| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 185/2024/0241/Э |
| Дугаар | 2026/ХШТ/82 |
| Огноо | 2026-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.14.1, |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2026/ХШТ/82
C.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 824 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1301 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох эрүүгийн 2209024890376 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Ж овгийн С-ын Б,
Шүүгдэгч C.Б- нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд
1.Шүүгдэгч C.Б-г “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус шийтгэж,
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 28 000209 зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1,800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоож,...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-гаас 506,280 төгрөг гаргуулж хохирогч Д-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.С, Д- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Б-гаас жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт холбогдох хэргийн талаар дараах тайлбарыг гаргахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, Эрүүгийн хуульд тусгалаа олсон хэм хэмжээ юм. Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, мэдээллийг хүлээж аваад их суудлын хуралдаанаар хэлэлцээд, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, ангийг Үндсэн Хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүчингүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдолд хамаарч байгаа учир гэмт хэргийн шинж гэдэг агуулгаар нь хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасаар дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хяналтын журмаар гаргасан гомдолдоо гэмт хэргийн шинжийн талаар дурдсан тул гомдлын агуулгыг бүрэн дэмжиж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хүний биед санаатай хөнгөн хохирол учруулах буюу объектив болон субъектив талын шинжийн нэгдлийг тухайн зүйлд заасан байдаг. Объектив талын шинжийг тодорхойлж байгаа шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан.
Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хувьд оюун санааны шинжээр үйлдэл, эс үйлдэхүй нь ойлгож ухамсарласан байх, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирсан гэдгийг мэдсэн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгчийн субъектив санаа зорилгыг хэрхэн яаж баримтаар нотолсон талаар үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Санаатай гэмт хэрэг байх ёстой боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түлхсэн гэх үйл баримтыг ярьж байгаа бол түүний үйлдлийн улмаас санаатай буюу гар утас булаацалдсаны улмаас түлхэж унаж байгаа үйл баримт яригддаг.
Бусад байдлаар хохирогчийг заавал унагааж хөнгөн гэмтэл учруулна гэсэн субъектив санаа зорилгыг тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүх, прокурор, мөрдөгч процесс хуулийн зүйл, заалт бүрийг чанд дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16, 28 дугаар бүлэгт зааснаар нотлох баримтыг зөвхөн хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлж, түүнийг шүүх үнэлэх эрх зүйн харилцаа үүсдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсын иргэд орчуулагчийн хамт гэрчийн мэдүүлэг өгсөн.
Мөрдөгч орчуулагчид эрх, үүрэг танилцуулсан эсэх нь ойлгомжгүй, тэмдэглэл авахдаа журмын заалтуудыг зөрчсөн асуудлууд яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцуулахгүй байх үндэслэлийг гаргасан боловч бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Дээрх хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг яллах талын гол баримт болгосон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчихөд нөлөөлсөн байж болзошгүй баримтууд хэрэгт авагдсан байдаг.
Иймд хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийг тал бүрээс нь бүхэлд нь хянаад гэмт хэргийн сэдэлт зорилгын хувьд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан үйл баримт байгаа эсэх, мөн гэмт хэргийн сэдэлт зорилго, түүнийг нотолж байгаа нотлох баримтын хүртээмжтэй байдал, гэмт хэргийн объектив талын шинжийг тодорхойлж байгаа шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, хохирогч өмнө нь гэмтэл авч мэс ажилбарт орж байсан нөхцөл байдал байна. Үүнийг ялгаж салгахгүйгээр хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдлууд байгаа учраас хууль зүйн дүгнэлт өгнө үү гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар прокуророос буруутган яллах дүгнэлт үйлдэж, хоёр шатны шүүхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хувьд Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцсэн. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16, 17 дугаар зүйл, мөн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн шийдвэр гарч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэсэн. Тус шийдвэр 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23/1418 дугаартай Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Шүүгдэгч С.Б-гийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд шүүгдэгчийн хохирогч руу санаатай халдсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ талаар хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, гаргасан шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн, тухайн зүйл, ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг үндэслэн С.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Прокуророос шүүгдэгч С.Б-г 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “*** захирал Ж.С өчигдөр 12 цагийн үед Ч.М гэдэг үйлчлэгчийг өрөөндөө оруулж зэрлэгээр зоджээ” гэх гарчигтай хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээллийг фейсбүүк цахим орчинд олон нийтэд тараасан гэж Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт, мөн зүйлийн 17 дахь заалт, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн” тухай 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар “Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл”-ийг хүчингүй болсонд тооцож, 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23/1418 дугаартай “Төрийн мэдээлэл”-д нийтлэгдсэн нь Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон байна.
3.Шүүгдэгч С.Б-г 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** сургууль дотор хохирогч Д-ийн тухайн сургуулиас гарах шаардлага тавих үед маргалдаж, эсэргүүцэн, улмаар түүнийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитойгоор үнэлэх үүргээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалын хяналтын журмаар гаргасан гомдлын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн..., С.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...худал мэдээлэл тараасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах...” гэсэн хэсгийг хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 824 дугаар шийтгэх тогтоолд:
“Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “шүүгдэгч C.Б-г хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон”, 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар...” гэсэн хэсгийг, 3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ