Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр, 

улсын яллагч Б.Ганзориг,

шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дааган дэл овогт Дэмбэрэлийн Бд холбогдох эрүүгийн 1906 06366 2524 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Б, 1967 оны  8 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Санкомпорт” ХХК-д орцны жижүүр ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 1943 тоотод оршин суух, урьд нь 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дунд” буудал дээр Г.Оюундэлгэртэй “утас дээрээс дугаар харсангүй” гэх харилцааны улмаас маргалдаж, улмаас толгойн тус газарт нь гараараа цохиж, унасан байхад өшиглөж эрүүл мэндэд нь эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, оочинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Г.Оюундэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дарь Эх сэлх” чиглэлийн автобусанд зорчиж явахад үл таних залуу утас дээрээс дугаар харж өг гэсэн...согтуу байсан болохоор нь би харж өгөөгүй. Тэгсэн намайг харааж  эхэлсэн...би дунд буудал дээр буусан тэгсэн тэр залуу ирээд цамцнаас гараараа татсан, тэгээд нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон...унасан хойно өшиглөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ганхуягийн хамт 0.5 грамм архи, 2.5 грамм пиво хувааж уусан...би автобусанд юу болсон талаар сайн санахгүй байна. Би хацар хэсэгт цохисон гэсэн...би хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12853 тоот дүгнэлтэд: 

1. Г.Оюундэлгэрийн биед эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйх, баруун түнхний зөөлөн эдийн няцрал, оочинд цус хуралт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 11-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дунд” буудал дээр Г.Оюундэлгэртэй “утас дээрээс дугаар харсангүй” гэх харилцааны улмаас маргалдаж, улмаас толгойн тус газарт нь гараараа цохиж, унасан байхад өшиглөж эрүүл мэндэд нь эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, оочинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Г.Оюундэлгэрийн: “...2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дарь Эх сэлх” чиглэлийн автобусанд зорчиж явахад үл таних залуу утас дээрээс дугаар харж өг гэсэн...согтуу байсан болохоор нь би харж өгөөгүй. Тэгсэн намайг харааж  эхэлсэн...би дунд буудал дээр буусан тэгсэн тэр залуу ирээд цамцнаас гараараа татсан, тэгээд нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон...унасан хойно өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Оюундэлгэр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Бд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Б-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР