Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 5579

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамж 34/1 тоотод байрлах, “Үүр тээл” ХХК /РД:2703548/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 05 байр, 2 тоотод байрлах, “Шунхлайн шандас” ХХК /РД:5738539 /

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд, хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-ийн захирал Ж.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Үүр тээл” ХХК нь “Шунхлайн шандас” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 15/106 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 16.110.000 төгрөгийн бараа нийлүүлсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 15/106 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16.110.000 төгрөг, гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу 8.055.000 төгрөгийн алданги, хууль зүйн үйлчилгээний хөлс 1.000.000 төгрөг нийт 25.165.000 төгрөгийг хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч бид харилцан тохиролцсоны дагуу хариуцагч “Шунхлайн шандас” ХХК нь гэрээний үүрэгт бэлнээр 4.000.000 төгрөгийг төлж үлдэх төлбөрт барьцаанд байсан 81-18 УБҮ улсын дугаартай Тоёота Алфард автомашиныг 12.000.000 төгрөгөөр, маяти маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр тооцон “Үүр тээл” ХХК-д шилжүүлсэн. Иймд Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь “Шунхлайн шандас” ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-ийн захирал Ж.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шунхлайн шандас” ХХК нь нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бэлнээр 4.000.000 төгрөг мөн барьцаанд байсан 81-18 УБҮ улсын дугаартай Тоёота Алфард автомашиныг 12.000.000 төгрөгөөр, маяти маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК-д шилжүүлсэнээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу хариуцагч “Шунхлайн шандас” ХХК нь гэрээний үүрэгт бэлнээр 4.000.000 төгрөгийг төлж үлдэх төлбөрт барьцаанд байсан 81-18 УБҮ улсын дугаартай Тоёота Алфард автомашиныг 12.000.000 төгрөгөөр, маяти маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр тооцон “Үүр тээл” ХХК-д шилжүүлсэн учир “Шунхлайн шандас” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Үүр тээл” ХХК нь хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25.165.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА