Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 830

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Х.Нарангуа,

хохирогч Н.О,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн /ШТЭД-1079/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-д холбогдох эрүүгийн .................... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа машин засдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, .......................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 В.Б /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч В.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ................. тоот хашааны гадна нагац ах Н.О-гзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Н.О-гийн мэдүүлэг /хх10-13/, гэрч Н.Ц-гийн мэдүүлэг /хх19/, насанд хүрээгүй гэрч В.Ж-гийн мэдүүлэг /хх26-27/, гэрч Ц.А-гийн мэдүүлэг /хх29/, хохирогч Н.О-гийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх48-73/, шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31/, ял шийтгэлийн шалгах хуудас /хх74/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх75/, Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа /хх79/, Хаан банкны дансны хуулга /хх82/, В.Б-гийн яллагдагч өгсөн мэдүүлэг /хх40-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч В.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.О-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би найз Ц-тэй архи уугаад А найзтайгаа ярьсан чинь Баянхошуунд байна гэхээр нь Баянхошуунд ирээд найз А-тэй уулзаад эгч Ц-гийнд очтол түүний хүү Б намайг ална гээд дайрахаар нь ор руу түлхэж унагаад гараад зугатаасан. Тэгээд А-гийн машинд суугаад хөдлөөд явах гэтэл араас Б гарч ирээд ална гээд орилоод байхаар нь А ...машины араас чулуу шидчихнэ, намайг буугаад аргалж бай... гэхээр нь би буугаад очтол Б намайг юугаар цохисныг мэдэхгүй толгойд цохихоор нь би Б-г доошоо дартал миний толгойноос цус алдаж байсан. Тэгээд Баттулгын 2 гар нь сарвалзаад байсан, гарт нь шил байсан бололтой миний цээжийг юмаар баахан зүссэн. Тэгээд манай найз чи их бэртсэн байна гээд түргэн дуудсан. Намайг Б юугаар цохиж байгааг мэдээгүй, намайг цохих үед хажууд байсан Баттулгын дүү Жавхлантөгс надад хэлэхдээ гэрээс Б ах шил хагалаад аваад гараад явсан гэж хэлсэн. Намайг Б хаа хамаагүй цохиод байсан. Миний гэмтлүүдийг Б учруулсан...” гэх мэдүүлэг /хх10-13/,

2. Гэрч Н.Ц-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө миний хүү Б хөдөөнөөс ирээд унтаж байхад О танихгүй хүнтэй орж ирээд унтаж байсан Б руу ахтайгаа мэндэлсэнгүй гээд агсраад байсан. Тэгэхээр нь би О-г гэрээс хөөгөөд гаргасан чинь манай хүү Б гэрээс гараад О-той маргалдан зодолдож байхаар нь би араас нь очиж салгасан. О-гийн цээжнээс нь цус гарчихсан байсан. Би хаана нь цохиж яаж гэмтээснийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх19/,

3. Насанд хүрээгүй гэрч В.Ж-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө Б ах хөдөөнөөс ирээд гэрт унтаж байсан. Шөнө 01 цагийн үед ээжийн дүү О ах согтуу орж ирээд Б ах руу чи ахтайгаа мэндлэхээ байжээ гээд заамдаад байсан. Тэгтэл Б ах орноосоо босч ирээд О ахтай муудалцаж байгаад сервантны шил хагалчихсан. Тэгсэн ээж уурлаад О ахыг гэрээс хөөж гаргасан. Б ах араас нь гараад  хашааны гадаа Б ах О ах 2 цохилцоод байх шиг байсан. Харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ цохиж байгаа нь сайн харагдаагүй. О ахын цээж нь зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх26-27/,

4. Гэрч Ц.А-гийн “...2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчим Баянхошууны тойрог дээр О-той уулзаад байж байсан чинь О ...манай эгчийнд очиж хоол идье... гэхээр нь би ...тэгье... гээд эгч дээр нь очсон тэгээд эгчийнх нь гэрт орсон чинь Б, эгч нар нь согтуу байсан. Тэгээд Б согтуурхаад О-г ...гар зайл... гээд байсан. О-той барьцалдаж аваад гэрийнхээ сервантны шилийг хагалсан. Тэгэхээр нь О бид 2 гараад машиндаа суугаад явах гэхэд Б гарч ирээд гудамжинд дахиад О-той барьцалдаж авсан. Би машины шил хагалчихна гээд машинаа холдуулчихаад эргээд ирсэн чинь О-гийн толгой болон цээжнээс цус гарч байсан. Тэгээд Бтай хамт явж байсан дүү нь гээд банди түргэн дуудсан. Харанхуй байсан болохоор Б гартаа юу барьсан нь харагдаагүй, хамт явж байсан дүүгээс нь асуухад шил байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх29/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4391 дугаартай дүгнэлтээр  “...Н.О-гийн биед зулай, зүүн чамархайн хуйх, цээжинд шарх, зөөлөн эдийн няцрал, зулай зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх31/,

7. В.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед манай ээжийн төрсөн дүү О гаднаас согтуу орж ирээд ахынхаа мэндийг мэдсэнгүй гээд надтай хэрэлдэж байгаад намайг гэнэт боогоод авсан. Тэгэхээр нь би О-г түлхэхэд манай сервантны шил хагарсан. Тэгсэн манай ээж О-г гэрээс хөөгөөд гаргасан чинь гадаа гарчихаад явахгүй байхаар нь би гэрт байсан сервантны шилийг аваад гадаа гараад О-той дахин барьцалдаж аваад нөгөө шилээрээ нүүр, цээж, мөр хэсэгт нь зүсчихсэн...” гэх мэдүүлэг /хх40-42/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч В.Б:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч В.Б болон хохирогч Н.О нар нь төрөл садны харилцаа холбоотой хүмүүс байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ................. тоотод байрлах шүүгдэгч В.Б-гийн ээж Н.Ц-гийн гэрт хохирогч Н.О нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ ирсэн, энэ үед шүүгдэгч В.Б согтууруулах ундааны зүйл уусан байдалтай байжээ.

Улмаар шүүгдэгч В.Б нь нагац ах Н.О-той муудалцан, урьдын таарамжгүй харилцааны улмаас түүнтэй гартаа шил барин зодолдож эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хохирогч Н.О, насанд хүрээгүй гэрч В.Ж, гэрч Н.Цэрэндулам, гэрч Ц.А, болон шүүгдэгч В.Б-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Н.О-гийн эрүүл мэндэд “...зулай, зүүн чамархайн хуйх, цээжний шарх, зөөлөн эдийн няцрал, зулай зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн чамархай хуйханд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4391 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, хүсэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Н.О гэмт хэргийн улмаас хагалгаа хийлгэж, эмнэлэгт хэвтсэн, гэмтлээс учирсан шарх хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүл мэндийн хохиролд баримтаар 2.055.144 /хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн 326.960 төгрөгийг оруулаад/ төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүгдэгч В.Б нь хохиролд төлбөр төлөөгүй байх тул түүнээс 2.055.144 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.От олгуулах нь зүйтэй.

Харин хохирогч Н.О нь ажилгүй байсан хугацааны буюу такси үйлчилгээнд явж чадаагүй 900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч В.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийн хувьд согтууруулах ундааны зүйл уусан үедээ шөнийн цагаар айлд очиж хэрүүл маргаан үүсгэсэн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч В.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бас 2.055.144 /хоёр сая, тавин таван мянга, нэг зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.От олгуулж, хохирогч Н.О-гийн такси үйлчилгээтэй холбоотой 900.000 төгрөгийг хэлэлцээгүй орхиж, Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР