Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00454

 

Х Б- ХХК-ийн Говь-Алтай салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэртэй, 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар магадлалтай,

Х Б- ХХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,

Б.Т-, Д.Т- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12.069.720 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 12.303.186 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Болормаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б- ХХК-ийн Говь-Алтай салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б.Т- нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1200010587 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авч, Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 19 дүгээр байр 1-9 тоотын Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, зурагт 42 инч LCD, хөргөгч Сони, хөлдөөгч хятад цагаан өнгөтэй, зургийн аппарат Сони хагас мэргэжлийн, камер Dell гар камер, тавилга буйдан зэргийг барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х Б-тай 1200010587 дугаартай барьцааны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч нь 1200010587 дугаартай барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 697 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 8.035.708, хүү 3.521.249, нэмэгдүүлсэн хүү 512.762, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466, нийт 12.303.186 төгрөгийг гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т-, Д.Т- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1200010587 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлж, хүүд 10.785.305 төгрөг төлж, үндсэн төлбөрт 6.964.291 төгрөг төлж, 8.035.708 төгрөг үлдсэн байхад 12.303.186 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х Б- нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж бидний эрх ашгийг зөрчсөн бөгөөд уг нэхэмжлэл нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр шийдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хоорондох хугацаа нь Х Б-ны өөрсдийн буруутайгаас болж зээл төлөхөд саад болж шүүхээр шийдвэрлүүлэхээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж бидний эрх ашигт ноцтой хохирол учруулж зээлийн хүүг автоматаар нэмэгдүүлж санхүүгийн хүндрэл учруулсан учир энэ хугацааны хүүг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсэг болох 8.497.408 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-9 тоотод оршин суух, Хайрхан хан овогтой Баатарын Түмэндэмбэрэл, Уяач овогтой Даржаагийн Туул нараас үндсэн зээл 8.035.708, хүү 450.563, нэмэгдүүлсэн хүү 90.113, нийт 8.576.384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 3.726.802 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Т-, Д.Т- нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-6 тоотод байрлах Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, 42 инчийн LCD зурагт, Сони маркийн хөргөгч, хятад цагаан өнгийн хөлдөөгч, Сони маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат, DELL маркийн гар камер, буйдан зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-, Д.Т- нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 8.576.384 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 152.172 төгрөгийг гаргуулан Х Б- ХХК-д олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 450.563 гэснийг 3.521.249 гэж, 90.113 гэснийг 512.672 гэж, 3.726.802 гэснийг 233.466 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 8.576.384 гэснийг 12.069.720 гэж, 152.172 гэснийг 231.665 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаадлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарласан. Хариуцагч Д.Т-, Б.Т- нар нь 2013 оны 12 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн хугацаа хэтрэлттэй байсныг Х Б- болон зээлдэгч нар харилцан тохиролцож нөхцөл өөрчилж хугацаа сунгаж нэмэлт өөрчлөлт оруулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр тус банкинд зээлдэгч нарын нэр дээр байсан хоёр зээлийн үүргийг нэгтгэж өөрөөр хэлбэл 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 1200010587 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн 2014 оны 8 сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж 80.159.932,16 төгрөгийг 36 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэй олгосон мэтээр 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү шинэ байгуулсан гэрээний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 26-ний өдрийн 219 дугаартай шийдвэрээр 2015 оны 11 сарын 19-ны өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжээгүй дүр үзүүлж хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзсэн. Х Б- дахин нэхэмжлэл гаргахдаа шүүхээр шийдвэрлэгдсэн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ буюу хүчин төгөлдөр бус байх хэлцлээр цуцлагдсан гэрээ, дуусгавар болсон хэлцэл болох 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 1200010587 дугаартай гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хугацаагаар тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байсныг анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх гэрээ цуцлагдах хугацаа, гэрээний үндсэн хугацаа зэрэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр гэрээ дуусгавар болгох нөхцөлийг дурьдаж нэхэмжпэлийг нэмэгдүүлэн өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тогтоосон уг шийдвэр хүчинтэй байхад уг гэрээний хугацаа буюу 2015 оны 11 сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно.

Давж заалдах шатны шүүх үүрэг дуусгавар болох зохицуулалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 236 дугаар зүйл буюу үүрэг дуусгавар болохыг тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээг байгуулснаар 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 1200010587 дугаартай гэрээний үүрэг дуусгавар болж шинэ гэрээнд шилжиж үүрэг солигдсон. Өмнө байгуулагдсан 2 тусдаа гэрээний үүргүүдийг нэгтгэж шинэ гэрээ байгуулан төлөх хугацаа, график зэрэг нь эрс өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл 2013 оны 1200010587 дугаартай гэрээ, 2014 оны 1200012885 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийг нэгтгэж 2015 оны 1200019219 зээлийн гэрээ байгуулснаараа талуудын өмнөх үүрэг харилцан тохиролцож солигдсон. 2015 оны 1200019219 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүхээс тогтоосон учир хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хугацаан дахь гэрээний үүргийг банк нэхэмжлэх эрхгүй болно.

Давж заалдах шатны шүүх нийт хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Хариуцагч талаас үндсэн зээлийн үлдэгдэл 8.035.708 төгрөг, хүү 450.563 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90.113 төгрөг, нийт 8.576.384 төгрөгийг буюу үүрэг дуусгавар болох хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

           Х Б- ХХК-г тус хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Говь-Алтай салбар төлөөлж Б.Т-, Д.Т- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12.069.720 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 12.303.186 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Т-, Д.Т- нараас нийт 8.576.384 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 12.069.720 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Зохигчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж Б.Т-, Д.Т- нар Х Б- ХХК-с 15.000.000 төгрөгийг, жилийн 25.2 хувийн хувьсах хүүтэй, 36 сарын хугацаатай зээл, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болох тухайд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч Б.Т-, Д.Т- нар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч, барьцааны зүйлийн өмчлөгч, барьцааны гэрээний барьцаалуулагч тал тул нэхэмжлэгч Х Б- ХХК нь Б.Т-, Д.Т- нарыг хариуцагчаар татаж зээлийн үүргийг хамтран хариуцуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасныг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээний хавсралт ёсоор зээлдэгч нар зээлийн хүүг сар тутам төлөх, 8 дах сараас үндсэн зээлээс хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүрэг зөрчигджээ.

Хэргийн баримтаас үзвэл Б.Т-, Д.Т- нар дээрх зээлээс гадна Х Б- ХХК-с 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хувьсах хүүтэй зээлж авсан нь тогтоогджээ.

Талууд эдгээр хоёр гэрээг нэгтгэж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 80.159.932 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг үндэслэж Х Б- ХХК шүүхэд хандаж хариуцагч нараас зээлийн үүрэг шаардсныг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Зээлийн хоёр гэрээг нэгтгэж шинээр байгуулсан гэрээг шүүхээс нэгэнт хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир Х Б- ХХК нь өмнөх 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх зээлийн гүйцэтгэвэл зохих үүргийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзсэн дээр дурдсан гэрээ байгуулагдах өдөр хүртэл хугацаагаар тооцоолсон байна. Шүүх ингэж дүгнэхдээ “шинээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байснаар өмнөх дуусгавар болгосон гэрээний үйлчлэлийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь хуульд нийцээгүй, учир дутагдалтай болжээ. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол тухайн үүргийн харилцаа дуусгавар болно.

Талууд хоёр зээлийн гэрээг нэгтгэж шинээр гэрээ байгуулснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болж шинэ гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсэх боловч зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор өмнөх 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний үүрэг хэвээр үлджээ.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хүртэл зээлдэгчийн гэрээгээр тохирсон хүүгээс төлөөгүй хэсэг, түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлийн үйл ажиллагаа явуулдаг банк, эрх бүхий хуулийн этгээд зээлийг төлөгдөх хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зөвшөөрсөн, банк шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэх хүртэл үндсэн үүрэг болон нэмэлт үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж төлөгдөөгүй зээл, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тооцоолсноор гаргуулж шийдвэрлэсэн нь  хуульд нийцжээ.

Харин тус шүүх ийнхүү дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг анхан шатны шүүх бүрэн баримтлаагүй байгааг засаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахдаа найруулгын алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Түүнчлэн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ...хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг заасан байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг хэрэглэснийг давж шатны шүүх өөрчилж засаагүй нь шийдвэрийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Үүнээс гадна хоёр шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол буюу нотариатын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалын 1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Б.Т-, Д.Т- нараас 12.069.720 төгрөг гаргуулж Х Б- ХХК-д олгож, 233.466 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-, Д.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 208.065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.843 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ