Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 40

 

2017,7,5 40

Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0022/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга, 

Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл,  К.Бауиржан,

Ялтан:  Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч С.Нарангэрэл, К.Баурижан нарын давж заалдах гомдлоор ялтан Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарт холбогдох эрүүгийн 201623010036  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1978 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 38-р байрны 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Хуучид овгийн Жанчивдоржийн Мөнхмандах /РД:СЩ78033119/

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1979 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 05 сарын 31-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3400000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Дэд овгийн Рэгдэлийн Дугардорж /РД:СЩ79051716/

Ж.Мөнхмандах нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын  ажлыг тендер  сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар  хийж  гүйцэтгүүлэн  2013  оны  09   сарын  09-өөс  10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Ганхуягаас 1.500.000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан,

Р.Дугардорж нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж 21.073.800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар хийж гүйцэтгүүлэн  2013 оны 08 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр 48-р байрны гадна Г.Ганхуягаас 1.000.000 төгрөг мөн 2013 оны 09 сарын 09-өөс 10-ны хооронд 500.000 төгрөгийг тус тус хээл хахуулийг өөрөө  авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэхь сум, Сум дундын прокурорын газраас Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар  хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 жил /нэг/ 6 сарын /зургаа/ сарын  хорих ялаар, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг  төрийн  албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг  3 /гурав / жилийн хугацаагаар хасч,  2  /хоёр/  жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Мөнхмандахад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялыг, шүүгдэгч Р.Дугардоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Дугардорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг хүчингүй болгон, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахаас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Р.Дугардоржоос 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, Ж.Мөнхмандахад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, Р.Дугардоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамга бүхий “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.Мөнхмандах гэх бичиглэл бүхий  “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас /1-р ХХ-ийн 62/ тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч  Ж.Мөнхмандахын бичиг  баримт  шүүхэд шилжиж ирээгүй, энэ  хэрэгт  битүүмжлэгдсэн  шүүгдэгч Ж.Мөнхмандахын өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000478 дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дугардоржийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000439 дугаартай орон сууцыг битүүмжлэлийг хэвээр үлдээж, уг эд хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахад Р.Дугардорж нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус  шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч С.Нарангэрэл нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгч зөвхөн шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудаа дурдаад бусад үндэслэлүүдийг бичихгүй орхисон байна. Мөнхмандахыг хэдийд, хаана, ямар цаг хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн, учруулсан хор хохирол, ял шийтгүүлж байсан эсэхийг тодорхойлох хэсэгт бичээгүй байна. Эрүүгийн хуулийн 54-р зүйлд “шүүх ял оногдуулахдаа хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296-р зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх үндэслэлүүдийг тодорхойлно гэж заасан байхад шүүх зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдсан  байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

Ялтны өмгөөлөгч К.Бауиржан нь давж заалдах гомдолдоо: Дугардоржийг ямар гэмт хэрэгт буруутгаж байгаа, уг гэмт хэргийг гардан зохион байгуулсан эсэх дээр бодит дүгнэлтийг өгөөгүй. Өөрөөр хэлбэл бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Тэрнээс бус  бусдаас хандив авсан гэмт хэрэгт буруутгаагүй. Р.Дугардоржийн хувьд Бор-Өндөр сумын 6-р багийн засаг даргаар ажиллаж байхдаа багийн малчдад зориулан нэн шаардлагатай байгаа мал угаалгын ванн барих ажлыг зохион байгуулж, багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэрлүүлж, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Лут чулуу” ХХК-нд холбогдох албан тушаалтнуудтай харьцаж 21073800 төгрөгийн хандивыг авах ажлыг гардан зохион байгуулсан. Гэхдээ Авлигатай тэмцэх газраас энэхүү үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй бөгөөд харин мал угаалгын ванн барих ажлыг хийж гүйцэтгэсэн Г.Ганхуягаас мал угаалгын ванн барих ажлыг өгснийхөө төлөө 1500000 төгрөг авсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокуророос уг үйлдэлд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүхээс мал угаалгах ванн барих ажлын санхүүжилтийг олж авах ажлыг гардан зохион байгуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35-р зүйлийн 35.3-т заасныг журамлсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246-р зүйлд заасантай нийцэхгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т Дугардоржид 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дугардорж нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж боломжтой юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35-р зүйлийн 35.3-т заасныг журамласныг хүчингүй болгож, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх  шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт тусгавал зохих нөхцөл байдлуудын дэс дарааллыг алдагдуулсан, тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, учирсан хохирол, түүний хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийгээгүй нь тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлөхөөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  2, 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хүчин төгөлдөр болно.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ

                                                                                                    Б.ДЭНСМАА