Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00176

 

 

 

 

 

 

 

 

Д.Норолхоогийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.Дамдинбазар, Д.Анхманлай

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар ,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Д.Норолхоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч :   Н.Дамдинбазар, Д.Анхманлай нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 21.075.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагч Н.Дамдинбазарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Норолхоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Норолхоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Норолхоо миний бие, хамт ажиллаж байсан иргэн Н.Дамдинбазарын гуйлтаар, мөн түүний эхнэр Д.Анхманлайгийн хүсэлтээр тус тус 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Н.Дамдинбазартай зээлийн гэрээ байгуулан 14 хоногийн хугацаатайгаар 500 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н.Дамдинбазартай зээлийн гэрээ байгуулан, 1 сарын хугацаатайгаар нэмж 1 000 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Н.Дамдинбазар нь өөрийн эхнэр Д.Анхманлай хамт ирж хүүгийн хурим болох гээд байгаа тул өмнөх мөнгөтэй хамтруулан төлье гэж гуйгаад энэ дагуу Д.Энхманлайтай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 2014 оны 2 дугаар сарын 08-ны өдөр охины сургалтын төлбөр нэхэгдээд байна гэж гуйхаар нь Н.Дамдинбазарт 3 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн ба эдгээр зээлүүдийн нийлбэр дүнгээр нийт 12 500 000 төгрөг болсон. Зээлдүүлсэн ба зээлдэгч нар эдгээр зээлээс ямар нэг төлбөр хийгээгүй болно.

Иргэн Н.Дамдинбазараас зээлийн гэрээний дагуу болон харилцан итгэлцлэлээр олгосон үндсэн зээлийн 4 500 000 төгрөг, зээлийн хүү 150 000 төгрөг, хугацаа хэтэрүүлсэний алданги 2 325 000 төгрөг, нийт 6 975 000 төгрөг, түүний эхнэр болох иргэн Д.Анхманлайгаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 000 000 төгрөг, зээлийн хүү 1 400 000 төгрөг, алданги 4 700 000 төгрөг, нийт 14 100 000 төгрөг, эдгээрийн нийлбэр дүнгээр нийт 21 075 000 төгрөгийг гаргуулан Д.Норолхоо надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянмөнх шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нийт 21 075 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.Дамдинбазарт өгсөн 3 000 000 төгрөг гэрээгүй учраас 3 000 000 төгрөгнөөсөө татгалзаж байна, дараа нь жич нэхэмжилнэ. Одоо 18 075 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна" гэжээ.

Хариуцагч Д.Анхманлай шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

2013 оны 8 дугаар сард Норолхоогоос 5% хүүтэй 4 сарын /хугацаатай 8 000 000 / төгрөг хүү болох 1 570 000 төгрөгийг 2013.12.31-нд Д.Норолхоогийн өөрийн эзэмшлийн ХААН банкны 5089040079 дансанд хийсэн. Ийм учир би Д.Норолхоогийн нэхэмжилсэн хүү болох 1 400 000 төгрөг, алданги болох 4 700 000 төгрөгийн нийт 6 100 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Иргэн Д.Анхманлай би Д.Норолхоогоос авсан 8 000 000 төгрөгөө өөрийн байраа зарж төлж барагдуулна. Урьд өмнө нь ч Д.Норолхоод энэ үгээ хэлж, ярьж байсан. Байр 6 дугаар сард ордер нь гарч ирэх болсон таатай мэдээтэй байгаа. Байр хувьчлалыг хүлээсээр жаахан удсан.

2014 онд иргэн Н.Дамдинбазар би Д.Норолхоогоос ямар ч мөнгө зээлж аваагүй. 2013 онд авсан мөнгөө 2014 онд дуусаж байгаа болохоор би 2014 оны 2 дугаар сард Норолхоогоос 3 000 000 төгрөг аваагүй, эхнэрийн урьдах авсан их мөнгөө өгч чадахгүй байхад юун ахиж мөнгө авах, мөн Норолхоо нь санаатайгаар мөнгө төгрөгөө өгч дууссан баримтыг ахин ашиглаж Дамдинбазар надаас дахин мөнгө нэхэж байгаад туйлын харамсаж байна. Д.Норолхоод манай гэр бүл Н.Дамдинбазар ба Д.Анхманлай нар нь нийт 8 000 000 төгрөгнөөс өөр өр зээлний асуудал байхгүй. Д.Норолхоод урьдны зээлийн гэрээг дахин ашиглаж дахин дахин мөнгө нэхэмжилж байгаад туйлын харамсалтай байгаагаа дахин дахин илэрхийлэе. Н.Дамдинбазар би Норолхоогийн нэхэмжилж байгаа 6 975 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Н.Дамдинбазар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би анх Норолхоогоос 500 000 төгрөг зээлж авсан. Дараа нь 1 000 000 төгрөг авахдаа энэ мөнгөө хүүг нь тооцож өгөөд ах нь цалин буухаар өгнө гэсэн. Дараа нь 3 000 000 төгрөг авсан. Дараа нь 5 000 000 төгрөг авсан. Энэ хоёрыг нийлүүлээд 8 000 000 төгрөг авсан. Гэтэл 3 000 000 төгрөгийг илүү бичсэн байгаа. Би өөрийнхөө авсан 1 500 000 төгрөгийг өөрийн цалин амралтын мөнгийг өгөөд дууссан гэж бодож байна. Одоо 8 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би нийт 12 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна  бусдыг нь зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Н.Дамдинбазараас 2.465 .000 төгрөг, хариуцагч Д.Анхманлайгаас 11.445.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Норолхоод олгож, хариуцагч Н.Дамдинбазарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1.510.000 төгрөг, Д.Анхманлайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 2.655.000 төгрөг, нийт 4.165.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3.000.000 төгрөгөөс татгалзсаныг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Анхманлайгаас 198 070 төгрөг, хариуцагч Н.Дамдинбазараас 54 390 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Норолхоод олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Дамдинбазар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөөрөхгүй байна. Иргэн Д.Норолхоогоос авсан 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байхад өмнөх гэрээг ашиглаж дахин нэхэмжилж байгаад гомдолтой байна. Тухайн үед нь төлж барагдуулсан. Иймд надаас нэхэмжилсэн 2.465.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тухайн шүүх хуралдаанд Д.Норолхоо нь өөрийн биеэр ирээгүй төлөөлөгч гэх хүн нь тухайн үед яаж өгч авч байсныг мэдэхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Д.Норолхоо нь хариуцагч Н.Дамдинбазар, Д.Анхманлай нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 21.075.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Н.Дамдинбазараас 2.465.000 төгрөг, хариуцагч Д.Анхманлайгаас 11.445.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Норолхоод олгож, хариуцагч Н.Дамдинбазарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 1.510.000 төгрөг, Д.Анхманлайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 2.655 .000 төгрөг, нийт 4 165. 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 3. 000. 000 төгрөгөөс татгалзсаныг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Дамдинбазар давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөөрөхгүй байна. Иргэн Д.Норолхоогоос авсан 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байхад өмнөх гэрээг ашиглаж дахин нэхэмжилж байгаад гомдолтой байна. Тухайн үед нь төлж барагдуулсан. Иймд надаас нэхэмжилсэн 2.465.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Тухайн шүүх хуралдаанд Д.Норолхоо нь өөрийн биеэр ирээгүй төлөөлөгч гэх хүн нь тухайн үед яаж өгч авч байсныг мэдэхгүй гэжээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.д зааснаар хариуцагч “... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” бөгөөд энэ үүргээ  анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө биелүүлээгүй байна.

      Хариуцагч ” тухайн шүүх хуралдаанд Д.Норолхоо нь өөрийн биеэр ирээгүй төлөөлөгч гэх хүн нь тухайн үед яаж өгч авч байсныг мэдэхгүй гэжээ.” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар иргэн өөрийн биеэр болон төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан байх тул шүүх хуралдаанд заавал нэхэмжлэгч нь оролцох ёстой гэж үзэх боломжгүй мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрийн биеэр оролцсон ба хариуцагч өөрөө шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжтой байсан.

      Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн байх тул хариуцагч Н.Дамдинбазарын  давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

      Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Н.Дамдинбазарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Дамдинбазарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Н.Дамдинбазарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР