Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 832

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Ё, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ё-д холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, эгч дүү нарын хамт, ........................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй

Ц.Ё /РД:......................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Ё нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.О-г цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.О-гийн мэдүүлэг /хх10-11/, хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №5588 дугаартай дүгнэлт /хх17/, гэрч Б.Ц-гийн мэдүүлэг /хх27-28/, 2019 оны 05 сарын 05-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан офицер Б.Н-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх31-32/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх38/, 2019 оны 05 сарын 05-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан офицер Б.Н-ын хийсэн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх68-69/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон Сонгинохайран дүүргийн 22 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх71-78/, Ц.Ё-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх100-101/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг /хх57-64/ шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч Ц.Ёг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.О-гийн “...2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ё 14 цагийн үед гэрээсээ гараад 17 цаг өнгөрч байхад согтуу гэртээ орж ирсэн. Тэгэхэд нь би гэртээ амарч чадахгүй хэнтэй архи уудаг юм гээд уурлахад найзтайгаа таараад уучихлаа гэж хэлсэн. Хариуд нь би согтуу байна өөрийнхөө гэртээ харь гэсэн чинь хувцсаа аваад гараад явсан. Түүнээс хойш 18 цаг өнгөрч байхад Ё гэртээ хувцсаа аваачиж тавьчихаад ирлээ гээд архи нь гараагүй байхаар нь би дахин цагдаа дуудлаа шүү энд битгий согтуу ирээд бай гэж хэлсэн чинь чи яасан гээд цагдаа дуудах гээд байгаа юм гэж хэлээд утас булааж аваад цохих гээд гараараа далайхаар нь би гарыг нь барьж авах гэхэд зүүн нүд рүү цохисон. Тэгээд би гар утсаа булааж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх10-11/,

2. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №5588 дугаартай “...Д.О-гийн биед зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, зулгаралт ,тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх17/,

3. Гэрч Б.Ц-гийн “...хүү Ё нь О-гийн өөрийн гэрт хүү У болон О түүний аав, ээж нарын хамт амьдарч байгаад хоорондоо маргалдаж бие биендээ гар хүрсэн байсан. Манай хүү Ё зарим үед найз нөхөдтэйгээ нийлж архи уудаг болсон байна...” гэх мэдүүлэг /хх27-28/

4. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан офицер Б.Н-ын гэрчээр өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 05-ны 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ................. тоотод нөхөр согтуу зодоод байна гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна гэхээр нь тухайн хаяг дээр очиход дуудлага, мэдээлэл өгсөн иргэн өөрөө байхгүй байсан бөгөөд дуудлага өгсөн дугаар руу залгаж ярихад ................... тоотод нөхөртэйгээ хамт ирсэн байна гэхээр нь араас нь тухайн хаяг дээр очиход дуудлага мэдээлэл өгсөн иргэн О-гийн зүүн нүд хавдаж хөхөрсөн байдалтай, нөхөр Ё согтолттой байхаар нь авч явж эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Ё О нар нь хоорондоо маргалдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх31-32/,

5. Гэрч Б.Б-гийн “2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ................... тоотод байрлах өөрийн гэртээ охин Отой хамт байж байтал 17 цагийн үед манай хүргэн Ё согтуу гэрт ирсэн. Ё-г ирсний дараа охин О-той маргалдаад байсан. Юунаас болж маргасныг нь мэдэхгүй байна. Маргалдаж байгаад Ё гараад явсан.Тэгээд 1 цаг орчмын дараа Ё буцаж ирээд “чи яахаараа ингэдэг юм. Гэрээс зайл“ гэсэн чинь Ё О-гийнг барьж аваад 2 гараараа хоолойг нь боож хойш нь түлхэж орон дээр унагаад баруун гараараа О-гийн зүүн нүд руу нь хоёр удаа цохисон. Тэгээд Ё гэрээс гараад явсан. Тэгээд О цагдаа дуудчихаад Ё-гийн араас гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх38/

6. Ц.Ё-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг "...би 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Орбитын тойрог дээрх дэлгүүрээс Хараа нэртэй 0,33 граммын архи авч ганцаараа гудамжинд уучхаад 17 цагийн үед О-гийн гэрт очиход О уурлаад чи согтуу энд битгий ир, өөрийнхөө гэрт оч гээд хөөгөөд байхаар нь би цүнхтэй хувцсаа аваад гэртээ ирж тавьчихаад буцаад гар утасныхаа цэнэглэгчийг авахаар О-гийн гэрт очсон. Тэгтэл О би цагдаа дуудсан одоо ирж байгаа чи битгий яваарай гэж хэлэхээр нь би гараад явах гэхэд гаргахгүй араас зуураад байхаар нь гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохичхоод гараад явсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. О-гийн биед учирсан гэмтлийг би нэг удаа гараараа цохиж учруулсан гэмтэл, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх100-101/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.Ё:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Д.О, шүүгдэгч Ц.Ё нар нь 2016 оноос хойш хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ё нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.О-г цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.О, гэрч Б.Б, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан офицер Б.Н-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн нүдний ухархай ясны дотор ханын хугарал,зүүн нүдний зовхины зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, зулгаралт ,тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5588 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

Шүүгдэгч Ц.Ё нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Ё-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ё-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.Ё-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ё-гийн хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч үүнийг нь нотолсон баримт байхгүй байх тул тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, түүний өмгөөлөгчийн нийтэд тус ажил хийлгэх ял оногдуулж өгнө гэх дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ё-д 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ё нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР