| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0799/Э |
| Дугаар | 841 |
| Огноо | 2019-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 841
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, .................тоотод оршин суух хаягтай, урьд
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 56 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Д.Б /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ......................тоотод хамтран амьдрагч болох Э.А-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь хутгаар зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э.А-гийн мэдүүлэг /хх16-19/, гэрч А.Э-гийн мэдүүлэг /хх24-25/, гэрч Н.Н-ын мэдүүлэг /хх26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6845 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх32/, Д.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх50-52/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-10/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх13/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Э.А-гийн “...2019 оны 6 дугаар сарын 02-ны орой ээжийнхээс гэртээ ирэхэд эхнэр бид 2-той хамт ажилладаг Р эхнэртэйгээ ирсэн сууж байсан. Тэгээд бид 4 нэг шил архи хувааж уугаад тэр 2-ыг гаргаж өгөөд буцаад орж ирээд байж байгаад... бид 2 хоол ундаас болж маргалдаж байгаад Д.Б гэнэт халбага ширээний саванд байсан гэрийн шар бариултай хутгаар хамарлуу хутгалчхаар нь тэр чигээрээ цусаа гоожуулаад гарч яваад замын урд байдаг эгчийнд очоод түргэн цагдаа дуудсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх16-19/,
2. Гэрч А.Э-гийн “...2019 оны 6 дугаар сарын 02-ны орой А.Э согтуу цустайгаа холилдсон орж ирэхээр нь түргэн дуудахад цагдаа ирсэн... Өөрөө хэлэхдээ хүнд хутгалуулсан гэж хэлсэн яг ямар хүнд хутгалуулсан талаараа хэлээгүй. Тэгтэл цагдаад эхнэртээ хутгалуулсан талаар хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх24-25/,
3. Гэрч Н.Н-ын “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Б ажлаасаа буусан архи уугаагүй эрүүл унтаж байсан. Тэгээд орой хүмүүс шуугилдаад архи уугаад байсан. 22 цаг өнгөрч байхад Б, Э хэрэлдэж зодолдоод хана мөргөөд байх шиг байсан, тэгээд яв гээд Эг хөөж гаргаад чимээгүй болсон. Маргааш нь цагдаа болсон байсан...” гэх мэдүүлэг /хх26-27/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6845 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Э.А-гийн биед баруун нүдний зовхи, хамрын нуруу, уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. 1 дүгээр бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хх32/,
5. Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Би Этай 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Э гараад явсны дараа ажлын газрын ах Р эхнэрийн хамт орж ирээд, Э араас нь орж ирээд бид 4 нэг шил архи хувааж уусан. Тэгээд тэр 2 гарч яваад би нөхөртөө хоол өгөхөд идэхгүй гээд, бид 2 ялихгүй зүйлээс болж маргалдаад би халбага сэрээний хайрцаганд байсан бор шар бариултай хутгаар Э.А-гийн нүүрэн тус газар нь зүссэн...” гэх мэдүүлэг /хх50-52/,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-10/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.Б:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас дүгнэн үзэхэд хохирогч А.Э, шүүгдэгч Д.Б нар нь 2017 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ......................тоотод хамтран амьдрагч болох Э.А-тай гэр бүлийн маргаан үүсгэн, улмаар түүний нүүрэн тус газар нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Э.А-гийн мэдүүлэг, гэрч А.Э-гийн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-гийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...баруун нүдний зовхи, хамрын нуруу, уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 6845 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шаргал өнгийн 1 ширхэг хутгыг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР