Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 829

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Мөнхзул,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Э.Одонтуяа /ШТЭД-0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн .......................  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, тусгай дунд боловсролтой, механик холбоочин мэргэжилтэй, Нийслэлийн 261 дүгээр цэцэрлэгт цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....................тоотод оршин суух,

урьд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/32 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Г.Д /РД:.................../

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Б-гийн “Самсунг галакси с-6 эджи” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, бусдад 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Н.Б-гийн мэдүүлэг /хх10-11/, гэрч Р.У-гийн мэдүүлэг /хх15-16/, “Мастер үнэлгээ” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх28-29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх36/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх37/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх61/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Г.Д-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.Б-гийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “...Д гэх залуу миний утсыг аваад зугтаасан...” гэсэн өргөдөл /хх3/,

2. Хохирогч Н.Б-гийн “...2019 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед би гэрийнхээ урд Баянцагааны 8 дугаар гудамжинд байрлах хүнсний дэлгүүрт орж 2 ширхэг боргио гэдэг лаазтай пиво авсан. Тэгээд дэлгүүрээс гараад гэр рүүгээ явж байгаад Д гэх хүнтэй танилцсан. Тэгээд тэр залуутай гэрийнхээ хажуу талын худгийн хажууд 2 ширхэг боргиогоо мөн 0.33 граммын Хараа нэртэй архи хамт уугаад дуусаад байж байтал Д гэх залуу миний “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утсыг булаагаад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /хх10-11/,

3. Гэрч Р.У-гийн “...Би Сансарт байрлалтай “Зүшиг” гэх нэртэй ломбард ажиллуулдаг. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад гаднаас урьд өмнө надаас “Самсунг жи 6” маркийн гар утас худалдан авч байсан Д гэх эрэгтэй орж ирээд надад цэнхэр өнгийн хар хавтсан гэртэй “Самсунг эс-6” маркийн гар утас гаргаж ирээд надаас барьцаанаас суллагдсан гар утас болох ЛЖ маркийн гар утас аваад дээрээс нь 35000 төгрөг дансаар авсан. Би тухайн гар утсыг 165.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлэг /хх15-16/,

4. “Мастер үнэлгээ” ХХК-наас дээрэмдүүлсэн гар утсыг 305.000 төгрөг гэж үнэлсэн тайлан /хх28-29/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Г.Д нь:

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Б-гийн “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдэн 305.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Б-гийн “....Д гэх залуу миний “Самсунг галакси эс-6 эдж” маркийн гар утсыг булаагаад зугтаачихсан. Би тухайн үед араас нь гүйгээд гүйцээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Р.У-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад гаднаас урьд өмнө надаас “Самсунг жи-6” маркийн гар утас худалдан авч байсан Д гэх эрэгтэй орж ирээд надад цэнхэр өнгийн хар хавтсан гэртэй “Самсунг эс-6” маркийн гар утас гаргаж ирээд надаас барьцаанаас суллагдсан гар утас болох ЛЖ маркийн гар утас аваад дээрээс нь 35000 төгрөг дансаар авсан. Би тухайн гар утсыг 165.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй шунахайн сэдэлтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байх бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:

Хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Д-д холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хамаарах бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон, энэ тогтооолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.МӨНХБААТАР