| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0525/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 526
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч Э.О,
хохирогч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О-д холбогдох эрүүгийн ............................ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ............. тоотод түр оршин суух, Э.О/РД:................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ........................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, толгой, нүүрэн тус газрууд нь зохиж, зодон бие махбодид нь “...тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх54-62/, хохирогч Н.Х-гийн мэдүүлэг /хх26-27/, гэрч Н.Д-гийн мэдүүлэг /хх32/, гэрч С.Н-ийн мэдүүлэг /хх18-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12597 дугаартай дүгнэлт /хх40/, Э.О-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх50-51/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх41-42/, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх63-64/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх75/, охин Х.А-н төрсний гэрчилгээний хуулбар /хх78/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Э.О-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Аюулын зэргийн үнэлгээ “дунд” гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын “... хамтран амьдрагч Э.О нь эдийн засаг болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үйлддэг... 2017 онд 3 удаа, 2018 онд 2 удаа бие махбодид хүчирхийлэлд өртсөн...” гэх үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын “... холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авагдах нь зүйтэй...” гэх тэмдэглэл /хх54-62/,
2. Хохирогч Н.Х-гийн “...би 2018 оны 10 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед ..................... тоотод миний хамтран амьдрагч Э.О согтуу орж ирээд надтай хэрэлдээд, маргалдаж байснаа наад хүүхэд чинь минийх биш гэхээр нь миний уур хүрээд өөдөөс нь яахаараа биш байдаг юм бэ? гэж хэлсэн чинь Э.О эхлээд миний хацар руу нэг удаа гараараа алгадаад дараа нь нуруу руу гараа зангидаж байгаад нэг удаа цохиод дараа нь баруун гарын булчин хэсэг рүү гараараа нэг удаа цохисон юм...Тэгээд намайг цохиод байхаар нь би гарах гэсэн чинь Э.О гаргахгүй гээд миний баруун гарнаас базаж аваад төмөр шанагаар миний толгой хэсэг рүү нэг удаа цохиж ор руу түлхэж унагаасан. Тэгэхээр нь би нойл орчихоод ирье гэж хэлээд би аав ах хоёр руугаа очоод аав ахыгаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх26-27/,
3. Гэрч Н.Д-гийн “...би ажил тарч ирээд ........................тоот гэртээ байж байтал манай дүү Х гэрт орж ирээд О согтуу ирчихээд агсам тавиад байна гэж ярьж байсан...Х манай гэрт орж ирэхдээ аавыг та яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гээд айсан байдалтай орж ирсэн...гэрлэлтийн баталгаа бол байхгүй харин дундаасаа нэг хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх32/,
4. Гэрч С.Н-ийн “...Миний охины хоёр гуяны дотор талаар хэсэг газруудад хөхөрч хавдсан, мөн зүүн шанаа нь цохиулаад хавдчихсан байдалтай орж ирсэн юм...охин хүргэн хоёр маань хоорондоо хааяа нэг маргалдаж байгаа нь ажиглагддаг юм гэхдээ ингэж охины минь биед, гар хүрч хүчирхийлэл үйлдэж байгаад гомдож байна...” гэх мэдүүлэг /хх18-19/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12597 дугаартай дүгнэлтээр “...Н.Х-гийн биед тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх40/,
6. Э.О-гийн яллагдагчаар өгсөн “...өмнө нь Х-г цохиж зодож байсан удаа байхгүй тэр өдөр уур хүрээд үүдэнд байсан шанагаар толгой хэсэг рүү нь 1 удаа л цохисон мөн гарах гээд байхаар гараас базаад ор луу татчихсан юм...би дүгнэлтийг уншиж танилцлаа уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...шинжээчийн дүгнэлт дээр нь тусгагдсан гэмтлүүдийг би учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх50-51/,
7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
8. Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Н.Х: “...гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Э.О:
Шүүгдэгч Э.О-гийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө ................................ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, толгой, нүүрэн тус газрууд нь цохисон болох нь хохирогч Н.Х-гийн “...хамтран амьдрагч Э.О согтуу орж ирээд... наад хүүхэд чинь минийх биш гэж маргалдаж... миний хацар руу нэг удаа гараараа алгадаад... нуруу руу гараа зангидаж байгаад нэг удаа цохиод ... баруун гарын булчин хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ... миний баруун гарнаас базаж аваад төмөр шанагаар миний толгой хэсэг рүү нэг удаа цохиж ор руу түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх26-27/, гэрч С.Н-ийн мэдүүлэг “...Миний охины хоёр гуяны дотор талаар хэсэг газруудад хөхөрч хавдсан, мөн зүүн шанаа нь цохиулаад хавдчихсан байдалтай орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх18-19/, яллагдагч Э.О-гийн “...уур хүрээд ... шанагаар толгой хэсэг рүү нь 1 удаа л цохисон мөн гарах гээд байхаар гараас базаад ор луу татчихсан юм...” гэх мэдүүлэг /хх50-51/ гэх мэдүүлэгээр тус тус тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Э.О-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогч Н.Х, шүүгдэгч Э.О нар нь 2015 оноос хойш хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь гэрч Н.Д, Д.Э, Э.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Э.О-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Н.Х зодсон, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдал аюулын зэргийн үнэлгээ “дунд”, өмнө нь хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байсан тухай дурсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Х гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Э.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар, хүүхдээ өөрийн хүүхэд биш гэх байдлаар хэрүүл маргаан үүсгэж, хамтран амьдрагчийн эрүүл мэндэд халдсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзлээ.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн тайлбараас үзэхэд хохирол төлбөр төлөгдсөн байх тул шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.О-гийн гэм буруугийн талаар маргаагүй, мөн хохирогч Н.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, нэг хоног хорих ялаар тооцож сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О-г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР