Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 41

 

2017.7.6 41

Ц.Идэрт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0025/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга, 

Ялтны өмгөөлөгч: Л.Наранчимэг,

Ялтан: Ц.Идэр нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, шүүгч С.Байгальмаа, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Л.Наранчимэг, ялтан Ц.Идэр нарын давж заалдах гомдлоор ялтан Ц.Идэрт  холбогдох эрүүгийн 201723010009 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын 6-р баг, “Буянтбулаг” гэх газар  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хар дэл овогт Цэрэнсодномын Идэр /РД:ЕГ88091415/

Ц.Идэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 21-ний өдөр 17 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт оршин суух Э.Мартын гэрт хохирогч Ц.Батболдын зүй бус харьцаанд дургүйцэж түүнтэй маргалдаж улмаар гэрийн гадаа хүч хэрэглэн зодож баруун зулай чамархай, духны дэлбэнгийн  тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум, сум дундын прокурорын газраас Ц.Идэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-нй өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хар дэл овогт Цэрэнсодномын Идэрийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Хар дэл овогт Цэрэнсодномын Идэрийг 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Идэрт оногдуулсан 5  /тав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Идэрийн цагдан хоригдсон  23 /хорин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд  нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Идэрийн эзэмшлийн 1.500.000 төгрөгний үнэлгээтэй 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Ц.Идэрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Идэр нь хохирогчид учирсан 1.532.024 төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Батболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Идэрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Л.Наранчимэг нь давж заалдах гомдолдоо: ... Миний үйлчлүүлэгч Идэр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа юм. Түүний эхнэр нь саяхан амаржсан, бага насны хоёр хүүхэдтэй гэр бүл юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтан Ц.Идэр нь давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр маань саяхан амаржсан. Айлд хөлсөөр мал маллаж амьдралаа залгуулдаг байсан. Иймд дээрх байдлыг минь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Идэр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 сарын 21-ний өдөр 17 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт оршин суух Э.Мартын гэрт хохирогч Ц.Батболдын зүй бус харьцаанд дургүйцэж түүнтэй маргалдаж улмаар гэрийн гадаа хүч хэрэглэн зодож баруун зулай чамархай, духны дэлбэнгийн  тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун дээд зовхинд зулгаралт, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: Идэр намайг боож унагаагаад толгой руу өшиглөөд цохиод байсан. Толгойдоо зодуулсны улмаас гавлын яс цөмөрч, үйрсэн, тархиндаа хүнд гэмтэл авсан. Тэгээд ясаа түүлгэж авахуулаад төмөр тавиулах мэс засалд орсон. Одоо биеийн байдал маш хүнд байгаа ... гэх /хх- 23-24 х/

Гэрч Э.Мартын мөрдөн байцаалтанд өгсөн:  2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай гэрт Ц.Батболд, Ц.Идэр хоёр хамт орж ирээд хоорондоо муудалцаад байсан. ... Идэр,  Батболдын толгойруу гараараа 2 удаа цохиод газар унасан хойно нь толгой хэсэг рүү нь дахиад 1 удаа өшиглөсөн ... гэх / хх- 29-31  х / 

Гэрч П.Алтанхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бямбадорж, Март хоёр хамт гараад Батболд, Идэр хоёрыг салгаад гэр рүүгээ оруулж ирсэн. ... гэх /хх -26-28 х/ 

Гэрч Т.Энхмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  ... Мартын гэр рүү ороход Батболд телевизорынх нь наад талд доошоо хараад хэвтэж байсан. Түүний  зүүн мөр дээрээс нь татахад хүзүү нь улайсан, нүүрэнд нь энд тэнд халцарсан, шүлс нь гоожсон, өмдөндөө шээчихсэн ухаангүй шахуу байж байсан ... гэх /хх-33-34х// 

Гэрч О.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд  өгсөн: Манай эмнэлэгийн галч Батболдод үзлэг хийхэд амнаас нь архи үнэртсэн, даарсан чичирхийлсэн, өмдөндөө шээсэн, биеийн байдал хүнд, ухаан санаа бүдгэрсэн, асуултанд ганц нэгэн үгээр  хариулж байсан. ... гэх /хх- 37-38 х/

Гэрч Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хашааны завсраар харсан чинь Батболд газар хэвтчихсэн нохой гутал өмссөн залуу Батболдын толгой руу дэвсэж мөн 2-3 удаа өшиглөж байгаа харагдсан ... гэх /хх-48 х/

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Идэр ахтай муудалцсан. ...  Батболд ах түрүүлээд Идэр ахын шанаа руу нэг цохисон тэгэхээр нь Идэр ах Батболдын шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Идэр ахыг Батболд дахиад нэг шанаа руу цохисон. Тэгэхээр нь би Идэр ахыг тавиад Батболд ахыг бариад авсан гэтэл Идэр ах ирээд Батболдын шанаа орчим цохисон чинь Батболд ах газарт унаад өгсөн. Унасан хойно нь Идэр ах толгой орчимд  нэг удаа өшиглөсөн ... гэх /хх-45-46 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй  бөгөөд шүүх ялтанд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  2,  37.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

Нэг . Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 дэх  заалтыг “Хар дэл овогт Цэрэнсодномын Идэрийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Ц.Идэрийг 3 жил 09 хоног хорих ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3.4-т зааснаар Ц.Идэрт оногдуулсан 3 жил 09 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж  тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Ц.Идэрийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                                 ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                                      Б.СҮХГОМБО