Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 553

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч С.М,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д  холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд  боловсролтой, мужаан мэргэжилтэй, групп байдаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, ....................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д.Т/РД:......................./.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Т  нь ..............................тоот гэртээ 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.М-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч С.М-ийн өргөдөл /хх4/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №937 дугаартай дүгнэлт /хх17/, аюулын зэргийн үнэлгээ /хх28-31/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх37-45/, хохирогч С.М-ийн мэдүүлэг /хх54-55/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /хх58/, гэрч Ч.Б-гийн мэдүүлэг /хх64/, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн хуулбар /хх65/, Д.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх80-81/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4124 дугаартай дүгнэлт /хх85/, хохирогч С.М-ийн дахин мэдүүлэг /хх90/, насанд хүрээгүй гэрч М.С-ийн мэдүүлэг /хх96/, насанд хүрээгүй гэрч А.М-ийн мэдүүлэг /хх100/, насанд хүрээгүй гэрч А.С-ын мэдүүлэг /хх103/, гэрч П.О-гийн мэдүүлэг /хх106/, гэрч П.З-ын мэдүүлэг /хх108/, гэрч Л.У-ийн мэдүүлэг/хх112-115/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх19/, ял шалгах хуудас /хх25/, хохирогч С.М-ийн 2014, 2012, 2010, 2004 онд төрсөн 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх66-68/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас:

1-рт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №937 дугаартай дүгнэлт /хх17/, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх18/, даатгуулагч иргэний хөдөлмөрийн чавдар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх20/, Д.Т нь 69%-ийн хугацаагүй чадвар алдсан тул хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхний хуулбар /хх21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх25/, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх89-90/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хуралдаанд шинээр гаргаж өгсөн 5 хуудас баримтуудыг судлуулах.

2-рт: Хавтаст хэргийн 85 дахь талд авагдсан №4124 дугаар шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралгүй, хэт яллах талыг барьж нөхөн бүрдүүлсэн дүгнэлт гэж нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлуулахгүй байх хүсэлтийг гаргасан болно.

 

            Өмгөөлөгч Л.Батаагийн нотлох баримтыг хасуулах, хэлэлцүүлэхгүй байх хүсэлтийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх, 16.9 дүгээр зүйлд нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзах үндэслэлийг заасан байх бөгөөд өмгөөлөгчийн хавтаст хэргийн 85 дахь талд авагдсан №4124 дугаар шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан аль үндэслэлээр нотлох баримтаас хасуулах, хэлэлцүүлэх байх гэсэн үндэслэл нь тодорхойгүй, хуульд заасан журмыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Тодруулбал: Хохирогч С.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Д.Т-д зодуулсан, энэ талаар шүүгдэгч маргадаггүй, мөн тухайн цаг хугацаанд хохирогч нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Мөнгөн гүүр” эмнэлэг зэрэгт үзүүлсэн амбулаторийн карт, дүрс оношлогооны үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг үндэслэн тухайн үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирч байсан талаар тогтоосон байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх энэ хэрэгт хамааралтай нотлох баримт гэж дүгнэлээ.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Тиймээс шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч Д.Т-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Хохирогч С.М-ийн Цагдаагийн байгууллагад 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “...Т-тэй 2016 оны 7 дугаар сарын 5-нд нэг гэрт орж амьдарсан. Цуг амьдрахад үнэхээр дарамттай, байнга зодож харддаг. Ингээд бидний дундаас 2017 оны 7 дугаар сарын 24-нд хүүтэй болсон. Өөрийн хүү нь төрсөн юм чинь гайгүй болов уу гэтэл төрөөд удаагүй хэдхэн хоногтой байхад зодоод нүд маань 1.7 см цөмрөлттэй гэсэн онош гарсан. Ингээд байнгын дарамтан дор одоог хүртэл байгаа. Нөхөртөө хүүхдээ үлдээгээд ажил хийхээр тахир дутуу хүнээр хүүхэд харууллаа гээд зодоод, цагдаа дуудаад орилохоор утас шүүрч аваад, ам дараад дуугарвал ална гээд дарамталдаг. Би хүүхдүүдтэйгээ уулзах эрхгүй, аавыгаа гэртээ дуудаж болохгүй, байнгын дарамтан дор айдастай амьдарч байна...” гэсэн өргөдөл /хх4/

2.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №937 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлт: “...С.М-ийн биед зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь ир мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх17/

3. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн алба хаагч хохирогч С.М-ийн “Аюулын зэргийн үнэлгээ”-г тодорхойлж түүнийг хүчирхийлэлд өртөх эрсдэл “өндөр” гэж дүгнэсэн дүгнэлт /хх28-31/

4. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нийгмийн ажилтан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ”-г тодорхойлж “гэр бүлийн харилцаа муу, аюулгүй байдал эрсдэл ихтэй” гэж дүгнэсэн дүгнэлт /хх37-45/

5. Хохирогч С.М-ийн “...Т бид хоёртой хамт миний 4 хүүхэд цуг амьдардаг байсан боловч бага хүүг маань зодоод хүүхдүүдийг маань аашлаж загнаад байсан болохоор хүүхдүүдээ “Талита ази” нэртэй төрийн бус байгууллагад өгч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш амьдарч байгаа би байнга хүүхдүүдээ эргэж тойрдог юм...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр амралтын өдөр учраас Т бид хоёр хүүхдийнхээ хамт ........................................... тоотод байх гэртээ байж байсан юм. Шинэ оны мэнд хүргээд нэг хуурай эгчтэйгээ ярьсан чинь чи хүний мууг үзэж хүмүүстэй утсаар ярьлаа гээд уурлаад миний нүүрлүү гараараа цохиод цохиулснаас болоод хамраас цус гарсан чинь Т алчуур авчраад аман дээр дараад зүүн гар талын мухар гараараа эрүүний хоёр талд болон нүүрэн дээр дараад босох гэхээр гарнаас зулгаагаад татаад байсан. Тэгээд тэр өдөр гэрээсээ гарч чадаагүй. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа явах гэсэн чинь гэрээс гаргахгүй байхаар нь утсаараа Дундговь аймагт ажиллаж байгаа хуурай эгч Б-ын утас руу залгаад Т гаргахгүй байна аа утсаараа цагдаа дуудаад өгөөч гэж хэлээд тэр эгч маань цагдаад дуудлага өгөөд дуудлагын дагуу цагдаа ирээд Т бид хоёр хамт цагдаа дээр ирээд өргөдөл гаргаад өгсөн юм...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр .......................... тоотод байх гэрт зүгээр байж байгаад хэрүүл хийгээд намайг зодсон гэхдээ тухайн үед гэмтэл аваагүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр .................................тоотод байх гэрт хүүхдүүдтэйгээ уулзлаа аяга цай хийж өгсөнгүй гээд зодсон. Тэр үед бас л цагдаад хандаагүй угаасаа намайг зодчихоороо гэрээс гаргадаггүй юм. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг зодсон хамт амьдрах хугацаандаа нийт 3 удаа зодож байна...” гэх /хх54-55/, мөн “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Т охиныхоо төрсөн өдөрт явсан учраас сайн санаж байна. Том охиныг янз бүрээр хэлээд байхаар нь уурлаад алгадсан чинь нүд рүү хуруугаа хийчихсэн. Тэгсэн нүд сохолчихлоо миний нүдийг адилхан болгоно гээд нүүрэн тус газар цохиж унагаагаад нүд хавдсан. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хажуу айлдаа орж суугаад ирэхгүй байна гээд алгадаад авсан...дахин бид нар уулзахгүй байвал өөр гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хх90/

6. Гэрч Б.Ц-ын /төрийн бус байгууллагын ажилтан/ “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр С.М-ийн том охин С 108 дугаарын утас руу удаа дараа дуудлага өгөөд манай ээжтэй хамт амьдардаг Т зодоод байна бага дүү О-г зодоод байна гэсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхонд байх Т-ын гэрт очсон тухайн үед Т гэртээ байгаагүй, М-тэй уулзаж хүүхдүүдийг нь хамгаалтанд авсан...” гэсэн мэдүүлэг /хх58/

7. Гэрч Ч.Б-гийн /хорооны хэсгийн ахлагч/ “…2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр С.М нь Т-д зодуулсан талаар хорооны байр дээр ирээд нийгмийн ажилтан  Ш-тэй уулзаж байхад нь хажууд нь байсан юм. Тухайн үед хорооны цагдаа О мэдүүлэг авч байсан юм. С.М ярихдаа Т нь байнга дарамталж хардаж сэрдээд хүүхдээрээ далайлгаад байна гэж ярьж байсан. Тухайн үед С.М-ийн зүүн гар нь хөхөрчихсөн байсныг би харсан юм байна...” гэсэн мэдүүлэг /хх64/

8. Д.Т-ын яллагдагчаар өгсөн “...2017 онд М-тэй танилцаж суухад М 4 хүүхэдтэй байсан...миний хувьд хүүхдүүдийг зодож цохисон асуудал байхгүй...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхнэрээ зодсоноо санахгүй байна...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...нүдийг нь цохиж хөхрүүлсэн...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээсээ гарна гээд байхаар нь татаж орон дээр суулгасан чинь чарлаад байхаар нь аманд дээр нь дарахдаа хамран дээр нь дарсан чинь цус гарсан...намайг том охин болон бага хүүтэй нь таардаггүй, М бид хоёрыг тэжээх чадваргүй гэх шалтгаанаар хүүхдүүдийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх80-81/

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4124 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт “... С.М-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх85/

10. Насанд хүрээгүй гэрч М.С-ийн “...Т нь ээжтэй амьдрах хугацаандаа хүүхдийг нь авахуулж хогийн саванд хийсэн гэснээс болж ээжтэй хэрэлдэх, зодолдох болсон. Ээж аавтай утсаар ярьж хэрэлдсэнээс болж Т ах ээжийн мөр, гуя хэсэг рүү цохисон. Мөн ээжийг хүүхдээ авахуулсны дараа тэр 2 хэрэлдэж ээжийн хацар руу алгадаад байсан. Мөн ээж дүү О-г өмөөрч хэрэлдсэн чинь А-н шээсийг өмөөрлөө хайртай байсан юм бол яах гэж салж надтай суусан юм гээд тэр 2 хэрэлдээд ээж уйлаад байсан. Ямар нэг юм хагарахаар нь хаалганы цонхоор харсан чинь ээжийн гар руу цохисон.  Мөн нэг удаа ээж шүүгээн дээр байгаа зургийг ав гэхэд уурлаж ээжийг цохиж байсан...Намайг зодож байгаагүй. Дүү О-г 2 хүүхдийг нь авахуулсан гээд ээжид уурлаад зулай дээр нь гишгэж төрсөн гэж харааж гадуурхан зодох болсон...” гэсэн мэдүүлэг /хх96/

11. Насанд хүрээгүй гэрч А.М-ийн  “...манай дүү О-г үгэнд орохгүй болохоор 3 удаа ор руу шидэж байсан, нүүр рүү давс цацаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх100/

12.  Насанд хүрээгүй гэрч А.С-ын “...Т ах М бид 2-ыг загнаж зодож байгаагүй, манай дүү О-г үгэнд орохгүй болохоор нэг удаа ор руу шидэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх103/

13. Гэрч П.О-гийн /төрийн бус байгууллагын ажилтан/ “...2016 оны намраас 2017 оны 02 дугаар сарын хооронд уг хүүхдүүдийн гэрт М.С-ийн дуудлагаар 2 удаа, ээж М-ийн дуудлагаар 1 удаа очиж байсан...2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүүхдүүдийг байгууллага дээр авчирч өнөөдрийг хүртэл асран хамгаалж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх106/

14. Гэрч П.З-ын “...би 2014-2018 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байхад 2016 онд Т эхнэрээ 2 хүүхдийг нь авахуулсан гэх шалтгаанаар зодсон гэх асуудлаар арга хэмжээ авахуулж байсан. Удаа дараа анхаарал татаж зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хүүхдүүдийг асрамжинд өгч байсан...” гэсэн мэдүүлэг /хх108/

15. Гэрч Л.У-ийн “... би 2016 оны 9 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын хүртэл тус хороонд нийгмийн ажилтнаар ажилласан. 2016 онд том охин С 108 дугаарын утас руу дуудлага өгснөөр Т-ын гэрт очсон. Тухайн үед М гомдол санал байхгүй, гэр бүлийн хүчирхийлэл байхгүй гэсэн...М-ийн хүүхдүүдийг 2017 оны 01 дүгээр сард хойд эцгийн хүчирхийлэл, төрсөн эхийг асран хамгаалах чадваргүй байдлаас үүдэн “Талита” төрийн бус байгууллагын асрамжинд өгсөн. Тэгээд 2017 оны 02 дугаар сард очиж хүүхдүүдийн орчин нөхцөлтэй танилцахад С ээж, аавтайгаа амьдрахгүй энд дүү нартайгаа хамт байх хүсэлтэй гэж байсан...М нь 2017 оны 9 дүгээр сард нөхөр Тт нүдэндээ цохиулаад хагалгаанд ороод гарсан гэж хэлж байсан, 2017 оны 12 дугаар сард С.М  дахиж нөхөртөө зодуулсан гэж хоёулаа орж ирэхэд уулзаж, хэсгийн байцаагч шийдвэрлэж байсан байх, би ярилцаж зөвлөгөө өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг  /хх112-115/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын “...Би эхнэртэйгээ 2016 оны 7 дугаар сард танилцсан. Удаагүй 8 дугаар сарын 08-нд хагалгаанд ороод бие маш муу байсан ба хүүхэд зодох чадал байгаагүй. Том хүүхэд С байнга асуудал үүсгэдэг ба хөдөлгөөнтэй байсан болохоор надад бухимдах үе байсан ч зодож байгаагүй. Би нийт 3 удаа хагалгаанд орсон. Би эхнэрийнхээ нүд рүү нь  цохисон үйлдэлдээ маш их харамсаж байна. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цохисон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр надтай маргалдаад хашгираад байхаар нь би хүрээчгүй байхад хамарнаас нь цус гарсан. Угаасаа манай эхнэрийн хамарнаас байнга цус гардаг байсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М-ийн “...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр надад гар хүрсэн ба би хажуу айлын хүнээр цагдаа дуудуулсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бас намайг алгадсан. 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр охиныхоо төрсөн өдрөөр гэртээ орж ирээд би санамсаргүй түүний нүд рүү хүрсэн чинь миний нүдийг сохолчихлоо, чинийхийг ч гэсэн цохолно гэж дайрсан. Би хүүхдээ тэвэрсэн байсан чинь хүүхэдтэй минь цуг үсэртэл цохисон. Тэгээд би цагдаа дуудах гэхээр миний ам барьчихна, эсхүл утас авчхаад өгдөггүй юм. Би зодуулаад 7-8 хоногийн дараа үзүүлсэн. Тэгэхэд миний нүд их хавдартай, ерөөсөө хөх нь буугаагүй байсан. Намайг эмч томографийнх зураг авахуулаад ир гээд явуулсан. Би зураг авахуулаад очиход таны нүдний ухархай 1,7 см цөмрөлттэй байна гэсэн. Тэгээд намайг 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан. Би нэгдүгээр эмнэлэгт очиход нүдэндээ яаралтай хагалгаа хийлгэ гэж хэлсэн. Хагалгааны зардал 2.000.000 төгрөг болно гэсэн болохоор би хагалгаанд ороогүй. Надад мөнгөний боломж байхгүй учраас би хагалгаа хийлгэлгүй орхисон. Би дарматанд амьдардаг, байнга зодож, аргаа барахдаа хүүхдүүдээ асрамжийн төвд амьдруулж байна ...” гэх мэдүүлэг,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Т:

Хохирогч С.М, шүүгдэгч Д.Т нар нь 2016 оны 7 дугаар сараас хойш нэг гэрт хамтран амьдрах болсон, улмаар 2017 оны оны 7 дугаар сарын 24-ний өдөр дундаасаа хүүхэдтэй болсон нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч С.М, шүүгдэгч Д.Т нарыг хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Мөн Эрүүгийн хуульд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэж зааснаас үзэхэд хохирогч болон шүүгдэгч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Д.Т нь: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч С.М-ийг зодсон болох нь хохирогч С.М-ийн “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр .................................. тоотод байх гэрт хүүхдүүдтэйгээ уулзлаа аяга цай хийж өгсөнгүй гээд зодсон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Т-ын “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...нүдийг нь цохиж хөхрүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.У-ийн “...М- нь 2017 оны 9 дүгээр сард нөхөр Т-д нүдэндээ цохиулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4124 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт тухайн үедээ “...С.М-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, дүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учирчээ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч С.М-ийг зодсон болох нь хохирогч С.М-ийн “...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр .......................... тоотод байх гэрт зүгээр байж байгаад хэрүүл хийгээд намайг зодсон гэхдээ тухайн үед гэмтэл аваагүй болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-гийн /хорооны хэсгийн ахлагч/ “…2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр С.М нь Тт зодуулсан талаар хорооны байр дээр ирээд нийгмийн ажилтан  Шинэцэцэгтэй уулзаж байхад нь хажууд нь байсан юм. Тухайн үед хорооны цагдаа О мэдүүлэг авч байсан юм. С.М ярихдаа Т нь байнга дарамталж хардаж сэрдээд хүүхдээрээ далайлгаад байна гэж ярьж байсан. Тухайн үед С.М-ийн зүүн гар нь хөхөрчихсөн байсныг би харсан юм байна...” гэх мэдүүлэг,

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хамтран амьдрагч С.М-ийг зодсон болох нь хохирогч С.М-ийн “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүмүүстэй утсаар ярьлаа гээд уурлаад миний нүүрлүү гараараа цохиод цохиулснаас болоод хамраас цус гарсан чинь Т алчуур авчраад аман дээр дараад зүүн гар талын мухар гараараа эрүүний хоёр талд болон нүүрэн дээр дараад босох гэхээр гарнаас зулгаагаад татаад байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Т-ын “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээсээ гарна гээд байхаар нь татаж орон дэр суулгасан чинь чарлаад байхаар нь аманд дээр нь дарахдаа хамар дээр нь дарсан чинь цус гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №937 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлт: “...С.М-ийн биед зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь ир мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч хэдийгээр мэдүүлэгтээ 3 удаа зодсон гэж байгаа боловч, гэр бүлийн харилцаатай холбоотойгоор энэ талаар цагдаагийн байгууллагад тогтмол мэдэгддэггүй, улмаар шүүгдэгч Д.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд оруулан зодож цохидог, энэхүү үйлдэл нь дахин давтагдах, тогтвортой шинжтэй байгаа болох нь насанд хүрээгүй гэрч М.С-ийн “...Т нь ээжтэй амьдрах хугацаандаа хүүхдийг нь авахуулсан гэснээс болж ээжтэй хэрэлдэх, зодолдох болсон...ээжийн мөр, гуя хэсэг рүү цохисон ... ээжийн хацар руу алгадаад байсан...хаалганы цонхоор харсан чинь ээжийн гар руу цохисон.  Мөн нэг удаа ээж шүүгээн дээр байгаа зургийг ав гэхэд уурлаж ээжийг цохиж байсан... Дүү О-г ... гадуурхан зодох болсон...” гэх мэдүүлэг,

гэрч П.О-гийн /төрийн бус байгууллагын ажилтан/ “...2016 оны намраас 2017 оны 02 дугаар сарын хооронд уг хүүхдүүдийн гэрт М.С-ийн дуудлагаар 2 удаа, ээж М-ийн дуудлагаар 1 удаа очиж байсан...2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүүхдүүдийг байгууллага дээр авчирч өнөөдрийг хүртэл асран хамгаалж байгаа...” гэх мэдүүлэг,

гэрч П.З-ын “...би 2014-2018 онд хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байхад 2016 онд Т эхнэрээ 2 хүүхдийг нь авахуулсан гэх шалтгаанаар зодсон гэх асуудлаар арга хэмжээ авахуулж байсан. Удаа дараа анхаарал татаж зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хүүхдүүдийг асрамжинд өгч байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Л.У-ийн “...М-ийн хүүхдүүдийг 2017 оны 01 дүгээр сард хойд эцгийн хүчирхийлэл, төрсөн эхийг асран хамгаалах чадваргүй байдлаас үүдэн “Талита” төрийн бус байгууллагын асрамжинд өгсөн, 2017 оны 12 дугаар сард С.М- дахиж нөхөртөө зодуулсан гэж хоёулаа орж ирэхэд уулзаж, хэсгийн байцаагч шийдвэрлэж байсан байх, би ярилцаж зөвлөгөө өгөөд явуулсан...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Т нь Цагдаагийн асап сангийн лавлагаа, аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж тогтоосон зэрэг  нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Т-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.М-ийг байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй гэсэн тул шүүгдэгч Д.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж дүгнэлт гарган, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвар алдагдал, банкны өр зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүхээс албадлагын арга хэмжээ авах боломжтой талаар санал гаргасан болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хамтран амьдрагч С.М-ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаантай, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх боломжгүй. Хуулийн энэхүү зохицуулалт нь гэм буруутай үйлдэл болон хэргийн зүйлчлэлийн тал дээр маргаангүй, хүлээн зөвшөөрсөн байх үндсэн нөхцөлийг шаарддаг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар 69%-ийн хугацаагүй алдалттай гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Т-г 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР