын “өр төлбөр барагдахгүй, тэр нь шалгалтаар илэрсэн тул төлөх ёстой хөрөнгө төлөгдөөгүй болохыг дахин тогтоож, төлбөр төлөхийг 2 удаагаа шаардсан” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Уг акт нь нэг зөрчлөөс үүссэн төлбөрийг 2 дахь удаагаа буюу давхардуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн акт байх бөгөөд өмнө тогтоогдсон төлбөрийг төлүүлэхээр шаардсан албан шаардлага биш байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж тус тус заажээ.
Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын хөдөлмөрийн дотоод журмын 10.7-д “Албан хаагчдад хоолны мөнгийг өдрийн 4000-5000 төгрөгөөр ажлын өдрөөр тооцон төсвийн нөөц боломжоос хамааран олгоно” гэжээ. Үүнээс үзвэл хоолны мөнгийг олгохдоо тухайн байгууллагын төсвийн нөөц боломжид тулгуурлан олгохоор шийдвэр гаргасан нь буруутгах үндэслэл болохооргүй байна.
Актаар 4 хүн, хуулийн этгээдээс бараа материал авсан боловч тараасан баримт байхгүй, санхүүгийн тайланд тусгаагүй гэсэн үндэслэлээр уг бараа, материалуудыг авсан төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч “А ...” ХХК болон иргэн Б.Ц-ээс авсан бараа материалын зарцуулалт нотлогдсон байх тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу нотлогдсон 1,210,000 төгрөгийг актаас хасч хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Анхан шатны шүүх актаас төлбөрөөс хасч шийдвэрлэхдээ “уг төлбөрийг Биеийн тамир, спортын газрын төсвөөс төлүүлэх байтал төсөв захирагч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу, нэгэнт Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө байх тул нөхөн төлүүлэхээргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр уг актуудтай холбоотой хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Уг актаар “тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, техникийн шаардлага хангахгүй спортын хувцас, хэрэгсэл бэлтгэн 4 жил складын үлдэгдэл болгож төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан” гэсэн үндэслэлээр төлбөр тогтоосон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэж заасныг зөрчиж аймгийн Биеийн тамир, спортын газар захиалагчийн үүрэг гүйцэтгэсэн талаар анхан шатны шүүх дүгнэсэн боловч “акт тогтоохдоо дээрх байдлыг үндэслээгүй хуурамч бичиг баримт бүрдүүлж, чанаргүй бараа материал нийлүүлсэн гэж акт тогтоосон” гэж дүгнэн актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Учир нь тухайн тендер шалгаруулалтын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх заалт зөрчиж, тендер шалгаруулалт зохион байгуулснаас гадна, гэрчийн мэдүүлгээс үзвэл тендер шалгаруулалт бодитоор явагдсан гэж үзэхээргүй байна.
Уг актаар тогтоосон төлбөр үндэслэлтэй болох нь хяналт шалгалтын явцад нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “засварт хэдэн төгрөг зарцуулсан ... зөрүү гарч байгаа эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шууд нийт үнийн дүнд акт тогтоосон нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн б/21 дүгээр тушаалаар “... байгууллагын урсгал засварын зардлаар хийгдэх хөлөгт тоглоомын танхим, ажилчдын амралтын өрөө, тамирчдын сургалтын өрөө, үүдний коридорын өрөөг засварлуулахаар “Н ...” ХХК-тай 9,950,000 төгрөгөөр барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-г баталсан, улмаар Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга болон “Н ...” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр АРБТСГ02/2018 дугаартай “Биеийн тамир, спортын газрын өрөө засварлах ажлын гэрээ” байгуулсан байна.
Гэтэл “Н ...” ХХК-д шилжүүлсэн 9,950,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч үлдсэнийг нь Ж.Б-т бэлнээр өгсөн нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан хуулийн этгээдээр ажил гүйцэтгүүлээгүй, тус хуулийн этгээдэд шилжүүлсэн мөнгийг бэлнээр гаргуулан авсан болох нь тогтоогдсон байх энэ тохиолдолд тухайн засварыг өөр этгээд хийсэн, тус этгээд хэдэн төгрөгийн зардал (хариуцагч нар дахин санхүүжүүлсэн гэж маргаж буй) гаргасан болохыг шалгаж тогтоох шаардлагатай байсан гэж үзэхгүй, энэ үндэслэлээр актыг хүчингүй болгосон нь буруу болжээ.
Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/67 дугаар Архангай аймгийн Засаг даргад хандсан “Зардал хүсэх тухай” албан бичгийг үндэслэл болгон Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн а/48 дугаар тушаалаар “2017 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Япон улсын Тоторо мужид зохион байгуулагдах олон улсын граунд гольфийн тэмцээн, семинарт Ж.Б-ыг” оролцуулахаар шийдвэрлэж, тэмцээний зардал болон хоол байрны зардалд 2,670,000 төгрөг олгохоор зөвшөөрсөн нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Нөгөө талаар, зардал хүсэх тухай албан бичиг нь Аймгийн Засаг даргад хандсан боловч Засаг даргаас шийдвэр гаргаагүй байхад тус аймгийн Биеийн тамир, спортын газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу, уг албан бичиг Засаг даргын Тамгын газрын архив бичигт хүргэгдээгүй байжээ.
Хариуцагчаас уг актыг тогтоосон үндэслэлээ “Ж.Б нь 2015 онд өөрийн мэргэжил дээшлүүлэх сургалт болох мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтын төлбөрийг төсвөөс төлүүлсэн ... жилд нэг хүний сургалтын төлбөрийг төсвөөс хоёр удаа төлсөн” гэж тайлбарлажээ.
Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар “тус байгууллагын нягтлан бодогч ажилтай Ж-ийн Б нь Улс төр, менежментийн академид суралцаж байгаа тул сургалтын төлбөрт дэмжлэг” үзүүлэхээр шийдвэрлэж 812,000 төгрөг олгосон нь Төрийн албаны тухай /2002 оны/ тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” гэж заасантай нийцээгүй. Төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх тухайн ойлголтод хамаарахгүй, мөн “нэг жилд 2 удаа сургалтын төлбөр төлүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй. Уг акт нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасантай нийцээгүй байх тул актыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар дугаар удирдамжийн 5 дугаар зүйлд шалгалтад хамрагдах асуудлуудыг заасан бөгөөд 5.13-д “өргөдөл, хүсэлтийг он харгалзахгүй судалж, шийдвэрлэх”-ээр тусгасан байхад анхан шатны шүүх “2010 оны зөрчилд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэн “ажиллаагүй хугацаанд цалин бодсон” болохыг тогтоосон актыг хүчингүй болгосон нь буруу байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсэг буюу Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10, 17/02/17/04/119, 17/02/17/03/22, 17/02/17/03/29 дүгээр, 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актуудыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх” заасан нь төсвийн хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх арга байна.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж тус тус заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төсвийн захирагч нь энэ хуулийн 43.1.3, 43.1.5-д зааснаас бусад төсвийг хоёр төсвийн жил дамжуулан зарцуулахгүй” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгчийг өмнө нь ажлаас халсан шийдвэрийн (хүчингүй) үндэслэл болсон Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/04/86, 17/04/87, 17/04/88 дугаар актуудаар энэхүү хэрэгт хянагдаж буй актуудаар тогтоосон зөрчлүүдтэй давхардуулан акт үйлдээгүй байна. .
Түүнчлэн, өмнө нь нэхэмжлэгчийг ажлаас халсан Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар “Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, тухайн үед гаргасан зөрчилдөө нэхэмжлэгч хариуцлага хүлээгээгүй байна.
Харин Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар тус аймгийн Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны улсын байцаагч нарын актыг үндэслэсэн, ингэхдээ өмнө актаар тогтоогдсон зөрчлүүдийг дурдаагүй байна.
Түүнчлэн, уг хяналт шалгалтын дүнг танилцуулсан хурлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Биеийн тамир, спортын газарт хийсэн, уг хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч оролцож байсан байх тул сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Давж заалдах гомдлын “тухайн актуудыг гаргаж миний биед сахилгын арга хэмжээ авахуулах тухай саналыг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлж байгаа талаараа огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй” гэдэг нь энэхүү актуудыг гарснаас хойших цаг хугацаанд хамаарах үндэслэл байна.
Харин давж заалдах гомдлын “байцаагчид нь дээрх нэр бүхий 22 актыг тогтоохдоо төлбөр төлөхөөр тогтоосон нэр бүхий хүмүүст төлбөрийн акт тогтоож байгаа талаараа мэдэгдээгүй атлаа тухайн төлбөрийн актуудыг төлбөр тогтоогдсон ажилчид, аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх үүргийг нягтлан, даргад үүрэг болгосон нь биелэгдэх боломжгүй” гэх үндэслэлийн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны зорилго нь шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу уг ажиллагааг явуулснаар захиргааны байгууллагаас гаргах шийдвэрт нөлөөлөхүйц тайлбар, санал гаргуулах зорилготой.
Гэтэл энэ тохиолдолд хяналт шалгалтаар Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг цаг хугацааны хувьд өмнө болсон үйл баримт, бичгэн баримтуудад үндэслэн шалгаж байгаа тул актаар төлбөр төлөхөөр тогтоогдсон этгээд тайлбар, санал гаргаснаар уг шийдвэр өөрчлөгдөх, шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдал бий болохоор байсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн 2014-2018 онд явуулсан үйл ажиллагаа холбогдох үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг санхүүгийн баримтад тулгуурлан хянаж шалгажээ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд гаргах захиргааны акт буюу шийдвэрийн төрлүүдийг заасан. Гэтэл энэ тохиолдолд улсын байцаагч нарын акттай холбогдуулан эдгээр шийдвэрийн аль нэгийг гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Ц.Н-ыг өмнө нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар “Биеийн тамир, спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд удаа дараа зөрчил гарч, уг зөрчил нь өнөөг хүртэл арилаагүй, зөрчлийг арилгах талаар удирдах албан тушаалтнаас идэвх, санаачлага гаргаж ажиллаагүй, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд ноцтой зөрчлүүд давтан гарсан нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн ... актуудаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр ажлаас нь халсныг Засаг дарга өөрөө 2019 оны Б/20 дугаар захирамжаар “Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заажээ. Үүнээс үзвэл аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаал бус захиргааны байгууллагын шийдвэрээр томилж, чөлөөлөгддөг албан тушаалтан байна.
Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд 70.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хууль зөрчсөн болох нь улсын байцаагч нарын маргаан бүхий актуудаар тогтоогдсон байх тул албан тушаалтныхаа хувьд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн байна.
Биеийн тамир, спортын газрын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/274 дүгээр албан бичгээр Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр зөвшилцөх санал хүргүүлсэн Архангай аймгийн Засаг даргад хариу хүргүүлсэн байна.
Архангай аймгийн Засаг даргаас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдэлд, тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаас (нэхэмжлэгч) 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаар албан бичгээр хариу хүргүүлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг үндэслэл болгон мөн зүйлийн 48.1.4-д “төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй, тухайн зөрчлийн шинж байдалд тохирсон байна.
Шүүхийн шийдвэрээр тухайн актуудаас заримыг нь хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн Архангай аймгийн Засаг даргын шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохооргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Архангай аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой хэсэг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.7, 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8, 6.6.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5, 20.2.6, 20.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-аас Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 5 дүгээр сарын 01-ний өдрийн 17/02/11, 17/02/17/07/17, 17/02/17/03/27, 17/02/1703/28 дугаар актуудыг, 17/07/17/03/12 дугаар актаас 983293 төгрөгийн, 17/02/17/04/13 дугаар актаас 351,700 төгрөгийн, 17/02/17/03/31 дүгээр актаас 198,541 төгрөгийн, 17/02/17/04/32 дугаар актаас 1,210,000 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/10 дугаар акт, 17/02/17/03/12 дугаар актаас 4,197,007 төгрөг, 17/02/17/04/13 дугаар актаас 1,414,300 төгрөг, 17/02/17/03/14, 17/02/15, 17/02/17/04/18, 17/02/17/04/19, 17/02/17/03/20, 17/02/17/04/21, 17/02/17/03/22, 17/02/17/03/23, 17/02/17/03/24, 17/02/17/04/25, 17/02/17/03/26, 1702/17/03/29, 17/02/30 дугаар актууд, 17/02/17/03/31 дүгээр актаас 2,278,310 төгрөг, 17/02/17/04/32 дугаар актаас 1,404,100 төгрөгийн төлбөр болон 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/33 дугаар актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ