| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0821/Э |
| Дугаар | 837 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 837
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч С.Мөнхтулга,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, “Эвийн Өргөө” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт, .................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Э /РД:УК92090217/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 22:00-23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ........................ тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Т.Э-г зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун чамархай, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун хацар, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Т.Э-гийн мэдүүлэг /хх12, 84-85/, гэрч Т.С-ын мэдүүлэг /хх29/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4503 дугаартай дүгнэлт /хх31/, шинжээч эмч С.Ч-гийн мэдүүлэг /хх34-35/, яллагдагч Б.Э-ын мэдүүлэг /хх41-42, 87-88/, иргэний үнэмлэхний лавлагаа, цалингийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх45, 51, 77/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээ /хх62-70/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Э-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т.Э-гийн “...нөхөр Э ингээд яв гэж хэлээд миний хөл шилбэнд өшиглөж, тэлээгээр гуйнд ороолгож, нүүрэнд алгадаж, толгойруу гараараа цохиод өөрийнхөө дугаараас манай дүүтэй яриад эгчийгээ ирж ав гээд орилоод байсан. Удалгүй дүү цагдаа нартай ирээд намайг дүү ээж хоёр авч явсан. Би түүнээс хойш нөхөр хүүхэд дээрээ очоогүй ээжийндээ амьдарч байгаа. Эмчилгээ хийлгээгүй, хэсэг хугацааны дараа бүрэн эдгэсэн.
...Э чи манай ажлын хүнд яасан санаа тавьдаг юм гэж хэлэхээр нь би зүгээр л АТМ-ээс таксины мөнгө өөрөө авах гэж байхад гээд учраа хэлтэл өөдөөс нүүрэнд гараараа 2-3 алгадаж намайг газар унах үед бос гээд хөлөөрөө гуянд битгий баашлаад бай гээд 1-2 удаа алгадаж намайг газар унах үед бос гээд зөрүүдэлсэн чинь Э өөрийн дүү Э-г утсаар дуудаж дүү нь машинтай ирээд бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Тухайн үед миний нүүр хавдаж улайсан байсан ч цагдаад хандаагүй орхисон. Харин маргааш өдөр нь өөрийн төрсөн дүү С-д болсон явдлыг хэлж өөрийн нүүрний зургаа дараад чатаар 3 ширхэг зургаа явуулсан юм. Өөр хүнд хэлээгүй, өөр намайг нөхөр Э зодож цохиж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх12, 84-85/,
2. Гэрч Т.С-ын “...танай эгч чинь хүн амьтантай гарч шоудана гээд байна. Би эгчийг чинь зодож байна. Чи чаддаг юм бол эгчийгээ ирээд ав. ...эгчийгээ амьд дээр нь ирж аваарай гээд бахдалтай хэлсэн. ...цагдаа нартай хамт Э-гийн гэрлүү нь очсон. Очтол манай эгчийн хувцсыг бэлдээд тавьчихсан, гэрийнхээ хаалгаа цөм өшиглөсөн байсан. Эгчийгээ хартал духан дээр булдруу болоод хавдсан, баруун нүдний доор хөхөрсөн байдалтай харагдсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Э луу “чи юу вэ. Чамд хүн зодох эрх байдаг юм уу” гэх зэргээр уурласан. Э тэгтэл “та нараас болж дандаа маргаан болдог гээд ээж бид хоёрлуу дайраад байсан. Э ээж бид 2-луу салаавч гаргаад байсан. Тэгээд Эыг цагдаа нар аваад явсан. Э тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Эгчээсээ юу болсон талаар асуухад ажлынхаа хүмүүстэй гадуур гарах гэсэн чинь гаргахгүй гээд Э намайг зодчихсон гэж хэлсэн. Би хөлийг нь харахад гуя, шилбэ гэх мэт газрууд хөхөрсөн байсан.
2018 оны 10 дугаар сарын 20-ны орчим манай эгчийг Э зодож байсан. Тухайн үед эгч Эг би гэрээс нь очиж авч байсан. Э гэртээ байгаагүй. Эгчийн нүүр 2 хацар 2 нүд нь тэр чигээрээ хөхөрч хавдсан, нүүр хавдаад тэгширсэн байсан. Тэгээд би эгчид энэ арай дэндлээ цагдаад гомдол гаргая гэж би эгчид хэлж байсан. Эгч цагдаад өгөөгүй. 2018 оны 10 дугаар сард зодуулсан үеийн эгчийн зураг нь байгаа.” гэх мэдүүлэг /хх22-23, 29/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4503 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Т.Э-гийн биед тархи доргилт, дух, баруун чамархай, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун хацар, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт тогтоогдлоо. ...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх31/,
4. Шинжээч эмч С.Ч-гийн “..тархи доргилт, дух, баруун чамархай, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун хацар, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Учрах үед амь насанд аюул учруулахгүй.” гэх мэдүүлэг /хх34-35/,
5. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх62-63/,
6. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх64-68/,
7. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх69-70/,
8. Б.Эын яллагдагчаар өгсөн “........................... тоотод байрлах Эвийн дөрөө ХХК-ны ажилчдын байрныхаа мужаан цехэд ажиллаж байхад эхнэр Э 19 цагийн үед ажлаа тараад ирсэн тэгээд эхнэр хоол унд хийхдээ нэг л хам хум хийгээд дутуу болсон хоол өгөөд би түүнийг нь идэж байтал 22 цагийн үед ээжийн хулгайд алдсан зурагт ломбарданд байна гээд байна би ээжтэй хамт очиж үзээд ирье чи машинаа өгчих гэхээр нь би за тэгээ харин охиноо аваад яваарай би ажилтай байна гээд хэлтэл би хүүхэд авч яваад яах юм гээд бухимдаад байхаар нь чи худлаа яриад байгаа юм бишүү гээд хэлтэл манай ажлынхан уулзая гээд байнаа чамд хэлэхээр чи явуулахгүй гээд хэлэхээр нь чи утсаа яагаад асаахгүй байгаан ажлынхан чинь бол би ярья утсаа асаачих гээд хэлтэл би асаахгүй гээд миний өөдөөс хэрэлдэж эхэлсэн тэгэхээр нь би өөр хүмүүстэй уулзах гэж байгааг нь дээрээс нь худлаа хэлсэнд уур хүрээд Э-гийн нүүрэнд алгадаж, нуруунд нэг удаа гараараа цохиж, хөлрүү нь 1-2 удаа өшиглөсөн өөр нэмж цохиж зодоогүй.
...Э-тэй маргалдаж Д ахыг үлдээгээд бид хоёр гэртээ алхаад харьж явахдаа хэрүүл хийж байхдаа би уур хүрээд эхнэрийн нүүрэнд 1-2 удаа алгадах үед эхнэр бүр хэвчихээд зөрүүдлээд босохгүй байхаа нь өөрийн дүү Э-г машинтай дуудаж бид хоёр гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх41-42, 86-87/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Э:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч Т.Э, шүүгдэгч Б.Э нар нь 2013 оноос хойш хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дундаасаа 1 хүүхэдтэй, хохирогч Т.Э нь жирэмсэн болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсэн эмэгтэйн хяналтын карт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э 2019 оны 4 дүгээр сарын 09-ний шөнө 22:00-23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ........................ тоотод хамтран амьдрагч Т.Эг гэрээс гаргахгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Т.С-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...тархи доргилт, дух, баруун чамархай, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, баруун хацар, зүүн дал, зүүн гуя, шилбэнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4503 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Э нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, цалин орлоготой, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР