Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 631

 

Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000054 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, Т.Орхон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “С” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/19 тоот удирдамжийн дагуу “Ю” ХХК-ийн урьдчилсан төлбөрт үйлчилгээнд шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд манай байгууллага 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 00/643 дугаар албан бичгээр хариу тайлбар өгсөн. Мөн оны 07 дугаар сарын 05-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас дүгнэлт, албан шаардлага гарсан. Бидний зүгээс үүнд холбогдох тайлбараа 2016 оны 09-р сарын 12-ны өдөр бусад нотлох баримтын хамт Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Улмаар 2016 оны 12-р сарын 14-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ю” ХХК-ийн урьдчилсан төлбөрт ”Smart talk” үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэсэн агуулгаар манай компанид 0000054 дүгээр шийтгэвэрийг ногдуулсан. 

“Smart talk” үйлчилгээ нь “Ю” ХХК-ийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ юм. 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхцөл нь батлагдан тус оны 11 дүгээр сараас эхлэн Монгол улсын үүрэн холбооны зах зээлд анх гарсан бөгөөд үүнээс хойш тогтвортой хэрэгжиж байгаа үйлчилгээ юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тус үйлчилгээ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсгийн 7.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.10-д заасныг зөрчсөн гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгосон шийтгэвэр ногдуулсан. Зар сурталчилгааны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.1 дэх заалт нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бодит үнэнд нийцээгүй зар сурталчилгаа явуулахтай холбоотой, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.10 дахь заалт нь хууль бус худалдааны арга хэрэглэхтэй холбоотой заалтууд юм. 

Манай зүгээс зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тариф, нөхцөл, цэнэглэгч картуудын зааврыг бүгдийг нь хуульд заасны дагуу санал болгосон. Үүний дагуу үйлчилгээ авахыг хүсвэл хэрэглэгч нь манай үйлчилгээний салбарт хандан үйлчилгээг шилжүүлж авдаг. Эсвэл шинэ дугаар авч байгаа хэрэглэгч энэхүү үйлчилгээг сонгон хэрэглэж болдог. Тус үйлчилгээ нь юнителийн сүлжээнд 0 төгрөг, бусад сүлжээнд 35 төгрөгийн тарифтай. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Харилцаа, холбооны зохицуулах хорооноос давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үйлчилгээний доод тарифыг тогтоох тухай 01 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолоор  давамгай байдалтай аж ахуй эрхлэгч сүлжээндээ 55 төгрөг, бусад сүлжээнд 65 төгрөгөөр ярих босго үнийг тогтоож өгсөн. Гэхдээ үүгээр стандарт тариф буюу задгай хэрэглээний тарифыг тогтоосон бөгөөд энэ нь багцын үйлчилгээнд хамаарахгүй гэж тодорхой заасан. ”Smart talk”  үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт багцын үйлчилгээ юм. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “С” ХХК-ийн гомдолд заасны дагуу шалгалт хийхдээ Харилцаа, холбооны зохицуулах хорооны 01 тоот тогтоолд заасан босго үнээс доош үнэ тогтоосон гэсэн үндэслэлээр шалгалт хийсэн боловч шийтгэврийн үндэслэлдээ Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.10-д заасныг баримтлан 10.000.00 төгрөгөөр торгосон. Манай зүгээс ямар нэгэн хууль бус худалдааны арга хэрэглээгүй бөгөөд Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй тул тус шийтгэврийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Ю” ХХК нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зүйл байхгүй. Анхнаасаа сүлжээндээ 0 төгрөг, бусад сүлжээнд 35 төгрөгийн байнгын тарифтай гэдгийг сурталчилсан болохоос урамшуулал буюу хэсэг хугацаанд үргэлжлээд зогсоно гэж сурталчлаагүй өнөөдрийг хүртэл тогтвортой явж байгаа багцын үйлчилгээ юм. Иймд шийтгэвэр нь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалтыг үндэслэн гарсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлд зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах зохицуулалтыг бүхэлд нь заасан байдаг. Тус зүйлийн 6.1-д Улсын байцаагчийн бүрэн эрхийг, 6.3-д тусгай зөвшөөрөл олгодог, тарифын зохицуулалт хийдэг зохицуулах байгууллагатай салбарт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохицуулалт хамаарахгүй гэж заасан. Үүрэн телефоны холбооны үйлчилгээг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зохицуулдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6-д хяналт шалгалтыг хуулиар эрх олгосон байгууллага хэрэгжүүлэхээр заасан. Өрсөлдөөний тухай хуулийн үнэ тарифтай холбоотой бодлого хэрэгжилтийн хяналт шалгалтыг Харилцаа, холбооны зохицуулах хороо хэрэгжүүлэх ёстой. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д хяналт шалгалтыг төрийн байгууллага давхардуулан гүйцэтгэхгүй гэж заасан. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос багцын, урьдчилсан, дараа төлбөрт бүх үйлчилгээний тарифыг мөрдүүлэх талаар үйлчилгээ эрхэлж байгаа 4 оператор компанид заавар, чиглэл өгч байнгын хурал зөвлөгөөн хийдэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д төрийн хяналт шалгалт хийхдээ урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “С” ХХК-ийн гомдлоор энэхүү хяналт, шалгалтыг хийсэн. Шалгалтаар гарсан дүгнэлт, шаардлага, шийтгэвэр, шийтгэврийн тэмдэглэлд хохирогч гэх “С” ХХК-ийн гомдолд дурдагдсан хуулийн үндэслэлийг тэр чигт нь хуулбарлаж бичсэнээс харахад улсын байцаагч нь урьдчилсан байдлаар дүгнэлт хийгээд түүнийгээ нотлох замаар шалгалтыг хийсэн гэж үзэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд хяналт шалгалт хийх дэлгэрэнгүй журмыг заасан. Тус зүйлийн 5.2.6-д шалгалтын эхлэх, дуусах хугацаа, 5.7-д зөвхөн удирдамжийн хүрээнд шалгалт хийхийг тус тус заасан. 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/19 удирдамжийн хүрээнд өрсөлдөөний хяналт, зохицуулалтыг шалгах үүргийг 05 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр заасан ба шалгалтыг хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн баримтлах, шалгалтын хугацааг 30 хоногоор сунгах агуулга бүхий заалтууд байсан. Удирдамжийн хүрээнд шалгалт хийгдээгүй гэдэг нь хариуцагчийн тайлбар болон хугацаанаас харагдаж байна. Иймд хяналт, шалгалтыг хуульд заасан журмын дагуу хийгээгүй байна.

Шийтгэврийн үндэслэлд мэдээ мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөөгүй гэж тайлбарласан. Удирдамжийн дагуу шалгалт хийхээр мэдэгдэл ирүүлэхэд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 01/643 дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/817 дугаар албан бичгүүдээр тайлбаруудыг тус тус хүргүүлсэн. Сүүлийн тайлбарыг 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авсан ба 10 дугаар сарын 23-ны өдөр хариу ирүүлэх ёстой байсан. Эдгээрээс харахад тус шалгалт нь урьдчилан дүгнэлт гарган түүнийгээ нотлох замаар хийгдсэн гэдэг нь харагдаж байна.

Шийтгэвэрт Харилцаа, холбооны зохицуулах хорооны 2016 оны 01 дүгээр сарын 01 тоот тогтоолын 1 минутын стандартыг зөрчсөн гэж үзсэн. Тус тогтоолд давамгай байдалтай аж ахуйн нэгжийн ноёлох үйл ажиллагааг хориглох замаар бараа бүтээгдэхүүнийг бодит зардлаас доогуур үнээр борлуулах, хуулиар олгогдсон тариф тогтоох эрх, үүргийн хүрээнд дээрх 1 минутын стандартын тарифийг тогтоосон. Уг тарифаар сүлжээндээ бусад сүлжээнд гэсэн хоёр тарифыг тогтоодог. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээг бодит зардлаас доогуур үнээр зохицуулах борлуулахаас сэргийлсэн зохицуулалт юм. Үүгээр урьдчилсан төлбөртэй, задгайгаар буюу нэгжээр ярих тарифыг тогтоосон. "Smart talk" багц нь урьдчилсан төлбөртэй бөгөөд 15000 төгрөг төлөөд сүлжээндээ хязгааргүй, бусад сүлжээнд 35 төгрөгөөр ярьдаг. Тус компани нь ашгийн төлөө зорилгоо тодорхойлсон байгууллагын хувьд ямар тохиолдолд хэрэглэгчийн төлсөн төлбөр бодит зардлаа нөхөөд байгууллагадаа үр ашиг авч ирэх тооцооллыг гаргадаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны 01 тоот тогтоолын 3 дахь хэсэгт доод хязгаарыг мөрдөх, хямдруулах хөнгөлөлтийн хугацааг тогтоосон. Энэ хүрээнд сүлжээндээ 10 төгрөг, бусад сүлжээнд 30 төгрөгийн тарифтай байхаар тогтоосон. Энэхүү тарифийг бодит зардлаас доош байлгахгүй гэсэн тооцооллын үндсэн дээр гаргасан гэдгийг дурдъя.

“Ю” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа багцын хэрэглэгчээс сарын 15000 төгрөгийн орлого олж байгаа нь салбарын дундаж үзүүлэлттэй харьцуулахад дундаж түвшинд байгаа. Өөрөөр хэлбэл 4 үүрэн телефоны компанитай ижил байна гэсэн үг. “Ю” ХХК нь хэрэглэгчийг төөрөгдүүлж илүү төлбөр авах аль нэг аж ахуйн нэгжийг шахан зайлуулах зорилгоор бодит өртгөөс бага үнээр нийтэд борлуулсан зүйл байхгүй.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 01 тоот тогтоол нь задгай тариф учраас багцын үнэд хамаарахгүй гэдгийг тариф тогтоож зөвшөөрөл олгох байгууллага нь өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агуулгын хувьд зөрчилдсөн тайлбар хийж, акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна.

Сар бүр 15000 төгрөг төлөөд сүлжээндээ 0 төгрөг, бусад сүлжээнд 35 төгрөгөөр ярих нь тус багцын үндсэн нөхцөл гэдгийг хэлье. Бага нөхцөл тавиад илүү төлбөр авах зэрэг ямар нэгэн байдлаар хэрэглэгчийг хохироосон, төөрөгдүүлсэн зүйл байхгүй бөгөөд хариуцагчийн хэлснээр энэ талаар ямар ч иргэн гомдол гаргаагүй. Хэрэглэгчид хохирол учирсан мэтээр тайлбарласан мөртлөө Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн мэтээр оруулж “С” ХХК-д ямар хохирол учирсныг дурдалгүйгээр илт хууль бус шийтгэвэр оногдуулж байгаа нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Манай байгууллага “С” ХХК-иас ирсэн гомдлын дагуу шалгалт явуулсан. Шалгалтын явцад тухайн байгууллагад удирдамжийг явуулсан боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос холбогдох тайлбарыг авсан. Давамгай байдалтай аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Харилцаа, холбооны зохицуулах хороогоор хянуулах ёстой бөгөөд босго үнэ мөрдөгдөж байгаа эсэх, өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг манай байгууллага хянах үүрэгтэй. 

Бид тус компанийг Харилцаа, холбооны зохицуулах хорооны 01 тоот тогтоолд заасан давамгай байдалтай аж ахуйн нэгжийн үйлчилгээний үнийн доод тарифыг барих ёстой гэсэн шаардлага тавьсан боловч уг тарифыг барихгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Багцын үйлчилгээнд ямар тариф мөрдөгдөх, багцын үйлчилгээ гэж юуг хэлж байгаа талаар зохицуулалт байхгүй гэдгээ өөрсдийн зүгээс баталсан. Иймд бидний зүгээс Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.10-д заасан хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж үзсэн. Мөн “Smart talk” үйлчилгээний сүлжээндээ 0 төгрөг, бусад сүлжээнд 35 төгрөг гэсэн тариф нь урамшуулалт үйлчилгээний тариф юм. Урамшуулалт үйлчилгээний тарифыг барин үндсэн үйлчилгээгээ явуулж байгаа нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.1-д заасан хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бодит үнэнд нийцээгүй зар сурталчилгаа явуулж байна гэж үзэхээр байгаа. Удирдамж 2 сарын хугацаатай байсан боловч тайлбар ирэхгүй байсан. Тухайн үед би ээлжийн амралттай байсан бөгөөд тус ажлыг хүнд хариуцуулж үлдээгээгүй байсан учраас удирдамжийн хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан тул шалгалт 8 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Энэ хугацаанд улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагаа хүргүүлсэн. 12 дугаар сард шалгалтуудад дүгнэлт хийх явцад тус компанийн зөрчил арилаагүй байсан нь шийтгэвэр ногдуулах үндэслэл болсон.

Хуульд заасны дагуу үнэ тариф тогтоох, хяналт тавих асуудлыг 2002 оноос хойш Харилцаа, холбооны зохицуулах хороо харьяалан шийддэг болсон. Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний хуульд зааснаар аж ахуй эрхлэгчдийг шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, Харилцаа, холбооны зохицуулах хорооны тогтоосон тарифыг мөрдөж байгаа эсэхийг шалгах, хуулийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг бүхий байгууллага юм. Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийг тарифын зохицуулалтаар зохицуулахгүй бол бусад аж ахуйн нэгжүүд буюу “С” ХХК, “Ж” ХХК-иудыг зах зээлээс шахах, шинэ аж ахуйн нэгжүүдийг гарч ирэх боломжуудыг хаадаг. Багцын зохицуулалтад давамгай байдалтай аж ахуйн нэгжийг хянах тариф байхгүй. Энэ асуудлын талаар 2 жилийн хугацаанд ажлын хэсэг ажиллаж байгаа.

Хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу бүрэн явуулсан. Бид “Ю” ХХК-ийг шалгасан болохоос Харилцаа, холбооны зохицуулах хороог шалгаагүй. Санамж бичгийн хүрээнд мэргэжлийн түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг. Манай байгууллага нь зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөнд харш үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах зэрэг эрх, үүрэгтэй. Үүний дагуу шалгалтыг явуулсан гэж үзэж байгаа. Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдэд тарифын зохицуулалт шаардлагатай гэсэн үүднээс судалгаа хийж 2015 онд “Ю” ХХК-ийг давуу байдалтайгаар тогтоосон. Харилцаа холбооны зохицуулах хорооноос багцын зохицуулалт хийгээгүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар оролцох ёсгүй гэж байна. Харилцаа, холбооны зохицуулах хороотой энэ талаар ярилцаж байгаа. Энэ тохиолдолд Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн тус аж ахуйн нэгжид шалгалт хийж, шийтгэвэр ногдуулсан”  гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

“Ю” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн /цаашид улсын байцаагч гэх/ 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000054 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “С” ХХК-иас “Ю” ХХК нь үүрэн телефон  холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаарыг мөрдөхгүй байгааг шалган тогтоож, холбогдох арга хэмжээг авч өгөхийг хүссэн өргөдлийг  2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргажээ. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/19 дүгээр хяналт шалгалтын удирдамжийн  дагуу “Ю” ХХК-ийн “Smart talk” багцын үйлчилгээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч хяналт, шалгалтыг явуулсан байна.

Хяналт шалгалтын удирдамжид 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хяналт шалгалтын ажлыг явуулахаар зааж, хугацааг 1 сараар сунгажээ. Дээрх удирдамжийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Л.Г, Д.О нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлт , улсын байцаагчийн албан шаардлага , 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000054 тоот шийтгэврийг  “Ю” ХХК-д холбогдуулан үйлджээ. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000054 тоот шийтгэврээр Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсгийн 7.2.3, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.10 дахь заалтуудад заасан зөрчлийг гаргасан, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр “Ю” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.3 дахь заалтыг баримтлан 10.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Улсын байцаагчийн дүгнэлтийн  цаашид авах арга хэмжээ гэсэн хэсэгт зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчид Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах гэж заасан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.3-т “энэ хуулийн 12.1-д заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчийг 10.000.000 хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах” хариуцлага хүлээлгэхээр заажээ.

“Ю" ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцөлийг баталж, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “Smart talk” багцын үйлчилгээний 15.000 төгрөгийн үнэтэй цэнэглэгч карт нь “Ю” ХХК-ийн сүлжээнд 0 төгрөг, бусад оператор компанийн сүлжээнд 35 төгрөг, 1 КВ 0.09 төгрөгийн тарифтай байхаар хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэсэн байна. 

Хариуцагчаас багцын зохицуулалт батлагдаагүй гэсэн нэрийн доор бүтээгдэхүүн үйлчилгээ болгонд “БАГЦ” гэсэн нэрийг ашиглан стандарт тарифын доод хязгаарыг мөрдөөгүй, “Smart talk” багцын үйлчилгээ Харилцаа, холбооны зохицуулах хорооны 2016 оны 01 тоот тогтоолын 1 минутын стандарт, үнийн доод тарифыг зөрчсөн нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад заасан “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

Гэтэл Харилцаа, холбооны зохицуулах хорооны 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 01 тоот тогтоолоор  батлагдсан тариф нь дараа төлбөрт үйлчилгээ нь сүлжээн дотроо 45 төгрөг, бусад сүлжээнд 60 төгрөг, урьдчилсан төлбөрт үйлчилгээ нь сүлжээндээ 50 төгрөг, бусад сүлжээнд 63 төгрөг гэж тогтоосон нь багцын хэрэглээнд тооцогдоогүй задгай тарифыг тогтоосон байх бөгөөд энэ нь “багцын тариф”-ыг зохицуулсан зохицуулалт биш байна. 

Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүргүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан бичигт  тус хорооны даргын 2016 оны 1/64 дүгээр тушаалаар “үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн багцын болон өгөгдлийн үйлчилгээний үнэ тарифын талаар судалгаа хийж, зохицуулалт хийх санал боловсруулах” ажлын хэсгийг зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан ажиллаж байна” гэж, мөн тус шүүхэд ирүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02/868 дугаар албан бичигт  “3. Мөн тус хорооноос 2016 оны 02-р сарын 05-ны өдөр баталсан стандарт тарифын доод хязгаар нь багцын хэрэглээнд ороогүй задгай тариф тул урьдчилсан болон дараа төлбөрт хэрэглэгчийн багц доторх үнэд хамаарахгүй болно” гэсэн тайлбар, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “...багцын үйлчилгээнд ямар журмыг барих нь тодорхойгүй байна” гэсэн тайлбаруудаар нотлогдов.

Улсын байцаагч Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах гэж дүгнэлтээ гаргасан атлаа Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсгийн 7.2.3, Өрсөлдөөний тухай хуулийн Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.2 дахь хэсгийг баримталсан нь ойлгомжгүй байна. 

Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж заасан байх бөгөөд “Ю” ХХК-иас хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан ямар үйл ажиллагаа явуулсаныг, хэрэглэгчдэд ямар хохирол учруулсаныг улсын байцаагчаас тогтоогоогүй, зөрчлийн тухай тэмдэглэлд хохирогчоор “С” ХХК-ийн тодорхойлсон зэргээс үзвэл  Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн 20.3.3-т заасан хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах үүргээ улсын байцаагч хэрэгжүүлж ажиллаагүй байна..

Мөн улсын байцаагчаас “Ю” ХХК-иас нэмэлт тайлбар, мэдээллийг авах тухай мэдэгдэн удаа дараа шаардсан боловч хяналт шалгалтын хугацааг дуустал ямар нэгэн тайлбар өгөөгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.2 дахь заалтад “өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах болон хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх” гэж заасныг зөрчсөн гэжээ. 

Хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картын дэлгэрэнгүй” болон хавсаргасан баримтуудаас үзвэл “Ю” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 02/817 дугаар албан бичгээр 11 хуудас баримтыг хүргүүлсэн болох нь тогтоогдож байх  тул Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.2 дахь заалтаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Мөн “Ю” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр урьдчилсан төлбөрт үйлчилгээний нөхцөлийг баталж, 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “Smart talk” багцын үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлсэн байх бөгөөд тухайн үед “Ю” ХХК нь үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдоогүй, уг үйлчилгээг нэвтрүүлснээс хойш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор  үүрэн холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл “Smart talk” үйлчилгээ нь багцын үйлчилгээнд хамаарч байх бөгөөд задгай тарифын доод хязгаарыг мөрдөөгүй гэж үзэж шийтгэвэр ногдуулсан улсын байцаагчийн захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000054 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн 20.3.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1, 27.1.3 дахь заалтыг тус тус баримтлан “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0000054 дүгээр шийтгэврийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөгийг гаргуулж, “Ю” ХХК-д олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ