Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 527

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /ШТЭД-1420/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн туС-гай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэС-гийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-д холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд туслах машинист ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт, ...................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З.Б /РД:................./.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвС-гэрт хамтран амьдарч байсан иргэн Ч.С-г охин Б.С-ийг хэлэлгүй авч явах гэлээ гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ч.С-гийн мэдүүлэг /хх31-33/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх17/, гэрч Б.М-н мэдүүлэг /хх15/, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3101 дугаартай дүгнэлт /хх23/, яллагдагч З.Б-н мэдүүлэг /хх124-125/, гэрч Д.Н-ийн мэдүүлэг /хх11/, З.Б-гийн ажил байдлын тодорхойлолт /хх72-74, хохирогч Ч.С-ийн хохирол төлөгдсөн, эвлэрсэн баримт /хх129/, охин Б.С-ийн төрсний төрсний гэрчилгээ, шүүгдэгч З.Б-гийн цагдаагийн асап сангийн лавлагаа /хх41-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх45/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх51/, Улаанбаатар төмөр замын ажлын газрын тодорхойлолт /хх52-53/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч З.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

   1. Хохирогч Ч.С-гийн “...би сар гаруйн өмнө нөхөр З.Б-ээс салаад тусдаа амьдарч байсан. 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо рашаант өртөөний “Яргуй” цэцэрлэгээс охин Б.С-ийг авах гээд найз М, М нарын хамт очиход охины ангийн багш нь өгч явуулахгүй эмээд нь хэлэхгүй бол болохгүй гээд утсаар яриад, хадам ээж Н-ийг дуудсан удалгүй хадам ээж Н дүү А-гын хамт ирээд чи гэрт ирж хүүхдээ авдаггүй юм уу гээд намайг аваад гэр рүүгээ явсан…, ...тухайн үед айгаад охиноо авч явахгүй ганцаараа явлаа гэхэд Б хамт гараад манай найз М-ийн саарал өнгийн приус-20 маркийн машиныг хараад чи энэ 2-тойгоо явж байгаа юм уу гээд ... машиндаа суугаад М, М 2 дээр яваад очсон би араас нь гүйгээд очиход Б М-тэй барьцалдсан байсан. Би салгах гээд очиход чи эд нарыг өмөөрлөө гээд намайг барьж аваад үүрч шидээд, хөл рүү өшиглөсөн...би нөхөр З.Б-тэй 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд хамт амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болсон...” гэсэн мэдүүлэг /хх31-33/

2. Гэрч Б.М-ий “...М бид хоёр 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр С-г 21 дүгээр хорооллын Содон хорооллын орчмоос аваад Рашаант руу явсан тэндээ очоод С цэцэрлэг орж хүүхдээ аваад ирье гэж ороод гарч ирээгүй байж байтал машинтай хоёр эмэгтэй ирээд тэр хоёр эмэгтэй С-г хүүхэдтэй нь аваад явчихаар нь бид хоёр хүлээж нэлээн удсан бид хоёр өлсөөд ойр хавиар хоол хайж яваад С-г авч явсан машиныг хараад 1 километр орчим зайтай хүлээгээд зогсож байсан юм..., ...М рүү дайраад түүнтэй зууралдаж байх үед С цаанаас ирээд салгах гэтэл Б С-г элэгдэж хавирч унагааж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх17/

3. Гэрч Б.М-н “...М бид хоёр тэр хавьд гэрийнх нь ойролцоо зогсож байхад С-ийн нөхөр Б машинтай хүрч ирээд М-тэй барьцалдаад байсан ... С-г гараараа 2 удаа алгадаж барьж газар унагаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх15/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3101 дугаартай дүгнэлтэд “...Ч.С-ийн биед зүүн эгэмний далд хугарал, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх23/

5. З.Б-ийн “...би 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажил дээр хуралтай байхад 13 цагийн үед ээж Н над руу залгаад охин С /3 настай/-ийг цэцэрлэгийн багш ярьж байна, С хүүхэд авч явах гээд хувцсыг нь өмсүүлээд байна хурдан ир гэсэн би гэрт машинтай ирэхэд С ээж Н-тэй маргалдаад байж байсан...бид хоёр 2 гэрээс гарахад гэрийн урд зайдуу саарал өнгийн приус-20 маркийн машин зогсож байсан.

Би С-тэй уулздаг залуу байна гэж бодоод машинаа унаад яваад очсон. Намайг очиход зүс таних М, М 2 машин дотор байсан М бид 2 маргалдаад хоорондоо барьцалдаад ...тэр үед С дундуур орж салгах гэхэд нь би нүүр рүү нь гараараа 2 удаа алгадаад түлхэж унагаасан. Би Ч.С-г эр нөхрийгөө явалддаг залуугийн хамт ирж доромжилсон гэх шалтгаанаар гараараа нүүр рүү нь 2 удаа алгадаж газар түлхэж унагаасан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү....” гэсэн мэдүүлэг /хх124-125/,  

6. Б.С /охин/ “эцэг Б.Б, эх Ч.С-” гэсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,

7. Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Ч.С уурлаад гэрээс гарахад нь ардаас нь дагаад гарсан. Гэрээс нэлээн зайдуу саарал өнгийн приус 20 маркийн машин зогсож байсан. М гээд Ч.С-тэй явалддаг залуу гэдгийг таньсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад хэд цохилцсон. Тэгээд байж байхад Ч.С голоор орж ирээд М-г өмөөрөхөд тэр үед би гомдсондоо Ч.С-г алгадаад, түлхээд унагаасан, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн болно.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч З.Б:

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Я.Энхжаргалын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдарч Ч.С-г “охин Б.С-ийг хэлэлгүй авч явах гэлээ... явалддаг залуугийн хамт ирж, эр нөхрийгөө доромжилсон...” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч Ч.С-гийн “...Би салгах гээд очиход чи эд нарыг өмөөрлөө гээд намайг барьж аваад үүрч шидээд, хөл рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх31-33/, гэрч Б.М-ий “...М рүү дайраад түүнтэй зууралдаж байх үед С цаанаас ирээд салгах гэтэл БС-г элэгдэж хавирч унагааж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх17/, З.Бгийн яллагдагчаар өгсөн “...М дээр ирээд хүүхэд хулгайлах гэж ирсэн байна та нар гээд бид 2 мөн барьцалдсан. Тэр үед С дундуур орж салгах гэхэд нь би нүүр рүү нь гараараа 2 удаа алгадаад, түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх124-125/-ээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3101 дугаартай “...Ч.С-гийн биед зүүн эгэмний далд хугарал, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хүзүү, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх23/-ээр тогтоогдож байна.

Хохирогч Ч.С, шүүгдэгч З.Б нар нь 4 жилийн хугацаанд хамтран амьдарсан, дундаасаа 3 настай 1 хүүхэдтэй болох нь гэрч Д.Н, А.А, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Б.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогч Ч.С, шүүгдэгч З.Б нарыг хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч З.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд хүүхэд хэлэлгүй авч явлаа гэх болон бусадтай хардсаны улмаас хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ч.С-г зодсон, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсанд Эрүүгийн хуулийн туС-гай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэС-гийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.  

Хохирогч Г.С нь “...З.Б-тэй  ойлголцож эвлэрсэн, эмчилгээний зардлыг тухай бүрт нь авч, “Nissan Juke” авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч З.Б-гийн хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлөгдсөн гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэлт гарган, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүүхэд зөвшөөрөлгүй авч явлаа мөн бусадтай хардсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэС-гийн  1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.Б-гийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хамаарах бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байгаа, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй, мөн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Б-г хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтооолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонС-госноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР