| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0798/Э |
| Дугаар | 838 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 838
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Ж.Б,
шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн .................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хадам эх, эхнэрийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд
-Говь алтай дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 41/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ял оногдуулсныг 2008 оны Улсын дээд шүүхийн 104 дугаартай тогтоолоор 5 жил 5 хоногийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгож, Говь алтай дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Ж.Б /РД:................./.
2. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Б.У /РД:..................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн 1 дүгээр гудамжны ............ тоот өвлийн байшинд иргэн Д.Б-г “эмэгтэй хүн түлхлээ” гэсэн шалтгааны улмаас хөлөөрөө хавсарч унагаан цээжин дээр нь өвдгөөрөө цохьж эрүүл мэндэд нь “...баруун 5-р хавирганы цууралт...цээж, баруун, зүүн далны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн ................. тоот хашааны гадаа, гудамжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Б-г “агсам тавьлаа” гэсэн шалтгааны улмаас толгойн тус газар нь тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь “...зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Иргэн Б.Б-гийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх4/, хохирогч Д.Б-гийн мэдүүлэг /хх8-10/, гэрч О.Э-гийн мэдүүлэг /хх29-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжилгээ №4044 /хх37/, шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх41-43/, шүүгдэгч Ж.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх97/, АСАП сангийн мэдээлэл /хх62-67/, шүүгдэгч Ж.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх82-86/, У.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх92-96/, гэрч Э.Л-ын мэдүүлэг /хх21-23/, шүүгдэгч У.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх74/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх45-53/ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
алуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Ж.Б, Б.У нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Иргэн Д.Б-гийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх4/,
2. Хохирогч Д.Б-гийн “...2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Б намайг шалан дээр хавсарч унагаад миний дээр гарч суугаад өвдгөөрөө миний цээжин дээр өвдгөлсөн тэгээд үснээс зулгаасан, мөн У миний толгой руу тоосгоор цохьсон юм…Би эмчилгээ хийлгээгүй учраас надад ямар нэгэн баримт байхгүй байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй…Би Баас эмчилгээ хийлгэнэ гэж хэлээд нэг удаа 250.000 мянган төгрөг, ахиад нэг удаа 90.000 мянган төгрөг авсан өөр зүйл мэдэхгүй байна. Б манай эгч А-гийн данс руу шилжүүлж байсан юм…Би Б-д гомдолтой байна. Би Б.У-д гомдол санал байхгүй…Би шүүх хуралд оролцохгүй…” гэсэн мэдүүлэг /хх8-10/,
3. Гэрч О.Э-гийн 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн “…2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Б, У хоёр л Д.Б-тэй хэрэлдэж маргалдаад зодолдсон гэж тэр хоёр хэлж байсан юм. 2019 оны 3 дугаар сарын 25-ны өглөө цагдаа нар ирэхэд У би Б-гийн толгойг хагалсан гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх29-31/,
4. Гэрч Э.Л-ын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “...2019 оны 3 дугаар сарын 24-ний орой …Тэгээд би өглөө сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан ба гадаа гараад ирсэн чинь Б толгойгоо боолгочихсон сууж байсан. Тэгээд би нөхөр Б-аас юу болсон юм бэ? гэсэн чинь Б У-гийн хоёр хүүхдийг айлгасан тэгээд Б У-г түлхэж унагасан гэж хэлээд маргалдаад зодолдсон гэж хэлсэн бөгөөд Б-гийн толгойг хэн хагалчихсан юм бэ? гэж асуусан чинь У толгойг нь хагалчихлаа гэж хэлж байсан…2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би унтаж байсан учраас юу болсон талаар огт мэдээгүй юм…Д.Б-гийн толгой руу У цохиж гэмтээсэн гэж манай нөхөр хэлсэн өөр хэн зодож гэмтээсэн гэдгийг нь би мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх21-23/,
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4044 “...Д.Б-гийн биед баруун 5-р хавирганы цууралт, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн далны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх37/,
6. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Баруун 5-р хавирганы цууралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зулайн хуйхны язарсан шарх нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд бусад зулгаралтууд нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй…”гэсэн мэдүүлэг /хх41-43/,
7. Шүүгдэгч Ж.Б-гийн “…2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр …У Б руу миний охиныг чи яагаад муухай үнэр үнэртлээ гэж өөрөөсөө холдуулж хөөгөөд байгаа юм бэ? гэж хэлээд хүүхдийн тоглоомон машин аваад Б руу шидсэн чинь Б босож ирээд У-г ор руу түлхсэн тэгтэл У орны урд тал руу унасан юм. Тэгээд би цаанаас нь чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ наад хүн чинь жирэмсэн хүн шүү дээ гэж хэлтэл Б намайг заамдаад авахаар нь би Быг хавсраад унагахдаа Б-гийн цээжин дээр нь хөлөөрөө өвдөглөөд уначихсан юм. Тэгтэл Б миний үснээс гараараа зулгаасан тэгээд нөгөө хэд бид хоёрыг салгасан юм. …Б У-г түлхэж унагаахаар нь би уурлаад Б-тэй маргалдсан юм…2019 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Д.Б-г би мөн У бид хоёр зодож гэмтэл учруулсан нь үнэн. Д.Б-г өөр хүн зодож цохиогүй …2019 оны 3 дугаар сарын 26-ны орой Б-гийн эгч гэх эмэгтэй над руу залгаад гэмтлийн эмнэлэгт үзүүлмээр байна мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би эхлээд 90.000 мянган төгрөг, дараа нь 325.000 мянган төгрөг, 200.000 мянган төгрөгийг би данс руу шилжүүлсэн бөгөөд би дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Би Б-д нийт 615.000 мянган төгрөг өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх82-86/,
8. Шүүгдэгч У.Б-гийн яллагдагчаар “…Тэгээд би шөнө нэг сэрээд гарч бие засчихаад эргээд ороод ирсэн чинь манай хүү Э уйлчихсан байсан ба цаанаас нь Б дөрвөн хөллөчихсөн хүүхдийн өөдөөс мөлхөж байхаар нь би уурлаад чи яагаад хүүхэд айлгаад уйлуулаад байгаан гэж хэлтэл Б юунд нь айдаг юм бэ? гэж хэлээд үүдэнд очоод суухаар нь би хүүхдийнхээ тоглоомон машиныг аваад шидсэн чинь оноогүй тэгээд би Б-тэй маргалдаж байтал Б намайг түлхсэн чинь би орны урдуур унасан чинь Б чи жирэмсэн хүн яаж байгаан гэж хэлээд Б-тэй маргалдаад бие биенийхээ дээр доор ороод маргалдаад байсан тэгээд очоод салгахаар ахиад л бие биенийхээ барьж аваад ноцолдоод байсан…Тэгээд Б бид хоёр ахиад маргалдсан ба маргалдаж байгаад би Б-гийн толгой руу нь тоосгоор нэг удаа цохьсон чинь Б-гийн толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх92-96/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ж.Б:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд Ж.Б нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн ................. тоот өвлийн байшинд иргэн Д.Б-г “эмэгтэй хүн түлхлээ” гэсэн шалтгааны улмаас хөлөөрөө хавсарч унагаан цээжин дээр нь өвдгөөрөө цохьж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б-гийн мэдүүлэг, гэрч О.Э-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б-гийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...баруун 5-р хавирганы цууралт, ... зөөлөн эдийн няцрал, цээж, баруун, зүүн далны зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4044 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Энхцолмонгийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.У:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булгийн ................. тоот хашааны гадаа, гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Б-г “агсам тавьлаа” гэсэн шалтгааны улмаас толгойн тус газар нь тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б-гийн мэдүүлэг, гэрч Э.Л, О.Э нарын мэдүүлэг, шүүгдэгч У.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Б-гийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зулайн хуйхны язарсан шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4044 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...зулайн хуйхны язарсан шарх нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Мөн хохирогч Д.Б, шүүгдэгч Б.У нар нь 2019 оны 02 дугаар сард танилцаж, түүнээс хойш нэг гэрт гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Иймд шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Ж.Баас 350.000 төгрөгийг хохирогч Д.Б-д төлсөн,
Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б нь шүүгдэгч Б.Уээс хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөө торгох ял оногдуулах,
шүүгдэгч Б.У-д хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, гэм хор арилгах талаар хохирогчид тодорхой хэмжээнд хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч У.Б-гийн хувьд одоо жирэмсэн, 2-7 насны хоёр хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Баяраагийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, Б.У нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР