Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 758

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт .......................... тоотод оршин суух хаягтай, урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 474 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

- Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 01 жил 01 сар 12 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 сар, 5 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 12 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 сарын ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Э.Б /РД:........../.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...........................тоотод иргэн Э.Н-тэй “...та нар намайг хаяж явлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э.Н-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-76-78/, хохирогч Э.Н-ын мэдүүлэг  /хх24-25/, гэрч Б.И-гийн мэдүүлэг /хх31-32/, гэрч Н.О-ийн мэдүүлэг  /хх29-30/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8606 дугаартай дүгнэлт /хх47/, Э.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /хх69-73/, шүүгдэгч хохирогч нарын хооронд хийсэн эвлэрлийн гэрээ /хх128/, шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх81/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх70, 129/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх84/, цагдаагийн хайлтын сангийн лавлагаа /хх124-125/, шийтгэх тогтоолын хуулбар /хх86-106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Э.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Э.Н-тэйын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-76-78/,

 

2. Хохирогч Э.Н-ын “…Тэгээд С-ынд очоод байж байгаад тухайн үед манай гэр болон хашаа эзэнгүй байсан болохоор би санаа зовоод гэр рүүгээ харьсан юм... Тэгээд И  бид хоёр гэрт унтаж байтал 05 цагийн үед гэрийн хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлгосон чинь Б, О-ийн хамт гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд О гэрийн гадаа үлдээд Б нилээн согтуу орж ирээд надад хандан “Та нар намайг хаяад явчихлаа” гэж уурлаад миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохихоор нь би орон дээрээ суутал И босож ирээд цагдаа дуудлаа гэж хэлтэл Б, И -ийн гэдэс рүү нь 1 удаа гараараа цохичихсон юм... Тэгээд над руу ирээд миний хамар руу гараараа 2 удаа цохичихсон. Тэгээд би гараад гүйсэн чинь Б араас гарч ирээд юу ч болоогүй юм шиг гэр рүүгээ орооч юугаа хийгээд байгаа юм бэ гэсэн ба тухайн үед О явчихсан байсан... Тухайн үед Б надад хандан “Та нар намайг хаяж явлаа” гээд маргалдаж эхэлсэн юм... шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан миний биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн Б цохиж зодох зэрэг үйлдлээр учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх24-25/,

 

3. Гэрч Б.И-гийн “...Тэгээд гэрт нь очоод байж байтал Н гараад явчихсан байсан... Тэгээд би гэрээс нь гараад Н руу залгаад Баянхошууны тойрог дээр очиж бид хоёр хамт Н-ынд очоод унтаж байтал гэрийн хаалга аймар нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгосон чинь Б, эгч Н-н хамар, толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод газар унагааж байгаад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд Б над руу ирээд миний толгой руу цохиход нь би газар ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд би сэрээд харсан чинь хажуу талын орон дээр эгч Н байж байсан. Тэгээд би эгчийн хамт цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх31-32/,

 

4. Гэрч Н.О-ийн “…Тэгээд И гараад явчихсан ба би Э.Б-ыг тайвшруулаад Э.Б-тэй хамт Н-ийнд очсон юм. ...Тухайн үед би Н-н гэрийн гадаа зогссон бөгөөд харин Б, Н-н гэр рүү нь яваад орчихсон юм... Тэгээд гэрт нь ороод Б-ын дүү нь Н-н гэрт хадаад байсан. Тэгээд би айгаад шууд Б-г хаяад такси бариад гэр рүүгээ явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх29-30/,

 

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8606 дугаартай “...Э.Н-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой..” гэсэн дүгнэлт /хх47/,

 

6. Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...Э.Н-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг би гараараа цохиж, зодон гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх69-73/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б“... Мэдүүлэг өгөхгүй, урьд нь үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Э.Б-:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ............................ тоотод иргэн Э.Н-тэй “...та нар намайг хаяж явлаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж зодсон болох нь хохирогч Э.Н-ын мэдүүлэг, гэрч Б.И, Н.О нарын мэдүүлэг, хохирогч Э.Н-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, Э.Б-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “....Н-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8606 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч Э.Б-ын гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Э.Н-тэй нь шүүгдэгч Э.Б-тэй эвлэрлийн гэрээ байгуулж, нотариатоор гэрчлүүлсэн, 250.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б-ыг хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлт, санал гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь хохирогчид учирсан 250.000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, торгуулийг төлөх боломжтой гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР