| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0524/Э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 525
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж-д холбогдох эрүүгийн ........................ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Эрдэнэ энх” ХХК-нд ногоо ангилагч ажилтай, ам бүл 5, дөрвөн хүүхдийн /6-18 настай/ хамт, ..................................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Ж /РД:................/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атилла” зочид буудлын хүлээлгийн өрөөнөөс иргэн З.М-ын “Самсунг А-7” маркийн гар утас, гар утасны хавтас гэр, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч З.М-ын өргөдөл /хх4/, Цагдаагийн албан хаагч дэд ахлагч Г.Баттөмөрийн илтгэх хуудас /хх5/, эд зүйл түрхураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх6-7/, гэрч З.М-ын мэдүүлэг /хх10/, хохирогч З.М-ын мэдүүлэг /хх8-10, 17/, гэрч А.Т-н мэдүүлэг /хх19/, “Тэнцвэр эстимейт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх23-25/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх43-45/, камерийн бичлэг 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх46/, шүүгдэгч Ж.Ж-гийн мэдүүлэг /хх21, 49-50/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх35/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх52/, шүүгдэгч Ж.Ж-гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нөхөр Д.М-ын нас барсан тухай гэрчилгээний хуулбар зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ж.Ж-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Иргэн З.М-ын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр “...гар утсаа алдсан...” гэх өргөдөл, гомдол /хх4/,
2. Цагдаагийн алба хаагч нь Ж.Ж-гийн биед үзлэг хийж “Самсунг А-7” маркийн гар утсыг биенээс түр хураан авсан болон хохирогч З.М-д уг утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх6-7/,
3. Хохирогч З.М-ын “...Атилла нэртэй буудалд амрах гэсэн боловч бэлэн мөнгө байгаагүй тул гар утсаа тавъя гэж бодоод хүлээлгийн танхимд буйдан дээр сууж байсан, хэсэг зуур унтсан байсан. Сэрээд эхнэр рүүгээ залгах гэтэл утас байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгөөд хяналтын камерыг шүүж үзэхэд миний энгэрийн халааснаас нэг эмэгтэй хүн миний гар утсыг авч явж байгаа бичлэг байсан. Камер шүүсэн цагдаа цагдаагийн хэлтэс дээр намайг дагуулж очоод миний утсыг өгсөн, Ж гэх эмэгтэй авсан байсан... “Самсунг А-7” маркын шаргал өнгийн гар утас байсан ба хүрэн өнгийн хавтастай байсан. Хавтсан дотор банкны карт байсан...алдсан гар утсаа олж авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх17/,
4. Гэрч А.Т-н“...Атилла буудлын хүлээн авагчаар ажилладаг. 18 цагийн үед нэг согтуу залуу ирээд үйлчлүүлнэ гэж хэлээд хүлээлгийн өрөөний сандал дээр хэвтээд байхаар нь цагдаа руу дуудлага өгсөн. Хорооны цагдаа ирээд согтуу залууг гаргах гээд сэрээхэд цагдааг чи миний гар утсыг авчихлаа гээд маргалдсан. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа буудлын камерыг шүүж үзээд манай буудлын 32 тоотод үйлчлүүлж байсан эмэгтэй бууж ирээд хүлээлгийн өрөөнд хэвтэж байсан залуугийн энгэрийн халааснаас гар утсыг нь авч байгаа бичлэг бичигдсэн байсан. Тухайн эмэгтэй гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх19/,
5. “Тэнцвэр эстимейт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд утсыг 900.000 төгрөг, банкны картыг 55.000 төгрөг, гар утасны хавтсыг 20.000 төгрөг нийт 975.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх25/,
6. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч З.М нь угтах үйлчилгээний текний өмнө кордорт байх улаан өнгийн буйдан дээр цайвар өнгийн өмд, бараан өнгийн куртик өмссөн хэвтэж байсан... хохирогч З.М-ын энгэрийн халааснаас гар утсыг цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй хүн авч байгаа нь харагдана...” гэх тэмдэглэл /хх43-45/,
7. Камерийн бичлэг 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх46/,
8. Яллагдагч Ж.Ж-гийн “...буудлын ресепшний хажуу талын сандал дээр согтуу эрэгтэй хүн унтаж байсан, зүүн талын цээж хэсэг дээр нь шаргалдуу өнгийн том дэлгэцтэй гар утас байхаар нь аваад гараад явчихсан...цагдаад гар утас нуусан газраа зааж өгөөд олж өгсөн...үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх50/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж.Ж:
Шүүгдэгч Ж.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атилла” нэртэй зочид буудалд үйлчлүүлээд гарах үедээ тус буудлын хүлээлгийн өрөөний буйдан дээр согтуу унтаж байсан иргэн З.М-ын “Самсунг А-7” маркийн гар утас, гар утасны хавтас гэр, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Ж.Ж-гийн биед үзлэг хийж “Самсунг А-7” маркийн гар утсыг биенээс түр хураан авч, хохирогч З.М-д уг утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх6-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх43-45/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх5/, хохирогч З.М, шүүгдэгч Ж.Ж, гэрч А.Т нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 975.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь “Тэнцвэр эстимейт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх25/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ж-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч З.М-д эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ж.Ж-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр бусдын эд зүйлийг хулгайлсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд бага, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь хохирогчийн эд зүйлээ хамгаалах боломжгүй согтуу, унтаж буй байдлыг далимдуулан авсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Ж нь гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд бага, шүүгдэгчийн тогтвортой эрхэлсэн ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-г 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР